Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01837

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр Дуга210/МА2023/01837

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02073 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Нийслэлийн*******т холбогдох,

 

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 170 дугаар байрны 16 тоот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 201 дүгээр байрны 2 тоот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16067/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 70 дугаар байр, 76 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах, 2021 оны 158/06 тоот, 2022 оны 138/05 тоот, 2129029/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, 2021 оны 21290249/01 тоот, 2022 оны 21290249/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дзүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 70 дугаар байрны 76 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 183/ШШ2020/02575 дугаар захирамж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02575 дугаар захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Нийслэлийн*******т явагдаж байна.

 

1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Отгонбаярын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 170 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. ******* ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үнийн санал гаргасан боловч уг үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Шинжээч нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 170 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг 153,468,909 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг дурдсан боловч бусад аргыг хэрэглээгүй. Иймд эд хөрөнгийн бодит үнэлгээ тогтоогдоогүй. Шинжээч зах зээлийн хандлагаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэх боловч зах зээлийн хандлагыг тодорхойлохдоо иргэдийн интернет орчин (үнэгүй.мн)-д байрлуулсан 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн аргаар тодорхойлсон нь учир дутагдалтай.

Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нийслэлийн******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинд мэдэгдсэн. Иймд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 170 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 170 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэн орж битүүмжлэх ажиллагааг хийсэн байдаг. Битүүмжлэх тогтоолд бичсэнээр тухайн өдөр, уг байранд М.Өлзийхутаг гэх хүн байсан, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Уг ажиллагааны талаар оролцогчид урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар тогтоолыг гардуулж өгөөгүй. Иймд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс уг үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэн орж битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, эд хөрөнгийг хураасан тогтоолд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлуудыг хамтатган 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуг бичгээр өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 138/06 тоот хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 21290249/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.

 

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бямбадэлгэрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол/16067/ Жалханц хутагт Дамдинбазар гудамж 70 дугаар байрны 76 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. ******* ХХК-иас санал гаргасан боловч саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн шинжээч томилсон. Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,174,048 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан боловч бусад аргыг хэрэглээгүй. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээтэй уншиж танилцаж болно гэсэн боловч үнэлгээг хуулбарлаж өгөөгүй. Үнэлгээг гардуулж танилцуулав гэж гарын үсэг зуруулсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол/16067/ Жалханц хутагт Дамдинбазар гудамж 70 дугаар байрны 76 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 160,174,048 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

1.4.Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан ба уг эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21290249/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.Тус эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн ба эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16067/ Жалханц хутаг Дамдинбазарын гудамж, 70 дугаар байр, 76 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү.

 

1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бямбадэлгэрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 201/2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахдаа урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахын өмнө төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд боломж олголгүй эд хөрөнгийг хураасан нь хуульд нийцээгүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 138/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

1.6. Шүүхийн шйидвэр гүйцэтгэх ажиллаагааны явцад С.Отгонбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 201 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 952,000,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан боловч бусад аргыг хэрэглээгүй. Шинжээч дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээтэй уншиж танилцаж болно гэсэн боловч үнэлгээг хуулбарлаж өгөөгүй. Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 201 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 952,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд н.Баярбаатараас бусад шинжээчээр хэнийг томилж байгаа нь тодорхойгүй. Шинжээч томилсон тогтоолд хуулийн этгээд, хувь хүнийг томилдог. Шинжээчид хууль сануулахдаа хувь хүндээ сануулдаг, дүгнэлтээ хуулийн этгээдээс авдаг. Шинжээч томилно гэдэг нь тусгай мэдлэгийн хүрээнд, тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоох эрх бүхий этгээд байж дүгнэлт гарах ёстой. Гэтэл дүгнэлт ирүүлээд байгаа хуулийн этгээдүүдийн алинд нь ч үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Хуулийн этгээд, иргэн гэдэг нь аль аль нь эрх зүйн харилцааны өөр өөр субьектүүд байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-иас 618,760,127 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой 3 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гарсан. Иргэний******* ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 138/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Талууд шинжээч томилох хүсэлт ирүүлсний дараа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийг томилж 952,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 138/06 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21200249 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Тус битүүмжилсэн хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шинжээч С.Оюунгэрэлийг томилж, 153,478,909 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21290249/02 тогтоолоор хураасан. Хураах тогтоолыг гардуулж, үнийн санал авах мэдэгдлийг талуудад гардуулж өгөхөд шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг томилж, 160,174,048 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдэж танилцуулсан.

 

2.2. Хөрөнгийн үнэлгээний тайлан хувь хүнээр биш компаниар гардаг. Бүх үнэлгээ тэгж гардаг. Хуульд тайлан шинжээчээрээ биш хуулийн этгээдээр гарах ёстой гэж заасан байдаг.

 

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулна гэж заагаагүй. Харин хураах ажиллагаан дээр хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулна гэж заасан байдаг. Тийм учраас битүүмжлэх ажиллагаанд заавал 2 хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй.

Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан амаар хууль сануулах ажиллагааг байнга явуулдаг. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэлд байгаа, мөн төлбөрөө төлөх битүүмжлэх, төлбөрөө төлөхгүй бол хураан авах ажиллагаа явагдана гэдгийг төлбөр төлөгчид байнга сануулж байсан, хэлж мэдэгдэхгүйгээр битүүмжилж, хураан авах ажиллагаа хийсэн зүйл байхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-иас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.1. Тухайн үнэлгээ хийсэн шинжээчид бүгд тусгай зөвшөөрөлтэй. Хууль тогтоомжид заасан хариуцлагаа мэдэж байгаа. Түүнээс биш тусгай зөвшөөрөлгүй этгээд биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд битүүмжлэх ажиллагаа гэж тусгаж дурдаж өгөөгүй. Битүүмжлэх ажиллагаа нь өөрөө тухайн хөрөнгийг хадгалалт хамгаалалтанд үлдээж энэ тогтоол үйлдэгдсэн. Битүүмжлэх ажиллагаанд заавал хөндлөнгийн гэрч оролцуулна гэсэн зүйл байхгүй. Хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцож байгаа этгээдэд амаар танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Иймд хуульд нийцсэн ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Битүүмжлэх ажиллагаа нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах ажиллагаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед буюу хураах ажиллагааны явцад У.Түвшин өөрөө байсан. Тухайн үедээ санал гомдол гаргаагүй, энэ талаар тогтоолд тусгаагүй байж, одоо хууль сануулаагүй гэж маргаад байгаа нь үндэслэлгүй байна.

 

3.2. Мөн харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон, төлбөр төлөгчөөс үнийн саналаа бодит байдалтай нийцээгүй өндөр өгсөн учраас л үнэлгээ хийгдсэн, үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх, зах зээлээс хэт доогуур гэх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Нийслэлийн*******т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 170 дугаар байр, 16 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21290249/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 70 дугаар байр, 76 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 138/05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21290249/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 70 дугаар байр, 76 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 201/2 тоотод байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

 

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа газарт нэвтэрч байгаа тухай бүр хөндлөнгийн гэрчийг зайлшгүй оролцуулахаар заасан. Мөн хөндлөннгийн гэрч оролцуулж байгаа бол эрх, үүргийг тайлбарлаж өгч, гарын үсэг зурж баримтжуулах үүрэгтэй.

 

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахын тулд тухайн хөрөнгөд зайлшгүй нэвтрэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь битүүмжлэх, хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулаагүй, эрх, үүргийг тайлбарлаагүй.

Түүнчлэн барьцаа хөрөнгөд шинжээч томилох, шинжээчид хууль сануулах, шинжээч дүгнэлт авах ажиллагааны дагуу явагдаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

6.1.Хөрөнгийн үнэлгээний асуудалд нэхэмжлэгч тал шинжээчид хууль тайлбарлаагүй гэж гомдол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор н.Оюунгэрэл гэх үнэлгээчнийг томилсон байдаг. Мөн хууль сануулсан баримтыг хэрэгт хавсаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр н.Баярбаатарыг шинжээч томилох тогтоолоор томилсон. Харин н.Мөнхжаргал гэх үнэлгээчнийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор томилсон байдаг. Бүх шинжээч нарт хууль сануулсан баримтыг танилцуулан хэрэгт хавсаргаж өгсөн.

 

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заавал гэрчийг оролцуулахаар заагаагүй. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулна гэж заасан байдаг. Харин эд хөрөнгө хураах ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулах ёстой. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол болон ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Нийслэлийн*******т холбогдуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 170 дугаар байрны 16 тоот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 201/2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах, 2021 оны 158/06 тоот, 2022 оны 138/05 тоот, 2129029/02 тоот эд хөрөнө битүүмжлэх, 2021 оны 21290249/01 тоот, 2022 оны 21290249/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 70 дугаар байрны 76 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Нийслэлийн******* нь хүчин төгөлдөр болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02575 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасантай нийцсэн байна. /1хх 42-43/

 

4.Талууд барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

 

5.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь С.Отгонбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025208 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 170 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/06 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21290249/01 дугаартай тогтоолоор хураан авсан. /1 хх-63-69/

 

5.2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 201 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах 250 м.кв талбай бүхий Ү-2206029139 дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 138/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 138/05 дугаартай тогтоолоор хураан авсан, /1 хх-235-238, 2 хх 28-32/

 

5.3. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 70 дугаар байр 76 тоот хаягт байрлах 52,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 дугаартай тогтоолоор битүүмжлэх, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21290249/02 дугаартай тогтоолоор тус тус хураан авах ажиллагаа явуулсан байна. /2 хх 24-26, 33-36/

 

5.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доогүй гэрчийн оролцоотой явуулахаар журамласан байна. Харин шаардлагатай бол дээрх хэсэгт зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болохоор мөн зүйлийн 41.2-т заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахыг шаардахгүй байна. Иймд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

5.5.Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21290249/01 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 138/05 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21290249/02 дугаартай тогтоол тус тус гаргаж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авах ажиллагааг тус тус явуулахдаа хөндлөнгийн хоёр гэрч байлцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /1 хх 63-64, 2 хх 28-29, 33-34/ Хэрэгт хөндлөнгийн гэрчид хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчүүд гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. Талууд шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргасан байна.

 

6.1. Хэргийн баримтаас үзвэл шинжээчээр томилогдсон Голден пэйж аудит ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 170 дугаар байрны 16 тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 153,478,909 төгрөгөөр, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 201 дүгээр байрны 2 тоот, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 952,000,000 төгрөгөөр, шинжээч Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 70 дугаар байрны 76 тоот орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 160,174,048 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1 хх-78-91, 2 хх 47-67, 69-92/

 

6.2. Шинжээч нар нь дээрх ажиллагааг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг үндэслэл болгох журмыг баримталж, үнэлгээний тайланг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3.8-д заасан шаардлагад нийцүүлэн гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

 

6.3.Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд болох Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээчин С.Оюунгэрэлд, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Баярбаатар нарт шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн баримт авагдсан байх тул шинжээчид хууль сануулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /1 хх 75, 2 хх 41/

 

7. Нэхэмжлэгч тал орон сууцнуудыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

8. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 70 дугаар байр 76 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Д.Бямбадэлгэр /2 хх 62/ байхад уг хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч ******* ХХК гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож , нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоордавж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД