Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 015

 

Алдияр хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэртэй, Алдияр хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Ители овогт Хумарын Өкейханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Минта, хариуцагч Х.Өкейхан, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн хүүгийн төлбөр 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг, бүгд 1337112 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Х.Өкейхан нь манай хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3060000 төгрөгийн зээл авсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаар эвлэрлийн гэрээгээр үндсэн зээлийг төлөхөөр тохирсон ба үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг, бүгд 1337112 төгрөгийг өр зээлтэй байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн шүүхийн журмаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийн гэрээний 2.1-ийг үндэслэн үндсэн хүү, 2.5-ыг үндэслэн нэмэгдүүлсэн хүү тооцсон болно. гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2000 оны эхээр Алдияр Хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд байсан ЗИЛ-130 машиныг 3000000 төгрөгөөр худалдаж авсан тул миний нэр дээр 3000000 төгрөгийн зээл үүссэн. Үндсэн зээлийг 10 гаруй жилийн хугацаанд цувуулан төлж дуусгасан гэж ойлгож байгаа. Би үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь үндсэн зээлийг бүрэн төлсөн бөгөөд зээлийг хүүг зогсоож өг гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Өкейханаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 1337112 төгрөгийг гаргуулан Алдияр хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Би 2000 оны эхээр Алдияр хоршоонд барьцаанд байсан ЗИЛ-130 машиныг 3000000 төгрөгөөр худалдаж авсан тул миний нэр дээр 3000000 төгрөгийн зээл үүссэн. Үндсэн зээлийг 10 гаруй жилийн хугацаанд цувуулан төлж дуусгасан. Би үндсэн зээлийг бүрэн төлсөн бөгөөд зээлийн хүүг зогсоож өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. 2007-2015 он хүртэлх хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүү гэж 10.0 орчим сая төгрөг төлсөн. Нэхэмжлэгч санхүүгийн баримтуудыг шүүхэд санаатайгаар гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Үүнд:

 

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 686 дугаар шүүгчийн захирамжаар Алдияр хадгаламж зээлийн хоршооны санхүүгээс зээлдэгч Х.Өкейханы 2007 оноос 2015 он хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүд сар бүр төлж байсан төлбөрийг санхүүгийн орлогын баримтуудыг үндэслэн жагсаалтаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч уг шүүгчийн захирамжийг бүрэн биелүүлээгүй байна.

Алдияр хадгаламж зээлийн хоршооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 34 дүгээр албан бичгээс үзвэл, урьд авсан зээл гэрээ ёсоор бүрэн төлөгдсөн учраас дуусгавар болсон зээлийг нэхэмжлээгүй гэж үзэн, Х.Өкейханы үндсэн зээл, зээлийн хүүд төлсөн мөнгөний тооцоог 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жагсаалтаар гаргаж өгчээ. Ийнхүү, хариуцагч талын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т заасан хариуцагчийн эрх хангагдаагүй, шүүх аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах журам зөрчигдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөрт 1114260 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагын үндэслэлийг шүүхээс тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн (хэргийн 6-7 дугаар тал) зээлдэгч Х.Өкейханы үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг харуулсан хүснэгт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна тухайн баримтыг талуудаас гаргаж өгсөн кассын орлогын баримтуудтай (хэргийн 38-62, 68-73 дугаар тал) харьцуулан судалж, дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлдэгч Х.Өкейханы зээлийн буцаан төлөлтийн график (зээлийн гүйлгээ хийх шийдвэр гэх) авагдсан боловч зээлдэгч хэзээнээс үүргээ зөрчсөн эсэх, үндсэн зээл болон зээлийн хүүд хэдэн удаа ямар хэмжээний мөнгөн төлбөр төлсөн нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар маргаж байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтооход хангалтгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөрт 1114260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг, нийт 1337112 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага бүрт нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж, дүгнээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Х.Өкейханд буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Х.Өкейханд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК