Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Я.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

ялтан Я.Түвшинжаргал /цахимаар/, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Я.Түвшинжаргалд холбогдох 201201051308 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өгөөмөр овогт Ядамсүрэнгийн Түвшинжаргал, 1985 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-318 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлтэй:

1. 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2. 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

3. 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ЙЮ85030832/;

 

Я.Түвшинжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “нокиа 6300” загварын гар утас хулгайлж, 740,000 төгрөгийн хохирол, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 180,000 төгрөгийн хохирол, нийт 920,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Ядамсүрэнгийн Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас тус тус эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан  Я.Түвшинжаргалд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял дээр мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих ялаас үлдэх 6 жил, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас үлдэх 1 жил 6 сарыг тус тус багтааж, ялтан Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ялаар тогтоож,

Я.Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ялд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ялаар тогтоож, түүний өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 2 жил 10 сар 5 хоногийн ялыг тооцож оруулан хасаж, биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 7 сар 25 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон 542 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалаас 920,000 төгрөг гаргуулан, хохирогч М.Мөнхжаргалд 740,000 төгрөг, Л.Лхагвасүрэнд 180,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж хорих 415 дугаар ангид ял эдэлж байхад 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ял нэмж сонсгохоор дуудлагаар хорих 461 дүгээр ангид ирсэн.

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр Чингэлтэй дүүрэгт хулгайн хоёр үйлдэл шалгагдаж байгаа тул тухайн хоёр үйлдлийг нэгтгэн шалгаж өгнө үү гэж амаар болон бичгээр удаа дараа хэлж байсанг 1172 дугаар шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хоёр үйлдлийг нэгтгэн шалгаж өгөөгүй улмаас нэг шийдвэрлэгдэх хэрэгт дээр хоёр удаа яллаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа тул хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр дахин шалгаж, нэгтгэж өгнө үү.

Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь харъяаллын дагуу шийдвэрлэж байгаа хулгайн хоёр хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг болон өмнөх 1172 дугаар шийтгэх тогтоолд багтааж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

2012 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн иргэн М.Мөнхжаргал, Л.Лхагвасүрэн нарын гэрт хулгай орсон хэрэг нь эзэн холбогдогч олдохгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн байсныг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сэргээж намайг 415 дугаар ангид ял эдэлж байхад ял нэмэхээр хорих 461 дүгээр ангид авчирч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон. 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу ялтай байх 5 жилийн дотор хулгай хийсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шалгаж байхад Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн болно. Гэтэл 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрөөс эхлэн түдгэлзэж Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжихээс өмнө уг 2 хулгайн үйлдлийг сэргээж мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд байхад Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнөх 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг зааснаар хорих ял шийтгүүлж байсныг өршөөн хэлтрүүлж уг хоёр үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өмнөх 1172 дугаар шийтгэх тогтоолд багтаах нь миний эрх зүйн байдал дээрдэх болно. Миний хийгээгүй хэрэг дээр нэг талыг барьж яллаж байна. Уг хоёр хулгайн үйлдлийг хийсэн хүний гар хурууны хээ хавтаст хэрэгт байдаг. Гэтэл миний гарын хээ зөрөөд байхад ямар учраас яллаж байгааг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр байгаа 1172 дугаар шийтгэх тогтоол дээрх хэргүүдийг өршөөлд хамруулахдаа Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэхдээ зүйл анги тус бүрээс хасах, ялын хэмжээг биечлэн эдлэх ялаас хасахгүй орхигдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 8 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас тус бүрээс 2 жилийг өршөөн хассан байтал Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгээс тус бүр 2 жилийг хасаж биечлэн эдлэх ялыг тогтоох байтал Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж байна...” гэв.

 

Ялтан Я.Түвшинжаргалын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд тусгайлан гаргах санал байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг анхан шатны шүүх зохих ёсоор хэрэглэсэн гэж үзэж байна. Я.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг харгалзан зохих шийдвэрийг гаргаж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамрагдахгүй. Иймд ялтай байдлыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх нь хууль зүйн үндэслэлтэй. Я.Түвшинжаргалын эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн тул ялтан Я.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Я.Түвшинжаргалд оногдуулсан ялд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулиар зохих өршөөлийг зөв үзүүлсэн атлаа өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтоохдоо Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл,  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1172 дугаар шийтгэх тогтоолоор Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тогтоохдоо нэмж нэгтгэж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын 6 сарын хорих ял...”-ыг тус тус Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялд багтаасан зохицуулалтыг шинээр хийсэн нь буруу байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105А дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “...Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ ...өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...” гэж заасан байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105А дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол ялтан Я.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.   

 

          

                                                

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                           Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ