Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 392

 


           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Я.Нэргүй, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаясгалан, хариуцагч Л.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  тоотод оршин суух, /РД:ЛЮ63092414/, Рэнцэн овогт Л.Г –д холбогдох

           “нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8 820 900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, иргэдийн төлөөлөгч Я.Нэргүй, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгасан. Шалгалтаар Л.Гансүх нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992.02.13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар халагдсан байсан атлаа эрүүл мэндийн улмаас халагдсан гэж хуурамч лавлагааг Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлэн өгч, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байсан. Үндэслэлгүй, хуурамч лавлагаа авчирч тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тавигдсан. Актанд гомдол гаргаагүй. Актыг танилцуулахад гарын үсэг зурахгүй гэсэн. Нийгмийн даатгалын санд учруулсан хохирол 8 820 900 төгрөгийг хариуцагч Л.Г-ээс гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Л.Гансүхийг хуурамч материал бүрдүүлсэн гэж маргаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цагаанхүү гэдэг хүн хуурамч материал үйлдэж нийгмийн даатгалын санд хохирол учруулсан нь нотлогдож байгаа. Гансүхийн хувьд хуурамчаар материал үйлдэж, засварласан бол хариуцагчийн зүгээс маргах зүйл байхгүй. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан байна гэж Л.Гансүхэд 2015 онд мэдэгдсэн байдаг. Гэтэл Цагаанхүү гэдэг хүнийг гэм буруутай байна гэсэн шийдвэр гараагүй байхад нийгмийн даатгалын улсын байцаагч акт тавьсан байдаг. Нөгөө талаар энэ актыг Л.Гансүхэд албан ёсоор гардуулж, танилцуулсан зүйл байдаггүй. Захиргааны акт гаргасан бол холбогдох этгээдэд танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Гансүхийн акттай танилцаад гарын үсэг зураагүй, гарын үсэг зурахгүй гэх татгалзал байгаа үндэслэлийг бичиж энэ талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн байдаг. Тиймээс тухайн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан эрх бүхий албан тушаалтан хохирлыг барагдуулах ёстой гэв.


ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Л.Г-д холбогдуулан үндэслэлгүй авсан тэтгэврийн 8 820 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/02 дугаар актад “...Л.Г нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг тогтоолгохдоо Батлан хамгаалах төв архивын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 тоот архивын лавлагааны “1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар” халагдсаныг “эрүүл мэндийн улмаас” гэж засварлан хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, ЭМНДХ-ийн санд 8820900 төгрөгийн хохирол учруулсан зөрчил илэрсэн гэжээ.

Л.Г-н цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн үйл баримт зөрчилтэй, хууль бус, буруутай болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байхад улсын байцаагч 2014 онд акт тавьсан, уг актыг Л.Гансүхэд танилцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч “шалгуулагч гарын үсгээ зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шаардлыг хангаагүй байх тул уг актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанхүүд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Энэ захирамжид зааснаар Г.Цагаанхүү гэгч нь 9 иргэнд / тэдгээрийн дотор Л.Гансүхэд/ архивын хуурамч лавлага гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, улмаар нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж заасан байна. Мөн захирамжид яллагдагч Г.Цагаанхүү нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

Иймд хариуцагч Л.Г нь хууль бус үйлдэл хийж, хуурамч бичиг баримт үйлдэж нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэрийн санд гэм хор учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Г-д холбогдох “Нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8 820 900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА

                            ШҮҮГЧИД                             Г.УРТНАСАН

                                                                          Ц.ЭРДЭНЭЗУУ