Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01504

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   08   02   210/МА2023/01504

 

 

Д.******* ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/01489 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 342,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.******* Махейек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.******* нь ******* ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу ******* ХХК нь Д.*******ийн эзэмшлийн газар дээр баригдах барилгын зургийг Тоонот констракшн ХХК-аар боловсруулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан бөгөөд уг зурагт ******* ХХК-ийн барьсан 42, 44 дүгээр байруудын дунд байрлах миний 10 машины гараашийн газраас оролцуулан дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг ******* ХХК барихаар төлөвлөсөн.

Уг зургийг үндэслэн талууд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 10 давхар 68 айлын орон сууцыг 2012 онд барьж, 2013 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхдөө хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих ажлыг Асралт өргөө ХХК барина гэх шалтгаанаар хийлгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл, Асралт өргөө ХХК-ийн барилга барьсан газарт нэхэмжлэгч нь ******* ХХК-аар барилга бариулна гэж хэлчихээд бариулаагүй гэснээс болоод орхисон бөгөөд одоог хүртэл тохижилтыг хийж өгөөгүй. Тухайн тохижилтын ажлыг хийхэд шаардагдах төсвийг мэргэжлийн төсөвчнөөр гаргуулахад 342,000,000 төгрөг хэрэгтэйг тодорхойлсон тул хариуцагчаас 342,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд анх 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд А талын эрх, үүргийг шинэ байрны урд талд байрлах 10 машины гараашийн талбайд зоорьтой нэг давхар барилга бариулж, үлдэх хэсэгт авто машины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчны тохижилтын зориулалтаар Б талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр иж бүрнээр барьж ашиглалтад өгөхөд өөрийн зүгээс шалтгаалах зүйлийг саадгүй шийдвэрлэж өгнө гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний заалтуудыг харахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлд илүү тохирдог.

2.2. Нэхэмжлэгчийн захилгаар шинэ барилгын урд талын 10 машины гараашийн талбайд 1 давхар барилга барьж, үлдэх хэсгийг нь автомашины дулаан зогсоол хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч ногоон байгууламж барих зэргээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж байгаа гэрээ нь хэрэгжих боломжгүй. Учир нь тус ажлыг хэний хөрөнгөөр, ямар ажил үйлчилгээг гүйцэтгээд, түүнийг хэн хүлээж аваад дараа нь хөлсийг нь хэн төлөх нь ойлгомжгүй байдаг. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын үр дүнг нь хүлээн аваад хөлсийг нь төлөх үүргийг хүлээсэн байдаг.

2.3. ******* ХХК гэрээний 5.1 дэх заалтыг биелүүлэх боломжгүй. Учир нь тус гэрээний 4 дүгээр заалтад Д.******* нь ******* ХХК-д газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх талаар заасан. Мөн уг гэрээнд газрыг бусдад шилжүүлэх, түрээслэх, барьцаалах эрхгүй байна гэж заасан. Гэтэл энэ газар нь 2016 онд ББСБ-ын барьцаанд орсон байдаг. Хэрэв хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч нь ногоон байгууламж, автомашины зогсоол барих зориулалттай талбайг үнэ төлбөргүй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

2.4. Хариуцагчийн зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарласан. Учир нь уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь нэхэмжлэгч Д.******* нь Нийслэлийн болон дүүргийн газрын албатай маргаантай байгаа, үүнийг шийдвэрлэгдэх хүртэл манайхтай дүр үзүүлсэн хамтран ажиллах гэрээ хийгээд өгөөч гэж гуйсны дагуу хийсэн. Тийм ч учраас хамтран ажиллах гэрээний зохицуулалт дээр хэний хөрөнгөөр ямар зохион байгуулалтаар ямар ажил хийх вэ гэдэг нь тодорхойгүй байдаг.

2.5. ******* ХХК нь барьсан барилгынхаа гадна талын цементэн замыг өөрсдөө барьсан, мөн 44 дүгээр байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчийг ч бас хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох бөгөөд ******* ХХК нь өөрсдийн барьсан барилгын гадна тохижилтын ажлыг тодорхой хэмжээнд хийсэн байна.

Хэрэв гэрээний дагуу ******* ХХК-д газраа шилжүүлж өгөөд тохиролцоог хийсэн бол энэ ажил нь хэрэгжих боломжтой байсан. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бөгөөд уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ. Мөн уг гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 171,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс 171,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,012,950 төгрөгийг гаргуулан, 1,004,150 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 8,800 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Талуудын хооронд 2010, 2012 онуудад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 05/2013 дугаар гэрээгээр ******* ХХК нь 42, 44 дүгээр орон сууцны гадна талбайд ногоон байгууламж, хүүхдийн талбай хийх үүргийг хүлээсэн. ******* ХХК нь уг үүргийг хүлээн зөвшөөрч, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гадна талын тохижилтын ажлыг хийх талаар мэдэгдсэн. Тухайн ажлыг хийгээгүй учраас Нийслэл, дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн хороо зэрэг газруудаас тохижилтын ажлыг хийхийг удаа дараа шаардсан. Мөн оршин суугчид нь Д.*******т байнга дарамт, шахалт үзүүлж байсан учраас ******* ХХК-аас холбогдох зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсон. Харин хариуцагч ******* ХХК-ийн хариуцвал зохих үүргийг алдагдал гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 171,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэг гэж тайлбарладаг. Харин ******* ХХК-ийн зүгээс хамтран ажиллах гэрээг дүр үзүүлсэн буюу хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь, хэрэв уг гэрээг талууд хүсэл зоригийн дагуу байгуулсан бол уг ажлыг хэн гүйцэтгэх, мөн гарсан зардлыг хэрхэн хуваарилах талаар гэрээнд нарийвчлан тусгах байсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд зайлшгүй тусгах шаардлагатай зүйлсийг зааж өгсөн ба үүнд ашиг, алдагдлыг хуваарилах журам, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэрэг багтаж байна. Тусгаагүй тохиолдолд уг гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэж ойлгохоор байна. Гэтэл шүүх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зардлын талыг хариуцагчид хуваарилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас халих учиргүй. Гэтэл анхан шатны шүүх маргаанд хамааралгүй буюу нэгэнт хэрэгжиж дууссан гэрээнүүдийг дүгнэж, уг гэрээний дагуу ашиг олсон болох нь тогтоогдож байх тул алдагдал буюу хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын зардлыг алдагдал гэж үзэж талуудад хуваан хариуцуулж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Д.*******ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны газар дээр хариуцагч ******* ХХК нь 42, 44 дүгээр байруудыг барьж ашиглалтад өгөх үед нэхэмжлэгч нь газрын зүүн талд баригдах барилга буюу Асар өргөө ХХК-ийн барьсан орон сууцыг ******* ХХК-аар бариулахаар амаар тохиролцсон, уг тохиролцоогоо хэрэгжүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Шүүх талуудын хооронд 2013 онд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй учир нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2010, 2012 оны хамтран ажиллах гэрээний дагуу тухайн орон сууцуудын тохижилтын ажлын зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн гэж үзэхээр байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн дураар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2013 оны хамтран ажиллах гэрээнд шинээр баригдах барилгын урд талын талбайд газар дор автомашины зогсоол хийж дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах үүргийг хэн, ямар зардлаар хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй буюу гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцоогүй байхад шүүх 2010, 2012 оны хамтран ажиллах гэрээг үндэслэн алдагдлыг хуваан хариуцах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

5.3. ******* ХХК нь Д.*******ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 42, 44 дугаар орон сууцуудыг барьж ашиглалтад оруулсан ба уг орон сууцуудын гадна тохижилтын ажлыг ч хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, Д.*******ээс түүний эзэмшлийн газрыг 100,000,000 төгрөгөөр худалдан авч, уг газар дээр оршин суугчдын орох, гарах автомашины замыг тавьж ашиглалтад оруулсан ба бүх зардлыг гаргасан. Мөн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан боловч шүүгч энэ талаар дүгнээгүй.

5.4. Шүүх 2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар барилгын орчны тохижилтыг хийх үүрэгтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй. Учир нь, Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д ...барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгэх... үүрэг нь барилгын захиалагчийн хүлээх үүрэгт хамаарч байна. Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн холбогдох хуулиар захиалагчийн хүлээсэн хариуцлагыг гүйцэтгэгчид хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй болсон. Мөн орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж байгуулах бол Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрэмд заасны дагуу А даалгавар авах ёстой. Д.******* нь анх барилга барихдаа батлуулсан А даалгаварт орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж зэргийг өөрөөр тусгасан байдаг ба энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох гадна тохижилтыг хийх А даалгавар байхгүй тул уг ажлын зардлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

5.5. Түүнчлэн орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих ажлын төсвийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгын гадна тохижилтыг хийж гүйцэтгэх зардлыг мэргэшсэн төсөвчин Ж.Энхчимэг гэх хүнээр гаргуулж, нийт төсөвт өртөг нь 342,000,000 төгрөг гэжээ. Дээрх ажлын зардлыг шүүхийн журмаар томилогдсон эрх бүхий, хөндлөнгийн, мэргэжлийн шинжээч томилуулж, шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлуулж, талуудыг хамтад нь байлцуулж байгаад дүгнэлтээ гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих гэж буй газар нь өөрөө маргаантай буюу захиргааны хэргийн шүүхэд уг талбайг нийтийн эзэмшлийн талбай болгох талаар маргаан шийдвэрлэгдэж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* Махейек нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 342,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Д.******* Махейек нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд эмнэлгийн үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3782 м.кв талбайтай газрыг эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдсон байна.

3.2. Талууд 2010 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, Д.******* Махейек нь өөрийн эзэмшлийн дээрх газрын 900 м.кв талбайг барилга барихад зориулан шилжүүлэх, ******* ХХК нь өөрийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгыг барьж гүйцэтгэх, мөн Д.******* Махейект тодорхой төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу ******* ХХК нь 42, 44 дугаартай орон сууцны барилга барьсан ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2013/559 дугаар актаар байнгын ашиглалтад оруулах зөвшөөрөл олгогджээ.

3.3. Мөн талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр ******* ХХК нь шинэ барилгын урд байрлах 10 машины гараашийн талбайд зоорийн давхар бүхий 1 давхар барилга барьж Д.******* Махейект үнэ төлбөргүй шилжүүлэх, газар доогуур хийгдэх автомашины дулаан зогсоол, дээр нь хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчны тохижилтыг хийж оршин суугчдад хүлээлгэж өгөх, Д.******* Махейек нь талбайн үлдэх хэсгийг ******* ХХК-д дээрх барилга, байгууламж барих зориулалтаар үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлийг тус тус тохиролцсоныг зөв дүгнэжээ.

 

4. Дээр дурдсан 2010 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр өөр өөр харилцааг зохицуулаагүй, хоорондоо холбоотой гэрээнүүд байх тул талуудын хүсэл зоригийг эдгээр гэрээний хүрээнд тайлбарлах нь зүйтэй юм.

Нэг талаас Д.******* Махейек нь газар эзэмших эрхээ барилга барихад зориулан шилжүүлэх, нөгөө талаас ******* ХХК нь тухайн газар дээр барилга барихаар тус тус харилцан тохиролцсон нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

Хариуцагч нь 2013 оны хамтран ажиллах гэрээнд барилгын тохижилтын ажлыг хэний хөрөнгөөр хэрхэн хийх нь тодорхойгүй, гэрээний гол нөхцөлийг тохироогүй буюу гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгчийн холбогдох газрын албатай маргаантай байгаа тухай хүсэлтийн дагуу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж гэж маргасан.

Гэвч гэрээнд талуудын хамтран ажиллах үүргийг тодорхой тусгасан, мөн талууд хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хэлцэл хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

 

5. Талуудын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчны тохижилтыг ******* ХХК хийхээр тохиролцжээ.

5.1. Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2013/559 дугаар актад захиалагчаар иргэн Д.******* Махейек, ******* ХХК нар тусгагдсан,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/208 дугаар албан бичигт ...Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу уг газарт ногоон байгууламж, автозогсоол байхаар төлөвлөсөн. Уг шаардлага болон иргэдийн хүсэлтийн дагуу Д.******* нь 2015 оныг дуустал аливаа арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй...,

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/311 дүгээр албан бичигт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ... газарт 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СБД30/04/11 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдсан эскиз зураг төсөлд ногоон байгууламж, автозогсоол байхаар төлөвлөгдөн батлагдсан...,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/1734 дүгээр албан бичигт ... Д.******* ... эрх бүхий байгууллагын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 11 айлын үйлчилгээтэй орон сууцыг барьж ашиглалтад оруулсан боловч гадна тохижилтын ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй ... Мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож тухайн орчныг тохижуулах ажлын зардлыг гаргуулах болохыг мэдэгдье,

шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...42а байрны баруун талд 1,50*1,60 өргөнтэй тоосгон хана байрласан. Уг газарт ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, орц байсангүй... гэж тусгагдсаныг тус тус харьцуулж дүгнэхэд, гэрээнд заасан тохижилт хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

5.2. Хариуцагч нь Барилгын тухай хуульд тодорхойлсноор барилгын орчны тохижилт болох тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг барилгын хөрөнгө оруулагч, захиалагч хариуцахаар заасан тул тэрээр хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

Гэвч талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээгээр шинэ барилгын урд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчны тохижилтыг хийх үүргийг хариуцагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан мэргэшсэн төсөвчин Ж.Энхчимэгийн үйлдсэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зургийн дагуу хийгдэх хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын төсөв-т дээрх ажлын төсөвт өртгийг 342,000,000 төгрөгөөр тодорхойлсон ба хариуцагч талаас уг төсвийн хэмжээг баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд Дээрх ажлын зардлыг шүүхийн журмаар томилогдсон эрх бүхий, хөндлөнгийн, мэргэжлийн шинжээч томилуулж, эрх, үүргийг нь тайлбарлуулж дүгнэлтээ гаргах шаардлагатай гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

 

7. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хохирол болох барилгын орчны тохижилтын ажлын зардлыг мэргэшсэн төсөвчний тогтоосон төсвийн хэмжээгээр шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх гэрээний талуудын хүсэл зоригийг буруу тайлбарлаж, талууд хэний хөрөнгөөр хийх талаар тохиролцоогүй гэсэн алдаатай дүгнэлт хийж, маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгийг баримталж төсвийн дүнг зохигчдод 50, 50 хувиар хариуцуулан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд дээрх алдааг залруулж, хариуцагч ******* ХХК-аас 342,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.******* Махейект олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэрийг иргэний үнэмлэхэд тусгагдсанаар бүрэн тусгаагүйг мөн залруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/01489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 342,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.******* Махейект олгосугай гэж,

2 дахь заалтын ...1,012,950... гэснийг 1,867,950 гэж, ...8,800... гэснийг 863,800 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,013,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 1,012,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА