Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00839

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 825 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-д холбогдох,

Татварын өр 197 194 019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхтуяа, И.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Тэлмэн тэнгэр” ХХК нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах, НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1 461 000 төгрөг, Хяналт шалгалтын актын 4 909 404 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу дараах үйл ажиллагааг явуулсан болно.

Хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэх хуудсыг гардуулж, гарын үсгийг зуруулж, 10 хоногийн дотор төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн дагуу банкин дахь дансны зарлагын гүйлгээг хаасан, хуулийн 62 дугаар зүйлд заасан эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрийг гаргуулах ажиллагааг тус тус явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 197 194 019 төгрөгийн татварын өртэй байна. “Тэлмэн тэнгэр” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн компанийн захирал н.Чимэгсайхан татварын албанд НӨАТ-ын тайлангаа гаргаж ирүүлсэн. Тухайн компанийн тайлан зөрүүтэй байсан тул 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тайлангаа засварлаж өгсөн. Үүнтэй холбоотой худалдан авалт болон борлуулалтын дэвтэр нэг ёсондоо НӨАТ-ын жагсаалт гаргаж өгсөн байдаг.

Тухайн компани нь “Жүнтэ монгол” ХХК-ийн худалдан авалтын дэвтэр дээр 49 880 000 төгрөг, тухайн компани борлуулалтын дэвтэр нь эцсийн хэрэглэгчид 161 170 340 төгрөг байна гэж гарч ирсэн. 2011 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлан, 49 880 000 төгрөгийг буцаан авалт хийгээд, борлуулалтаас 111 290 003 төгрөг гарч, үүнийг төлөхөөр тайлагнасан татварын өр юм. Хяналт шалгалтаар 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагчийн 240015 гэсэн дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтийн 1 дүгээр хэсэг тухайн компани нь тоо дурдсан 33 падааныг тамга дарж аж ахуй нэгжүүдийг орлогоо нуун НӨАТ төлөхгүй байх боломжийг олгосон гэсэн дүгнэлт бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу Улсын мөрдөн байцаах газар шалгуулахаар явсан.

Улсын мөрдөн байцаах газраас 2015 оны 3 дугаар сард ирсэн нотлох баримт, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 704 тоот прокурорын тогтоол дээр харагдаж байгаа. Прокурорын тогтоол дээр яг л дүгнэлтэд дурдсан 33 ширхэг падаан дээр манайх эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ гэсэн агуулгатай байдаг.

Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдээд, шалгагдаад, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад татварын алба программд өр болгож оруулдаггүй тул татварын улсын байцаагчийн дүгнэлт тайлангийн өр давхцаагүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Татварын алба дээр НӨАТ-ын тайлан бланс хоорондоо тэнцвэртэй байхыг дүгнэлт дээр авч үздэг. Энэ нь татварын улсын байцаагч н.Мөнхзулын дүгнэлт дээр харагдаж байгаа. Борлуулалт болон худалдан авалт хийсэн дүнгүүд нь нөгөө талынхаа тайлан дээр тусгагдсан байх юм бол нэг ёсондоо тайлан тэнцэж байгаа юм. “Тэлмэн тэнгэр” ХХК-д ногдуулалт үүссэн байхад нөгөө талд тэр хэмжээгээрээ буцаан авалт үүсэж байх ёстой. “Тэлмэн тэнгэр” ХХК-д 49 800 000 төгрөгийг буцаан авалт үүссэн байхад цаад талдаа мөн энэ хэмжээний ногдуулалт үүссэн байгаа. Энэ падаан хоёр талдаа үүсгэсэн тул 111 000 000 төгрөгийн өр үүссэн. Гэтэл хариуцагч тал манайх хуурамчаар бичсэн хуурамч өр үүсгэлээ гэж үзэж байна. Үнэн зөв тайлагнасан гэдэг үүднээс нөгөө тал нь буцаан авалтаа хийгээд татварын өр төлбөрөө хаасан байгаа. Манайх 2015 онд шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 031 дүгээр дүгнэлтэд “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөгийн өр нь хэрэгт авагдсан баталгаажсан тайлангаар үндэслэлтэй байна. Үнэн зөв байна гэдгийг тогтоосон тул маргаангүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “Тэлмэн Тэнгэр” ХХК-д холбогдуулан 197 194 019 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн үнийн дүнгээс ААНБОАТ-ийн тайлангийн 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1 461 000 төгрөг, хяналт шалгалтын актын 4 909 404 төгрөг, нийт 7 146 512 төгрөгийг тус татварын хэлтэст төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь доорх үнийн дүн нь НӨАТ-ын падаанд хий бичилт хийж хуурамч баримт бүрдүүлснээс үүссэн тоо юм. Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтыг баталгаажуулсан акт байдаг. 111 290 003 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Актын төлбөр 2 290 098 төгрөг буюу хүү торгууль алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. 111 290 003 төгрөг бол хуурамч падаан бичилтийн үр дүнд бий болсон бодит бус өр.

Үүнийг 2011, 2012 онуудын татварын ногдуулалтын тайланд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шалгалт хийгээд, 111 290 003 төгрөгийн өр бол бодит бус өр байна гээд шийдвэр гаргасан. 2011 оны орлого, худалдан авалтыг хүчингүй болгоод, 2012 оны орлого худалдан авалт нь үнэн зөв байна гээд 2014 оны 12 дугаар сард, 2012 оныг бүхэлд нь шалгаад, 2012 оны жилийн эцсээр танай компани НӨАТ-ын илүү төлөлт 22 913 008 төгрөгийг баталгаажууллаа гээд НӨАТ-ын ногдуулалтын төлөлтийг баталгаажуулсан акт тогтоосон байдаг. Ц.Мөнхзул, С.Эрдэнэчимэг нар гарын үсэг зураад, тэмдгээ дараад акт хүчин төгөлдөр болсон байна. Манай “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн захирал н.Чимэгсайхан гарын үсэг зураад, тэмдгээ дараад хүчин төгөлдөр болсон. Үүнийг үндэслэн дүгнэлт бичигддэг. 2011 оны 111 290 003 төгрөгийг өр үүсгэсэн падаан нь хуурамч юм байна гэж үзээд, дээрээс нь тайлагнаагүй 31 аж ахуй нэгжээс ирүүлсэн 33 падаанд эрүүгийн хариуцлага хүлээхээр байна гээд дүгнэлт бичсэн.

Дүгнэлтийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Татварын алба хоёр нэгжийн хооронд актыг үндэслээд өрийг төлүүлэх ажлыг хийсэн. Энэ ажил орхигдсон байдаг. Хийх ёстой ажлаа татварын алба хийгээгүй учраас 2011 оны 111 290 003 төгрөг, өөрөөр хэлбэл 2012 оны дутуу 81 557 006 төгрөг актын өр дутуу хоёрын нийлбэр нь 111 209 003 төгрөг байдаг. Процесс ажлаа хийгээгүйн улмаас өр давхардаад байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээсэн. Давхардуулж төлүүлэх гэж байгаа нь хууль бус гэж юм. Прокурорын тогтоолд н.Чимэгсайхан нь 33 ширхэг НӨАТ-ын падаан 3 716 710 800 төгрөг, дүгнэлтийн нэгдүгээр хэсэг 33 ширхэг падааны дүн хэд байдаг юм бэ гэхээр 1 608 000 000 төгрөг байдаг. 3 716 710 800 төгрөг нь 35 ширхэг падааны дүн юм.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч дүгнэлтээ бичихдээ 35 ширхэг падааны 3 716 710 800 төгрөг гэж бичих юмыг 33 ширхэг гэж бичсэнийг алдаатай боловсруулсан. Дүгнэлтийн 2 дахь хэсэг дээр 34 дэх падаан буюу борлуулалтын орлогын падааны дүн, дүгнэлтийн 3 дахь хэсэг бол шүүгч захирамж гаргаад тодруулах гэсэн 498 800 000 төгрөг нь тодруулах гэж байгаа падааны дүн юм. Яагаад гэвэл 2011 онд борлуулалт нь ганцхан ширхэг падаан. Худалдан авалт ганцхан падаан. Дүгнэлтийн 7 дугаар мөрөн дээр хяналт шалгалт хийхэд борлуулалтын орлого нь 1 608 985 000 төгрөгийн, худалдан авалт нь 498 800 000 төгрөгийн мэдээлэлтэй. Падаанууд нь хуурамчаар тайлагнасан болох нь нотлогдсон. Шалгалтаар нийт 3 716 710 800 төгрөгийн зөрчил илэрлээ. Нийт гэхдээ нийт зөрчлийн дүн 33 падааны дүнг солиод бичсэнээс болоод татвар төлөгч, прокурорын байгууллагад төвөг удаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал болох “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 оны 12 дугаар сарын НӨАТ-ын өр болох 111 290 300 төгрөгийн өрийг төлөх үндэслэлгүй байна гэж маргаан үүсгэж байна. Гэтэл “Тэлмэн тэнгэр” ХХК нь хуурамчаар 33 ширхэг падаан бичилт хийсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар прокурорын шатанд 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх маргаж буй 111 290 300 төгрөгийн өр нь татварын тайлангаар гарсан өр, харин прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурьдагдсан 33 ширхэг падаан нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн татварын улсын байцаагчийн 240015 дугаар дүгнэлтэд тусгагдсан зөрчил болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл 111 290 300 төгрөгийн өр нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан 33 ширхэг падаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 167 128 707 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 461 000 төгрөг, хяналт шалгалтын актын татварын өр 4 909 404 төгрөг, нийт 174 275 219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 22 918 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 029 326 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 200 000 төгрөгийн 50 хувь болох 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, үлдэх 50 хувь болох 100 000 төгрөгийг хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-иас тус тус гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 900012005 тоот дансанд тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 825 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шийдвэрийн Тодорхойлох хэсэгт “...татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт 22 918 800.00 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байна.” гэж дурдаад ТОГТООХ хэсгийн 1-д “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 22 918 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл “Татвар төлөгчийн эрх”-ийн 17.1.4-д заасанчлан НӨАТ-ын илүү төлөлтөө буцаан авах, суутган тооцуулах, нэхэмжлэн авах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр татварын албанд бичгээр хүсэлт ирүүлээгүй тул “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бичигдсэн 22 918 800 төгрөгийн үлдэгдэл нь НӨАТ-ын илүү төлөлт болон эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Иймд уг үлдэгдлийг шүүхийн шийдвэрээр татварын өрөнд суутган тооцох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 825 дугаар магадлалаар хасахаар шийдвэрлэсэн 22 918 800 төгрөгийн татварын өрийг хуулийн дагуу хүсэлт гаргах боломжийг хариуцагчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...2011 онд 111 290.3 мянган төгрөгийн бодит бус өр үүсгэсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг батлагаажуулсан акт тогтоон тэглэсэн атлаа дахин энэхүү бодит бус 111 290.3 мянган төгрөгийг төлүүлэхээр Татварын хэлтсээс нэхэмжилсэн нь хууль бус болжээ. Дээрх 111 290.3 мянган төгрөгийн өр нэхэмжлэлд давхардсан нь тухайн үед буюу 2013 оны 3 дугаар сард шалгалт хийснийхээ дараа Баянзүрх дүургийн Татварын хэлтсээс бодит бус өрийн ногдлыг тэглэх, өрийн бүртгэлийг зөв болгох ажлыг хийж гүйцэтгээгүйгээс үүдэлтэй байна.

Татварын улсын байцаагчийн 240015 дугаартай дүгнэлтэнд НӨАТ-ын 2011 оны тайланд тайлагнасан бодиг бус орлогыг 1 611 703.4 гэхийг 1 608 955.4 гэж 2 748.0 /1 611 703.4-1 608 955.4/, нийт 35-н ширхэг падаан бүхий бодит бус орлого, худалдан авалтыг 3 719 458.8 /1 611 703.4+1 608 955.4+498 800.0) гэхийг 3 716 710.8 гэж 2 748.0 /3 719 458.8-3 716 710.8) мянган төгрөгөөр бага буюу зөрүүтэй тусгасан байдаг нь шүүгч нарыг тоон үзүүлэлт талаас таньж ойлгоход хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал борлуулалтын 34, худалдан авалтын 1, нийт 35-н ширхэг падааныг 33 гэж мушгин татвар төлөгчийг хэлмэгдүүлэх тайлбарыг хийгээд байдаг атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №2403/130301/19222402 дугаартай бодит бус өрийг хүчингүй болгосон актынхаа талаар ярьдаггүй бөгөөд шүүх хуралдааны үеэр бодит бус өрийг хүчингүй болгосон актынх нь талаар асуулт тавихад мэдэхгүй гэсэн ёс зүйгүй хариултыг анхан шатны шүүх хуралдааны үеэр өгдөг. Гэтэл нэхэмжлэгч талын ярьдаг 33-н ширхэг падааны мөнгөн дүн нь 1 608 955.4 мянган төгрөг байдаг бол дүгнэлтэнд орсон дүн нь 35-н ширхэг падааны 3 719 458.8 мянган төгрөг байдаг. Учир нь бодит байдал дээр тухайн үед болсон зүйл нь 2011 оны 12 дугаар сард 33-н ширхэг падааны нийт 1 608 955.4 мянган төгрөгийг огт тайлагнаагүй бусдад хийсвэрээр манай компани бичиж өгснийг татварын алба тайлагнахыг утсаар шаардахаар нь миний бие айсандаа 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр НӨАТ-ын 009853541 дугаартай падаан дээр 1 608 955.4 мянган төгрөгийн борлуулалттай гэж тайлагнах гэж байгаад сонсгол муу учраас буруу сонсон 1 611 703.4 мянган төгрөгийн орлоготой гэж тайлагнаж борлуулалтын 34 дэх падааныг зохиомлоор бий болгосон. Хуурамч орлогод ногдох бодит бус татвараа багасгах зорилгоор 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 008992493 дугаартай падаан дээр 498 800.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр бусдаас мөн хийсвэрээр 35 дахь буюу худалдан авалтын 1 ширхэг падааныг бичүүлж аваад НӨАТ-ын 2011 оны тайландаа тусгаж бодит бус 111 290.3 мянган төгрөгийн өр үүсгэсэн юм.

...240015 дугаартай дүгнэлтийн хавсралт нь 2011 онд компанийн тайлагнасан орлого нь 1 622 685.0, бодит бус орлого нь 1 608 955.4, жинхэнэ бодит татвар ногдох орлого нь 56 929.1 гэснийг шүүгч эсрэгээр нь ойлгосон байна. Татварын улсын байцаагч бодит татвар ногдох орлого 13 729.6 /1 622 685.0-1 608 955.4/ мянган төгрөг гэхийг 56 929.1 гэж мөн тооцооллын алдаа гаргасан байдаг.

№2403/130301/19222402 дугаартай ­­“Н­­­эмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Татварын хэлтэст бүртгэлтэй компанийн НӨАТ-ын өр -88 371.5 мянган төгрөгийг +22 918.8 /-88 371.5+111 290.3) мянган төгрөгийн илүү төлөлттэй гэж өөрчлөн 2011 оны НӨАТ-ын тайлангаарх дутуу үлдэгдэл 111 290.3 мянган төгрөгийг хүчингүй болгосон буюу тэглэснийг шүүгч ойлголгүй илүү төлөлтийн дүн буюу 22 918.8 мянган төгрөгөөр Татварын хэлтсээс нэхэмжилж буй өрийг багасгаж байгаа нь учир дутагдалтай байна.

...Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.2, 58.1.3-т тус тус заасны дагуу татвар төлөгчийн илүү төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх талаар Татварын албанд үүрэг болгосон байтал Татварын хэлтсээс гаргасан гомдол болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа татвар төлөгч хүсэлтээ өгөөгүй гээд хуулинд байхгүй зүйлийг ярьж өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн бурууг татвар төлөгч буруутай мэтээр хэлж буй нь ёс зүйгүй.

НӨАТ-ын өрийг залруулаагүйгээс Татварын хэлтэст одоо буй манай компанийн өрийн бүртгэлийг үзвэл илүү төлөлтөө хуулинд заасны дагуу шийдвэрлүүлэх нь битгий хэл жилийн эцсийн дутуу нь 2011 онд 111 290.3, 2012 онд 88 371.5, 2013 онд 131 479.4, 2014 онд 190 215.0, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 190 047.5 мянган төгрөг буюу ямарч илүү төлөлтийн бүртгэл байхгүй байгаа нь тус хэлтсийн хууль бус үйл ажиллагааг нотолж байна. Хэрэв 2013 оны 3 дугаар сард хуулийн дагуу Татварын хэлтэс өрийн бүртгэлийг залруулж 2011 оны НӨАТ-ын өр 111 290.3 мянган төгрөгийг тэглэсэн бол 2012 онд 22 918.8 мянган төгрөгийн илүү, 2013 онд 20 189.1, 2014 онд 78 924.7, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 78 757.2 мянган төгрөгийн бодит үнэн зөв өрийн үддэгдэлтэй байх байлаа. Энэ нь тус Татварын хэлтэст ажиллаж буй Татварын байцаагч нар нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.12-т заасныг ноцтой зөрчин НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №2403/130301/19222402 дугаартай актаар бодит бус өрийг хүчингүй болгосон актынхаа биелэлтийг хангуулаагүй, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх манай компанийн НӨАТ-ьш илүү төлөлтийг бүртгээгүй байна.

...Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасныг буюу хүү, торгууль, алдангиас чөлөөлснийг Татварын хэлтсийг төлөөлж нэхэмжлэл гаргасан ажилтан анхаараагүй байна.

...Анхан шатны шүүхийн шүүгч Татварын албанд алданги, хүү, торгуулийг хэрхэн хүчингүй болгосон талаарх дотооддоо мөрдөж хэрэгжүүлсэн дүрэм, журам, ТЕГ-ын даргын албан бичгийг шаардахад Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарган ирүүлээгүй нь мөн хууль бус бөгөөд татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадладд өөрчлөлт оруулан нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг 78 757.2 (190 047.5-111 290.3) мянган төгрөг гэхийг 167 128.7 (190 047.5-22 918.8) мянган төгрөг гэж 88 371.5 (167 128.7-78 757.2) мянган төгрөгөөр илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн тооцооллын аддааг, мөн торгууль, алданги, хүүгийн 4 174.4 мянган төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж өгөөгүй Өршөөлийн хуулийг зөв хэрэглээгүйг залруулж нийт 92 545.9 (88 371.5+4 174.4) мянган төгрөгөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн дүнг багасгаж төлөх татварын дүнг 81 729.39 (174 275.2-92 545.9) мянган төгрөг болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 190 047 507 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 776 108 төгрөг, цалин, хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 461 999 төгрөг, хяналт шалгалтын актын татварын өр  4 909 404 төгрөг, нийт 197 194 019 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 461 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хяналт шалгалтын актанд тусгагдсан хүү, торгууль, алдангийг Өршөөлийн тухай хуульд хамруулж, үлдэх татварыг төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 190 047 507 төгрөгөөс 111 290 300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн татварын өр үүссэн байдлыг тогтоогдсон гэж үзэж, тооцооллыг тодорхойлсон байна. Мөн нэхэмжлэгч Татварын хэлтэс нь татварын өр барагдуулах  талаар Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаа явуулсан байдлыг шүүх баримтаар тогтоосон байна.

 

Шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг төлөгдөөгүй татварын хүү, алданги, торгуулиас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзжээ.

Өршөөл үзүүлэх тухай дээрх хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 240015 дугаартай актын дүгнэлт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 704 дүгээр тогтоолд тусгагдсан тооцоо, нөхцөл, үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

 Харин Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2403\130301\19222402 дугаартай актаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 22 918 800 төгрөг гэж заасан байх тул шүүх энэ мөнгийг хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн нийт үнийн дүнгээс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 825 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН