Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01556

 

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01556

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17ы өдрийн 181/ШШ2023/01511 дугаар шийдвэртэй,

 

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899.13 ам.доллар буюу 163,584,524 төгрөг, алдангид 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь “Т” ХХК-тай  ажил гүйцэтгэх Т-АӨ 1401 тоот гэрээг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, АНУ-ын Элчин сайдын яамны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Таван толгой Олон улсын Цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэхээр болсон.

1.2. Бид гэрээний дагуу зохих ажлуудыг буюу өөрийн хөрөнгөөр материалын зардал гаргаж, цэргийн байр, үндсэн гал тогоо, хээрийн гал тогоо, халуун усны зэрэг дөрвөн барилгын засвар ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, 2015 оны 9 сард хүлээлгэн өгсөн бөгөөд  нэмэлт ажлыг хүртэл хийж, барилгын угсралтын ажилд зөрчил дутагдал гарч байсныг тухай бүрд нь засаж, АНУ-ыг төлөөлж хяналт тавьж байсан инженер Б.Эад хүлээлгэн өгсөн.  

Төслийн менежер Рд хандахад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр электрон шуудангаар 2016 оны 01 дүгээр сард төлбөрөө бүрэн гүйцэт дууссан гэдгээ мэдэгдсэн энэ үеэс барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч байгууллагын захирал байсан Н.Намдагт нь хэлэхэд “барилгын баталгаажих хугацаа 3 жил байдаг бөгөөд энэ хугацаа дууссаны дараа захиалагч талаас өгөх байх” гэх тайлбарыг хэлж байсан.

1.3. Гадна фасадны будаг, замаск хуурсныг иргэн Б.Даваанямтай гэрээ байгуулан дахин хийлгэсэн. Цэргийн байр, үндсэн гал зуух, хээрийн гал зуух, халуун усны зэрэг дөрвөн барилгын өрөөнүүдийн цонхны болон шалны плитаны хүрээг силикондох ажил гэрээнд ороогүй. Харин “Т” ХХК бидний ажлын гүйцэтгэлээс 48 ширхэг силиконы үнэ 374 ам.доллар хасаж тооцоход нь зүгээр өнгөрсөн. Хээрийн гал зуухны барилгын уурын зуухны засвар төсөв тооцоонд ороогүй учир нэмэлт ажлаар хийж гүйцэтгэсэн.

Манайхыг ажлаа чанаргүй хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй, учир нь энэ ажлыг чанаргүй хийсэн, засах талаар огт хэлж байгаагүй.

1.4. Гэрээний дагуу 427,445 ам.доллар авах ёстойгоос 382,086 ам.долларыг авсан, үдэгдэл 45,359 ам.доллар бөгөөд үүн дээр цэргийн байрны хулдаасыг плита болгох ажилд 14,019 ам.доллар, үндсэн гал зуухны үүдний тамбар хийх ажилд 2,785 ам.доллар, 00 өрөөний 25 ширхэг кабин 2,275 ам.доллар, цонхны тавцан 48 ширхэг 1,497 ам.доллар, шүршүүр 10 ширхэг 2,154 ам.доллар, босоо толь 23 ширхэг 128.8 ам.доллар, босоо шээлтүүр 8 ширхэг 920 ам.доллар, шндсэн гал зуухны дээврийн хүрээ төмөр 2,281 ам.доллар, нийт нэмэлт ажлын хөлс 26,059 ам.доллар болохоос 26,009 ам.доллараар тооцсон болно.  

Иймд гэрээний дагуу 427,445 ам.доллар авах ёстойгоос 382,086 ам.долларыг авсан, үдэгдэл 45,359 ам.доллар, нэмэлт ажлын төлбөр 26,009 ам.доллар, “Т" ХХК-ийн ажилчдыг хооллосон хоолны мөнгө 3,480 ам.доллар, нийт 74,848 ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс дээврийн ажлын 5,000 ам.доллар, цэргийн байрны шатны чулуу 2,265.41 ам.доллар, хээрийн гал зуухны гадна довжооны чулуу 159.6 ам.доллар, халуун усны барилгын шалны плитаг дутуу сольсон 3,179.86 ам.доллар, 48 цонхны тавцан 2,904 ам.доллар, 5 ширхэг цоож сольсон 640 ам.доллар, гадна хаалганы 8 нугас сольсон 800 ам.доллар, нийт 14,948.87 ам.долларыг дутуу хийсэн учир 74,848,87 ам.доллараас хасаад 59,899.13 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ханш 2,731 төгрөгөөр тооцон, 163,584,524 төгрөг, алданги 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Төв аймаг, Алтанбулаг сумын нутаг, Таван толгой Олон улсын цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэх тендерт оролцож, тэндерийн ажил гүйцэтгэгчээр шалгарч, АНУ-ын Аляскийн Цэргийн инженерийн корпус, СЕРОА-СТ-тай Бараа материал, үйлчилгээ үзүүлэх захиалгын гэрээ (Order for supplies or services)-г байгуулсан. Энэхүү төслийн хүрээнд ерөнхий захиалагчийн гэрээний үнийн дүн нь 798,568.49 ам.доллар бөгөөд төслийн хүрээнд 2 үе шаттайгаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Тэндерийн гэрээгээр нэгдүгээр үе шатанд хийх ажлын жагсаалт:

1. Баррак буюу хуарангийн байрны шинэчлэл,

2. Хээрийн хоолны газрын шинэчлэл,

3. Баазын хоолны газрын шинэчлэл,

4. Баазын цахилгаан системийн шинэчлэл,

5. Баазын шүршүүр, угаалгын газрын шинэчлэл зэргийг тус тус хийхээр тохиролцож гэрээ байгуулсан.

2.2. Тендерийн гэрээний дагуу гүйцэтгэгч "Т" ХХК нь нэхэмжлэгч "А" ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан, уг гэрээний дагуу "А" ХХК нь Таван толгой Олон улсын цэргийн сургалтын төвийн барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийх ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед зохигчид гэрээний үнийн дүнг тооцож, хийх ажлын жагсаалтыг баталж, хийсэн ажлын нэгж үнийг тооцсон бөгөөд уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу ажлын тоо, хэмжээг харилцан тооцсон.

Гэрээ байгуулсны дараа ерөнхий захиалагчаас 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төслийн нэгдүгээр үе шатны төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх зөвшөөрөл мэдэгдэл ирсэн ба энэхүү мэдэгдэлд бид туслан гүйцэтгэгчээр "А" ХХК болон бусад хэдэн компанийг авсан тухай мэдэгдснээр эхлэх боломжтой болсон.

2.3. Төслийн хугацаанд "А" ХХК-аас гэрээгээр тохиролцсон ажил үүргийн дагуу хийх ажлыг дур мэдэн хийж, түүнчлэн гэрээний шаардлагыг хангаагүй байсан нь төслийн хүрээнд үйлддэг байсан Punch List буюу доголдолтой ажлын жагсаалтаар батлагдана.

Үүнээс гадна 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий захиалагчаас ирүүлсэн мэдэгдэлд "Т" ХХК-ийн байгуулсан төслийн гэрээнд заасан ажил үйлчилгээнээс өөр, илүү ямар нэгэн байдлаар аливаа ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж болохгүй. Хэрвээ та энэ гэрээнд тодорхой заагаагүй аливаа ажил үйлчилгээг гүйцэтгэсэн бол АНУ-ын Засгийн газрын зүгээс тус ажил үйлчилгээнд төлбөр төлөхгүй болохыг анхаарна уу. W911B-14-D-0010 тоот гэрээнээс гадуур аливаа ажил үйлчилгээг гүйцэтгэхээр оролдох, энэхүү гэрээнээс гадуур ажил үйлчилгээнд нэхэмжлэх явуулсан тохиолдолд АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээг цуцлахыг сануулъя" гэсэн бичиг бидэнд ирүүлсэн ба дутуу болон гологдолтой ажлыг засах шаардах хуудасны жагсаалт (List of Punch List)-aap төслийн гэрээний гүйцэтгэгчийн жагсаалтыг гаргасан.

Уг шаардлагын дагуу "А"ХХК-д амаар болон утсаар удаа дараа мэдэгдэж, шаардлага тавихад тухайн үедээ давхар өөр нэг ажлыг гүйцэтгэж байгаа, та нар хийчих гэж амаар мэдэгдсэн.

2.4. Төслийн хүрээнд “Т” ХХК нь “А” ХХК-ийн дутагдлыг дараах байдлаар засан, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэхэд “Т” ХХК нь материалын зардал, ажиллах хүчний зардал, түүнчлэн тоног төхөөрөмжийг үйлчилгээний хөлс, ажиллах хүчинд байсан “Т” ХХК-ийн инженер Д.Батмөнх, Л.Батбилэг, техникч Ж. Ууганбаяр нар өөрсдийн бригадаа ахлан ажиллаж, зарим ажлыг тухайн ажлын туршлагатай ажилчдыг хөлслөн гүйцэтгэсний хөлс, ажилчдад өгсөн нэмэлт ажил гүйцэтгэсний хөлс зэрэгт бид барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлбөрөөс барагдуулсан.

Үүнээс гадна, “Т” ХХК нь дутагдалтай ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олохын тулд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаатай, 20.4 хувийн хүүтэй, 90,0 сая төгрөгийн бизнесийн зээлийг авч, уг догодлыг засах санхүүжилтыг хийж, уг төслийг амжилттай дуусгасан.

2.5. “А” ХХК нь 21,721.70 ам.долларын ажил огт хийгээгүй бөгөөд нэмэлт ажил 26,009 ам.долларын тухайд энэ ажлууд зурагт заагдсаны дагуу хийгдэх байсан ажлууд байсан тул хүлээн зөвшөөрөхгүй.

2.6. "А" ХХК-ийн захирал А.М гуай “Дүндээ дун засварын ажлын доголдлоос болж хоёулаа хохирол амслаа. Тал талдаа гомдолгүй салъя” гэж амаар мэдэгдэж байсныг “Т” ХХК-ийн ажилтнууд нотолно. Харин бид 96,680.17 ам.долларын ажил гүйцэтгэж, уг ажлыг дуусган, гүйцэтгэлийг бүрэн хангасан. Иймээс бид, уг тооцоогоо гомдолгүй гэж ойлгосон учир нэхэмжлээгүй. Иймд, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.5 дахь хэсэгт "чанарын баталгаат хугацаа эхэлснээс хойш 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдсэнээр гэрээний үлдэгдэл 5 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасан. Гэрээний нийт үнийн 5 хувь нь 21,372.25 ам.доллар болох бөгөөд уг мөнгийг “Т” ХХК нь “А” ХХК-д төлөх үндэслэлгүй.

Учир нь, талууд чанарын баталгааны тухай хамтран акт үйлдээгүйгээс, гадна “А” ХХК нь зураг төсөлд заасан ажлыг хийхгүй хаяж явсан, хөгз арилгахад хэрэглэх шаардлагатай бодисыг хэрэглээгүй, улмаар “А” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй ажлыг “Т” ХХК нь дахин хийж гүйцэтгэсэн ба 1 ажилд барилгын материалыг дахин авч өгсөн. Тухайлбал, хээрийн гал зуухны гадна довжооны ховхорч унасан чулууг дахин цавуудаж наасан, хээрийн гал тогооны дээврийг буулгаж, дахин шинээр хийсэн, цэргийн байрны цонхны шил солонгорсоныг дахин сольсон, нийт 3 байрны 15 төмөр хаалганы гадна хавтас салж унасан, нугас, цоож бүгд эвдэрсэнийг засаж, шинээр төмөр бариул нэмж хийсэн, бүх 4 барилгын фасад (гадна дулаалга)-ын шавар будаг нь халтардаж, ховхорч, халцарсан болон тогтохоо больсон шавардлага, будгийг “Т” ХХК арилгаж цэвэрлэн, дахин хийх материалыг “Т” ХХК авч өгснийг “А” ХХК хүлээн зөвшөөрч, өөрийн авах санхүүжилтээс нэхэмжлэл гаргах үедээ төсөвт үндэслэлгүй, санаагаараа 9,344.00 ам.долларыг хасч, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК-ийн төсвийн дагуу гаргасан 5,604.87 ам.доллар, нийт 14,947.87 ам.долларыг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, “А” ХХК гэрээгээр тохирсон, зураг, төсөвт заасан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч “Т” ХХК-ийн шинээр болон засварласан ажлын төлбөрийг дутуу буюу зөвхөн 14,948.87 доллараар хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, материалд “Т” ХХК нийт 35,621.28 ам.доллар зарцуулсан.

3.2. “Т” ХХК нь 14,041.04 ам.долларын зардлаар “А” ХХК-ийн чанаргүй засварласан хээрийн гал тогооны дээврийг буулгаж, дахин шинээр хийж гүйцэтгэсэн ба үүн дээр дээвэр буулгах ажил 884.30 ам.доллар нэмэгдэн, нийт 14,925.34 ам.доллар болсон.

“А” ХХК нь 16кг/см нягтаршилтай хөөсөөр 642 м.кв дээврийн таазыг дулаалж өгсөн хэмээн тайлбарлажээ. Гэвч таазыг хөөсөн дулаалга хийсэн тухай төлбөрийн болон бусад баримт хэрэгт байхгүй болно.

Манай компани “А” ХХК-ийн хийсэн дээврийн материалыг огт ашиглаагүй бөгөөд бүх материалыг төсөвт заасан үнээр чанарын шаардлага хангасан материал худалдан авч дахин шинээр дээвэрлэсэн.

“А” ХХК нь ямар нэгэн төсөв, зурагт үндэслэн гаргасан нь огт тодорхойгүй, санаанаасаа зохион дээврийн засварын ажилд зөвхөн 5,000.00 ам. доллар хассан байдаг.

Иймд, “А” ХХК-наас гэрээний дагуу дээврийн үнэ 14,925.34 ам.доллараас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 5,000 ам.долларыг хасаж 9,925.34 ам.долларыг нэхэмжилж байна.

3.3.Төсвийн дагуу сольж суулгасан цэргийн байрны бүх 48 цонхны шилэн багц, гадна ус хаялага, дотор тавцан, хүрээ /рам/-ны нийт үнэ 6,579.24 ам.доллар болно. Цэргийн байрны бүх 48 цонхны шил (шилэн багц) тун удалгүй туяарч, халтартсан учир солихоос өөр аргагүй болсон.

Ийнхүү хэдийгээр цэргийн байрны 48 цонхны материалын бүгд үнийг 27,812.16 ам.доллараар тохиролцсон ч түүнд усны хаялага, тавцан, хүрээ, шилэн багцны үнийн задаргаа, харьцааг тохиролцоогүй байна.

“А” ХХК нь нэг ажилд 2 удаа зардал гарган уг 2 зардлыг манай команиас гаргуулсан буюу 5,440,000 төгрөгөөр хийх ажлыг төсөвт өндөр үнээр тогтоож, манай компаниас 6,579.24 ам.доллар авсан.

“А” ХХК нь доголдолтой, зохих ёсоор хийгээгүй ажлаа өөрийн зардлаар гүйцэтгэж өгөх үүрэгтэй. Гэтэл цэргийн байрны 48 цонхны шил сольсон үнээс зөвхөн 2,904.00 ам.долларыг хүлээн зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй юм.

Иймээс “А” ХХК-аас цонхны шил сольсон гэрээний үнийн зөрүү болох (6,579.24-2,904.00) = 3,675.24 ам.долларыг нэхэмжилнэ.

3.4. Гадна төмөр хаалганы цоож солих, нугас солих гадна нийт төмөр хаалга нь төсвийн 2.3-ийн мөрний доор 1 дахь мөр (2.3.1-р) мөрөнд, нийт хаалганы тоо 74 ширхэг, үүнээс 16 нь гадна төмөр хаалга болно.

“Т” ХХК нь “А” ХХК-ийн суулгасан нийт 3 объектын нийт 15 (цэргийн байранд 6, үндсэн гал тогоо 6, хээрийн гал тогоо - 3) ком гадна төмөр хаалганы гадна төмөр нь салж унасан ба нугас, цоож бүгд эвдэрснийг дахин засч, шинээр төмөр бариул зэргийг нэмж хийсэн. Энэхүү ажлыг “А” ХХК-ийн тооцсон 1,440.00 (640.00+800.00) ам.долларыг “Т” ХХК хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин А ХХК ажлын зурагт заасан хээрийн гал тогооны халаалтын уурын зуухны 1 гадна төмөр хаалгыг солиогүй.

3.5. Цэргийн байр, угаалга, үндсэн гал тогооны гадна дулаалгын шавар, будагны материалын үнэ 18,491.86 (4,176.48+3,853.92+10,461.46=) ам.доллар, хээрийн гал тогооны гадна дулаалгын шавар, будагны материалын үнэ 11,228.16 ам.доллар тус тус болно.

Гэрээний 8.1.5-д заасан ажлын тоо хэмжээ, төсвийн 2.6.4-т цэргийн байр, угаалга, үндсэн гал тогооны гадна дулаалгын систем, хөөс, шавар, будагны ажлууд, төсвийн 2.7.4-т хээрийн гал тогооны гадна дулаалгын систем хөөс ба шавар будагны ажил тус тус байна. Энэхүү 4 объектын нийт материалын үнэ 29,720.02 (4,176.48+3,853.92+10,461.46+11,228.16) ам.доллар болно. Энэ материалын үнэ дээр ажлын хөлс, ашиг, даатгал зэрэг бусад зардал нэмэгдэж, гэрээнд орсон үнэ нь 41,561.45 ам.доллар болно. Энэ 4 барилгын гадна хананы дулаалга (барилгын гадна дулаалгын шавардлага, тор, будаг зэрэг)-ын халтардаж, ховхорч унасан, халцарсан болон тогтохоо больсон будагийг дахин арилган, шинээр шавардлага, тор хийж будсан.

3.5. Дээрх ажлыг хийхэд талууд дараах байдлаар оролцсон:

“Т” ХХК-ийн хийсэн ажил нь гадна хананы халтардаж, ховхорч унасан шавардлага, будгийг бүгдийг дахин унагаж, арилгасан. Нийт будаг ба зарим шавардлагын 10-25 хувь өөрөө ховхорч өмнө нь унасан байсан. Төмөр тросон том сойзоор сойздоход, 40-60 хувь ховхорч байсан. Бусад будаг ба зарим шавардлага нь ховхорч өгөхгүй байсан болно. “Т” ХХК нь шинээр шавардлага, будгийн материалыг худалдаж авсан. Харин “А” ХХК нь “Т” ХХК-ийн худалдан авч өгсөн шавардлага, будгаар дахин шавардаж, будсан. “Т” ХХК-ийн гадна хананы шавардлага, будгийг бүгдийг төмөр тросон том сойзоор үрж унагаж, арилгах ажлын хөдөлмөр зарцуулалт буюу ажлын үнэ нь “А” ХХК-ийн дахин шавардаж, будах ажлын үнээс нилээд өндөр болно.

Харин “Т” ХХК-ийн гадна хананы шавардлага, будгийг бүгдийг төмөр тросон том сойзоор үрж унагаж, арилгах ажлын үнэ нь “А” ХХК-ийн санхүүжилтээс суутгах нь зөв.

“А” ХХК нь шавардлага, будаг хийх ажлыг өөрийн зардлаар дахин шавардаж, будсан тул “Т” ХХК нь “А” ХХК-д энэ ажлын үнэ төлөхгүй болно. Учир нь “А” ХХК нь муу хийсэн ажлаа дахин хийсэн.

Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн 2014 оныхоор 16кг/м нягтаршилтай хөөсөнцөр хавтангийн нэг м.куб-ын жишиг үнэ нь 88,000 төгрөг байна. 10 см-ийн зузаантай нэг м.кв-ын жишиг үнэ нь 8,800,00 төгрөг болж байна. Энэ 4 объектын нийт талбай м.кв (цэргийн байр 599 + үндсэн гал тогоо 622 + хээрийн гал тогоо 326 + угаалгын байр 166 ) 1,713.00 м.кв болно. Объектод нийт орсон хөөсөнцөр хавтангийн жишиг үнэ нь 1,713м.кв х 8,800=15,074,4007 =7,694.04 ам.доллар болж байна. Хөөсөнцөр тогтоох хадаас, наадаг шавар, тортой шавар үнэ ороод 7,694.045 х 1.2 = 9,232.85 ам.доллар болно. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр (Монгол банкны ханш 15=1,959.237) “Т” ХХК болон “Пирамид индастри” ХХК хооронд хийсэн 12/15 тоот гэрээнд “Т” ХХК нь үндсэн гал тогоо, хээрийн гал тогоо, цэргийн байр-1, халуун усны байруудын гадна фасадны материал нийлүүлэх 20,424,3007 = 10,42004.655 үнэ бүхий гэрээ байгуулжээ.

Дээрх гадна дулаалгын хөөс ба шавар, будагны үнийн харьцаа нь (9,232.85ам.доллар : 10,424.655) = 47:53 бөгөөд 4 объектын гадна дулаалгын системийн хөөс болон шавар, будагны материал ба ажлын үнэ нь нийлээд гэрээний үнэнд орсон дүн нь 41,548.58 ам.доллар, хөөсийг хасаад, зөвхөн шавар, будгийн гэрээнд орсон үнэ нь 41,548.58 х 0.53 = 22,020.70 ам.доллар болно.

“Т” ХХК нь дулаалгын шавардлага, будгийн материалын үнийг 2 дахин гаргасан учир, дээрх шавар, будагны материал ба ажлын хөлс 22,020.70 ам долларыг “А” ХХК-аас нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь зүйлд “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан, захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заажээ.

Гэрээний 8.1.5-д заасан төсөвт тухайн ажлын нийт үнийг тохирсон (тусгасан) ба тухайн ажлын бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ (тэдгээрийн харьцаа)-ийг тохиролцоогүй байсан байна.

Дээрх барилгуудын гадна дулаалгын тооцоог хийхдээ Барилга хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээг ашиглан тухайн бүрэлдэхүүн хэсгүүдийг харьцааг гаргасан болно. Энэ харьцааг ашиглан, гэрээний төсөвт заасан ажлуудын бүрэлдэхүүн хэсгүүдийн үнийг гаргасан. .

“Т” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний 125/22-тоот сөрөг нэхэмжлэлд зах зээлийн судалгааны үнийг ашигласан. Баталсан жишиг үнэлгээ ба зах зээлийн судалгааны үнэлгээ ижил гарч байх бөгөөд 22,020.70 ам.долларыг “А” ХХК-д төлөх үндэслэлгүй юм.

Ийнхүү “А” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй хууль, гэрээнд зааснаар зохих ёсоор хийж гүйцэтгээгүй дээрх ажилд 9,925.34 ам.доллар /хээрийн гал тогооны дээвэр шинээр хийх/, 3,675.24 ам.доллар /шилэн багц солих ажил/, 22,020.70 ам.доллар /бүх 4 барилгын гадна дулаалгын шавар, будагны үнэ/ нийт 35,621.28 ам.доллар болж байгаа болно.

Харин 35,621.28 ам.доллараас ажилчдын хоолны төлбөр болох 3,480 ам.долларыг хасаж тооцоход 32,141.28 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш болох 2,852 ам.доллараар тооцоход 91,666,930 төгрөгөөр хохирсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.а. Хээрийн гал зуухны барилгад төмөр дээвэр солих, зааланд дүүжин тааз хийх, шалны плита солих, цонх, хаалга солих, гадна фасадыг дулаалах зэрэг ажлуудыг гэрээ, гэрээний хавсралт, төсөв тооцоонд тулгуурлан манай компани хийж гүйцэтгэсэн.

Ажлын явцад газар дээр нь үзэхэд гал тогооны заалны шал нь чулуун шал байсан тул солихыг больж, 378 м.кв шал хийх үнийг дээврийн таазны хучилтын дулаалга муу байсан тул тухайн үед хоорондоо ярилцаад 16 кг/см нягтаршилтай хөөсөөр 642 м.кв таазыг дулаалж өгсөн. Иймд шалны плита солиогүй гэж 15,014 ам.доллар манай санхүүжилтээс хасахаар тооцсоныг зөвшөөрөхгүй. Учир нь заалны шал 378м х 16.73 ам.доллар=6.323 ам.доллар дээвэрт зарсан ба 264 м.кв шалны плита бусад өрөө тасалгаа, гал тогоонд хийснийг хийгээгүй мэтээр мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

4.1.б. Хээрийн гал зуухны дээврийн 620 м.кв төмрийг солихоор тооцоонд тусгагдсан бөгөөд манай компани хуучин дээврийг бүгдийг хуулж, дам нуруу хооронд 3 см-ийн хар модон банзаар битүү дэвсэж дээр нь төмрөөр дээврийг хийж гүйцэтгэсэн. Дараа нь банзны нимгэн зузаан ирмэгтэй байдлаас болж нарны өөдөөс харахад долгионтой харагдаж байсан тул АНУ-ын мэргэжилтэн буюу хяналтын инженер н.Э бид бүгд ярилцаад төмрийн доор ислэг хавтан /ДСП/ дэвсэж хийхээр болж, энэ ажлыг "Т" ХХК хийж гүйцэтгэсэн.

Ингэхдээ манай компанийн хийсэн дээврийн материалыг бүрэн ашиглаж хийсэн тул манай компани 5.000 ам.доллар хасаж тооцсон. Уг дээврийг дахин хийгээд дууссаны дараа очиж үзэхэд газар дээр нь манай материалаас урт 3 ширхэг, богино 4 ширхэг төмөр, 32 ширхэг банз үлдсэн ба бусдыг нь тус компани ашигласан тул 14,036 ам.долларыг санхүүжилтээс хасаж тооцохыг зөвшөөрөхгүй. Учир нь ислэг хавтан дэвсэж дахиж хийхээр шийдвэрлэсэн тул “Т” ХХК нэмэлт зардал авсан гэж үзэж байгаа.

4.1.в. Хээрийн гал зуухны барилгын уурын зуухны дотор засал хийх хаалга солих талаар төсөв, тооцоо, гэрээ гүйцэтгэх ажлын жагсаалтад байхгүй тул "А" ХХК хийгээгүй бөгөөд нэмэлтээр "Т" ХХК хийсэн. Энэ ажлыг огт хийгээгүй мэтээр тооцсоныг зөвшөөрөхгүй.

4.1.г. Хээрийн гал зуухны довжоог намар сэрүүн улиралд хийсэн тул зарим чулуу ховхорч унасныг манай байгууллагын ажилтан н.Мөнгөөнөө дахин хийж зассан. Гэхдээ ашиглалтын явцад дахин зарим хэсэг хуурахыг үгүйсгэхгүй байгаа тул 159,6 ам.долларыг санхүүжилтээс хасахыг зөвшөөрч байна.

4.2. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн цэргийн байр, үндсэн гал зуух, хээрийн гал зуух, уурын зуухны барилгын 108 ширхэг хуучин цонхыг "Тольгирт хайрхан" ХХК-тай гэрээ хийж вакум цонхоор сольсон бөгөөд ашиглалтын явцад зарим цонхнуудын шил солонгорсон тул солих шаардлага гарсан.

Иймд "Т" ХХК-ийн инженер Б.Оргил "Тольгирт хайрхан" ХХК-д 5,440,000 төгрөг өгснөөр цонхны шилийг энэ компани өөрийн материалаар өөрсдийн ажилчдаар бүрэн сольж өгсөн. Цонхны шилний үнэ 5,440,000 төгрөгийг тухайн үеийн ханш 1,873 төгрөгөөр бодоход 2,904 ам.доллар болж байгаа тул манай компани авах санжүүжилтээсээ хасаж тооцсон болно.

Гэтэл "Т" ХХК цонхны шилний үнэ 15,557 ам.доллар болсон мэтээр тооцож санхүүжилтээс хасаж тооцож байгааг зөвшөөрөхгүй. Цонхны дотор тавцан бүгд мод байсан тул цонх сольж хийсний дараа модон тавцан өнгө үзэмж муутай байсан тул чулуугаар солих асуудал яригдаж 48 ширхэг тавцанг чулуу болгон нэмэлт ажилд тооцохоор хийж гүйцэтгэсэн ба үүнийг АНУ-ын тал зөвшөөрч "Т" ХХК-ийн ажилтан И.Амартүвшин 2015 оны 02 дугаар сарын 05-нд /48х31,20 ам.доллар/ 1497,6 ам.доллар нэмэлтээр олгохоор тохирч өгсөн тооцоо нь хэрэгт байгаа.

Иймд нэмэлт ажлаар 48 ширхэг чулуун тавцангийн үнэ 1497,6 ам.долларыг санхүүжилтийн нэмэлтээр оруулж тооцсон болно.

Барилгын төсвийн үнэлгээнд гадна усны хаялга, дотор тавцан тусдаа үнэлгээтэй байдаг ба манай төсөв тооцоо, гэрээ, гэрээний хавсралтад энэ талаар тусгагдаагүй тул 777,86 ам.долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрөхгүй. Барилгын ажлын нэгж үнийг хувиар үнэлдэггүй, тоо, ширхэг, м, м.кв-аар үнэлдэг юм.

4.3. 3эвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн цэргийн байр, халуун усны барилга, хээрийн гал зуухны барилга, үндсэн гал зуухны барилгын гадна фасадны ажлын замаска, эмульсийг "Хараа сүмбэр" ХХК-аас авч, н.Баянбатын бригадаар хийж гүйцэтгэсэн юм. Гэтэл замаска чанар муутай байснаас фасадны будаг, замаска хуурч, дахин өөрийн хөрөнгөөр хийхээр болсон юм. Тухайн үед “Т” ХХК-ийн ажилтан н.Ууганбаяр цэргийн байрны хойд талд хуурч буй хэсэгт хусалт хийж, шалгаж үзсэн нь үнэн болно. Ингээд манай компани иргэн Б.Даваанямтай 2015 оны 04 дүгээр сарын 25-нд гэрээ хийж, дээрх 4 барилгын гадна фасадны будаг эмульсийг бүгдийг хусаж цэвэрлэсний дараа нөхөн замаска хийж, дээр нь чулуун эмульс татаж гүйцэтгэхээр 21,600,000 төгрөгийн гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн. Энэ үед манай компанид мөнгө байхгүй байсан тул "Т" ХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 11-нд 8,000,000 төгрөг (4,096 ам.доллар), 2015 оны 05 дугаар сарын 14-нд 10,000,000 (5,120 ам.доллар) тус тус өгч энэ мөнгийг тэр өдөр нь "Приамид индастри" ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 11-нд 6,426,500 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14-нд 9,790,000 төгрөг бүгд 16,216,500 төгрөгийг манай инженер Д.Мөнх-Эрдэнэ, жолооч А.Цогтоо нарт өгч манай компанийн 88-96 УБЯ дугаарын машинаар ачиж замаска, эмульсыг авч ирж, Б.Даваанямын бригадаар хийж гүйцэтгүүлсэн.

Дээрхи 18,000,000 төгрөгийг "Т" ХХК долларт шилжүүлснээр 2015 оны 05 дугаар сарын 11-нд 4,096 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 14-д 5,120 ам.доллар манай санхүүжилтийн тооцоонд оруулж бичилт хийсэн бөгөөд санхүүжилтийн тооцоо нь хэрэгт байгаа.

Гэтэл "Т" ХХК нь фасадны замаска, чулуун эмульсийн үнийг манай компанийн санхүүжилтэнд оруулж тооцсон мөртлөө өөрсдөө материал авсан, хийж гүйцэтгэсэн мэтээр тооцож 20,774.20 ам.долларыг санхүүжилтээс хасахаар тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

4.4. Уурын зуухны барилгын шалны 144 м.кв плита наахаас 8 м.кв наасан нь үнэн бөгөөд наагаагүй плитаны үнэд уурын зуухны дотор талд нэлээн хэсэг газар засал хийснээс гадна бойлерын өрөөг бүрэн засварласан. Гэтэл үүнийг "Т" ХХК мартсан бололтой. Гэхдээ нэгэнт хийгээгүй болохоор 3,179.85 ам долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрнө.

4.5. Төмөр хаалганы нугас, цоож нь явцын дунд гажилт үүсэж нугас нь ханзрах зэрэг зарим зөрчил гарч байсан нь үнэн бөгөөд "Т" ХХК-ийн ажилчид цоож солих, нугас гагнах ажлууд хийж гүйцэтгэсэн. Тийм учраас тухайн үед хийж гүйцэтгэсэн ажилтнуудаас судалгаа хийж үзэхэд 5 хаалганы цоож сольж, 8 хаалганы нугас нэмж гагнасан байсан тул 1 цоожийг 240,000 х 5:1873 төгрөгөөр тооцож 640 ам.доллар, 1 хаалганы нугасыг 100 ам.доллараар засаж гагнасан гэж үзээд 8х100-800 ам.доллар бүгд 1,440 ам.долларыг бид санхүүжилтээс хасаж тооцсон.

Иймд хаалганы нугас гагнаж янзалсан, цоож сольсон гэж 3,399.58 ам.долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрөхгүй.

4.6. Цэргийн ангийн барилгын плитаны хөвөөгөөр силиконыг "Т" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компанийн санхүүжилтэнд 48 ширхэг силиконы үнэ 374 ам.долларыг оруулж тооцсон байгаа. Иймд манай компани материалын үнийг нь төлж "Т" ХХК хариуцаж силикон хийсэн тул ямар ч асуудал байхгүй тул төсөв тооцоо, гэрээний хавсралтанд байхгүй нэмэлт ажил юм.

4.7. Цэргийн байрны шатны гишгүүр хийгээгүй тул 2,264.41 ам.долларыг манай санхүүжилтээс хасаж тооцохыг зөвшөөрч байна.

4.8. Үндсэн гал зуух, цэргийн байрны ус чийгтэй газрын хөгцтэй хэсгийг тухай үеийн "Зууны гүүр" ХХК-аас борлуулдаг Герман хөгц арилгагч (Schimmel entfermer), хөгц мөөгөнцөрийн эсрэг шавардлага (Anti Schimmel Putz) авч хэрэглэсэн бөгөөд явцын дунд "Т" ХХК-ийн гүйцэтгэсэн сангийн ажлуудын шугам гэмтэж, ус алдсанаас манай компанийн гүйцэтгэж бэлэн болгосон өрөө тасалгаа, угаагуурын газруудад хана шал норсноос будаг, эмульс, замаска хуурсан, эргэж хөгцөрсөн явдал гарсан ба үүнийгээ энэ компани хийж гүйцэтгэснээ манай компанийг хийгээгүй мэтээр тооцож байгаа нь үнэнд нийцэхгүй. Энэ тооцооны зардлыг бид хариуцахгүй.

Тухайн үед Б.Оргил, Н.Намдаг нарт би үзүүлж байсан ба "Т" ХХК-ийн ажилчид бүгд мэдэж байгаа. Эцэст нь "Т" ХХК ерөнхий гүйцэтгэгчийн хувьд манай компанийн санхүүжилтийг өгөөгүй, аль эрт аваад хэрэглэсэн учир барилгын ажлын явцад гарсан жижиг бага зэргийн засвар үйлчилгээг хийснийг үгүйсгэхгүй.

Нэмэлт ажлын талаар 3эвсэгт хүчний 311 дүгээр ангийн 4 барилгын засварын ажилд төсөв тооцоо, гэрээ, гэрээний хавсралтад тусгагдаагүй ажлыг тухайн үед нь АНУ-ын талын төлөөлөгчийн саналаар "Т" ХХК зөвшөөрснөөр цэргийн байрны усанд орох өрөөний 25 кабин хуучирсан тул сольж шинээр хийсэн/2,275 ам.доллар/. Мөн байрны 48 ширхэг цонхны тавцанг чулуугаар сольсны үнэ 1,497.6 ам.доллар, үндсэн гал зууханд шинээр усанд орох шүршүүрийн кабин 10 ширхэгийн үнэ 2,104.5 ам.доллар, үндсэн гал зууханд гар угаагуурын дээр тавьсан 23 ширхэг толины үнэ 128.8 ам.доллар, босоо бие засах кабин 8 ширхэгийн үнэ 920,0 ам.доллар бүгд 6,925.9 ам.доллар нэмэлт ажлын тооцоогоор гарсныг "Т" ХХК-ийн ажилтан И.Амартүвшингийн баримт тооцоо хэрэгт байгаа.

Мөн үндсэн гал зуухны үүдний тамбар шинээр хийсний 2,785 ам.доллар, дээврийн гадна паркетны хүрээ, төмөр хийсэн 2,281 ам.доллар, цэргийн байрны шалны плитаны зөрүү 658.6 м.кв-ын үнэ 658.6х21.28 ам.доллараар бодож 14,015 ам.доллар болсон. (үүнд цалин тээвэр орсон байгаа)

Энэ үнэлгээг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Т” ХХК-ийн байранд Н.Намдаг захирлын өрөөнд сууж байгаад тохиролцож би дэвтэр дээрээ бичиж авсан байгаа. Ингээд бүгд нэмэгдэл ажлын үнэ 26,000 ам.долларын материалаар тухайн үед бид компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болно.

“А” ХХК нь "Т"-ХХК-аас авах гэрээний дүн 427,445 ам.доллар, санхүүжилт авсан дүн 382,086 ам.доллар, одоо авах санхүүжилтийн дүн 45,359 ам.доллар, нэмэлт ажлын хөлс 26,000 ам.доллар, “Т” ХХК-ийн ажилчдын хоолны үнэ 3,480 ам.доллар, бүгд 74,839 ам.доллар,

"Т" ХХК "А" ХХК-ийн санхүүжилтээс хасаж тооцох дүн

а.Хээрийн гал зуухны дээврийн ажилд 5,000 ам.доллар,

б. Цонхны шилний 5,440,000:1,873төг=2,904 ам.доллар

в. Гадны хаалганы 5 цоож сольсон 240,000 х 5:1,873 төг=640 ам.доллар,

н. Гадна 8 ширхэг хаалганы нугас гагнасан 8х100=800 ам.доллах,

д.Хээрийн гал зуухны довжооны чулуу дахин хийсэн ажлын үнэ 159.6 ам.доллах,

е. Цэргийн байрны шатны гишгүүрийн чулууг хийгээгүй үнэ 2,265.41 ам.доллар,

ё.Уурын зуухны плитан шалны хийгээгүй зөрүү 3,179.86 ам.доллах, бүгд 14,948.87 ам.доллар, тооцооны эцсийн дүнгээр "Т" ХХК-аас "А" ХХК-ийн авах санхүүжилтэнд 74,389 ам.доллар, 14,948.87 ам.доллар, 59,890.13 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар 2,731 төгрөгөөр бодоход 163,559,945 болно.

Иймд дээрхи мөнгийг "Т" ХХК-аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн II б 3, III зүйлийн 1, 3-р заалтуудаас бусад нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон алдангид нийт 245,166,962 төгрөг гаргуулж,

Хариуцагч Т ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 91,666,930.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас төлсөн 2,515,000 төгрөг, хариуцагчаас Т ХХК-аас төлсөн 837,744 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 349 дүгээр зүйлийн 349.1 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолохоос өмнө Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 болон 14.6 дахь хэсэгт заасан хугацааг тоолох бөгөөд зүгшрүүлэх 1 жилийн хугацааг 2015 оны 06 дугаар сарын 09-иий өдрөөс хойш тоолбол 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, үүнээс барилга, байгууламжийн гүйцэтгэлийн хэвийн ашиглалттай холбоотой шаардлага гаргах хугацааг зүгшрүүлэх хугацааг оруулахгүйгээр 3 жилээр тооцвол 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусна.

Дээрх хугацаа тоологдож дуусгавар болсны дараагаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ерөнхий хугацааг тоолох бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс уг хугацааг тоолбол 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох боловч шүүх Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний 5-т зааснаар 1 жилийн дараа актаар ажлыг хүлээлцэн, гэрээний баталгаат хугацаанд 5 хувийг нэхэмжлэхээр тохиролцсон. Уг баталгаат засварын 1 жилийн хугацааг тоолж, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа тогтоогдоно гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээнд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолж эхлэх ёстой. Мөн 21,524 ам.долларын ажлыг хийж гүйцэтгээгүй орхисон учраас уг үнийн дүнг гэрээнээс хассан. Ажил гүйцэтгэлийн явцад 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сүүлийн санхүүжилтийг авч, нийт 382,086 ам.долларыг хүлээн авсан байдаг. “А” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899.13 ам.доллар буюу 163,584,524 төгрөг, алдангид 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөг гаргууах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. АНУ-ын Элчин сайдын яамны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд зарлагдсан Төв аймгийн, Алтбанбулаг сумын нутаг, Таван толгой Олон улсын Цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэх тендерт “Т” ХХК ажил гүйцэтгэгчээр шалгарч, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Аляскийн Цэргийн инженерийн корпустай “Бараа материал, үйлчилгээ үзүүлэх захиалгын гэрээ”-г байгуулж, төслийн хүрээнд 798,568.49 ам.долларын ажлыг 2 үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцсон ба нэгдүгээр үе шатанд баррак буюу хуарангийн байрны шинэчлэл, хээрийн хоолны газрын шинэчлэл, баазын хоолны газрын шинэчлэл, баазын цахилгаан системийн шинэчлэл, баазын шүршүүр, угаалгын газрын шинэчлэлийг ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

3.б. “А” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх” нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “А” ХХК нь АНУ-ын Элчин сайдын яамны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Төв аймаг, Алтанбулаг сумын нутаг, Таван толгой Олон улсын Цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, барилгын бүх төрлийн материалыг худалдан авах, татан авах ажлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцах бөгөөд ажлын нийт хөлсийг 427,445 ам.доллараар тохиролцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар АНУ-ын Аляскийн Цэргийн инженерийн корпус болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын зарим хэсгийг гүйцэтгэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон байна.

 

3.в. “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй тохиолдолд гэрээ байгуулах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэй байх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт болон хууль болон гэрээнд заасны дагуу үүрэг үүсэх ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг дүгнэсэн нь ач холбогдолгүй байна. 

 

3.г. “А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нийт 382,086 ам.доллар авсан талаар талууд маргаангүй.

 

4. “А” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “Т” ХХК-д доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байх ба үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

4.1. Гэрээний 5.1-д “Гүйцэтгэгч нь захиалгыг үндэслэн, гүйцэтгэх ажлын төсвийн дагуу чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, гүйцэтгэсэн ажлын ил далд актыг хүлээлцэх актаар хүлээлгэн өгнө”, гэрээний 5.5-д “Гүйцэтгэгч байгууллага нь хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, хүлээлгэн өгсөн бичиг баримт үйлдэнэ” гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” гэх 2 ширхэг дэвтэрт хийсэн бичилт 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр дуусчээ. Харин уг дэвтэрт бичигдсэн ажлыг гэрээнд заасан ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн “Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн хүсэлтээр засвар хийгдсэн барилгуудын ашиглалтад үзлэг хийснийг нотлох тухай” гэх бичмэл баримтыг анхан шатны шүүх нэхэмжлэгчээс засварын ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн акт гэж дүгнэхгүй гэсэн нь зөв байна. Учир нь энэ үзлэг хийхэд хариуцагч “Т” ХХК-ийн эрх бүхий этгээд оролцоогүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д заасан актыг үйлдсэн гэж үзэхгүй юм.

Гэрээний 5.5-д зааснаар нэхэмжлэгч нь хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, хүлээлгэн өгсөн бичиг баримт үйлдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэнэ.

 

5. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох засварын ажлуудыг нэхэмжлэгч нь доголдолтой гүйцэтгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Захиалагч буюу АНУ-ын төслийн удирдлагын зүгээс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн шаардах хуудаст дурдсан доголдолтой гүйцэтгэсэн гэх ажлууд нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хамаарч байгаа нь гэрчийн мэдүүлгүүд болон уг ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэх нотлох баримтаар давхар тогтоогдож байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.1. Гэрээний 3.3-т “Гэрээг баталгаажуулж ажил эхэлснээс хойш сарын гүйцэтгэлээр ерөнхий захиалагчаас санхүүжилт орж ирсэн үед харилцан тохиролцож гүйцэтгэгчид олгоно” гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 45,359 ам.долларын хэмжээгээр ажлыг гүйцэтгэсэн гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

6. Хариуцагчийн зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч нь нэмэлт ажил хийсэн эсэх, хийсэн ажлын хэмжээ, ажлын хөлс тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь 26,009 ам.долларын ажил нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлах бөгөөд хариуцагч нь үгүйсгэж буй тохиолдолд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг анхан шатны шүүх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчээс өгсөн “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” гэх 2 ширхэг дэвтэрт бичилтийг нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр хийсэн боловч энэ нь нэг талын баримт болно. Иймд санхүүжилт хийсэн сүүлийн өдөр болох 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг гэрээ дуусгавар болсон гэж тодорхойлно.

 

7.1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д "засварын ажил" гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих зэрэг үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь барилгын засварын ажил байх тул ил доголдолд хамааруулан Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдалд тооцож хугацааг  1 жилээр тоолох үндэслэлтэй байна. Харин барилгын засварын ажилд барилга, байшингийн холбогдох буюу далд доголдолд тооцох 3 жилийн хугацаа хамаарахгүй юм.  

Гэрээний 3.5-д зааснаас дүгнэвэл талууд чанарын баталгаат хугацааг 1 жилээр тохиролцсон тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1 жилийн хугацааг тоолно. Уг хугацааг өнгөрснөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолбол нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргах байжээ. Уг хугацааг 6 сар 14 хоног хэтрүүлж нэхэмжлэл гаргасныг хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй .   

 

8. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт: “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байх”, талаар зохицуулсан нь мөн хуулийн 4.1.3-т зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулж гэрчилгээ олгосноос хойш тооцох хугацаа тул хуулийн 14.6 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэх зохицуулалт барилга байгууламжид капитал засвар хийхэд хамаарахгүй болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

9. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдав.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/01511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА