Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101

 

 

Г.Дөлбадрахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                    прокурор С.Уянга,

                    хохирогч Б.Дорждагвын өмгөөлөгч Г.Баттогтох,

                    нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргасан давж заалдах гомдлоор ялтан Г.Дөлбадрахад холбогдох 2016 2501 3095 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ядам овогт Ганхуягийн Дөлбадрах, 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 401 дүгээр хорих ангид хянагч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 19 дүгээр гудамжны 305 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПЖ88051418/.

Г.Дөлбадрах нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа “Төр хурах амралтын газар”-т Хорих 401 дүгээр ангийн ойн баярыг тэмдэглэх явцад уг ангид шүдний эмч ажилтай Б.Дорждагвыг барилдъя гэж барьж авч, давхар ачиж шидэн унагаж хохирогч Б.Дорждагвын биед “зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зүүн чихний ард цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дөлбадрахад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ядам овогт Ганхуягийн Дөлбадрахыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Г.Дөлбадрахыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Г.Дөлбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Дөлбадрахаас эмчилгээний зардал болох 859.197 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол ШШГЕГ-ын байрны 44-21 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Баттулгын Дорждагва /РД:ТЛ87020470/-д олгохоор, Г.Дөлбадрахыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Дөлбадрахын өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Г.Дөлбадрах нь хохирогч Дорждагвад хохирлын мөнгө болох 3.859.197 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 859.197 төгрөгийг хохирогч Дорждагватай хамт ажилдагийн хувьд ажилдаа ороод төлөхөөр аман хэлцэл хийж тохиролцсон байсан. Тухайн үед Г.Дөлбадрах нь ээлжийн амралттай байсан болно. Одоо хохирогчид эмчилгээний зардал болох 859.197 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, ажил амьдрал нь жигдэрч байгаа залуу албан хаагч зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Дорждагвын өмгөөлөгч Г.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Б.Дорждагвын хууль ёсны эрх ашгийг хамгаалж миний бие оролцсон. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй бөгөөд хуулийн шаардлагыг хангаж, ялтан Г.Дөлбадрахын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Д.Өлзийхишиг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Миний үйлчлүүлэгч Б.Дорждагвад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан тул ялтанд  оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй ба хохирогчид хохирол барагдуулсан талаарх баримт хэрэгт байгаа гэв.

Прокурор С.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан Г.Дөлбадрахын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх явцад хохирогч Б.Дорждагва нь “эмчилгээний зардлаа бүрэн авсан, гомдол саналгүй” болсон талаар хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар Г.Дөлбадрахад оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Г.Дөлбадрах нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа “Төр хурах амралтын газар”-т Хорих 401 дүгээр ангийн ойн баярыг тэмдэглэж байх явцад уг ангид шүдний эмч ажилтай Б.Дорждагвыг согтуу биеэ авч явах чадваргүй байхад нь түүнтэй барилдахаар барьж авч, давхар ачиж шидэн газар хүчтэй унагаж хайхрамжгүй хандсанаас болж хохирогч Б.Дорждагвын биед “зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зүүн чихний ард цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дорждагва /хх-8, 12, 116/, ялтан Г.Дөлбадрах /хх-37, 39, 114/, мөрдөн байцаалтад гэрч Г.Шүр-Эрдэнэ /хх-13/, С.Уянга /хх-14/, Д.Өлзийсүрэн /хх-15/, А.Цэцэгсайхан /хх-16/, А.Наранчимэг /хх-17/, Б.Сэргэлэн /хх-19/, Х.Анхбаяр /хх-22-23/, Б.Анхбаяр /хх-24/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11652 дугаартай дүгнэлт /хх-29/, шинжээч эмч Ш.Цэцэгмааг байцаасан тэмдэглэл /хх-30/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

  Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Г.Дөлбадрахын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Гэвч Г.Дөлбадрах нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Б.Дорждагвын эмчилгээний зардалд 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 860.000 төгрөгийг ялтны ар гэрийнхээс сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Б.Дорждагва нь гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан, мөн хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож хорих ялыг тэнсэж хянан харгалзах талаар өгсөн санал, тайлбар, шүүгдэгч гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ялтан Г.Дөлбадрахад оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Г.Дөлбадрахын өмгөөлөгч Д.Өлзийхишигийн “…анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүнчлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг … харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.