Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01563

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01563

 

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэртэй,

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, Э.Нямжа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.Т нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Т” ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1725 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан.

1.2. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд эргүүлэн тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 сар 14 хоног ажилгүй байсан тул олговорт 20,123,644 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал, 3 сарын дундаж цалин 2,679,000 төгрөг бөгөөд 1 өдрийн 124,604 төгрөг юм.

Иймд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Г.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Мөн уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19,936,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож, үлдэх 186,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргаан тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтад хамаарна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл заалт нь хөдөлмөрийн хууль тогтоомжид хамаарч байгаа болно.

4.2. Мөн анхан шатны шүүх уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан “хууль тогтоомжид заасан бусад маргаан” гэж үзэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба энэ маргаан нь хууль тогтоомжид заасан бусад маргаанд хамаарахгүй бөгөөд шүүх ямар хууль тогтоомжид заасан маргаан гэдгийг нь тодорхойлоогүй байна.

4.3. Нэхэмжлэгч Г.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн /3 сарын/ дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор гомдлоо гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан.

Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, ийнхүү биелүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалинг олгоогүй тул шүүхэд хандсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00018 дугаар тогтоолоор Г.Тг “Т” ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 43,362,416 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж шийдвэрлэжээ.

 

3.2. Хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 158/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Тг оператор албан тушаалд нь эгүүлэн томилж, 43,362,416 төгрөгийн олговрыг олгосон талаар зохигч маргаагүй.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Т нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-д холбогдох Г.Тгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах Г.Тгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА