Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0219/З |
Дугаар | 221/МА2019/0354 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0354
С.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор С.Б-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан С.Б-ын “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагад татагдсан...” гэсэн үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2 удаа гэрчийн мэдүүлэг л өгсөн бөгөөд намайг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулж прокуророос эрүүгийн хэрэг үүсгээгүй, эрүүгийн хариуцлагад яллагдагчаар татсан тогтоол байхгүй байхад шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь гэрчийн эрх үүргийг түдгэлзүүлсэн байна гэж тогтоолоос харагдахаар байна. “Эрүүгийн хариуцлага” гэсэн заалтыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоосны дараа эрүүгийн хуульд заасан ял оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх замаар хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэсэн томъёолол нь хэн нэгнийг эрүүгийн хэрэг үүсгэж, хангалттай нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон тохиолдолд тухайн этгээдэд эрүүгийн хуульд заасан тодорхой нэг зүйл хэсгээр прокурор яллагдагчаар татах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтад үндэслэж бичгийн хэлбэрээр тогтоол үйлдсэнийг ойлгохоор хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Б нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байх ба уг тогтоолд Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэжээ.
Монгол Улсын шүүгчийн бүрэн эрхийг гагцхүү шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг түүний эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг тухайлан зохицуулдаг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх бөгөөд энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.2-т зааснаар хориглосон байна.
Дээрх хуулиар тодорхойлсон түдгэлзүүлэх үндэслэлүүдэд шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүн таслах ажиллагаа эрхлэх боломжгүй болсон нөхцөл байдлуудыг хамааруулж өгсөн байх ба Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхээс өмнө, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхийн тулд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд хамааруулсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрх нь эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны хянан шийдвэрлэх баталгааг алдагдуулах үр дагавраас сэргийлж, эсхүл түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д /шүүгчийн ...хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно/ заасантай нийцэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байна.
Хууль зүйн хариуцлагын нэг төрөл нь эрүүгийн хариуцлага бөгөөд эрх зүйн зөрчил /иргэний, эрүүгийн, захиргааны, сахилгын/ үйлдэгдэж, эрх зүйн хамгаалах харилцаа үүссэний үр дүнд хууль зүйн хариуцлага үүсдэг бол эрүүгийн эрх зүйн хамгаалах харилцаа үүссэнээр “эрүүгийн хариуцлага” гэх ойлголт бий болно.
Тодруулбал, эрүүгийн эрх зүйн хамгаалах харилцааны факт нь гэмт хэрэг үйлдсэн байх явдал бөгөөд Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаас үзвэл гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй.
Харин “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй адилтган ойлгохгүй ч эрүүгийн эрх зүйн хамгаалах харилцаа үүссэн байхыг шаардах бөгөөд энэ харилцаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар үе шатанд үүсэхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/ болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017 он/ зохицуулалтыг харьцуулан дүгнэлт өгөх аргаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 166 дугаар зүйлийн 166.1 “Дараахь үндэслэлийн аль нэг нь байгаа бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ”, 166.1.1 “гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн”, 166.1.2 “гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн”, 166.1.З “гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн”, “166.1.4. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн”, 166.1.5 “гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа” гэж заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017 он/ 30.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ”, 30.15 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж заажээ.
Үүнээс үзвэл эрүүгийн хэрэг үүсгэх урьдач нөхцөл нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “гэмт хэрэг гарсан байх”-ыг буюу хууль зүйн факт бий болсон байхыг шаардсан бол 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээд уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх”-ыг шаардсан байх бөгөөд энэ ч утгаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 35 дугаар зүйлийн 35.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана” гэж зааснаар хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн хэрэг үүсч сэжигтэнээр тооцон, 174 дүгээр зүйлийн 174.1.2-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхлэх” гэж зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсны дараа хэрэг бүртгэлт явуулж эхэлдэг байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017 он/ 31.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ”, 31.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ” гэж зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсны дараа гагцхүү мөрдөн байцаалт явуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсоноор түүний эрх зүйн байдал нь тодорхой болох ба өөрөөр хэлбэл тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар дуудагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч сэжигтэний эрхийг, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулснаар яллагдагчийн эрхийг эдлэх боломжтой болох бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн эрх зүйн хамгаалах харилцаа үүснэ гэж үзэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13-т заасан “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...” гэж заасантай нийцнэ.
Ийнхүү яллагдагч Ц.З-ыг холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэгт шүүгч С.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан нөхцөл байдал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1 “Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох”, 20.4.2 “шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Шүүгч хүн хувийн амьдралдаа болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн дээдэлж, өөрөө үлгэр жишээч байх үүрэгтэй бөгөөд шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэх, нэмэгдүүлэхэд чиглэх учиртай.
Ийм учир шүүгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхээ тодорхойгүй хугацаанд хэрэгжүүлэх боломжгүйд тооцон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлээр түдгэлзүүлэх үндэслэлд хамааруулсан гэж ойлгогдохоор байна.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдож байвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлигаар шүүгч С.Б-ын бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.2-т заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 31 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “хэвээр” гэсний дараа “үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН