Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 558

 

                                                  Л.Н, С.М нарт холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалтай Л.Н, С.М нарт холбогдох эрүүгийн 1838007710430 дугаартай хэргийг шүүгдэгч С.М өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1977 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Ш овогт Лийн Н,

2. Монгол улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, ял шийтгэлгүй Ө овогт С-ийн М

Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан,

С.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн гэртээ иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, С.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ө.Учрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан ба “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгайлан заагаагүй.

Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлд “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №07 /1109/ дугаартай “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн гэхээр 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх С.М, Л.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ гэсэн нь өөрөө хууль буруу хэрэглэсэн гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс С.М, Л.Н нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд үйлчилж эхлэхээс өмнө, тодруулбал тухайн хууль батлагдаагүй байхад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох буюу С.М холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж буй хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хувьд 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасныг Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгээр “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтэлнэ” хэмээн тодруулан зохицуулжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд эдгээр хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул уг хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс эдгээрт заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөнө.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон дагаж мөрдөх журмын тухай хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хуулийн хэм хэмжээ нь ихэнхдээ эдгээр хуульд заасан ойлголтуудын агуулгыг тодорхойлох, зохицуулах, заах шинжтэй байдаг бол зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэх нөхцөл, үндэслэл, журмыг тодорхойлсон байдаг онцлогтой.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд заасан “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй” гэсэн зохицуулалт нь дээр дурдсан онцлогийг агуулсан, ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөнтэй уялдуулан энэ хуулийг дагаж мөрдөж эхлэх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дуусгавар болоогүй, шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд үргэлжилж байгаа хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй тухай заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг тогтоожээ.

Иймд дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэрэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байсан Л.Н, С.М нарын хувьд мөн шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН