Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдох

 

 “Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгээ гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, хариуцагч Д.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                          

Нэхэмжлэгч Г.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаартай шүүхийн шийдвэрээр манай гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тогтоож гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хувааж надад 25 360 400 төгрөг олгогдсон. Одоо сургуулиа төгссөн тодорхой ажил албанд ороогүй байгаа тул өөрт оногдсон 25 360 400 төгрөгийн эд хөрөнгийг авъя гэсэн саналыг ээжид хэлсэн. Ээж тийм их зүйл байхгүй одоо “Хануй-Инж” ХХК-нд Тариат сумын Мөрөн багт байрлах Бүргэдэй зоогийн газар байгаа өөр үндсэн хөрөнгө байхгүй үүнийг өгөхгүй, шаардлагатай бол шүүхээр нэхэмжилж ав гэсэн. Иймээс надад оногдох 25 360 400 төгрөгийн хөрөнгөөс одоо үлдсэн байгаа 5 000 000 төгрөгөөр үнэлэгдэх “Хануй-Инж” ХХК-ийг олгож өгнө үү. Одоо нэгэнт байхгүй болсон 20 360 400 төгрөгийг нэхэмжилж авахаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар 2013 онд охин өөрийн биеэр ирж ээждээ тавьсан юм гэсэн. Гэтэл ээж нь өгөхгүй гээд явуулсан байсан. Өнөөдөр манай охин дундын өмчлөлийнхөө эрхийг эдлэе гээд хэлэхээр өгөхгүй байдаг. Би Г.Гантуяад холбогдох эд хөрөнгийг авах гээд байгаа зүйл байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр олгогдсон 20 000 000 төгрөгийг нь авахгүйгээр өөрийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө авна гэсэн шаардлага гаргасан. Мөнгө явуулдаг байсан гэж байна. Энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөнд орохгүй. Шилжүүлсэн мөнгө төгрөг нь тэр 20 000 000 төгрөгт оногдож байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийг өөрөө гаргаагүй намайг гаргасан гэж ойлгоод байгаа юм шиг байна. Үүнийг ингэж ойлгож болохгүй, нэхэмжлэлийг би гаргаагүй гэдгийг хэлмээр байна гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаартай шүүхийн шийдвэрээр манай гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тэнцүү хувааж, хүү, охин бид гуравт 76 081 200 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулан авахаар нэхэмжлэх гаргуулсан. Төв замын зүүн талд байрлах Бүргэдэй зоогийн 0,7 га газрыг тэтгэвэрт гарахаараа ажиллуулж хүүхэд ач зээгээ агаар салхинд гаргахаар авч үлдсэн. Энэ хоёр байшин дээврийн төмөргүй хар цаасалсан халаалт байхгүй олон жил манаачийн склад болгож байсан учраас ашиглах боломжгүй байсан. Миний бие нь өөрийн цалин бусад ажлын хөлсний мөнгө зээлээр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт /өндөр хүчдэл тохижилт, засвар үйлчилгээ/ хийж үйлчилгээний газар болгосон. Одоо нэг ажилтантай, сард 350 000 төгрөгийн цалин өгдөг. Энэ газар одоохондоо орлого муутай учраас зарлагаа нөхөж чадахгүй байгаа. Энэ 10 жилийн хугацаанд би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй өөрийн гэсэн орон байргүй өөртөө нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, хүүхдүүдээ гэсэн эхийн сэтгэлээр хандаж явсны үр дүнд хүүхдүүддээ насанд хүргэж, боловсрол эзэмшүүлэн суралцуулж одоо нэг жаргах цаг нь ирсэн гэж бодож явтал эцэг В.Ганболд нь охиныгоо аавдаа “Хануй-Инж” ХХК-ийн газрыг авч өг эсвэл ээжээсээ оногдсон хөрөнгөө авна гэж гарын үсэг зурж өг, би чиний өмнөөс шүүхэд өгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно. Чамайг шүүх хуралд оролцуулахгүй аав нь гарын үсэг зурвал Америк явахад барьцаа хөрөнгийг чинь баталгаатай гаргаж өгнө, хэрэв зөвшөөрөхгүй бол насан туршдаа чамайг харж хандахгүй гэж ятган охиныгоо дарамтлан гарын үсэг зуруулсан байна. Д.Эрдэнэтуяа миний бие 2006-2016 оны 10 жилийн хугацаанд охин Гантуяад түүний нэхэмжлэлд байгаа хорин сая төгрөг байтугай түүнийг хэд дахин нугалсан мөнгө зарцуулсан. 2002 онд миний бие “Хануй сан” ББСБ-ын захирлаар ажиллаж байсан. Энэ үед сургуульд суралцаж байхад “Хануй-Инж” ХХК-ий захирлаар намайг томилон өөрөө хууль бусаар “Хануй сан” ББСБ-ын захирал болж улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчлөн дансны мөнгийг алга болгосон. “Хануй-Инж” ХХК-ийг би өөр хүнд 2013 онд шилжүүлсэн тул өгөх боломжгүй. 2011-2015 хооронд шүүхээр шийдвэрлүүлж В.Ганболдын өмч биш нь тогтоогдсон. “Хануй-Инж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Д.Батсүх гэдэг хүн байгаа. Одоо надад уг компани ямар ч хамаагүй. Компанийг 5 000 000 төгрөгөөр үнэлэсэн зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Д.Эрдэнэтуяагаас 5 000 000 төгрөгийн хөрөнгө бүхий “Хануй Инж” ХХК-ийг гаргуулан авахаар гаргасан Г.Гантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд давж заалдах гомдолдоо:

Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн 330 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдаж байна. Шүүх нь ИХШХШТухай хуулийн 38-р зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэптийг хангаж тус хэргийг шийдвэрлэхэд голлох үүрэг бүхий нотлох баримт гаргуулах 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 1069 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан боловч түүүнийгээ хангаагүй шүүх хурлыг зарлаж хуралдсан нь ИХШХШТухай хуулийн 76-р зүйлийн 76.1.1-д заасныг зөрчиж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй. Уг шийдвэрээр нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө хууль ёсөөр өмчлөн захиран зарцуулах эрхийг хязгаарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосноор дахин шүүхэд хандах эрхгүй болгож Монгол улсын үндсэн хууль .Иргэний хууль.ИХШХШТухай хууль болон шүүхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д заасны дагуу Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иимээс ИХШХШТухай хуулийн 168-р зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тус хуулийн 168-р зүйлийн 168.3-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч би биечлэн хүсэлтэй байна гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэтуяад холбогдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй.” бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг захирамж гарган томилоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.” гэснийг зөрчжээ. Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг хэн, ямар хугацаагаар түр орлон гүйцэтгэх тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч Ч.Жаргалан шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж гаргасан байна. Хуульд заасан журмаар томилогдоогүй шүүгч, ерөнхий шүүгчийн эрх үүргийг шилжүүлж аваагүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-д зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

            Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Эрдэнэтуяа гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон тухай захирамж гаргасан гэх боловч энэ тухай баримт /захирамж/ хэрэгт авагдаагүй.

            Зохигчид хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй ч шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалттай цугларсан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай болсон гэж ойлгоно. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг 2016 оны 05 дугаар сарын 27-нд хүлээн аваад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэн 2016 оны 05 дугаар сарын 30-нд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, талууд шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт бүрдүүлэх, эсрэг талын шаардлагад хариу тайлбар өгөх хангалттай хугацаа өгөлгүй,  мэтгэлцэх  боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд 2016 оны 05 дугаар сарын 26-нд “Хануй-Инж” ХХК-ны аж ахуйн нэгжийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, хариуцагч Д.Эрдэнэтуяагийн болон “Хануй-Инж” ХХК-ны нэр дээрх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн лавлагааг бүртгэлийн албанаас гаргуулах хүсэлт гаргажээ /хх-14/. Шүүх хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлээгүй байж, 2016 оны 05 дугаар сарын 30-нд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, хурал товлосны дараа хүсэлтийг хангах тухай захирамж гарган, захирамжийн нэг хувийг 06 дугаар сарын 06-нд Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлж, хариу ирээгүй байхад нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн бол хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр  буцаах үндэслэл болдог тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболдын “шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх залруулах, шийдвэрт өөрчлөлт оруулах, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболдын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 ,168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанд бэлтгэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

           2. Нэхэмжлэгч Г.Гантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                       Г.АДЪЯАТОГТОХ