Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00033

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Л.Н-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Батдорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунням, Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч С.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 1838007900429 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.М-, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ЕБС-д бага ангийн багш ажилтай, ам бүл 4, аав, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ----- тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн - дугаартай.

Шүүгдэгч С.М- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын ----- тоотод хохирогч Л.Н-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би хүү Жавзандамбыгаа сургуулиас нь аваад хүүхэддээ зайрмаг авч өгөх зорилгоор гэрийнхээ хажуу талын дэлгүүрт ороод С.М-тай таарсан. ... тэгэхэд хүү маань “аав яагаад намайг өвдчихөөд байх чинь өвдөөгүй гээд байгаа юм бэ, аав ерөөсөө надтай ярихгүй юм, аав хотод С.М- эгчийн хоёр хүүхэд дээр л байгаа юм биш үү” гээд уйлсан. Тэр үед би хүүгээ уйлахаар нь өөрийн эрхгүй дотор бачуураад тэр хүүхний гэрт явж очсон. Намайг очиход тэр хүүхэн гэрээ дотроосоо цоожилчихсон байсан, би хаалгыг нь тогшиход өөрөө надад хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэр лүү нь явж ороод түүнтэй уулзаад “чи яах гээд миний хүүхдийг зовоогоод байгаа юм бэ, би чамтай дэлгүүрт юу ч яриагүй биз дээ” гэж хэлэхэд “пизда минь чам шиг яажийсан хөгшин авгай зайл, банзал, янхан, гичий минь” гэж хэлснээ намайг шууд заамдаж аваад хувцсаар маань хоолойг боогоод хойш нь унагаасан. Би унахдаа хатуу юм мөргөж унасан. Намхан мөлхөө тавилганы булан л мөргөж унах шиг болсон. С.М- нь намайг хойш нь дарж унагаачихаад хөл, гар луу өшиглөөд цохиод байсан, нэлээд олон удаа цохисон. Тэгээд намайг зодож байхдаа “чам шиг муу хөгшин авгайг яасан ч яадаг юм, нөхрийг чинь аваад суучихсан байхад яадаг юм, би цагдаа шүүхээр өчнөөн олон танилтай, чамайг аймгийн төвөөр хэн ч биш болгоно” гэж заналхийлж байсан. Би тухайн үед түүнээс “намайг тавьчих л даа” гэж зөндөө гуйсан боловч дээрээс том биеэрээ дарчхаад босохгүй байсан. Надад бол хөдлөх ч бололцоо гараагүй. “Чи намайг тавь л даа, би яг үхлээ шүү дээ, чи намайг яасан гээд ингээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи намайг нөхөртэй чинь банзалдахыг харсан юм уу, зураг байгаа юм уу, нөхөртэй чинь унтаж хэвтэхийг харсан юм уу, хүн гүтгэх хуультай байдаг юм, чамайг шоронгийн хадаас болгоно, яйжийсан авгай минь, цагдаа дуудаж чамайг баривчлуулна ” гэж хэлж байгаад миний дээрээс боссон... Тэгээд удаагүй байж байхад гаднаас дуудлагын хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэхэд би дээгүүрээ левчиктэйгээ, уранхай цамцаа энгэртээ бариад л зогсож байсан. Би цагдаа нар ирсний дараа “С.М-аа чи өөрөө хүн зодчихоод яагаад цагдаа дуудчихсан юм бэ” гэж хэлэхэд “наадах чинь өөрөө цамцаа урсан, өөрийгөө ийм болгосон, энэ согтуу авгайг аваад яв” гэж хэлж байсан. Би тухайн үед С.М-д “цагдаа, шүүхээс ичиж байна, та хоёрын бөгс бөөрний асуудлаас болж хүүхдүүдээ эвгүй байдалд оруулмааргүй байна, би явлаа” гэж хэлэхэд С.М- нь “наад хүүхнээ аваад яв” гэж хэлж байсан... Миний толгой мөнхийн өвдөж байгаа, зүүн хөлний өвдөг маань гишгэж явахаар үендээ зовиурлаад өвдөөд байгаа. Мөн энэ асуудал болсноос хойш толгой байнгын дүүрч нойронд муу болсон. Гомдол гэж байдаг бол үнэхээр их гомдолтой байна. Биеэ эмчлүүлж эрүүл болгож авмаар байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...Дуудлагаар ирсэн цагдаа нар намайг цагдаа дээр авчраад согтуу үгүйг маань шалгаж үзсэн…” гэх мэдүүлэг / хх-ийн 12-17-р тал /,

Гэрч Р.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед шөнө /одоо яг цагийг нь сайн санахгүй байна/ Мөрөн сумын ----- тоотод “согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага ирсэн ... Даваадорж бид хоёрыг уг дуудлаган дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусч байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Тухайн хоёр эмэгтэйгээс хэсгийн байцаагч Даваадорж “яасан, юу болсон” талаар асуухад нэг эмэгтэй нь “энэ эмэгтэй намайг нөхөртэйгээ хардаад гэрт маань ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэж ярьж байсан. Хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйгийн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Дуудлагаар очиход тухайн хоёр эмэгтэй “би ч зодуулсан” “би ч зодуулсан” гээд гэж ярьж байсан. Яг хэн нь хэндээ зодуулсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан. ...байшин дотор ороход дотор нь ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл ажиглагдаагүй. ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 18-19-р тал/,

  Гэрч Ю.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 1994 онд Л.Н-тай танилцан үерхэн нөхөрлөж байгаад 1996 оноос эхлэн гэр бүл болж тусдаа амьдрах болсон...Гэхдээ би одоо эхнэрээсээ салах гээд шүүхэд өргөдөл өгсөн байгаа учир тусдаа амьдарч байгаа... Би С.М-тай 2015 онд байшинг нь барьж өгч байгаад танилцаж байсан. Танилцсанаас хойш мессежээр харилцаж байгаад сүүлдээ уулзаж учрах болсон. Ингээд С.М-тай уулзаж учирдаг болсон байхад эхнэр маань Солонгос улс руу ажил хийхээр явсан. Түүнийг явсан хойгуур С.М-тай улам дотносож  хааяа, хааяа уулзах болсон. Одоо бол С.М-тай хайр сэтгэлийн холбоотой:::Би С.М-ыг “ханиа” гэж дууддаг. Харин С.М- намайг “хайраа” гэж дууддаг. Би эхнэрээсээ салаад ер нь С.М-тай сууна гэж бодож байгаа. Л.Н- надтай их дээрэнгүй харьцдаг., эр нөхрийн хувиар хүндэлдэггүй байсан. Үүнээс болоод миний сэтгэл их хөндийрч байсан...Тэгээд нэлээд  сүүлд холбогдоход “эхнэр чинь шөнө гэрт ирж түйвээгээд намайг зодчихоод зурагтыг минь эвдэлчихээд явлаа” гэж хэлж байсан. Би энэ хоёрыг юунаас болж маргалдаж муудалцсан болохыг нарийн сайн мэдэхгүй байна... Нэг нь миний гурван хүүхдийн ээж, нэг нь миний хайртай бүсгүй учраас би хэн нэгнийх нь талд ормооргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Б.Сэнгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С.М-, Л.Н- хоёрыг маргалдсан талаар хүмүүсийн ам дамжсан ярианаас сонссон. Хүмүүсийн амнаас сураг сонсоход С.М-ыг л “Л.Н-ын нөхөртэй яваад байгаа” гэж дуулдах юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “С.М- нь миний төрсөн ах Самбуухүүгийн төрсөн охин байгаа юм...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Манай гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэр орилж байсан хүүхэн нь С.М-ыг “янхан, банзал, гичий”-гээр нь дуудаад байсан. Тухайн үед миний даралт ихсээд С.М-ыг “цагдаа дуудаарай, наад хүүхнээ аваад гараарай” гэж хэлсэн. Тэгж байхад С.М- тэр хүүхнийг аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би яг өдрийг нь сайн санахгүй байнаа. Аав, ээж, охиныхоо хамтаар орой гэртээ амрах гээд байж байхад гэнэт гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирсэн. Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгээ орж ирсэн. Тэр эмэгтэйг орж ирээд удаагүй байж байхад гаднаас С.М- орж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь С.М-ыг “янхан, гичий, банзал, дээгүүр, доогуураа худалдаж иддэг” гээд орилоод байсан. Би тэр үед “тэр эмэгтэйг тайвшруулж та энэ асуудлаа гэр оронд ороод ярьж учраа ол”  гэж хэлсэн. ... Тэгээд байж байхад гаднаас миний төрсөн эгч Золзаяа орж ирсэн. Эгч орж ирэнгүүтээ “та юун хүн бэ, ээж маань даралт ихтэй, тийм учраас асуудлаа өөрсдийнхөө гэр орон руу орж шийдээрэй” гэж хэлээд гаргасан. Манай гэрт бол ямар нэгэн маргаан, зодоон цохион болоогүй. Эгч маань орж ирээд ерөөсөө тэр эмэгтэйн биед гар хүрээгүй. Манай эгч “пизда” гэж хэлэхээр соёлгүй хүн биш. Угаасаа манай гэрт тийм хүмүүжилтэй хүн байхгүй...“ гэх мэдүүлэг/ хх-ийн 30-31-р тал /,

Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа, /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ажлаа тарчихаад орой 22 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хашаан дотор С.М- зогсож байсан. Тэгээд гэрлүүгээ яваад ороход нэг танихгүй эмэгтэй манай гэрт орилж хашгираад уйлаад сууж байсан. Тэр эмэгтэй дээгүүрээ лэвчиктэй, доогуураа өмдтэйгээ хөлдөө оймстойгоо байсан. Тэр эмэгтэй манай гэрт есөн шидээр хараал урсгаад байсан...Би тэр эмэгтэйг манай гэрт орилж хашхираад байхаар нь “одоо манай гэрээс гар миний ээж даралт муутай” гэж хэлсэн. ..Би тухайн үед тэр эмэгтэйг галзуу эмэгтэй юм байх л гэж бодсон..Тэр эмэгтэй гараад С.М-ын гэр лүү орсон байх. Үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Алдаршийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдрийн орой  би ээж болон дүүгийнхээ хамтаар гэртээ унтаж амарсан. Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг минь нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа, манай зурагтыг гараараа цохьчихоод гараад явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаартай: “ Л.Н-ын биед баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. Л.Н-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шнжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай нэмэлт: Хохирогч Л.Н-ын биед нэмэлтээр тархины дагзны дэлбэнд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байжээ.Л.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас бүрэн хамаарна. ...гэх дүгнэлт / хх-ийн 43-р тал/

Шүүгдэгч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 03-04-ний өдөр шилжих шөнө 2 хүүхдийнхээ хамтаар Мөрөн сумын ----- тоотод байрлах өөрийн гэртээ амарч байхад шөнийн 01 цагийн үед байшингийн хаалга нүдэхээр нь аав юм байх гэж бодоод байшингийнхаа үүдийг онгойлгож өгсөн. Тэгэхэд аав биш өөр танихгүй эмэгтэй байсан. Тэр эмэгтэй /Л.Н-/ намайг хаалга онгойлгоход шууд намайг “янхан гичий минь, би чамайг алчихсан ч чадна” гэж хэлээд миний толгойноос үсдээд тамборын өрөөнөөс гэрлүү оруулсан. Гэрлүү оруулангуутаа үсдсэн хэвээрээ гэрийн хоймор луу чирсэн. Чирж байхдаа намайг “Булган аймгаас нөхрийнхөө толгойг залгиж, хоёр шээсээ дагуулж ирсэн” гэж доромжилж байсан. Тэгж доромжилж байхдаа би чамайг аль ч талаараа чадна гэж хэлээд урагш нь дугтарч унагаачихаад намайг тавиад хоёр хүүхэд рүү маань гүйсэн. Би түүнийг хоёр хүүхэд рүү маань гүйгээд очихоор нь хоёр хүүхдээ хамгаалах зорилгоор очсон...  Би түүнийг тэгж авирлаж байхад нь цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн...Би энэ хүнийг огт танихгүй. Тухайн хэрэг болдог шөнө л манай гэрт ирэх үед нь царайг нь харж байсан. Л.Н- нь 2018 оны 6 дугаар сараас эхлээд над руу элдэв янзын үгтэй мессеж бичих болсон...Би тухайн үед түүнийг мессеж бичээд байхаар нь “би нөхөртэй чинь ямар ч холбоо байхгүй” гэдгээ хэлдэг байсан...Би түүний биед огт гар хүрээгүй...Би түүний нөхөр Доржпүрэвтэй уулзаж учирдаг байсан нь үнэн. Доржпүрэв нь надад сэтгэлээ илчилж байсан... Энэ асуудлаас болоод би буруутан мэтээр цагдаагаар явах боллоо. Үүнээс болоод өмгөөлөгч авсан. Иймд Л.Н-д маш их гомдолтой байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 67-77 дугаар тал/

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч С.М-ын  гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч гэм буруугүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “…хохирогчийн мэдүүлгээс өөрөөр нотлогдохгүй байна. Тэр хоёрын зодолдож байсан гэх гэрч байхгүй. Шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийг хэн үйлдсэнг тогтоогдоогүй …хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч,

Хэргээс үзэхэд шүүгдэгч С.М- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод байрлах өөрийн гэрт хохирогч Л.Н-ын зүй бус үйлдлээс шалтгаалан харилцан маргалдаж,  зодолдсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх бөгөөд  энэ хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хохирогч Л.Н-ын шууд заасан мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааны талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, тусгай мэдлэг бүхий шинжээч нарын гаргасан  дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн. Хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М-ыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас ирүүлсэн /10 хуудас/ яллагдагч Л.Н-д холбогдох эрүүгийн 1838007900429 дугаартай хэргээс хуулбарласан гэх баримтуудын эх сурвалж, тодорхойгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан шаардлага хангаагүй байна.  

Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн /10 хуудас/ гэрэл зураг, эмчийн үзлэгийн бүртгэл, хх-ийн 80-96 дугаар тал “Facebook” хаягийн мэдээлэл зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай нотлох баримтад үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.М-аас нотлох баримтын хэмжээнд 984.492 төгрөг гаргуулж хохирогч Л.Н-д олгож, хохирогч Л.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838007900429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч С.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  С.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838007900429 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.М-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 984.492 төгрөг гаргуулж хохирогч Л.Н-д олгож, хохирогч Л.Н- нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР