Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01511

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01511

 

Р.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.А, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06ы өдрийн 184/ШШ2023/02287 дугаар шийдвэртэй,

 

            Р.Чгийн нэхэмжлэлтэй,

“Ө” ХХК-д холбогдох,

 

            Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 25,247,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ч, хариуцагчийн төлөөлөгч З.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Р.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Ө" ХХК-тай хууль зүйн туслалцаа үзуүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үйлчлүүлэгч "Ө" XXК болон “Бн” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 14/06 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу 323,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “Бн" ХХК-аас гаргуулах, өмгөөллийн хөлсийг урьдчилгаа 3,200,000 төгрөг, 14/06 дугаар гэрээний үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон.

1.2. “Бн” ХХК-ийн захирал П.Бийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсныг үргэлжлүүлэх, түүний үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлж, яллагдагчаар татуулах, эд хөрөнгөнд битүүмж тавиулах, “Бн” ХХК болон хамтрагч Ц.М нарыг шүүхэд хариуцагчаар татан, иргэний хэрэг үүсгүүлж ажиллахын зэрэгцээ “Бн” ХХК-ийн барилгад хөрөнгө орүулалт хийсэн "А" ХХК-д хүсэлт, гомдол гаргах, удирдлагуудтай нь удаа дараа уулзах, өмгөөлөгчтэй нь уулзах, бусад төрийн байгууллагуудад хүсэлт гомдол гаргаж ажилласан.

1.3. “Бн” ХХК-ийн захирал П.Бийн барьж эхлүүлсэн барилгыг прокурорын тогтоолоор битүүмжлүүлснээр уг барилгад хөрөнгө оруулалт хийсэн “А” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах 042/Б гэрээг “Ө” ХХК-тай байгуулж, “Бн” ХХК-ийн өрийг бүрэн барагдуулсан. Тус гэрээний 2.3-т “Ө” ХХК-ийн “Бн” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-т заасан 323,081,500 төгрөгийг хоёр тал харилцан тохиролцон хөнгөвчилж 252,740,000 төгрөг болгон дээр заасан 2.1, 2.2 дахь нөхцөлөөр төлснөөр 14/06 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-ний 2.1-д заасан өр төлбөр нь 100 хувь дууссан болно” гэж талууд тохиролцож маргааныг эцэслэн дуусгасан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Ө” ХХК-ийн захирал З.Ш Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүсэлт гаргаж “Бн” ХХК-ийн захирал П.Бт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгасан.

1.4. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хэрэг, маргаанд бүхий л ур чадвараа дайчлан ажиллаж, хэргийг үр дүнтэй шийдвэрлүүлсэн боловч хариуцагч "Ө" ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үгээр гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, өмгөөллийн хөлс болох барагдуулсан үнийн дүнгийн 10 хувь буюу 25,274,000 төгрөгийг төлөхгүй байгаа болно.

Иймд хариуцагч “Ө” ХХК-аас өмгөөллийн хөлс болох 25,274,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани “Бн” ХХК-тай хийсэн гэрээний дагуу 2 орон сууцыг бетон зуурмаг хийсэн ажлын хөлсөнд бартерын гэрээгээр авахаар болсон боловч “Бн” ХХК байраа ашиглалтад оруулж чадахгүй, удаан хугацаа өнгөрсөн. “Бн” нь 2021 оны 6 дугаар сард “А” ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн байх бөгөөд уг гэрээнд манайд бартераар өгөх байсан 2 орон сууцаа оруулсан байсан.

2.2. Р.Ч өмгөөлөгчтэй 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш “А” ХХК болон бусад байгууллагуудад хүсэлт гаргахаас гадна, “А” ХХК-ийн удирдлагуудтай хэд, хэдэн уулзалтыг цуг хийсэн.

2.3. Цагдаад өгсөн гомдлын дагуу тэр барилга дээр компанийн зүгээс хүсэлт гаргаж битүүмжлэх болон үл хөдлөх эд хөрөнгө дээр хориг тавьсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд “А” ХХК-ийн хүмүүстэй уулзсан, 2 байрыг авах тохиролцоонд хүрээгүй. Улмаар “А” ХХК-ийн захирал н.А нь танилаараа дамжуулан З.Шг оройн цагаар дуудаж “1 байрыг гаргаж өгье, манай битүүмжийг тавьж өгөөд, үлдсэн асуудлыг шүүхээр шийдвэрлээч” гэсэн учир үүнийг хүлээн зөвшөөрөөд 1 байрыг “Астра интернэшнл” ХХК-аас гаргуулж авсан.

2.4. Үлдсэн нэг байрны маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй, тухайн шүүх хуралд өмгөөлөгч Р.Ч оролцоогүйгээс нэхэмжлэлийг буцаасан шийдвэр гарсан. Гэрээний дагуу хийж байгаа ажлаа эцэслэн дуусгаагүй, ажилдаа идэвх санаачлагагүй ажилласан, ёс зүйгүй хандсан. Өмгөөллийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө авсан, гэрээний дагуу шүүхээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байх тул ажлын хөлс авах болоогүй гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-аас өмгөөллийн хөлс 25,247,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Чд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 284,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Чд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцэхгүй байна. Бн" ХХК болон "Ө" ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 14/06 дугаартай гэрээг үндэслэн 71,78 м.кв, 60,09 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Бн” ХХК-д холбогдуулан “Ө” ХХК нь өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан. "Ө” ХХК нь нэг орон сууцаа өмгөөлөгчийн оролцоогүйгээр “А” ХХК-аас авсан ба үлдэгдэл 1 орон сууцаа "Бн" ХХК-аас гаргуулах хүсэлтэй байсан. Өмгөөлөгчөөс 1 орон сууцаа иргэний журмаар шүүхээр шийдүүлээд авч болох эсэх талаар лавлахад болно гэж зөвлөгөө өгсөн боловч шүүхээр тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй.

4.2. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд нэхэмжлэгчээс гаргаж байсан хүсэлтүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 27, мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэх хуудас зэргээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй, хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийг хичээл зүтгэл гаргаж үр дүнтэй шийдүүлсэн гэх нөхцөл байдлыг тогтоохгүй байхад анхан шатны шүүх тус хүсэлтийн үр дүнд маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байна хэмээн дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Р.Ч хариуцагчид хууль зүйн үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаанд хариуцагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг бүртгэлийн хэрэг үүссэн мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж, холбогдогчийг олж тогтоосон талаар зохигчид маргаагүй болно.

4.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Чгийн хүсэлтээр "Бн” ХХК-ийн захирал П.Бийн барьж эхлүүлсэн барилгын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор битүүмжилсэн нь тогтоогдохгүй байна.

4.4. Нэхэмжлэгч Р.Ч нь "А" ХХК-д маргаан бүхий барилгыг улсын комисст ямар байгууллага хүлээлгэн өгөх талаар дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл авахаар хүсэлт гаргаж байсан болохоос хохирол, төлбөр барагдуулах талаар уулзалт хийж үр дүн, тохиролцоонд хүрсэн баримт хэрэгт авагдаагүй буюу тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг шүүхээр шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон “Бн" ХХК болон н.М нарт холбогдох шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэлийг буцаалгаснаас хамаарч цаг хугацаа алдаж, "Бн" ХХК-ийн захирал П.Б нас барснаар ажиллагаа зогссон.

Хариуцагч "Ө” ХХК захирал, өмгөөлөгчгүйгээр дангаараа "А" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувийн уулзалт зохион байгуулж хохирол, төлбөрөө барагдуулах тохиролцоонд хүрсэн бөгөөд нэхэмжлэгч Р.Ч дээрх уулзалтад оролцоогүй, тухайн цаг хугацаанд байхгүй байсан, хамааралгүй болохоо анхан шатны шүүх хуралдааны үед асуулт, хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн.

Мөн нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагчаас бодит үйлчилгээ үзүүлсэн өмгөөллийн үйлчилгээний хөлсөө авсан, мөн хариуцагчид хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зохигчид тухайн асуудалд дээр маргаагүй болно.

Анхан шатны шүүх эдгээр бодит нөхцөл байдалд үндэслэлтэй, эргэлзээгүй, бодитой дүгнэлт хийгээгүй буюу хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээгүй.  

4.5. Өмгөөлөгч нь өмгөөллийн тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хамгаалж, хариуцлагатай хандах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний 4.1-д шүүхийн шийдвэр гарсны дараа үйлчилгээний үл дүнгээс хамаарч үнийн дүнгийн 10 хувийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "өмгөөлөгч хариуцлагатай" ажиллахыг заасан ба зохигчдын хооронд тохирсон үйлчилгээний үр дүнгээс хамаарч өмгөөллийн үйлчилгээний хөлс тохирсон нь мөн дүрмийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “хамааралт" хөлс байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд шүүхийн шийдвэр гарсны дараа хамааралт хөлсийг өгч, авахаар тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт аль нэг шатанд хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, үйлчлүүлэгч зөвшөөрсөн бол гэрээгээр тохирсон хамааралт хөлсийг бүхэлд нь авч болохоор зохицуулсан.

Мөн өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч хэрэг, маргааныг бүрэн шийдвэрлэж дуусахаас өмнө үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзахыг хориглосон ба мөн дүрмийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эсхүл дуусгавар болгосон бол тухайн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл, үйлчлүүлэгчийн баримт бичиг, эд хөрөнгө, түүнд буцаан төлвөл зохих хөлс, зардлын үлдэгдлийг хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авахаар зохицуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээгээ дүгнээгүй, үйлчилгээний үр дүнгээ тодорхойлоогүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасан "хөлсөөр ажиллах" гэрээний төрөлд хамаарах талаар дүгнэлт хийсэн боловч тус зүйлийн 1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэсэн нь гэрээгээр тохиролцсон ажил, үүрэг нь шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн эсхүл зохигчдын эвлэрлийг шүүх баталгаажуулсан, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг прокурор, мөрдөн байцаах, шүүхийн байгууллага хангаж ямар ажиллагаа хийж, түүний үр дүнд "Ө" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хангагдсан талаар ямар баримтаар тогтоогдож байгаа талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчээс хууль, шүүхийн байгууллагад гаргаад хангахгүй орхигдсон хүсэлтийг үр дүн гаргасан гэж үзэхгүй.

Мөн дээр дурдсан Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн зүйл, заалтуудад тодорхой, үндэслэлтэй дүгнэлт, няцаалт хийгээгүй, ямар үндэслэлээр хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаар хуульчилсан ба зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гарсны дараа үйлчилгээний хамааралт хөлсийг төлөхөөр тохиролцсон үгийн шууд утга, бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, шүүхээр шийдвэрлүүлээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн оролцоогүйгээр асуудлаа шийдсэнийг ямар үндэслэлээр зөвтгөсөн нь тодорхой бус эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 4.1-д өмгөөллийн хөлс 10 хувь байхаар хуульчилсан. Урьдчилгаанд 3,200,000 төгрөг байхаар тохиролцсон. Би өөрийн хийсэн ажил үйлчилгээний талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ хүн өмгөөлөгчийн туслалцаа аваагүй бол 250,000,00 төгрөгийн өр төлбөрийг барагдуулахгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 25,247,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Р.Ч болон “Ө” ХХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр өмгөөлөгч Р.Ч нь “Бн” ХХК-аас 2 ширхэг орон сууцыг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ө” ХХК-д эрх зүйн туслалцаа үзүүлэх, “Ө” ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч урьдчилгаа хөлс 3,230,000 төгрөгийг авсан талаар маргаагүй.  

 

4.1. Гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Р.Ч нь эрх зүйн мэдээлэл, зөвлөлгөөг амаар болон бичгээр өгөх, шаардлагатай эрх зүйн баримт бичиг, гэрээ, дүрмийг боловруулах, тодорхой асуудлаар эрх зүйн дүгнэлт, тайлбар гаргах, уулзалт ярилцлага, эрх зүйн зөрчил, хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шүүх, арбитрын хуралдаанд оролцох, төлөлөх, гомдол, хүсэлт, тайлбар гаргах зэрэг арга хэлбэрээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг хүлээжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд “А” ХХК, Хотын стандарт орчны аюулгүй байдлын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт тус тус хүсэлт, гомдол, Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хүсэлт гаргасан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Үүнээс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан “... П.Б, Ц.М нарын үйлдлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг яаралтай шийдвэрлүүлэх ...” хүсэлтэд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12/4-523 дугаар албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэж,  

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан “... П.Б, Ц.М нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж өгөх ...” хүсэлтэд тус газраас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/547 дугаар мэдэгдэх хуудсаар “... хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос хэргийг ажиллагаанд хянаж даалгавар бичсэн бөгөөд уг даалгаврын хүрээнд цугларсан нотлох баримтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэх асуудлыг даруй шийдвэрлэх болно ...” гэсэн хариу өгсөн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргад гаргасан хүсэлтэд “... П.Б, Ц.М нарыг яллагдагчаар татаж, хохирогчид шилжүүлэх, орон сууцыг битүүмжилж хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулж өгөхийг мөрдөгч Б.Ууганбаатараас удаа дараа хүсэж байгаа боловч мөрдөгчийн зүгээс хэрэг шалгаж байгаа гэсэн тодорхой бус хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн ...” талаар дурджээ.

 

4.3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 28-ны өдрийн 1486 дугаар тогтоолоор хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар зөвшөөрлөөр П.Бийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 1 хороо, 12 дугаар хороолол, 71 дүгээр байрны 3, 4, 7, 8, 11, 12 давхрууд, зоорь болон нийт 900 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай Ү-2204044057 улсын бүртгэлийн дугаартай, 000277363 гэрчилгээний дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдлаас дүгнэвэл эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн эд хөрөнгөд арга хэмжээ авсан байна.

 

4.4. “Ө” ХХК болон “А” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, тус гэрээгээр 63,64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, “Ө” ХХК, “Бн” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 14/06 дугаар “Орон сууц захиалах, захиалга” гэрээний 2.1-т заасан 323,081,500 төгрөгийг багасган 252,740,000 төгрөгөөр тохиролцон 14/06 дугаар гэрээний өр төлбөр 100 хувь дуусгахаар харилцан тохиролцож, гэрээгээр тохиролцсон үүргээ “А” ХХК биелүүлсэн талаар харицагч мараагүй.

Улмаар хариуцагч компанийн захирал З.Шгээс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Бн” ХХК-ийн захирал П.Бтэй гэрээний дагуу иргэний журмаар эвлэрч, хөрөнгө оруулагч “А” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан учир Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа П.Бт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иймд цаашид П.Бээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан байна. 

 

4.5. Түүнчлэн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчийн “2014 онд бартераар хийсэн 2 өрөө 1 байрыг 2022 онд авсан юм байна. Энэ байраа авахад чинь Р.Ч өмгөөлөгчийн зөвлөгөөний үр дүн гарсан гэж үзэж байна уу” гэх асуултад хариуцагчийн төлөөлөгч “гарсан гэж үзэж байна”, мөн даргалагчаас “А” ХХК-аас авсан 1 өрөө байр чинь хэний үр дүнд авсан байр юм бэ. Р.Ч өмгөөлөгчийн үр дүн юм уу, Ч.Мөнхбаяр өмгөөлөгчийн үр дүн юм уу” гэх асуултад хариуцагчийн төлөөлөгч “Тухайн үед бол Р.Ч өмгөөлөгч байсан” гэж, даргалагчийн “Р.Ч өмгөөлөгчийн үр дүн үү” гэхэд хариуцагчийн төлөөлөгч “Тиймээ. Битүүмж тавьсан учир авсан” гэх тайлбар зэргийг хэргийн баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн холбогдох байгууллагуудад удаа дараа гаргасан хүсэлт, гомдлоор маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хязгаарлаж, талуудын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон “Бн” ХХК-д холбогдох 2 орон сууцны маргааныг мөн оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгасан байна.

 

5. Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, ажлын бодит үр дүн гарсанаар гэрээний хугацаа дууссан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд тус гэрээний 2.2-т уг гэрээг маргаантай асуудлыг дуусгах хүртэл /шүүхийн шийдвэр гаргаж өгөх/ хугацаагаар байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгыг шүүх анхаараагүй, өмгөөлөгчийн оролцоогүйгээр нэг орон сууцыг “А” ХХК-аас авсан, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хамгаалж, хариуцлагатай хандах үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06ы өдрийн 184/ШШ2023/02287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      М.А

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА