Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 316

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар байрлах, Алдияр Хадгаламж зээлийн хоршоо нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Ители овогт Хумарын Өкейханд холбогдох дахин шийдвэрлэх иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага; Зээлийн хүүгийн төлбөр 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг бүгд 1337112 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Алдияр Хадгаламж зээлийн хоршооны захирал Х.Минта шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Иргэн Хумарын Өкейхан нь манай хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3060000 төгрөгийн зээл авсан юм. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 442 тоот эвлэрлийн гэрээгээр үндсэн зээлийг төлөхөөр тохирсон ба үлдсэн зээлийн хүүгийн төлбөр 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг бүгд 1337112 төгрөгийн өр зээлтэй байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн шүүхийн журмаар төлүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Бид хадгаламжид байнга хүү тооцож олгодог учраас зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх ямар ч боломжгүй.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зааснаар "Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэсний дагуу зээлийн гэрээний 2.1-ийг үндэслэн хүү, 2.5-ийг үндэслэн нэмэгдүүлсэн хүү тооцсон болно гэжээ.

 

Хариуцагч Х.Өкейхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2000 оны эхээр Алдияр Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан, борлогдоогүй байгаа 37-64 улсын дугаартай, ЗИЛ-130 маркийн хуучин автомашиныг 3000000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан юм. Ингээд би Алдияр Хадгаламж зээлийн хоршооноос автомашин худалдаж авсан тул миний нэр дээр 3000000 төгрөгийн зээл үүсгэсэн юм. Ингээд би үндсэн зээлийг 10 гаруй жил цувуулж төлж одоо тооцоо дууссан байх ёстой гэж үзэж байна. Алдияр Хадгаламж зээлийн хоршооны санхүүгээс үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг нийт 1337112 төгрөгийг би төлөхгүй гэж үзэж байна.

Учир нь би урьд үндсэн зээлийг бүрэн төлсөн ба харин зээлийн хүүг зогсоож өг гэж Алдияр Хадгаламж зээлийн хоршооны удирдлага санхүүд олон удаа хэлж байсан ба өнгөрсөн 10 гаруй жилд маш их хэмжээний зээлийг тус хадгаламж зээлийн хоршоонд төлсөн юм. Иймд Алдияр Хадгаламж зээлийн хоршооноос үндсэн зээлийн хүүгийн 1114260 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон нэмэгдүүлсэн хүү 222852 төгрөг нийт 1337112 төгрөгийг нэхэмжилсэн асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Алдияр Хадгаламж зээлийн хоршооны захирал Х.Минта шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Алдияр ХЗХ-ны зээлдэгч Х.Өкейханд холбоотой 1337112 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 668556 төгрөгийг иргэн Х.Өкейханаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Х.Өкейхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Алдияр Хадгаламж зээлийн хоршооны надаас нэхэмжилсэн 668556 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Алдияр Хадгаламж зээлийн хоршоо нэхэмжлэлтэй, Х.Өкейханд холбогдох зээлийн төлбөр 1337112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлосон боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч Алдияр ХЗХ-ны захирал Х.Минта нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч Х.Өкейханаас 668556 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хариуцагч Х.Өкейхан нь нэхэмжлэгч Алдияр ХЗХ-ны нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 668556 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа бичгээр ирүүлсэн тул энэ хэргийн хариуцагч Х.Өкейхан нь нэхэмжлэгч Алдияр ХЗХ-нд 668556 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Алдияр ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36350 төгрөгийн тал нь болох 18175 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 0000100020000941 дугаартай данснаас 18175 төгрөг, мөн хариуцагч Х.Өкейханаас 18175 төгрөг гаргуулан Алдияр ХЗХ-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Х.Өкейхан нь нэхэмжлэгч Алдияр ХЗХ-нд 668556 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Алдияр ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36350 төгрөгийн тал нь болох 18175 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 18175 төгрөг, мөн хариуцагч Х.Өкейханаас 18175 төгрөг гаргуулан Алдияр ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Өкейхан нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК