Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00218

 

Б.Х-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01506 дугаар магадлалтай,

Б.Х-н нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Б.Х-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.Х нь “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийг,

“Т” ХХК нь Б.Х-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-г хариуцагч “Т” ХХК-ийн үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,885 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01506 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай Б.Х-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,764 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Б.Х хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгч Б.Х нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэжээ. Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжлэх хугацаанд энэ тухайд маргаж байгаагүй, мөн давж заалдах гомдолдоо энэ тухай дурдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхэд хандахаар байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх миний шүүхэд хандах эрхийг ноцтойгоор зөрчиж, үндэслэл бүхий гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан таслах комисс гэх байгууллагаар эхлээд шийдүүл, дараа нь шүүхэд ханд гэсэн шийдвэр гаргалаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнд нь ч хохиролтой, цаг хугацаа алдсан, үндэслэл муутай болсон бөгөөд бид эвлэрэх талаар удаа дараа ярилцсан ч нэг шийдэлд хүрээгүй, шүүхээс мөн эвлэрэх талаар санал болгож байсан ч хариуцагч эвлэрэхийг хүсээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч удаа дараа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, ажиллагааг удаашруулж байсан бөгөөд давж заалдах шатны хурлуудад ч мөн ирээгүй, гаргасан гомдлоо дэмжээгүй. Миний авч байсан цалингийн хэмжээний болон тушаалуудад зурагдсан гарын үсэг өөр, өөр хүнийх болох тухайд хариуцагч маргаагүй, мөн ажилд авахад зөвхөн Хятад хэлний мэдлэгтэй байхыг шаардсан, би хариуцлагатай ажиллаж, ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэж байсан учраас жинхэлсэн, ажлаас чөлөөлөх тушаалд ч дипломын тухай дурдаагүй атлаа сүүлд баримтуудыг гарган өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хянаад гэж дурдсан атлаа урьдчилан шийдвэрлэх журамтай хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд миний гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х-н гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Х-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/01256 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Т” ХХК, “М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК-ийн захирлын 2022.10.05-ны өдрийн ..., 2022.10.13-ны өдрийн ... тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч “М” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ. Шүүх сануулах шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж тодорхойлж, нэхэмжлэгч нь хариуцагч “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч “Т” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгч нь ёс зүйн алдаа гаргасан тул хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргасан бөгөөд хуурамч диплом хэрэглэн хууран мэхэлж ажилд орсон тул хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанид учруулсан хохирол 8,858,480 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ажилд ороход хятад хэл сайн мэддэг байхыг л шаардсан, би БНХАУ-д суралцаж төгссөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэж, цалин авч байснаас хохирол учруулаагүй гэж сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...Б.Х-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2022....-ны өдрийн ... тушаалд заасан “оффисын ажилтнуудад буруу мэдээлэл өгч амраасан” гэх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдоогүй, үйлдвэрийн даргын гаргасан ажилчдыг амраах тухай шийдвэрийг дамжуулахдаа оффисын ажилтнуудад хамааралтай эсэхийг нь мэдээгүй, энэ өдрийн ажлыг амралтын өдрөөр нөхсөн байх тул зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, мөн 2022.10.13-ны өдрийн ***тоот тушаалаар ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл ногдуулахдаа комисс томилсон, уулзалт, шалгалт хийсэн боловч мэдүүлэг өгсөн гэх И.Т, Б.А, Ч.А нар нь “Т” ХХК-д албан тушаал эрхэлдэггүй, “М” ХХК-д ажилладаг, тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1 15.2 ,15.7.2-т заасан зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болох эсэх нь эргэлзээтэй, уг журмаар тогтоосон гэх боломжгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х-г хариуцагч “Т” ХХК-ийн үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

10.Давж заалдах шатны шүүх “....Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан, нэхэмжлэгч Б.Х нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөр өөрөөр хэрэгжүүлж, хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, үүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах журмыг хуульчилсан. Энэ утгаар авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан талаар ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хандах эрхтэй.

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг нэрлэн заасан, үүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай маргаан хамаараагүй боловч ажилтан маргаан шийдвэрлэх байгууллагад маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийн талаар шүүхэд хандах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.1, 158.2.2-т заасан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл тухайн байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгаа эсэх нь тодорхой бус, зохигч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмын талаар маргаагүй, шүүх иргэний хэрэг үүсгэн, талууд мэтгэлцсэн байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг анхаараагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т нийцээгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг хянан үзэх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх шаардлагатай тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01506 дугаар магадлалыг хүчингүй болгон, хэргийг хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЧИМЭГ

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД