Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  03  210/МА2023/01324

 

 

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01440 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.*******, М.******* нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 34,655,097 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ББСБ ХХК болон С.*******, М.******* нар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан С.*******ын өмчлөлийн, ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* *******-1 /14100/ 16 дугаар хэсэг гудамж 1635 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.2. Хариуцагч С.*******, М.******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 28,312,812.40 төгрөг, хүү 6,171,487.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,797.29 төгрөг, нийт 34,655,096.76 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлдэгч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийг төлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд гэрээг цуцлах талаар зүйл заалт байхгүй байна. Гэтэл зээлийг бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн үндсэн төлбөрөөс 22,753,256 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй ба зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн нь алдаатай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.*******, М.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 34,655,097 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******, М.******* нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч С.*******ын улсын бүртгэлийн Ү-2203044762, Гд-000867268 дугаартай, ******* дүүргийн 15 дугаар хороо, ******* *******-1 /14100/, 16 дугаар хэсэг гудамж, 1635 тоот 65.76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-*******, Гд-******* ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* ******* НТД-1462403975 дугаартай 494 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,425 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч С.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гэрээг цуцлах тухай агуулга үгүй атал зээлийг бүхэлд нь буюу 28,312,812.40 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлдэгч миний бие гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд зээлдүүлэгч нь дангаараа гэрээг цуцлах эрхтэй боловч талууд харилцан тохиролцоод гэрээг үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэж болох бөгөөд гэрээг цуцлах эсэх асуудал нь талуудын чөлөөт байдал юм. Энэ агуулгаар авч үзвэл нэхэмжлэгч тал гэрээг цуцлах тухай асуудлыг нэхэмжлэлд дурдаагүй бөгөөд гэрээг цуцлах тухай шаардлага гаргаагүй гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаа болсон.

Иймд нэхэмжлэлээс зээлийн үндсэн төлбөр гэж нэхэмжилж буй 28,312,812.40 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч С.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******, М.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 28,312,812.40 төгрөг, хүү 6,171,487.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,797.29 төгрөг, нийт 34,655,097 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ******* ББСБ ХХК нь С.*******, М.******* нартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, С.*******ын өмчлөлийн, ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* *******-1 /14100/ 16 дугаар хэсэг гудамж 1635 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг барьцаалахаар тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4. Хариуцагч нар нь зээлд 6,687,187.60 төгрөг, зээлийн хүүнд 5,832,418.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 294.09 төгрөг, нийт 12,519,900 төгрөг төлсөн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг зөвшөөрсөн.

Харин зээлийн гэрээг цуцлаагүй тул зээлийг бүхэлд нь төлүүлэхээр шаардах үндэслэлгүй гэж маргажээ.

4.1. Зээлийн гэрээний хавсралтаар баталсан төлбөрийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь сар бүр 2,066,659.56 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлбөр төлөлгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 7 сарын хугацаа хэтрүүлсэн байх ба зээлийн гэрээний 10.2.2-д зээлдэгч зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах эрхтэй талаар заасан байна.

4.2. Хариуцагчийн давж заалдах гомдолд Нэхэмжлэгч тал гэрээг цуцлах тухай асуудлыг нэхэмжлэлд дурдаагүй бөгөөд гэрээг цуцлах тухай шаардлага гаргаагүй гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаа болсон гэж дурдсан ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зээлийн гэрээнд 2 ба түүнээс дээш удаа зээлийн төлөлтийг зөрчсөн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага дангаараа гэрээг цуцлах эрхтэй, тиймээс гэрээг цуцлаад үүргээ шаардаж байна гэж нэхэмжлэлээ тайлбарласан, үүнд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

4.3. Түүнчлэн хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Зээлийн гэрээг цуцлаад шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгааг С.*******д мэдэгдсэн. Тухайн үед өөрөө ирэх боломжгүй гэдэг байсан. С.*******ыг ирж асуудлаа шийдээч гэж хэлж байсан гэсэн тайлбарыг хуульд заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсгийг зөрчөөгүй.

5. Шүүх хариуцагч нараас үндсэн зээл 28,312,812.40 төгрөг, хүү 6,171,487.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,797.29 төгрөг, нийт 34,655,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүүг зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримтлах байтал хугацаа хэтрүүлсний хариуцлагатай холбоотой 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан, түүнчлэн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсныг тус тус давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

6. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...205 дугаар зүйлийн 205.1... гэснийг хасаж, ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,514 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА