Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 825

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тэлмэн тэнгэр” ХХК-д холбогдох

 

Татварын өр 197 194 019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, Ё.Энхтуяа, Ц.Энхтүвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах,

Прокурор Д.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэлмэн тэнгэр” ХХК нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах, НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1 461 000 төгрөг, Хяналт шалгалтын актын 4 909 404 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу дараах үйл ажиллагааг явуулсан болно. Хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэх хуудсыг гардуулж, гарын үсгийг зуруулж, 10 хоногийн дотор төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн дагуу банкин дахь дансны зарлагын гүйлгээг хаасан, хуулийн 62 дугаар зүйлд заасан эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрийг гаргуулах ажиллагааг тус тус явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 197 194 019 төгрөгийн татварын өртэй байна. “Тэлмэн тэнгэр” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн компанийн захирал н.Чимэгсайхан татварын албанд НӨАТ-ын тайлангаа гаргаж ирүүлсэн. Тухайн компанийн тайлан зөрүүтэй байсан тул 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тайлангаа засварлаж өгсөн. Үүнтэй холбоотой худалдан авалт болон борлуулалтын дэвтэр нэг ёсондоо НӨАТ-ын жагсаалт гаргаж өгсөн байдаг. Тухайн компани нь “Жүнтэ монгол” ХХК-ийн худалдан авалтын дэвтэр дээр 49 880 000 төгрөг, тухайн компани борлуулалтын дэвтэр нь эцсийн хэрэглэгчид 161 170 340 төгрөг байна гэж гарч ирсэн.

2011 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлан, 49 880 000 төгрөгийг буцаан авалт хийгээд, борлуулалтаас 111 290 003 төгрөг гарч, үүнийг төлөхөөр тайлагнасан татварын өр юм. Хяналт шалгалтаар 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагчийн 240015 гэсэн дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтийн 1 дүгээр хэсэг тухайн компани нь тоо дурдсан 33 падааныг тамга дарж аж ахуй нэгжүүдийг орлогоо нуун НӨАТ төлөхгүй байх боломжийг олгосон гэсэн дүгнэлт бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу Улсын мөрдөн байцаах газар шалгуулахаар явсан. Улсын мөрдөн байцаах газраас 2015 оны 3 дугаар сард ирсэн нотлох баримт, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 704 тоот прокурорын тогтоол дээр харагдаж байгаа. Прокурорын тогтоол дээр яг л дүгнэлтэд дурдсан 33 ширхэг падаан дээр манайх эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ гэсэн агуулгатай байдаг. Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдээд, шалгагдаад, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад татварын алба программд өр болгож оруулдаггүй тул татварын улсын байцаагчийн дүгнэлт тайлангийн өр давхцаагүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Татварын алба дээр НӨАТ-ын тайлан бланс хоорондоо тэнцвэртэй байхыг дүгнэлт дээр авч үздэг. Энэ нь татварын улсын байцаагч н.Мөнхзулын дүгнэлт дээр харагдаж байгаа. Борлуулалт болон худалдан авалт хийсэн дүнгүүд нь нөгөө талынхаа тайлан дээр тусгагдсан байх юм бол нэг ёсондоо тайлан тэнцэж байгаа юм. “Тэлмэн тэнгэр” ХХК-д ногдуулалт үүссэн байхад нөгөө талд тэр хэмжээгээрээ буцаан авалт үүсэж байх ёстой. “Тэлмэн тэнгэр” ХХК-д 49 800 000 төгрөгийг буцаан авалт үүссэн байхад цаад талдаа мөн энэ хэмжээний ногдуулалт үүссэн байгаа. Энэ падаан хоёр талдаа үүсгэсэн тул 111 000 000 төгрөгийн өр үүссэн. Гэтэл хариуцагч тал манайх хуурамчаар бичсэн хуурамч өр үүсгэлээ гэж үзэж байна. Үнэн зөв тайлагнасан гэдэг үүднээс нөгөө тал нь буцаан авалтаа хийгээд татварын өр төлбөрөө хаасан байгаа.  Манайх 2015 онд шинжээчийн дүгнэлт гаргуулсан./хх-223-226/ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 031 дүгээр дүгнэлтэд “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөгийн өр нь хэрэгт авагдсан баталгаажсан тайлангаар үндэслэлтэй байна. Үнэн зөв байна гэдгийг тогтоосон тул маргаангүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “Тэлмэн Тэнгэр” ХХК-д холбогдуулан 197 194 019 төгрөгийг гаргуулах нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн үнийн дүнгээс ААНБОАТ-ийн тайлангийн 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1 461 000 төгрөг, хяналт шалгалтын актын 4 909 404 төгрөг, нийт 7 146 512 төгрөгийг тус татварын хэлтэст төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин НӨАТ-ын тайлангийн 190 047 507 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь доорх үнийн дүн нь НӨАТ-ын падаанд хий бичилт хийж хуурамч баримт бүрдүүлснээс үүссэн тоо юм. Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтыг баталгаажуулсан акт байдаг. 111 290 003 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Актын төлбөр 2 290 098 төгрөг буюу хүү торгууль алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. 111 290 003 төгрөг бол хуурамч падаан бичилтийн үр дүнд бий болсон бодит бус өр. Үүнийг 2011, 2012 онуудын татварын ногдуулалтын тайланд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шалгалт хийгээд, 111 290 003 төгрөгийн өр бол бодит бус өр байна гээд шийдвэр гаргасан. 2011 оны орлого, худалдан авалтыг хүчингүй болгоод, 2012 оны орлого худалдан авалт нь үнэн зөв байна гээд 2014 оны 12 дугаар сард, 2012 оныг бүхэлд нь шалгаад, 2012 оны жилийн эцсээр танай компани НӨАТ-ын илүү төлөлт 22 913 008 төгрөгийг баталгаажууллаа гээд НӨАТ-ын ногдуулалтын төлөлтийг баталгаажуулсан акт тогтоосон байдаг. Ц.Мөнхзул, С.Эрдэнэчимэг нар гарын үсэг зураад, тэмдгээ дараад акт хүчин төгөлдөр болсон байна. Манай “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн захирал н.Чимэгсайхан гарын үсэг зураад, тэмдгээ дараад хүчин төгөлдөр болсон. Үүнийг үндэслэн дүгнэлт бичигддэг. 2011 оны 111 290 003 төгрөгийг өр үүсгэсэн падаан нь хуурамч юм байна гэж үзээд, дээрээс нь тайлагнаагүй 31 аж ахуй нэгжээс ирүүлсэн 33 падаанд эрүүгийн хариуцлага хүлээхээр байна гээд дүгнэлт бичсэн. Дүгнэлтийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Татварын алба хоёр нэгжийн хооронд актыг үндэслээд өрийг төлүүлэх ажлыг хийсэн. Энэ ажил орхигдсон байдаг. Хийх ёстой ажлаа татварын алба хийгээгүй учраас 2011 оны 111 290 003 төгрөг, өөрөөр хэлбэл 2012 оны дутуу 81 557 006 төгрөг актын өр дутуу хоёрын нийлбэр нь 111 209 003 төгрөг байдаг. Процесс ажлаа хийгээгүйн улмаас өр давхардаад байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээсэн. Давхардуулж төлүүлэх гэж байгаа нь хууль бус гэж юм. Прокурорын тогтоолд н.Чимэгсайхан нь 33 ширхэг НӨАТ-ын падаан 3 716 710 800 төгрөг, дүгнэлтийн нэгдүгээр хэсэг 33 ширхэг падааны дүн хэд байдаг юм бэ гэхээр 1 608 000 000 төгрөг байдаг. 3 716 710 800 төгрөг нь 35 ширхэг падааны дүн юм. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч дүгнэлтээ бичихдээ 35 ширхэг падааны 3  716 710 800 төгрөг гэж бичих юмыг 33 ширхэг гэж бичсэнийг алдаатай боловсруулсан. Дүгнэлтийн 2 дахь хэсэг дээр 34 дэх падаан буюу борлуулалтын орлогын падааны дүн, дүгнэлтийн 3 дахь хэсэг бол шүүгч захирамж гаргаад тодруулах гэсэн 498 800 000 төгрөг нь тодруулах гэж байгаа падааны дүн юм. Яагаад гэвэл 2011 онд борлуулалт нь ганцхан ширхэг падаан. Худалдан авалт ганцхан падаан. Дүгнэлтийн 7 дугаар мөрөн дээр хяналт шалгалт хийхэд борлуулалтын орлого нь 1 608 985 000 төгрөгийн, худалдан авалт нь 498 800 000 төгрөгийн мэдээлэлтэй. Падаанууд нь хуурамчаар тайлагнасан болох нь нотлогдсон. Шалгалтаар нийт 3 716 710 800 төгрөгийн зөрчил илэрлээ. Нийт гэхдээ нийт зөрчлийн дүн 33 падааны дүнг солиод бичсэнээс болоод татвар төлөгч, прокурорын байгууллагад төвөг удаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна  гэжээ.

         

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал болох “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 оны 12 дугаар сарын НӨАТ-ын өр болох 111 290 300 төгрөгийн өрийг төлөх үндэслэлгүй байна гэж маргаан үүсгэж байна. Гэтэл “Тэлмэн тэнгэр” ХХК нь хуурамчаар 33 ширхэг падаан бичилт хийсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар прокурорын шатанд 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх маргаж буй 111 290 300 төгрөгийн өр нь татварын тайлангаар гарсан өр, харин прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурьдагдсан 33 ширхэг падаан нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн татварын улсын байцаагчийн 240015 дугаар дүгнэлтэд тусгагдсан зөрчил болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл 111 290 300 төгрөгийн өр нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан 33 ширхэг падаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэв.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д тус тус заасныг баримтлан хариуцагч Тэлмэн тэнгэр ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 167  128 707 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 461 000 төгрөг, хяналт шалгалтын актын татварын өр 4 909 404 төгрөг, нийт 174 275 219 /нэг зуун далан дөрвөн сая хоёр зуун далан таван мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 22 918 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Тэлмэн тэнгэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,029,326 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 200 000 төгрөгийн 50 хувь болох 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, үлдэх 50 хувь болох 100 000 төгрөгийг хариуцагч Тэлмэн тэнгэр ХХК-иас тус тус гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 900012005 тоот дансанд тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Татвар төлөгч нь Татварын Ерөнхий Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасанчлан илүү төлсөн татвараа буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхээ хэрэгжүүлэхийн тул татварын албанд бичгээр хүсэлт ирүүлээгүй тул "Тэлмэн тэнгэр" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 22 918 800 төгрөгийн илүү төлөлтийг аливаа татварын өрөнд суутган тооцох үндэслэлгүй байна. Учир нь Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 3.1, 5.1-д зааснаар Сангийн яам татвар төлөгчийн санал хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 22 918 800 төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулах тухай дээрх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Татварын Ерөнхий Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1-д заасан нөхцөлүүд хангагдаагүй байна.

Мөн "Тэлмэн тэнгэр" ХХК-д Татварын Ерөнхий Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасанчлан дээрх татварын илүү төлөлтийг буцаан авах буюу суутган тооцуулахаар тухайн төрлийн татварын илүү төлөлтийг эцэслэн баталгаажуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа бөгөөд татвар төлөгч уг хүсэлтийг ирүүлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын 22 918 800 төгрөгийн илүү төлөлтийг баталгаажсанд тооцож татварын өр барагдуулах нэхэмжлэлээс хасч тооцуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 197 194 000 төгрөгийн нэхэмжлэлийн дүнд тус дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №2403/130301/19222402 дугаартай "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-аар хүчингүй болгосон буюу тэглэсэн өр, бодит бус өр үүсгэсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүн болох нэмэгдсэн өртгийн албан татварьн 111 290 300 төгрөг, Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдсөн 115 464 700 төгрөгийн өр гэхийг илүү нэхэмжилсэн байгааг эс зөвшөөрч төлөхгүй байх үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.  

Манай "Тэлмэн тэнгэр" ХХК 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөгчөөр бүртгэгдэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс №0024591 дугаартай НӨАТ төлөгчийн гэрчилгээг олгосон. 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2403/130301/19222402 "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-аар  111 290 300 төгрөгийг хүчингүй болгосон буюу тэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2011 онд 111 290 300 төгрөгийн бодит бус өр үүсгэсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт тогтоон тэглэсэн атлаа дахин энэхүү бодит бус 111 290 300 төгрөгийг төлүүлэхээр Татварын хэлтсээс нэхэмжилсэн нь хууль бус.

Татварын улсын байцаагчийн 240015 дугаартай дүгнэлтэд НӨАТ-ын 2011 оны тайланд тайлагнасан бодит бус орлогыг 1 611 703 гэхийг 1 608 955  (1 ширхэг падаанаар) гэж 2 748 000 (1 611 703.4-1 608 955), нийт 35-н ширхэг падаан бүхий бодит бус орлого, худалдан авалтыг 3 719 458.8 гэхийг 3 716 710.8 гэж 2 748 000 төгрөгөөр бага буюу зөрүүтэй тусгасан байдаг нь шүүгч болон хэргийн оролцогч нарыг үзүүлэлт талаас таньж ойлгоход хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал борлуулалтын 34, худалдан авалтын 1, нийт 35-н ширхэг падааныг 33 гэж мушгин татвар төлөгчийг хэлмэгдүүлэх тайлбарыг хийгээд байдаг атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №2403/130301/19222402 дугаартай бодит бус өрийг хүчингүй болгосон актынxaa талаар ярьдаггүй бөгөөд энэ талаар мэдэхгүй гэсэн ёс зүйгүй хариултыг өгдөг. Гэтэл нэхэмжлэгч талын ярьдаг 33-н ширхэг падааны мөнгөн дүн нь 1 608 955.4 төгрөг байдаг бол дүгнэлтэд орсон дүн нь 35-н ширхэг падааны 3 719 458.8 мянган төгрөг байдаг. Учир нь миний бие айсандаа 2011 оны 12-р сарын 31-ний өдрөөр НӨАТ-ын 009853541 дугаартай падаан дээр 1 608 955.4 төгрөгийн борлуулалтай гэж тайлагнах гэж байгаад сонсгол муу учраас буруу сонсон 1 611 703.4 төгрөгийн орлоготой гэж тайлагнаж борлуулалтын 34 дэх падааныг зохиомлоор бий болгосон.

Гэтэл дахиад Татварын хэлтсээс утасдаад танай компанийн 2011 оны 12 дугаар сарын НӨАТ ногдох орлого 3 220 658.5 төгрөг байна та НӨАТ ногдох орлогоо 1 608 955.4 төгрөгөөр дутуу тусгасан байна тайлангаа залруул, орлогоо нэмж тусга гэсэн.  Энэхүү ёс зүйгүй үйлдлийг минь байцаагч нар шалган тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 2011 оны хийсвэр буюу бодит бус НӨАТ-ын 111 290 300 төгрөгийн өр үүсгэснийг хүчингүй болгосон.

Татварын улсын байцаагч бодит татвар ногдох орлого 13,729,6 (1,622,685.0-1,608,955.4) мянган төгрөг гэхийг 56,929.1 гэж мөн тооцооллын алдаа гаргасан байдаг.

Шүүх 2403/130301/19222402 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг анхааралдаа авсан боловч агуулгын болон тооцооллын хувьд алдаатай дүгнэсэн.

Учир нь №2403/130301/19222402 дугаартай "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар 2012 оны 12-р сарьн 31-ний (2013 оны 1-р сарын 1) өдрийн байдлаар Татварын  хэлтэст бүртгэлтэй компанийн НӨАТ-ын өр (дутуу төлөлт) -88,371.5 төгрөгийг +22,(-88,371.5+111,290.3) мянган төгрөгийн илүү төлөлттэй гэж өөрчлөн 2011 оны НӨАТ-ын тайлангаар дутуу үлдэгдэл 111 290 300 төгрөгийг хүчингүй болгосон буюу тэглэснийг шүүгч ойлголгүй илүү төлөлтийн дүн буюу 22 918 800 төгрөгөөр Татварын хэлтсээс нэхэмжилж буй өрийг багасгаж байгаа нь учир дутагдалтай байна.

Мөн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 031 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: "...Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа НӨАТ-ын асуудалтай давхардаж байгаа эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна..." гэснийг үндэслэл болгосонгүй, анхааралдаа авсангүй.

Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг буюу хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдсөнийг Татварын хэлтсийг төлөөлж нэхэмжлэл гаргасан ажилтан анхаараагүй байна. Татварын албадад 2015 оны 7-р сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө үүссэн алданги, хүү, торгуулийн өрийг хүчингүй болгох чиглэл өгсний дагуу бусад татвар төлөгчийн алданги, хүү, торгуулийг хүчингүй болгосон атлаа нэхэмжлэлдээ манай компанийн алданги, хүү, торгуулийн 4,174.4 (2,930.0+1,243,3+1.1) төгрөгийг оруулан нэхэмжилсэн нь хууль бус бөгөөд манай компанид ялгамжтай хандах нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй байгаа нь шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй, татвар тэгш шударга байна гэсэн зарчмыг гажуудуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, тооцооллын алдаатай тул бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас 81 729 300 төгрөгийн хэмжээнд манай компаниар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн,  хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Тэлмэн тэнгэр”  ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 190 047 507 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 776 108 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 461 000 төгрөг, хяналт шалгалтын актын татварын өр 4 909 404 төгрөг, нийт 197 194 019 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шаардаж буй нэмэгдсэн өртгийн албан татварын 111 290 300 төгрөгийн өр эрүүгийн журмаар  шалгагдаж шийдвэрлэсэнтэй давхацсан гэж маргажээ.

 

Татварын алба татвар төлөгчөөс уг өрийг үл маргах журмаар эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос төлүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн ч хариуцагч татвар төлөх үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан  нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйл, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Тэлмэн тэнгэр ХХК нь НӨАТ-ын тайлангаар баталгаажсан, 2011 оны 12 сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд үүссэн 190 047 507 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг төлөөгүй болох нь тогтоогдсон. Хариуцагч нь энэхүү дүгнэлтийг эсэргүүцсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг төлөх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хэргийн материалаас үзэхэд Тэлмэн тэнгэр ХХК-ийн НӨАТ-ын 9853502-9853511, 9853513-9853522, 9853524-9853533, 9853537-9853539 дугаар бүхий падаантай хамаарал бүхий 1.608.955..400 төгрөгт холбогдох зөрчил өр нь Цагдаагийн ерөнхий газраар эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэгдсэн./хх-316,336-347/ Зөрчилтэй гэх НӨАТ-ын падааны жагсаалт 36 ширхэг байгаа боловч 3 падаан нь бичилт хийгдээгүй учир 33 ширхэг падаантай холбогдуулан шалгаж шийдвэрлэсэн болох нь прокурорын тогтоол /хх-316/, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн жагсаалтаар /хх-347/ тогтоогдож байна. Хариуцагчийн эс зөвшөөрч буй 111 290 300 төгрөгийн НӨАТ-ын тайлангийн өр нь 2011 оны 12 дугаар сард эцсийн хэрэглэгчид борлуулсан барааны орлого 1 611 703 400 төгрөг, барааны худалдан авалт 498 800 000  төгрөг гэж хариуцагч тайлагнаж, энэ тайлангаар ногдсон өр болох нь татварын байцаагчийн 240015 тоот акт, дүгнэлтийн хавсралт-2-оор  тусгагдсан албан татварын тооцоогоор нотлогдож байна./хх-344/  Уг өр нь НӨАТ-ын 8992493, 9853541 падаанд хамаарал бүхий байна гэж үзнэ./хх-69/ Иймээс 2011 оны 12 сарын тайлангийн 111 290 300 төгрөгийн өр нь эрүүгийн журмаар шалгасантай давхацсан гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

 Хариуцагч болох “Тэлмэн тэнгэр” ХХК-иас  шаардсан   татварын өрийн торгууль,  алдангиийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулаагүй нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй болно. Мөн уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт нэг удаа өршөөлд хамруулахаар зохицуулсан байна.

 

Татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2403/130301/19222402 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар “Тэлмэн тэнгэр” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 22 918 800 төгрөгөөр баталгаажуулсан, /хх-341/ энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.11 дэх заалтуудтай нийцсэн.

 

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д зааснаар   татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцох эрхтэй байдаг тул нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт 22 918 800 төгрөгийг төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үнийн дүнгээс хасч тооцсон байгааг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                        Д.БАЙГАЛМАА

 

                                         Б.НАРМАНДАХ