Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01842

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр Дуга210/МА2023/01842

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/02296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Г.Мягмарсүрэнд холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.Мягмарсүрэнд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Мягмарсүрэн нь 2022 оны 6 дугаар сард надтай уулзаад эгч нь Солонгос улс руу гэрээт ажилтан гаргадаг Солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна, чи өөрийн хамаатан садан, танилуудаа ч явуулах боломжтой гэж хэлсэн.

Ингээд түүний хэлж ярьж байгаа бүх зүйлд нь итгээд өөрийн танил хүмүүст хэлж онгоцны тийз болон визний хураамжийг өөртөө цуглуулан өөрийн Хаан банкны 5007093527, 5304927671 тоот данснуудаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 35 удаагийн гүйлгээгээр*******гийн Хаан банкны 5083091778 болон Худалдаа хөгжлийн банкны 456137613 тоот данс руу нийт 146,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ.

Г.Мягмарсүрэн нь элдэв янзын шалтаг хэлж маш их хугацааг өнгөрөөсөн, хэлж ярьсан зүйлээ биелүүлээгүй тул миний зүгээс өөрөөс болон бусдаас мөнгө зээлж надад итгэн онгоцны тийз болон визний хураамжийг өгсөн хүмүүст эргүүлэн буцаан мөнгөн төлбөрийг төлсөн.

Иймд Г.Мягмарсүрэнгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Мягмарсүрэнгийн тайлбар, татгалзлын хариу:  

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.Лхасүрэн нь ажил дээр ирж, Солонгос Улс руу гэрээт ажилтан гаргадаг гэх Солонгос компанийн Монгол дахь төлөөлөгч н.Уранчимэгтэй уулзуулсан. Тэдний ярьж буй зүйлс нь итгэл төрүүлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.*******, эхнэр н.Энхцэцэгтэй миний ажил дээр ирж, н.Лхасүрэн эгчээс Солонгос руу гэрээт ажилтан гаргаж байгаа гэж сонслоо. Та яагаад бид хоёрт хэлээгүй юм бэ. Бид 2 хүн явуулмаар байна, би хүн олж чадна, хамтран ажиллая гэж санал тавьсан. Би Солонгос улсад уддаг гэж хэлэхэд бид хүлээж чадна гэж хэлсэн.

2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.******* эхний 23 хүний тийз, визний мөнгө болох 1 хүний 1,500,000 төгрөгөөр нийт 34,500,000 төгрөгийг 2 сарын хугацаанд цувуулж миний данс руу хийснийг би дор бүр нь Л.Лхасүрэнгийн Хаан банкны 5015090049 данс руу 34,500,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Н.******* үүний тухай тодорхой сайн мэднэ.

Н.******* нь дараагийн 47 хүнийг, 1 хүний 2,000,000 төгрөгөөр тооцож, 94,000,000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн. Энэ мөнгийг гэрээний ажилтны Монгол дахь төлөөлөгч Д.Уранчимэгийн Хаан банкны 5301239010 данс руу шилжүүлсэн. Тухайн үед Д.Уранчимэг Солонгос улсад ажлаар очсон тул өөрийн дансаар авч байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно.

Гэрээний ажилчин гаргах визний хураамжны мөнгө болох 23,500,000 төгрөгийг би өөрийн ээж н.Нямхандын Хаан банкны данс 5032774517 дансаар Н.*******өөс хүлээн авч, гэрээний ажилтан хариуцаж буй Ц.Нямгэрэлийн Хаан банкны 5753735147 данс руу шилжүүлсэн.

Н.******* нь Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэл нартай байнгын холбоотой байдаг. Эдгээр хүмүүс нь данс руу авсан мөнгөн дүнг бүгд хүлээн зөвшөөрч байгаа, шаардлагатай үед мэдүүлэг өгөхөд бэлэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Мягмарсүрэнгээс 144,020,000 төгрөгийг гаргуулж, Н.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,980,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 878,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******өд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/02296 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа би ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Н.******* нь Г.Мягмарсүрэнд холбогдуулан 146,000,000 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ Г.Мягмарсүрэн нь 2022 оны 6 сард уулзаад, эгч нь Солонгос улс руу гэрээт ажилтан гаргадаг, Солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна чи өөрийн хамаатан садан, танилуудаа явуулах боломжтой гэж хэлсэнд итгээд өөрийн танил хүмүүст хэлж онгоцны тийз, болон визний хураамжийг өөртөө цуглуулан өөрийн Хаан банкны 5007093527, 5304927671, 5083091778, Худалдаа хөгжлиин банкны 456137613 тоот дансанд нийт 146,000,000 төгрөгийг 35 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх мэтээр тайлбарлан бичсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын мэдүүлэг зэргээр бодит байдал дээр Г.Мягмарсүрэн нь Н.*******ийн шилжүүлсэн гэх мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, гэрч Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэлд шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

Түүнчлэн талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийн ямар ашиг, сонирхол хөндөгдсөн эсэхийг тогтоож чадаагүй шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа би эрүүл мэндийн ноцтой шалтгаан болох Жирэмсний эрт үеийн зулбалтын зовиур гэх үндсэн оноштойгоор Өргөө амаржих газарт яаралтайгаар хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 08 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон тул хойшлуулах хүсэлтийг өөрийн гараар бичиж, 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн тэтгэвэрт байдаг ээж Ч.Сүрэнхорлоогоор дамжуулан шүүхэд хүргүүлсэн. Ч.Сүрэнхорлоо нь эмнэлгийн магадлагааны эх хувийг шүүгчийн туслах О.Огторгуйд удаа дарааллан тайлбарлан үзүүлж, шүүгчийн туслах О.Огторгуй нь хүсэлт болон эмнэлгийн магадлагааг хүлээн авсан боловч шүүгч хүсэлтийг хангалгүй шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийн, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Г.Мягмарсүрэн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Н.*******ийн мөнгийг захиран зарцуулаагүй, мөн түүний ээж Ч.Нямхандад холбогдох хэрэг мөн шүүх дээр хянагдаж байгаа, давхардуулан нэхэмжлэл гаргасан байна. Н.*******өөс шилжин орж ирсэн Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэл нарт шилжүүлсэн тухай дурдаж, үүнийг нь гэрч Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэл нар нь мэдүүлэн дансны хуулгаа өгөх тухайгаа хэлсэн боловч шүүх мөн л анхаарч үзээгүй.

Г.Мягмарсүрэн нь Н.*******өөс орж ирсэн мөнгийг Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэл нарт шилжүүлсэн нөхцөл байдал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаагийн эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй зэрэг анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийснээс болж 144,020,000 төгрөгийг төлөхөөр болсон нь шударга ёсонд нийцэхгүй билээ. Дээрх нөхцөл байдал буюу хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдааны явцад 3 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөтэй холбоотой нотлох баримтуудыг бусдад шилжүүлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэсэн боловч хариуцагч талын зүгээс ямар нэгэн байдлаар уг баримтуудыг гаргаж өгсөн зүйл байхгүй.

Хариуцагчийн зүгээс эмнэлэгт хэвтсэн гэх агуулга бүхий тайлбарыг өгсөн боловч шүүхэд гаргасан эмнэлгийн магадлагаа нь шаардлага хангаагүй, шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан ба 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй.

Мөн хариуцагчийн зүгээс давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгаар гаргасан байх боловч гомдолдоо эрүүл мэндийн шалтгаантай болон эрхийг нь хэрэгжүүлээгүй гэх агуулгыг дурдсан нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн үүргээ хэрэгжүүлээгүйгээс хамаарч уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байна. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.Мягмарсүрэнд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Н.*******өөс орж ирсэн мөнгийг Д.Уранчимэг, Л.Лхасүрэн, Ц.Нямгэрэл нарт шилжүүлсэн. гэх үндэслэл заан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

4. Н.*******ийн 5007093527 дугаартай Хаан банкны данснаас Г.Мягмарсүрэнгийн 456137613 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд, Н.*******ийн Хаан банкны 5304927671 дугаартай данснаас Г.Мягмарсүрэнгийн 5083091778 дугаарын дансанд, Н.*******ийн Хаан банкны 5304927671 дугаартай данснаас Г.Мягмарсүрэнгийн 456137613 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд нийт 144,020,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 6-53/

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэн үндэслэлээ Солонгос Улсад гэрээт ажилтаны виз гаргуулах зорилготой гэж, хариуцагчийн хувьд өөрийн дансаар мөнгө хүлээж авсан гэдгээ зөвшөөрдөг, харин уг мөнгийг холбогдох этгээдүүд болох Л.Лхасүрэн, Д.Уранчимэг, Ц.Нямгэрэл нарын дансанд шилжүүлсэн учир төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэж байна.

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт болох нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.Мягмарсүрэн нарын ХААН банк дахь дансны хуулгыг үндэслэн хариуцагч Г.Мягмарсүрэнг 144,020,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, уг мөнгөн хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/09819 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүнд хавсаргасан эмнэлгийн магадлалыг үнэлээд хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/02296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД