Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0093

 

 

 

 

О.Л-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.Лын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга, Жинст багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр:

1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан “Саналын хуудас тоолж дүнг танилцуулах тухай” 01 дүгээр, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 01 дүгээр, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар, “Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай” 04 дүгээр тогтоолууд, Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулахыг Жинст багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Лын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт холбогдох “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга давж заалдах гомдолдоо: “...Шүүх дараах алдаа гаргасан гэж үзэж байна.

Үүнд:

1. Хариуцагчаар татагдсан Э.М надад хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдаан дээр хэргийн материал танилцуулаагүй гэдгээ би илэрхийлсэн, хурлын тэмдэглэлд байгаа байх, гэтэл миний үгийг тоогоогүй. Өмнөх шүүх хуралдааны үед байсан материалаас өөр маш олон гэрчийн мэдүүлэг, н.Хаданхүү, Ж.Юнрэндорж, тамга тэмдэгтэй холбоотой баримт гэх зэрэг нэмэгдсэн байсныг шүүх хуралдааны үед мэдсэн.

2. Зарим чухал баримтыг шүүх бүрдүүлээгүй байна. Жишээлбэл энэ хүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжаар Жинст багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажлаа сайн дураар өгсөн баримтыг материалд аваагүй. Энэхүү захирамжийг хавсралтаар хүргүүлэв.

3. Дээрх захирамж гарсантай холбоотойгоор иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллаа буцаан өгсөн талаар гэрчүүдээс мэдүүлэг аваагүй.

4. Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал нь хамгийн сүүлд хэзээ хуралдсаныг тодруулаагүй байж О.Лд урамшуулал олгох нь зүйтэй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт О.Лыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг хийж байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний албан үүрэгт багуудын иргэдийн Нийтийн Хурлын ажлын тайланг хүлээн авч, урамшуулал олгох эсэхийг сумын ИТХ-ын даргад уламжлахыг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т баг, хорооны ээлжит хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулна гэж заасан ба намайг энэ албан тушаалд томилогдсоноос хойш Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал нэг ч удаа хуралдаагүй тайлан мэдээгээ өгөөгүй, учрыг лавлахад Жинст багийн хурлын даргыг сонгосон хуралдаан нь шүүхээр хүчингүй болсон, мөн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг хийж байсан хүн нь Жинст багийн Засаг даргын ажлыг хийж байгаа гэдэг байсан. Энэ нь иргэдийн Нийтийн Хурлын дарга, хурал нь багийн Засаг даргын жил бүрийн ажлын тайланг хэлэлцэж хуралдах ямар ч боломжгүйд хүргэсэн байсан. Хурлыг зарлах, удирдах дарга, тайлан тавих Засаг дарга болсон. Мөн өрөөнд нь очиж ажлаа хийж байгаа эсэхийг үзэхэд, багийн ажлын албанаас өрөө нь байнга цоожтой, түлхүүрийг нь өөрөө аваад явчихсан гэдэг байсан.

Үүний дараа бид цалин, урамшууллын асуудлыг буюу Улиастай сумын Жинст багийн Засаг даргын цалин, Мөн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг нэг хүнд буюу О.Лд олгож байгаа талаар нягтлан бодогчоос мэдээлэл авсан /Сумын ИТХ, ЗДТГазар нэг нягтлан бодогчтой/ ба давхар цалин, урамшуулал аваад байгаа талаар мэдсэн.

Бид О.Лд аль албан тушаалыг нь хийж байгаа юм, цаашид аль албан тушаалыг нь хийх юм гэдгээ сонгоод энэ асуудлаа шийд гэхэд О.Л нь би 2016 оны 09 сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, Жинст багийн ИНХ-ын даргын ажлыг хүлээлгэн өгсөн би ИНХ-ын даргын ажлыг хийгээгүй, хийх боломжгүй, би Жинст багийн Засаг даргын ажилд албан ёсоор томилогдсон, одоо хийж байгаа, үүнийгээ цаашид ч хийх болно. Би Жинстийн ИНХ-ын даргын урамшууллыг авах ёсгүй хүн гэж хэлсний дагуу манай байгууллагаас О.Лын өөрийнх нь хэлснээр Жинст багийн ИНХ-ын даргын урамшууллыг зогсоосон. Үүний зэрэгцээ О.Л нь сайн дураар Жинст багийн ИНХ-ын даргын урамшууллуудаа буцааж өгсөн. Гэтэл одоо манай байгууллага урамшууллыг хууль бусаар зогсоосон гэж буруутгагдаж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. О.Л нь Завхан аймгийн төвийн хамгийн олон хүнтэй, нутгийн удирдлагын ордон байрладаг, багийн иргэдийн итгэлийг хууль бусаар авч, /шүүхээс хууль бус гэж хүчингүй болгосон/ дараа нь 2015 онд дахин өөрөө өөрийгөө томилсон тогтоолд гарын үсэг зурж, 2016 онд олон нийтийн нэн чухал албаа сайн дураар өгч, хяналт тавих ёстой Жинст багийн Засаг дарга болж, тэр Засаг даргын ажлыг өгөхгүй гэж 2016-2017 онд сумын Засаг даргатай шүүхдэж ялагдчихаад одоо буцаад иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх ашиг хөндөгдсөн гэж төрийн албыг өөрийн дураар сольж хольж, хоёр албан тушаалыг зэрэг хашиж, нэг нь нөгөөгөө хянадаг нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрийн дураар хөдөлгөж, давхар цалин урамшууллыг авч, Жинст багийн иргэдийг, Жинст багийг, Жинст багийн ИНХ-ын хурлыг, түүний даргын албан ажлыг илтэд доромжилж байна.

Энэ хүн намайг томилогдсоноос хойш Жинст багтаа нэг ч хуралдаан хийгээгүй, тайлан мэдээ ч өгөөгүй хүнд яаж урамшуулал өгөх вэ. Урамшуулал авах ёстой гэж яаж нэхэж чадаж байна, шүүх энэ хүнийг ингэж өөхшүүлж болохгүй гэж бодож байна. Энэхүү албан тушаал бол иргэдийн итгэлийг даасан, хариуцлагатай, иргэдээ гэсэн сэтгэлтэй, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байхыг шаарддаг нэн хариуцлагатай, чухал алба юм.

О.Л нь шүүх хуралд яагаад хурлыг нь зарлахгүй удаагаад байсан, яагаад сумын ИТХ-ын даргатай уулзаж хурлаа зарлуулах гээд байсан юм гэсэн асуултад би дээд шатны байгууллагаас чиглэл авах, зөвшилцөх гээд гэж хариулж байгаа нь ямар албан тушаалд иргэд сонгосон гэдгээ, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага гэдгээ одоо ч ойлгохгүй байна.

Нэхэмжлэгч О.Лыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын шүүх хурал дээр гаргаж өгсөн 2015 оны баримтуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар төлөвлөж байна. О.Л нь 2018 оны 03 сарын тус хурлыг хүчингүй болгуулах талаар Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын зүгээс нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй.

Өөрөөр хэлбэл О.Л нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргах эрхгүй, цалин, урамшуулал шаардах эрхгүй юм.

Бүхэл бүтэн 2 жил багийн иргэдийн Нийтийн Хурлын баримт материал, тамга, тэмдгийг /одоо ч гэсэн өгдөггүй/ гэртээ байлгаж байгаад Засаг даргын ажлыг хийдэг, хурлын дэг, төлөвлөгөөнд өөрийн гараар, балаар нэмэлт өөрчлөлт оруулдаг, ер нь бол төрийн ажлыг гэрээсээ хийж, тамга тэмдгээ хүлээлгэж өгдөггүй төрийг өөрийн дураар балаар засч, тамгыг нь өгөхгүй ажил гацааж явдаг.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч О.Лыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2013 оны 09 сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус болохыг тогтоож, мөн уг хуралдаанаас гарсан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай /О.Лыг томилсон/ 01 дүгээр тогтоол нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр хүчингүй болсон байдаг. /Хавтаст хэргийн 112 хуудас/

Өөрөөр хэлбэл О.Л нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргах эрхгүй, цалин, урамшуулал шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 07 сарын 30-ны шүүх хуралдаан хүртэл Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж /албан тушаалтнаар/ байсан миний эрх зөрчигдсөн /иргэнээр биш/ гэж мэтгэлцэж байсан ба одоо эсрэгээ би багийн Засаг даргад өрсөлдөх байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөр болгож мэтгэлцэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувьд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэнгүй. Шүүхээс нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлөгдсөн эсэх, тухайн ажил албан тушаалыг эрхэлж байсан эсэх талаар нотлох баримт цуглуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байж нэгэн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоосон учраас цалин хөлс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хэргийн бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн. Энэ захирамжаар нэхэмжлэгчийг Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлсөн ба энэ захирамж одоог хүртэл хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байгаа. Мөн нэхэмжлэгч нь 2016-2017 оны 06 сар хүртэл Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал, түүний даргын албан тушаал надад ямар ч хамаагүй, би энэ ажлаас чөлөөлөгдсөн хүн гэж, Мөн би Улиастай сумын засаг даргын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн захирамжаар “Жинст багийн засаг дарга”-н ажлыг хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байхад 2016 оны 11 сард хууль бусаар чөлөөллөө гэж Жинст багийн засаг даргаас чөлөөлсөн Улиастай сумын засаг даргын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 11 сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гарган Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 сар хүртэл бүтэн 7 сар Улиастай сумын Засаг даргатай зарга үүсгэн мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нэхэмжлэл оруулж байгаа бол нэхэмжлэгч нь ажилгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сард би Жинст багийн Засаг даргын ажлыг хийж байхад, Жинст багийн ИНХ-н даргаас чөлөөлөгдсөн байхад, Засаг даргын цалинтай давхардаж орсон ИНХ-н даргын урамшууллыг буцаан өгсөн байхад хууль бусаар Жинст багийн Засаг даргаас чөлөөллөө, би Жинст багийн Засаг даргын ажлыг хийх ёстой хүн гэж шүүхэд зарга мэдүүлж байсан. Гэтэл энэ удаад буюу 2018 оны 5 сард эсрэгээрээ Жинст багийн Засаг даргын ажлыг бус Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хийж байсан, одоо хийх ёстой гэж Жинст багийн ИНХ-н даргын хувиар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргах, шаардах эрхгүй талаарх дараагийн үндэслэл бол нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 09 сарын 09-ний өдрийн хуралдааныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 22 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон явдал юм.

Захиргааны хэргийн шүүх нь мөрдөн шалгах үндсэн зарчимд тулгуурлан хэрэг маргааныг шийдвэрлэгдэг бөгөөд шүүх хурлын явцад гарсан шинэ нөхцөл байдлыг нэг бүрчлэн тодруулж шалгах үүрэгтэй гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгчийн /Жинст багийн Засаг даргад эгүүлэн тогтоолгох/ өмнөх шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт яригдаагүй 2015 оны 01 сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл тогтоолуудыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч гаргаж өгсөн.

Энэ баримтад 2014 оны 12 сард нэхэмжлэгч нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг бүрэн эрх нь дуусгавар болж байгаа тэргүүлэгчдээр зарлуулалгүй шууд өөрөө өөр асуудал хэлэлцсэн 2015 оны 01 сарын 15-ны өдрийн дотоод журам болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хүртэл нэхэмжлэгч өөрөө гараар нэмж завсар оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус гэж тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 47.1.6 дахь заалт “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж ... дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага ба иргэд өөрсдөө удирдан хуралдуулж, олонхийн саналаар тогтоол шийдвэр гаргадаг байгууллага юм.

Энэ хуралдаан нь: Илт хууль бус байх боломжгүй ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн иргэдийн хурал юм. Хурал хуралдах болсон шалтгаан нь

1. Томилогдсон хуралдаан нь хууль бус болж, томилсон тогтоол нь хүчингүй болсон нэхэмжлэгчийг

2. 2016 оны 09 сарын 01-нд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 05 дугаар захирамжаар ажлаа өгөөд өөр ажилд томилохоор болсон нэхэмжлэгчийг

3. 2016 оны 09 сарын 07-ноос Жинст багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг

4. 2016 оны 11 сарын 16-2017 оны 06 сарын 02-н хүртэл шүүхэд Жинст багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох гэж явсан нэхэмжлэгчийг

5. 2016 оноос хойш нэг ч хуралдаагүй, хуулиараа жилд 2 удаа буюу 2 жилд 4 удаа хуралдах байсан хуралдааныг зарлаагүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж хуралдсан байна.

Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.А хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, амаар шийдвэр гарган иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах зар тараан 2018 оны 03 сарын 02-ны өдөр хуралдуулсан нь илт хууль бус ... гэж тогтоосон нь үндэслэлгүй юм.

Захиргааны акт нь хууль бус байхаас гадна иргэний эрх ашгийг зөрчсөн байх шаардлагатай ба шүүхийн шийдвэрээр томилсон тогтоолыг нь хүчингүй болгосон, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Засаг даргын ажлыг хийж байсан иргэний эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсныг тогтоосон боловч 2013 оноос хойш дахин томилогдсон талаар баримтыг дутуу цуглуулсан. Учир нь 2015 оны тогтоолуудад 2013 оны тэргүүлэгчид, ИНХ-н дарга, Засаг дарга нарт ямар ч өөрчлөлт ороогүй ба хэдэн хувиар, хэн хэн, ямар албан тушаалд дэвшиж хэдэн хувийн саналаар томилогдсон нь тодорхойгүй байсан тул дээрх байдлыг тодруулах зорилгоор гэрч Ж.Н, н.Ж, н.Ц нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан тогтоол амаар гаргасан боловч одоог хүртэл бичгээр албажуулсан тогтоол өгөөгүй байна. Мөн гэрч н.Хаданхүүг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дууссан тэмдэглэл, 2015 оны хуралдааныг тодруулахаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангасан эсэх нь тодорхойгүй хурлыг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 5 дугаар захирамжийг татан аваагүй.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Л нь Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, мөн сумын Засаг дарга болон тус сумын Жинст багийн Засаг дарга, мөн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулаагүйгээс “багийн иргэдийн Нийтийн хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн, мөн хуралдаанаас гарсан тогтоолуудыг өөр багийн тамгаар баталгаажуулсан” гэсэн үндэслэлээр “тус өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан тогтоолууд, мөн тогтоолын үндсэн дээр гарсан Улиастай сумын Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Баг нь сумын ...засаг захиргааны нэгж мөн”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “…/нутгийн өөрөө удирдах байгууллага нь/ баг ...иргэдийн Нийтийн Хурал /байна/”, 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ...зарлан хуралдуулна” гэж зааснаас үзэхэд, багийн иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны товыг тогтоох, зарлан хуралдуулах эрхийг тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Аын өөрийн тайланг хэлэлцүүлэхээр зарласан хурлын товын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хийж, мөн хуралдаанаараа Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, багийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь илт хууль бус, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх маргаан бүхий захиргааны актуудыг Улиастай сумын Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгаар баталгаажуулсан нь хууль бус, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч нарын “...О.Лыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлсөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжийг хэрэгт аваагүй, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал нь хамгийн сүүлд хэзээ хуралдсаныг тодруулаагүй...” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэдэг. Харин хариуцагч нарын гомдолдоо дурдсан уг баримтууд нь энэхүү маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд шаардлагатай ач холбогдол бүхий баримтууд гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч О.Лын Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт холбогдуулан гаргасан “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч нарын “шүүхээс цалин хөлс, урамшуулал гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулах эрх бүхий тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид зарлан хуралдуулаагүй байх тул тус өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож, уг хуралдааны үндсэн дээр гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.М, хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР