Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо Б.Доржийн гудамж 50/2-13 тоотод оршин суух Баяхай овогт Ганболдын Гантуяа /РД:АБ91123001/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, ТОСК-ий 16 тоотод оршин суух Сахлаг овогт Долгорсүрэнгийн Эрдэнэтуяа /РД:АЗ64081021/-д холбогдох

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд,

хариуцагч Д.Эрдэнэтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гантуяа нь:

шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаартай шүүхийн шийдвэрээр манай гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тогтоож гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хувааж надад 25 360 400 төгрөг олгогдсон.

Одоо сургуулиа төгссөн тодорхой ажил албанд ороогүй байгаа тул өөрт оногдсон 25 360 400 төгрөгийн эд хөрөнгийг авъя гэсэн саналыг ээжид хэлсэн. Ээж тийм их зүйл байхгүй одоо “Хануй-Инж” ХХК-нд Тариат сумын Мөрөн багт байрлах Бүргэдэй зоогийн газар байгаа өөр үндсэн хөрөнгө байхгүй үүнийг өгөхгүй, шаардлагатай бол шүүхээр нэхэмжилж ав гэсэн.

Иймээс надад оногдох 25 360 400 төгрөгийн хөрөнгөөс одоо үлдсэн байгаа 5 000 000 төгрөгөөр үнэлэгдэх “Хануй-Инж” ХХК-ийг олгож өгнө үү. Одоо нэгэнт байхгүй болсон 20 360 400 төгрөгийг нэхэмжилж авахаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь:

шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар 2013 онд охин өөрийн биеэр ирж ээждээ тавьсан юм гэсэн. Гэтэл ээж нь өгөхгүй гээд явуулсан байсан.

Өнөөдөр манай охин дундын өмчлөлийнхөө эрхийг эдлэе гээд хэлэхээр өгөхгүй байдаг. Би Г.Гантуяад холбогдох эд хөрөнгийг авах гээд байгаа зүйл байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр олгогдсон 20 000 000 төгрөгийг нь авахгүйгээр өөрийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө авна гэсэн шаардлага гаргасан. Мөнгө явуулдаг байсан гэж байна. Энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөнд орохгүй. Шилжүүлсэн мөнгө төгрөг нь тэр 20 000 000 төгрөгт оногдож байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийг өөрөө гаргаагүй намайг гаргасан гэж ойлгоод байгаа юм шиг байна. Үүнийг ингэж ойлгож болохгүй, нэхэмжлэлийг би гаргаагүй гэдгийг хэлмээр байна гэв.

 Хариуцагч Д.Эрдэнэтуяа нь:

шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаартай шүүхийн шийдвэрээр манай гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тэнцүү хувааж, хүү, охин бид гуравт 76 081 200 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулан авахаар нэхэмжлэх гаргуулсан.

Төв замын зүүн талд байрлах Бүргэдэй зоогийн 0,7 га газрыг тэтгэвэрт гарахаараа ажиллуулж хүүхэд ач зээгээ агаар салхинд гаргахаар авч үлдсэн. Энэ хоёр байшин дээврийн төмөргүй хар цаасалсан халаалт байхгүй олон жил манаачийн склад болгож байсан учраас ашиглах боломжгүй байсан. Миний бие нь өөрийн цалин бусад ажлын хөлсний мөнгө зээлээр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт /өндөр хүчдэл тохижилт, засвар үйлчилгээ/ хийж үйлчилгээний газар болгосон. Одоо нэг ажилтантай, сард 350 000 төгрөгийн цалин өгдөг. Энэ газар одоохондоо орлого муутай учраас зарлагаа нөхөж чадахгүй байгаа.

Энэ 10 жилийн хугацаанд би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй өөрийн гэсэн орон байргүй өөртөө нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, хүүхдүүдээ гэсэн эхийн сэтгэлээр хандаж явсны үр дүнд хүүхдүүддээ насанд хүргэж, боловсрол эзэмшүүлэн суралцуулж одоо нэг жаргах цаг нь ирсэн гэж бодож явтал эцэг В.Ганболд нь охиныгоо аавдаа “Хануй-Инж” ХХК-ийн газрыг авч өг эсвэл ээжээсээ оногдсон хөрөнгөө авна гэж гарын үсэг зурж өг, би чиний өмнөөс шүүхэд өгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно. Чамайг шүүх хуралд оролцуулахгүй аав нь гарын үсэг зурвал Америк явахад барьцаа хөрөнгийг чинь баталгаатай гаргаж өгнө, хэрэв зөвшөөрөхгүй бол насан туршдаа чамайг харж хандахгүй гэж ятган охиныгоо дарамтлан гарын үсэг зуруулсан байна.

Д.Эрдэнэтуяа миний бие 2006-2016 оны 10 жилийн хугацаанд охин Гантуяад түүний нэхэмжлэлд байгаа хорин сая төгрөг байтугай түүнийг хэд дахин нугалсан мөнгө зарцуулсан. 2002 онд миний бие “Хануй сан” ББСБ-ын захирлаар ажиллаж байсан. Энэ үед сургуульд суралцаж байхад “Хануй-Инж” ХХК-ий захирлаар намайг томилон өөрөө хууль бусаар “Хануй сан” ББСБ-ын захирал болж улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчлөн дансны мөнгийг алга болгосон.

“Хануй-Инж” ХХК-ийг би өөр хүнд 2013 онд шилжүүлсэн тул өгөх боломжгүй. 2011-2015 хооронд шүүхээр шийдвэрлүүлж В.Ганболдын өмч биш нь тогтоогдсон.

“Хануй-Инж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Д.Батсүх гэдэг хүн байгаа. Одоо надад уг компани ямар ч хамаагүй. Компанийг 5 000 000 төгрөгөөр үнэлэсэн зүйл байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гантуяа нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

                        Хариуцагч нь нэхэмжилж буй “Хануй Инж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаарх, 128 дугаар зүйлд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх, мөн хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаарх зохицуулалтуудыг тус тус хуульчилж өгсөн байдаг. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар В.Ганболдоос нийт 76 081 200 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан Д.Эрдэнэтуяад олгосон. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Эрдэнэтуяа, Г.Эрдэнэбаатар, Г.Гантуяа нарт тус бүрт 25 360 400 төгрөгийн эд хөрөнгийг ногдуулж, нийт 76 081 200 төгрөгийн эд хөрөнгийг В.Ганболдоос гаргуулан Д.Эрдэнэтуяад олгож байгаа болохоо тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлахдаа Г.Эрдэнэбаатар, Г.Гантуяа нарт ногдох гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг эх Д.Эрдэнэтуяад бүхэлд нь олгосон байна. Энэ нь нэхэмжлэгчийн хариуцагчаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэсэн болохыг харуулж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах, 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлох эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Г.Гантуяа нь хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хануй инж” ХХК-ийг гаргуулан авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлд дурдагдсаны дагуу 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хануй инж” ХХК-ийг гаргуулан авах болохыг мөн тодорхойлон тайлбарласан.

            Харин Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг гишүүдэд хуваахдаа

В.Ганболд, Д.Эрдэнэтуяа нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 8 300 000 төгрөгийн Цэнгэг сууц өмчлөгчдийн холбооны байр, 22 871 600 төгрөгийн “Чулуут тур” аялал жуулчлалын бааз, Бүргэдэй зоогийн газар, 5 000 000 төгрөгийн суудлын автомашин, 4 000 000 төгрөгийн Пажеро суудлын авто машин, 2 500 000 төгрөгийн УАЗ-469 суудлын машин, 300 000 төгрөгийн 3 дугуйтай шаахай /мотоцикль/, 1 000 000 төгрөгийн Делл компьютер, 285 000 төгрөгийн принтер, 550 000 төгрөгийн сервант, 130 000 төгрөгийн бичгийн ширээ, 120 000 төгрөгийн бичгийн ширээ, 100 000 төгрөгийн бичгийн ширээ, 90 000 төгрөгийн сейф, 250 000 төгрөгийн хүндрүүлэгчтэй сейф, 50 000 төгрөгийн сейф, 40 000 сейф, 30 000 төгрөгийн номын шкаф, 25 000 төгрөгийн компьютерийн тавиур, 100 000 төгрөгийн хувцасны өлгүүр зэрэг 145 511 600 төгрөгийн хөрөнгийг бий болгосон гэж үзэн үүнээс зохих өр төлбөрийг хасч, зохигчийн саналыг харгалзан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тогтоож, гишүүдэд хуваасан байдаг.

            Хүчин төгөлдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаар бүхий дээрх шийдвэрээр “Хануй инж” ХХК-ийг холбогдох хөрөнгийн хамт хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, гишүүдэд хуваасан үйл баримт байхгүй байна.

            Нэгэнт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс гишүүдэд ногдох хэсгийг хуваасан шүүхийн шийдвэрээр “Хануй инж” ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг өөртөө хүлээж, хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд хадгалагдах болно.

 

            Өмнө дурдсанчлан Г.Гантуяагийн Д.Эрдэнэтуяагаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрх нээлттэй хэдий боловч “Хануй инж” ХХК нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж буй цаг хугацаанд Д.Эрдэнэтуяад байгаа болохыг нэхэмжлэгч талаас нотолж чадаагүй.

Компанийн тухай хуулийн:

3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ,

5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй,

14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт компани үүсгэн байгуулах хурлаар компанийн дүрэм, зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнийг хэлэлцэж шийдвэрлэнэ,

16 дугаар зүйлийн 16.2.2-т компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд заавал тусгана,

59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ,

62 дугаар зүйлийн 62.1-д компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах, компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох, хувьцааг хуваах буюу нэгтгэх, хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ гэж тус тус заажээ.

Тодруулбал компанийг бодитоор эзэмшиж, эрх барих дээд байгууллагын эрхийг хэрэгжүүлэгч нь компанийн хувьцаа эзэмшигч болохыг хуульд зааж өгсөн. Хувьцаа эзэмшигчийн энэ эрх нь компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлд үндэслэдэг болно.

Нэхэмжлэлийн зүйл болох “Хануй инж” ХХК-ийг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд компанийн дүрэм, улсын бүртгэлд бүртгэлд зайлшгүй үндэслэх нь Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудаар тавигдаж байгаа шаардлага юм. Холбогдуулан авч үзвэл “Хануй инж” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, компанийн дүрмийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох “Хануй инж” ХХК-ийн хувьцааг хэн эзэмшиж байгаа, тус компани нь ямар үнэлгээ бүхий хөрөнгө, дүрмийн сантай болохыг тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн “Хануй инж” ХХК-ийг 5 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч “Хануй инж” ХХК-ийн эргэлтийн болон үндсэн хөрөнгийг үнэлүүлж, тодорхойлсон нотлох баримт хэрэгт байхгүй болно. Мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр “Чулуут тур” аялал жуулчлалын бааз, “Бүргэдэй” зоогийн газрыг 22 871 600 төгрөгөөр үнэлсэн, үүнээс “Бүргэдэй” зоогийн газар нь 5 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр “Хануй инж” ХХК болж байгаа юм гэсэн тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзвэл  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр “Чулуут тур” аялал жуулчлалын бааз, “Бүргэдэй” зоогийн газрыг 22 871 600 төгрөгөөр үнэлж дүгнэлт өгсөн боловч дээрх үнийн дүнгээс “Чулуут тур” аялал жуулчлалын бааз нь хэдэн төгрөгөөр, “Бүргэдэй” зоогийн газар нь хэдэн төгрөгөөр тус тус үнэлэгдэж байгаа болохыг тодорхойлоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь 2016 оны 5-р сарын 26-ны өдөр тус шүүхэд Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас “Хануй-Инж” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, Д.Эрдэнэтуяагийн нэр дээр болон “Хануй-Инж” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргасныг 2016 оны 6-р сарын 3-ны өдрийн 1069 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн гаргасан хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болно. Хэргийн нөхцөл байдал, маргааны онцлог, мэтгэлцээний байр сууриас хамааран гаргасан хүсэлтээ дэмжих, хүсэлтээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчийн эрхийн асуудал, маргаан шийдвэрлэх зарчимд хамаарч байна.

Хариуцагчийн зүгээс гаргасан н.Буяндэлгэр, н.Эрдэнэдэлгэр нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр В.Ганболдыг оролцуулахаас татгалзах тухай талаар гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

  

                        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Д.Эрдэнэтуяагаас 5 000 000 төгрөгийн хөрөнгө бүхий “Хануй Инж” ХХК-ийг гаргуулан авахаар гаргасан Г.Гантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ