Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 105А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Дэлгэрдалай,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Я.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ядамсүрэнгийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 2012 0105 1308 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-318 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 645 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 тоот магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял болгож өөрчлөн, 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 430 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 08 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 534 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих, 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 6 сар хорих, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жил хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Өгөөмөр овогт Ядамсүрэнгийн Түвшинжаргал (РД:ЙЮ85030832),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух иргэн М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн Самсунг маркийн 42 инчийн зурагт, нокиа 6300 загварын гар утас хулгайлж, 740.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух иргэн Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Я.Түвшинжаргалаас мэдүүлэхдээ:-Намайг 2012 оны 8 дугаар сарын 19, 29-ний өдрүүдэд хулгай хийсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Хулгай хийсэн гэх газраас миний гар хурууны хээ гараагүй. Миний гар хурууны хээг шалгаагүй. Хэрэгт байгаа хулгай гарсан газрыг би заагаагүй. 2002 оноос хойш миний гар, хурууны хээ улсад бүртгэлтэй байдаг. Намайг эмч үзэж, миний сэтгэцийн дүгнэлтийг гаргаагүй. 3 эмч дүгнэлт гаргаснаас 2-т нь хууль сануулаагүй. Тухайн үед би өөрөө тэгсэн болоод л явъя гэж бодсон. Би өөрөө хулгай хийгээгүй тул 145.4-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг 2015 оны 6 дугаар сарын 18-нд дуудлагаар авч яваад л ирсэн. Хэрэг прокурор, шүүхийн шатанд байхад 2015 оны Өршөөлийн хууль гарсан. 2007 онд үйлдсэн булаалтын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа яагаад Өршөөлийн хуульд хамрагдахгүй байна вэ. Хэрвээ 2012 онд хулгай хийсэн гэж байгаа бол мөн 2015 оны Өршөөлийн хуулиас өмнөх үйлдэл тул яагаад өршөөлд орохгүй байна вэ. 2012 оны хулгайн үйлдлийн талаар 2014 оны шүүх хурал дээр би хэлж л байсан. 2014 оны 8 дугаар сарын 24-нд Амартүвшин гэх төлөөлөгч надаас тайлбар авч л байсан. Шүүхээр нэг удаа ял шийтгүүлэх байтал хоёр удаа ял шийтгүүлж байгаад гомдолтой байна. Миний хэргийг нэгтгэж шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хурал дээр би хэлж байсан. Иймд 2007 оны булаалтын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон 2012 оны хулгайн 2 үйлдлийг өршөөлд хамруулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

1.М.Мөнхжаргалаас:-2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 12-13 цагийн үед би өөрийн эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарч яваад орой 19 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгай орж байшингийн хойморт байсан "Самсунг" маркийн 42 инчийн Лед зурагт алдагдсан байсан. 2012 оны 5 дугаар сард 730.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай зурагтанд онцлог содон шинж тэмдэг байхгүй. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Мөн эвдэлсэн хаалганы үнэ болох 50.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэжээ.

2.Л.Лхагвасүрэнгээс:-2012 оны 8 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр охин бид гурав гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд гарсан. Ингээд орой 18 цагийн орчим бид гэртээ орж иртэл гэрийн хойморт шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн "Тошиба" маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс доошоогоо яваад "Бялхам" гэж дэлгүүрийн ард талд өөртөө үйлчилдэг дэлгүүрийн эзний хүүхэд "Нэг ах зурагт хажуудаа тавьчихсан. Өөрөө архи уугаад сууж байсан. Тэгээд хаашаагаа явсан талаар мэдэхгүй байна. Настай хүн байсан" гэж надад хэлсэн. 32 инчийн "Тошиба" маркийн ЛСД зурагт нь шинэ зурагт байгаа юм. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдүүлж, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.М.Амартүвшингээс:-Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх ажил явуулдаг. Уг хэргийг ч гэсэн гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээ мэдээллийн дагуу илрүүлсэн байгаа. Яллагдагч Я.Түвшинжаргалаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих 0461 дүгээр анги дээр очиж тайлбар авахад надад 20 орчим хэрэг үйлдэл ярьсан бөгөөд түүний дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 15,16 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн иргэн Мөнхжаргал, Лхагвасүрэн нарын гэрт хулгай орсон гэх хэргүүд нь нотлогдсон бөгөөд бусад 18 үйлдэл нь шалгахад тогтоогдохгүй худлаа ярьсан байсан гэжээ.

2.Р.Энхзоригтоос:-2012 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн гудамжинд Хайлаастад амьдарч байсан юм. Тэгээд 2012 оны 8 дугаар сарын сүүлээр байх, яг өдөр сарыг нь санахгүй байна. Яг үд дунд гэртээ цонхоороо хараад зогсож байтал нэг хар хувцастай намхандуу биетэй бордуу царайтай 20-25 орчим насны залуу нэлээд том зурагт дааж ядаад авч явж байхаар нь тухайн үед "Ганцаараа яасан том зурагт авч явдаг юм" гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд байж байтал маргааш нь цагдаагийн хүмүүс тэр хавиар яваад зурагт хулгайд алдсан хэрэг гарсан гэхээр нь би өөрийн үзсэн харсан зүйлээ л хэлж өгсөн юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Я.Түвшинжаргал нь 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух иргэн М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг маркийн 42 инчийн зурагт, нокиа 6300 загварын гар утас хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол, мөн сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух иргэн Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь

Я.Түвшинжаргалын яллагдагчаар мэдүүлсэн “Би 2012 оны 8 дугаар сарын 20-дын орчим Хайлаастад ганцаараа явж байгаад далангийн хойхно талд байдаг Жаргалантын 73-1149 тоот хашааны завсраар хартал байшинд нь хүн байхгүй, гаднаас нь цоож зүүгээд түгжчихсэн байхаар нь ороод цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод орж хавтгай дэлгэцтэй зурагт, Нокиа маркийн гар утас хоёрыг аваад гарсан. Зурагтаа Хархорин зах дээр 80.000 төгрөгөөр зараад, утсыг нь Тэмүүлэн гэдэг найздаа өгсөн. 2012 оны 8 дугаар сарын сүүлээр байх Хайлаастад явж байгаад дугуй засварын дээхнэ талд байх доороо гарааштай 2 давхар цагаан байшингийн шаттай хаалганых нь цоожийг нь эвдээд дотогш орж хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт авсан. Тэгээд Хархорин зах дээр 280.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг,

хохирогч М.Мөнхжаргалын “... манай гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгай орж "Самсунг" маркийн 42 инчийн Лед зурагт алдагдсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Л.Лхагвасүрэнгийн “... бид гэртээ орж иртэл гэрийн хойморт шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн "Тошиба" маркийн зурагт хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Амартүвшингийн “Уг хэргийг ч гэсэн гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээ мэдээллийн дагуу илрүүлсэн байгаа. Яллагдагч Я.Түвшинжаргалаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих 0461 дүгээр анги дээр очиж тайлбар авахад надад 20 орчим хэрэг үйлдэл ярьсан бөгөөд түүний дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 15,16 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн иргэн Мөнхжаргал, Лхагвасүрэн нарын гэрт хулгай орсон гэх хэргүүд нь нотлогдсон бөгөөд бусад 18 үйлдэл нь шалгахад тогтоогдохгүй худлаа ярьсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Энхзоригтын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон тэмдэглэл (1-р хавтас хх 120-121), хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хх 7, 11-12, 40-42), эд зүйлийн үнэлгээ (1-р хавтас хх 25, 61), шүүгдэгч урьд ял шийтгүүлж байсан талаарх шүүхийн тогтоолууд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийг хорих ялыг тэнсэж суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байх 5 жилийн дотор буюу 2012 оны 8 дугаар сард бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.  

Иймд шүүгдэгч Я.Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Я.Түвшинжаргал нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жил хорих ялаар шийтгүүлсний дараа түүний 2012 онд өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нь 2014 онд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба энэ удаа мөн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа боловч шүүх Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүхийн 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багтаах буюу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох журамтай тул Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3-т зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед буюу 2012 онд мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна“ гэж заасан тул ялтан Я.Түвшинжаргалд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг өршөөн хэлтрүүлэх, зарим ялаас өршөөн хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүхийн 1172 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэнийг тус тус өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар өршөөлд хамааруулаагүй болно.

Дээр заасан журмаар өршөөл үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэгтгэхдээ Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор нэгтгэсэн байдал болон уг тогтоолын дагуу ялтны биеэр ял эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Я.Түвшинжаргалын 2012 оны 8 дугаар сарын 19, 29-ний өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоол гарсны дараа шалгагдаж, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд энэ тогтоолоор оногдуулсан ялыг багтаах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгон ялтан Я.Түвшинжаргалын өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 02 жил 10 сар 05 хоногийн ялыг биеэр эдэлсэн тул уг хугацааг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар түүний биечлэн эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй. Харин мөн өдрөөр тасалбар болгон энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон нийт хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан шууд хохирлын 920.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Харин хохирогч М.Мөнхжаргалаас хаалганы үнэ болох 50.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэж байгаа боловч эвдрэлийн үнэлгээг нотолсон баримт хэрэгт байхгүй тул хангах боломжгүй байна.

Шүүгдэгч Я.Түвшинжаргал нь шүүх хуралдаан дээр 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлээд 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хорих газраас 1 жил 3 сар 19 хоногийн өмнө тэнсэн суллагдсан тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар дээрх булаалтын хэргийн ялгүй болох хугацанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгуулах, мөн Өршөөлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 2015 оны 4 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2012 оны 8 дугаар сард үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэх ёстой хэмээн маргаж байгаа боловч Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, нөгөө талаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Түвшинжаргалд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.10-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор ялтан Ядамсүрэнгийн Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас тус тус эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хассугай.

2.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан  Ядамсүрэнгийн Түвшинжаргалд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял дээр мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих ялаас үлдэх 6 жил, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас үлдэх 1 жил 6 сарыг тус тус багтааж, ялтан Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 (арван нэг) жил 6 (зургаа) сар хорих ялаар тогтоосугай.

3.Шүүгдэгч Ядамсүрэнгийн Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ялд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 100.000. төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ялаар тогтоож, түүний өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 02 жил 10 сар 05 хоногийн ялыг тооцож оруулан хасаж, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 (найм) жил 7 (долоо) сар 25 (хорин тав) хоног хорих ялаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон 542 (таван зуун дөчин хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалаас 920.000 төгрөг гаргуулан, хохирогч М.Мөнхжаргалд 740.000 төгрөг, Л.Лхагвасүрэнд 180.000 төгрөг тус тус олгосугай.

10.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БУЯННЭМЭХ

 

ШҮҮГЧИД                                                             С.БАТГЭРЭЛ

 

                                                                                               Б.ХАЛИУН