Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01512

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01512

 

 

“БАНК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02129 дугаар шийдвэртэй,

 

“БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК, Г.Г, Ч, Ц.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,532,450 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч "Т" ХХК, Ч, Ц.Э нар нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны зээлийн гэрээ байгуулан, 27,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, Ц.Эын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон Олимп гудамж, 108 дугаар байр, зоорийн давхрын - хаягт байрлах, 15 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 25,105,247 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,328,388 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 78,814 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 20,000 төгрөг, нийт 29,532,450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Ггийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Т” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээлийг оюуны өмчийн гэрчилгээ барьцаалж авсан. Зээлийн хугацаа дуусах үед Улаанбаатар хотын банк” ХХК-аас тухайн үед нэмэлт барьцаа олж өгөөд дахин зээл судлуулаад аваач гэсэн тул дахин 27,000,000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлээс өмнөх зээлийн төлөлтөд 11,611,491 төгрөгийг татаж авсан бөгөөд “Т ХХК нь 15,450,000 төгрөгийн зээлийг дансандаа авсан.

2.2. Энэхүү 27,000,000 төгрөгийн зээлээс Ч болон Ц.Э нар ямар нэг мөнгө аваагүй. Ц.Э нь барьцаалуулагч гэдэг утгаар орж ирсэн, харин Чг аж ахуйн нэгжийн зээл дээр зүгээр миний эхнэр гэдэг утгаар зээлийн гэрээнд шууд оруулж ирээд тухайн өдрөө дуудаж гарын үсэг зуруулсан.

2.3. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15,140,000 төгрөгийг холбогдох хүүгийн хамт зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Чгийн татгалзал, тайлбарын агуулга:

Т ХХК нь миний нөхөр Г.Ггийн хариуцдаг компани юм. Хүнсний чиглэлээр 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, 2019 онд Улаанбаатар хотын банкХХК-аас зээл авсан байсан. Улмаар Улаанбаатар хотын банк ХХК нь БАНК ХХК-ийн мэдэлд шилжсэн бөгөөд бусад нөхцөл байдлын улмаар зээлийн асуудал хөндөгдөж, нэмэлтээр батлан даагч нэхээд байна гэсэн учир 2020 оны 01 дүгээр сард би банкин дээр очиж гарын үсэг зурсан. Зээлсэн мөнгөн хөрөнгийн захиран зарцуулалтад би оролцоогүй бөгөөд тэр мөнгө Т ХХК-ийн данс руу орсон. Уг зээлийг би хариуцах үндэслэлгүй тул намайг хариуцагчаас хасаж өгнө үү.

 

4.Хариуцагч Ц.Эын татгалзал, тайлбарын агуулга:

Анх 2019 оны 12 сард манай хадам ах болох Г.Г хүсэлтээр 2 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулахаар зөвшөөрсөн. Би зээлийн гэрээний барьцаалагчийн үүднээс гарын үсэг зурна гэж бодоод очтол Ч болон намайг хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд тусгасан байсан, бид гарын үсэг зураад зээлийн гэрээ хийгдсэн.

Банк тухайн үед өөрийнхөө давуу эрхээ ашиглаад Т ХХК-ийн урьд нь авсан зээлийн эрсдэлийг хаахын тулд заль хэрэглэж хүний эд хөрөнгийг барьцаалж, намайг зээлийн харилцаанд оруулсан байна. Тийм учраас уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хамтран зээлдэгч нарт хамтын данс нээгээгүй, би уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

5.1. Т ХХК нь Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 13 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 12 сарын байдлаар 11,000,000 орчим төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй байсан.

Гэтэл банкны зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт, шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд компанийн хувьд зээлийн хугацааг сунгахыг хүссэн боловч саналыг хүлээж авалгүй, харин дахин шинээр зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдлээ төлөхийг шаардсан тул аргагүйн эрхэнд 1 жилийн 21,6 хувь буюу маш өндөр хүүтэй, 36 сарын хугацаатай гэрээ байгуулахаар болтол барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг шаардсаныг мөн биелүүлж Ц.Эын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалсан.

Банкнаас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалагч Ц.Э, Г.Ггийн эхнэр Ч нарыг зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан.

 

5.2. Банк манай компанийг зээлээ төлөх чадваргүй, санхүүгийн хүндрэлд орсон байхад эргэн төлөх санхүүгийн чадавхыг тооцоолж, зээл болон зээлийн эрсдэлээ хамгаалахад чиглэх бус эсрэгээрээ хүндрэлд орсон зээлдэгчийг шахаж зээлийн үлдэгдлийг дахин найдваргүй зээл өгч төлүүлж, хамтран зээлдэгч нэмж, тэдний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж өөрсдөд учрах эрсдэлээ арилгах аргыг ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин 27,000,000 төгрөг зээлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасанд хамаарна гэж үзэж байна.

Мөн хамтран зээлдэгч Ц.Э, Ч нарт зээлийн төлбөрийг шилжүүлээгүй, банк давуу эрхээ ашиглаж уг гэрээг байгуулсан тул 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч БАНК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Зээлдэгч нар нь зээл болон гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хувиараа 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зөрчиж эхэлсэн. Төлөлтийн хувиар зөрчигдөж төлбөрт зөрчил үүссэн талаар зээлдэгч нарт албан бичгүүдээр удаа дараа нэхэмжилж, үүссэн зөрчлөө арилгах боломжит хугацаа олгосон.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэхийн баталгаа болгож Ц.Эын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Маршал таун хотхон Олимпын гудамж 108 дугаар байр зоорийн давхрын -од байрлах 13 м.кв талбай буюу зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн дээрх хаягийн - байр 15 м.кв талбай бүхий зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тодорхойлолтод заасны дагуу барьцаалсан.

Мөн зээлдэгч нарын ирүүлсэн хүсэлтээр 30,000,000 төгрөгийн зээлийг хүсч, үүнээс өмнөх зээлийг төлж, үлдэгдлийг үйл ажиллагаандаа зарцуулах хүсэлтэй гэсэн бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс хүсэлтийг судалж, 20,000,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд энэ нь тус компанийн хувьд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн.

Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хучин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК, Ч, Ц.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,532,450 төгрөг 11 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч БАНК ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Г.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, Ч, Ц.Э нар нь 29,532,450 төгрөг 11 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Эын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206030880 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Маршал таун хотхон Олимп гудамж, 108 дугаар байр Зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах, 15 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүртгэлийн Ү-2206030876 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон Олимп гудамж, 108-р байр Зоорийн давхрын -од байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 305,612 төгрөг 3 мөнгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Ч, Ц.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 305,612 төгрөг 3 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч БАНК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

8.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5 дахь хэсэгт зээлдэгчийн дансанд мөнгө шилжүүлснээр мөнгө авсанд тооцож, үүрэг үүсэх зохицуулалттай. Ч болон Ц.Э нарын дансанд зээлийг шилжүүлээгүй учир үүрэг хүлээх үндэслэл үгүйсгэгдэж байна.

8.2. “БАНК” ХХК нь хэрэгт холбоотой материал, зээлийн дансны хуулга зэрэг сөрөг нэхэмжлэлд дурдсан бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд өөрт ашигтай бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргаж байсан нь банк давуу байдлаа ашиглаж анхан шатны шүүхэд хариуцагч талд зээлийн мөнгөн гүйлгээний бодит хуулгыг гаргаж өгөөгүй өмнөх зээлийн үлдэгдэл 10,0 сая төгрөгийг хаасан дансны гүйлгээ гаргаж өгөөгүй шүүх хурлыг нотлох баримтгүй үргэлжлүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

8.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт зааснаар банк зээлийн ашиглалтыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үлдэгдлийн эрсдэлийг хаах зорилготой гэрээг шинэчилж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалж, тус зээлэнд ямар ч холбоогүй Ч болон Ц.Э нарыг хамтран зээлдэгчээр татаж улмаар Ч хариуцагчийн хувийн бизнесийн пос машины зээлийг “Т” ХХК-ийн 2019 оны зээлийн төлөлтөнд 5,0 сая төгрөгийг албадан татаж, зээлийн эрсдэл бууруулах үүднээс “Т” ХХК-ийн ажилтанд шалгуургүй кредит картын зээл гаргаж, зээлийн төлөлтөнд оруулах гэх мэт арга замуудыг ашиглаж ирсэн. Уг зээлийг эргэлтэнд оруулах гэж олгоогүй, зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон учир банк эрсдэлээ хаах үүднээс өмнөх дурдсан аргуудыг ашиглан дахин зээл гаргах замаар нэмэлт хүүгийн төлбөрүүдийг авч эрсдэлээ хаасан нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас Ч, Ц.Э нарыг хасаж, үүнээс үүсэх үр дагавар болох барьцааны гэрээг хүчингүйд тооцож өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

“Т” ХХК нь 2019 онд 20,000,000 төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банк” ХХК-аас авсан. 2020 онд “Т” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, 11,000,000 төгрөгийн зээлийг хааж, үлдсэн мөнгийг нь бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт хөрөнгө оруулалт оруулах зориулалтаар авах хүсэлтээ “БАНК” ХХК-д ирүүлснийг судалж үзээд барьцаа хөрөнгөтэй бол зээл олгохоор шийдвэрлэж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Т” ХХК-ийн данс руу 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

“Т” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтэд Ц.Эын 2 автозогсоолыг барьцаанд тавьж, зээл авахаар тусгасан байдаг. 2023 оны 05 дугаар сард хариуцагч талаас эвлэрэх талаар санал гаргасан. “БАНК” ХХК өөрийн санаачилгаар зээл олгосон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “БАНК” ХХК нь хариуцагч “Т” ХХК, Г.Г, Ч, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,532,450 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “Улаанбаатар хотын банк” ХХК нь “Т” ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, 13 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж, барьцаанд барааны тэмдгийн гэрчилгээ барьцаалсан байна.

3.1. Улмаар “Улаанбаатар хотын банк” ХХК нь “Т” ХХК, Ч, Ц.Э нартай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 27,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн өдрийн барьцааны гэрээгээр Ц.Эын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-ийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөр уг данснаас “зээл, зээлийн хүү төлөв “Т” ХХК” гэх утгаар 4,734,204 төгрөг, “хуримтлагдсан үндсэн зээлийн хүү төлөв “Т” ХХК” гэх утгаар 80,807 төгрөг, “зээлийн илүү төлөлт “Т” ХХК” гэх утгаар 6,887,356 төгрөг, нийт 11,702,367 төгрөгийн зарлага гарсан байна. Талууд энэ гүйлгээг хэн хийсэн талаар маргасан байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн данснаас “зээл, зээлийн хүү төлөв” зэрэг утгаар гарсан зарлагыг зээлдүүлэгч “БАНК” ХХК эсхүл зээлдэгч “Т” ХХК-ийн аль нь хийснийг тодруулах байжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодорхойлсны үндсэн дээр гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэх боломжтой бөгөөд уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Харин хариуцагч Ч, Ц.Э нар нь давж заалдах гомдол гаргаагүй байхад тэдгээрийн өмнөөс “Т” ХХК гомдол гаргаж буй нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4.1. Зээлийн хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь зээлийн хувийн хэргийг бүхэлд нь ирүүлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн зээлийн хувийн хэргээс ямар баримт дутуу болохыг хариуцагч тодорхой заах учиртай.    

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,612 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА