Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

            улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811030590042 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ж овогт Г.Т, 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний дээд сургуулийн нягтлан бодогчийн 2 дугаар курсын оюутан, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг, Асгатад оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/....................../,

          Яллагдагч Г.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25 дугаар гудамжинд өөрийн найз охин П.Нямдэлгэртэй хохирогч Д.Шижирболдыг хардсаны улмаас чулуугаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Шижирболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…миний бие 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр П.Нямдэлгэр нь надад хоол хийчихсэн гэсний дагуу явж очсон. Эхлээд П.Нямдэлгэртэй явж байтал анх гудамжинд таарах үедээ Г.Т, Т.Чингүүнжав, Д.Эрболд нар намайг мөрлөөд авсан тул зүгээр яв л даа гэхэд нэг нь намайг араас бариад авах үед би түлхээд зугтаасан. Нямдэлгэр намайг гэр лүүгээ авч явж байна гээд гудамж руу оруулсан чинь араас одоо мэдэж байгаагаар Г.Т, Т.Чингүүнжав, Д.Эрболд нар ирсэн. Ингээд би тэд нар намайг зодох гээд байна гэж бодоод зугтах гэсэн чинь мухар гудамж байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд хашааны хажууд сул хаягдсан байсан банз мод бариад автал нөгөө гурав над руу ойртоод ирэхээр нь би банз модоо шууд хаяад айлын хашаа давж айлын модон жорлонгийн дээвэр дээр зогсож байтал гэнэт өөдөөс 3-4 чулуу шидсэн ба нэг чулуу миний толгойн хэсэгт оносон ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Г.Тын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хохирогч Шижирболд анх зугтаад баригдаагүй. Ингээд дахин найз Нямдэлгэрээр дуудуулаад түүнийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25 дугаар гудамжинд байрлах мухар гудамж руу Нямдэлгэртэй цуг орсоны дараа би Д.Эрболд, Т.Чингүүнжав нарын хамтаар Б.Шижирболдтой уулзаж учраа олох гээд очих үед шууд газраас банз бариад та нар ямар ядаргаатай юм бэ гэсэн. Бид нарыг дөхөх үед шууд цаашаа гүйгээд айлын хашаа даваад амбаар шиг зүйлийн дээвэр дээр зогсох үед би газраас 3-4 чулуу аваад Шижирболдын араас шидсэн юм. Харин Б.Шижирболд банзаа хаячихсан уу эсвэл аваад зугтсан уу гэдгийг мэдээгүй. Миний хувьд найз охин болох Нямдэлгэрийг хардсанаас болж энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна ..” гэх мэдүүлэг /хх-39-40х/,

Гэрч Т.Чингүүнжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.Эрболд бид хоёрын хувьд хохирогч Б.Шижирболд руу чулуу авч шидээгүй. Түмэнбаяр хохирогч залууг уулзалгүй зугтаачихаар нь уурлаад 3-4 чулуу аваад шидсэн нь үнэн. Дараа нь автобусны буудал дээр таарах үед чулуугаар толгойдоо цохиулсан болохыг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-48-49х/,

Гэрч Д.Эрболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Газраас чулуу авч Түмэнбаяр ганцаараа 3-4 чулуу шидсэн учир Чингүүнжав бид хоёр түүнийг боль гээд болиулсан ...” гэх мэдүүлэг /хх-69-70х/, “...хохирогч гэх залуутай сүүлд автобусны буудал дээр таарах үед толгой нь хагарсан байсан ..” гэх мэдүүлэг /хх-71-72х/,

Насанд хүрээгүй гэрч П.Нямдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...араас Түмэнбаяр, Эрболд, Чингүүнжав нар гарч ирэх үед Б.Шижирболд та нар яах гээд байгаа юм бэ гээд өөрийгөө хамгаалсан байдалтай мод барих үед Түмэнбаяр, Чингүүнжав, Эрболд нар ойртох үед Шижирболд зугтаад айлын хашаа даваад орох үед араас нь Түмэнбаяр уурлаад түүн рүү чулуу шидээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-58-59х/,

Яллагдагч Г.Т мэдүүлэхдээ: “... өөрийн найз охин Нямдэлгэрийг Шижирболдтой хардсаны улмаас Шижирболдын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Нямдэлгэр Шижирболдтой хамт Сурагчийн 25 дугаар гудамж руу орох үед араас нь Чингүүнжав, Эрболд бид гурав яваад очтол Шижирболд өө ямар ядаргаатай юм бэ хүрээд ир гээд газраас мод бариад далайсан учир бид гурав түүн рүү ойртох үед цаашаа зугтаад айлын амбаарын дээвэр дээр гарах шиг болохоор би дахиад уулзалгүй алдах нь гэж уурлаад газраас 3-4 чулуу аваад бүгдийг нь нэг нэгээр нь шидсэн. Сүүлийн чулуу нь оночих шиг болоход Шижирболд алга болсон ...” гэх мэдүүлэг /хх-86-88х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №13069 тоот дүгнэлтэд:

“1.Б.Шижирболдын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт. /хх-77х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25 дугаар гудамжинд өөрийн найз охин П.Нямдэлгэртэй хохирогч Д.Шижирболдыг хардсаны улмаас чулуугаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Шижирболд нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.