Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01506

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01506

 

 

Б.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэртэй,

 

            Б.Хийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай,

Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хохиролд 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Хь нь “Э” ГХОХХК-ийн охин компани болох “Т” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс үйлдвэрийн менежерээр ажиллаж байсан ба ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

1.2. Мөн “Т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалаар Б.Хьд сахилгын шийтгэл ногдуулсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.3. Иймд “Т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар,  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, үйлдвэрийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Тушаал гаргасан ерөнхий захирал Х.Тг харж байгаагүй, хүний нөөцийн менежер гэх И.У нь манай компанийн ажилтан биш, “Э” ХХК-д ажилладаг, тухайн үед н.С гэх хүн хариуцаж ажиллаж байсан.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.Хь “Т” ХХК-ийн үйлдвэрийн менежерийн албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд нь  хүний нөөцийн менежер Н.Отгонтуяа болон үйлдвэрийн ажилчдаас ирсэн гомдлын дагуу шалгаж, Б.Хийн зөрчлийг олж тогтоосон тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжпэгч Б.Хь нь компанийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22/174 тоот, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22/177 тоот сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Б.Хь нь БНХАУ-ын Аж үйлдвэрийн их сургуулийг төгсөөгүй. Тэрээр БНХАУ-ын Аж үйлдвэрийн их сургуулийг төгссөн гэх бидний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үндэслэл болсон бодит нөхцөл байдлын талаар худал мэдүүлж, дипломыг хуурамчаар үйлдэж, ажил олгогчийг төөрөгдүүлж хуурч мэхэлсэн тул   Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж байна.

3.2. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээр хохирлыг барагдуулах үндэслэлээр түүний ажиллах хугацаандаа авсан цалин болох 8,858,480 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулга:

4.1. Би БНХАУ-д 6 жил сурсан, хятад хэлтэй, удирдлагуудтай ойлголцоод ажлыг зохицуулдаг, ажил мэргэжилдээ гологдож байгаагүй. Дипломыг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй.

4.2. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж цалин авч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хийг хариуцагч “Т” ХХК-ийн үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,885 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Шүүх хуралдааны цагаас хоцорч байгаагаа туслахад утсаар мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг явуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, тайлбар, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг ноцтой зөрчиж зөвхөн нэг талын тайлбар байр сууриар хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үнэлсэн эсэх нь шүүхийн шийдвэрээс харахад эргэлзээтэй бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Учир нь, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний талаар судалсан шүүхийн материалд дурьдагдааүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж байгаа талаар дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

6.3. Нэхэмжлэгч хуулийн хугацаанд сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралалдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй нөхцөл байдлаас шалтгаалан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах боломжийг шүүх хаасан. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбараас шалтгаалан хуурамч бичиг баримттай холбоотой асуудлаар холбогдох Боловсролын яамнаас лавлагаа, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч хэдийгээр бүгд л хуурамч дипломоор ажилд ордог гэсэн үгийг сөрөг нэхэмжлэл гаргах үед нэг удаа тайлбарлаж хэлсэн боловч сөрөг нэхэмжлэлийг гардуулаад хуулийн хугацаанд бичгээр хариу тайлбар ирүүлээгүйг шүүх анхаарч үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэх ёстой цагаасаа 10 минутын дараа эхэлсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

7.2. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх боловч уг зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд дурдсан ямар нэгэн зохицуулалт байгаагүй.

Мөн тухайн тушаалыг байгууллагын захирал нь байхгүй байхад орлож байсан захирал эсхүл өөр хүн гарын үсгийг зурсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд уг тушаалыг хүчингүй болохыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байсан. Тухайн тушаалыг хүчингүй болгосон гол үндэслэл нь Монгол Улсад байхгүй хүний гарын үсгийг зурсан үйл баримт байна. Мөн хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд байхгүй үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

7.3. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх байсан гэх боловч Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас дипломоо авсантай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр 6, 7 сарын турш үргэлжилсэн. Тухайн хугацаанд хариуцагч тайлбар, татгалзал, нотлох баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Мөн тухайн дипломыг хуурамч гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Манай зүгээс нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Хь нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компанид учруулсан хохирол 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б.Хийг “Т” ХХК-ийн үйлдвэрийн менежерийн албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцсон байна.

 

4. “Т” ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалаар ажилтан Б.Хьд сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар тушаалаар ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 22/178 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж  заажээ.

Нэхэмжлэгч Б.Хь нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү тооны төлөөллөөс бүрдэнэ”, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 2.1-д “...4 ба түүнээс дээш тооны бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар байгуулагдана...” гэж тус тус заажээ. 

Ажил олгогч “Т” ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/173 дугаар тушаалаар Б.Хьд холбогдуулан ирсэн гомдол, мэдээллийг шалгах комиссыг томилсон байх бөгөөд уг комиссыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гэж дүгнээхээргүй байна. 

 

7. Үндсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх учиргүй болно. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөнөөс хэргийг хэрэгсэхгүй болгож буй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-д холбогдох Б.Хийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай Б.Хийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,764 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА