Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0335/З |
Дугаар | 001/ХТ2022/0021 |
Огноо | 2022-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2022/0021
“А Д С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Татварын газар, тус газрын
Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 718 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “А Д С С” ХХК-иас нийслэлийн Татварын газар, тус газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б-д холбогдуулан “нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22200600085 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2220601805 тоот хяналт шалгалтын томилолт, ерөнхий удирдамжийн дагуу “А Д С С” ХХК-ийн 2015-2017 хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22200600085 тоот нөхөн ногдуулалтын акт гаргажээ.
3. Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 15 дугаар зүйлийн 15.4, 41 дүгээр зүйлийн 41.12.3, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22200600085 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А Д С С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр тогтоолоор гомдлын зарим хэсгийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч-оос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гарган, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангуулахаар гомдол гаргасан. Үүнд;
6.1. Тус хэрэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.С-д хуваарилагдсан. Гэтэл шүүгч тус хэргийг өмнө нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн, Ерөнхий шүүгч өмнө нь хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэхэд мөн оролцож байсан.
6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй:”, 84.1.4-т “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон;” 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж зааснаар хэргийг илтгэсэн шүүгч, хуралдааныг даргалсан Ерөнхий шүүгч нар нь өөрсдөө татгалзах үүрэгтэй байсан боловч татгалзалгүй хэргийн оролцогчоос татгалзаад байхад хүлээж авалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
6.3. Нийслэлийн Татварын газар, тус газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б нараас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэйд:” гээд 84.1.4-т “анхан шатны болон давж заалдах, ... журмаар хэргийг шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж тус тус заасан.
9. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нараас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсаар “А Д С С” ХХК-д шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 590 дугаар шийдвэрээр тус гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 665 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 232018106 тоот шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
10. Дээрх шийдвэрийн дагуу нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дахин шинэ акт үйлдснийг нэхэмжлэгч “А Д С С” ХХК-иас эс зөвшөөрч маргасан. Энэ тохиолдолд, шинээр гарсан акттай холбоотой захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
11. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан дахин шинэ акт гаргасныг эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар хязгаарлаагүй тухайн тохиолдолд нийслэлийн Татварын газар, тус газрын Татварын улсын байцаагч нарт холбогдох энэ хэргийг урьд шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох хэргээс тусдаа өөр хэрэг гэж үзнэ.
12. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үүрэг тухайн тохиолдолд хамаарахгүй тул “...анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч болон давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүгч бүрэлдэхүүнд дахин оролцсон ...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Чулуунзоригтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А Д С С” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
Х.БАТСҮРЭН