Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01822

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 02 210/МА2023/01822

 

 

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.*******д холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, 56,313,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2013 онд хүргэн А.Гантулгын гуйлтаар банкнаас зээл авахад нь барьцаалуулахаар орон сууцны өмчлөх эрхээ түүний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр түр шилжүүлсэн. Уг гэрээ дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд гэрээнд заасан 120,000,000 төгрөгийг би хүлээж аваагүй. А.******* тухайн үед 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталгаа бичиж надад өгсөн ба орон сууцыг Голомт банкны барьцаанд тавьж зээл авсан.

1.2. Гэтэл А.******* ажилгүй болж, зээлээ эргэн төлөх боломжгүй болж, орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хураах болсон. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд барьцаанаас чөлөөлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, миний нэр дээр буцаан шилжүүлнэ гэсэн баримт үйлдэж надад өгсөн.

Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах болсон тул миний бие хамаатан саднаасаа мөнгө зээлж, 53,313,087 төгрөгийг А.Гантулгын өмнөөс төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

1.3. А.******* өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтаасан. Үүнээс шалтгаалан олон жил амьдарсан орон байраа өөрийн нэр дээр буцаан авч чадахгүйд хүрч дээрээс нь эд мөнгөөрөө давхар хохирч байна.

Иймд бидний хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, түүний өмнөөс төлсөн 56,313,087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие банкнаас зээл авахын тулд нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулж, түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үнэн. Б.*******д ямар ч мөнгө төлөөгүй.

2.2. Би зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс болж Голомт банк шүүхэд өгсөн ба шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус орон сууцыг хураасан. Энэ талаар миний бие Б.*******д хэлж орон сууцыг удахгүй чөлөөлж өгөхөө амалсан боловч чөлөөлж чадаагүй. Б.******* өөрөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 56,313,087 төгрөгийг миний өмнөөс төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан. Миний бие дээрх мөнгийг нэхэмжлэгчид удахгүй буцааж өгнө.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.*******, А.******* нарын хоорондох 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004729 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.*******ын нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 56,313,087 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 48,313,087 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 8,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,040,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй бөгөөд ажиллагааны явцад хариуцагч хэлцлийг хууль бус болохыг зөвшөөрч, мөнгөн төлбөр гаргуулах шаардлага дээр эвлэрсэн ч шүүгч мөн л эвлэрлийг батлаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт "хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагуй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна" гэж заасан байхад шүүгч хариуцагчийн зөвшөөрөл болон зохигчийн эвлэрлийн аль алиныг нь батлаагүй.

4.2. Хариуцагч нь тухайн орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авахын тулд худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулж, түүнд үндэслэн банкнаас зээл авсан. Уг орон сууцанд нэхэмжлэгч нь хүүхэд, ач зээ нарын хамт амьдарсан нь хэргийн баримтаар тогтоогдоно. Түүнчлэн хариуцагч зээлээ төлж чадаагүйгээс үүдэн орон сууц шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдах дээрээ тулах үед нэхэмжлэгч нь орон сууцаа алдахгүйн тулд хариуцагчийн банкинд төлөх мөнгийг төлж банкны өр төлбөрийг дуусгавар болгосноор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрөл болон эвлэрлийг батлаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

4.3. 2013 онд банкны хүү өндөр байсан учир хариуцагч нь өөрийн хадам эгчээсээ орон сууцыг худалдан авч буй мэтээр гэрээ байгуулж банкнаас зээл авсан. Ипотекийн зээлийн гэрээний нөхцөл нь урьдчилгаа 30 хувийг төлсөн байх шаардлагатай гэсэн тул орон сууцаа 120,000,000 төгрөгөөр үнэлж, үүний 30 хувь буюу 36,000,000 төгрөгийг бэлнээр гэж бичсэн нь төлсөн мэтээр зөвхөн банкинд харагдуулах зорилго байсан.

Нэхэмжлэгчийн анхны хүсэл зориг бол орон сууцыг өөрөө эзэмшиж, харин бичиг баримтыг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн зээл авахад нь туслах зорилготой байсан. Хариуцагчийн хүсэл зориг бол ипотекийн зээлийг ашиглан банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авах байсан учраас өөрийн хадам эгчийн байрыг худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулж, зээлийг төлж дуусгаад, буцаан шилжүүлэх байсан. Бодит нөхцөл байдлаас харвал хариуцагч нь өөрөө худалдан авч өгсөн байраа буцаан худалдан авна гэж байхгүй. Мөн нэхэмжлэгч өнөөдрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглаагүй ба орон сууц авч өгсөн хүргэндээ итгэсэн нь төөрөгдөлд орсон гэж үзэх нөхцөл юм.

Улмаар банкнаас талуудын гэрээнд үндэслэж 84,000,000 төгрөгийн зээл олгож, үүнийг хариуцагч А.******* хүлээн авсан байдаг. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг шүүгч шүүх хуралдааны явцад тодруулаагүй хэрнээ талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл тогтоогдоогүй, түүнийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор үнэлээгүй.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн мөнгө гаргуулах шаардлага дээр эвлэрснийг дүгнэсэн ч үндсэн шаардлага болох хэлцэл дээр хариуцагчийн зөвшөөрлийг яагаад батлаагүй талаар дүгнээгүй.

Үндэслэх хэсгийн 5.1-т талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэсэн хэрнээ талуудын хүсэл зориг, гэрээ байгуулах үнэн санаа, хариуцагчийн бичсэн баталгаа, нэхэмжлэгчийн төлбөрийг төлж байраа авч үлдсэн санаа сэдэл, орон сууцны сар бүрийн хэрэглээний төлбөрийг төлдөг талаарх үйл баримт зэргийг дүгнээгүй атлаа шийдвэрийн 5.4-т хариуцагчтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс хүргүүлсэн албан бичгүүдийг шийдвэртээ дурдсан нь дээрх байгууллагуудын байр суурь шүүгчийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр.

4.5. Түүнчлэн хариуцагчийн банктай байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийн Голомт банкны дансаар мөнгө хүлээн авахаар заасан заалтыг дурдсан ч банкнаас гэрээнд заасан данс руу мөнгө шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь мөнгийг гэрээнд заасан дансаар хүлээн авсан эсэх, хэрэв нэхэмжлэгч өөрийн дансаар хүлээн авсан тохиолдолд хариуцагч руу шилжүүлсэн эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй. Тэгсэн хэрнээ анхнаасаа тодорхой үр дүнд хүрэх зорилго, эрмэлзэлгүйгээр хийсэн гэж үзэх өөр дэмжих баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

4.6. Иргэний хуульд иргэний эрх зүйн харилцааны ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж заасан байхад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууц битүүмжлэх ажиллагаа явуулсаар байхад 2023 онд шүүхэд хандсан гэх хэрэгт ач холбогдолгүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагчийн өмнөөс өр төлсөн зардалд 56,313,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.******* нь дээрх худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.*******д буцаан шилжүүлэхийг зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилтыг иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэж тодорхойлсон.

Талууд орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориг агуулаагүй, банкнаас зээл авах зорилгоор буюу дүр үзүүлж орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Үүнээс гадна Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00981 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, уг ажиллагааны явцад зээлийн төлбөрийг төлбөр авагчид төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/04-147 дугаар тогтоол, Голомт банк ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10/172 дугаар албан бичгээр тогтоогдсон байна. (хэргийн 60, 96 дахь тал)

Дээрх үйл баримтаас дүгнэвэл, гэрээний талуудын хэн аль нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа, маргаангүй тохиолдолд эрх бүхий байгууллагад хандан орон сууцны өмчлөх эрхийг А.*******ас Б.*******д шилжүүлэх боломжтой байхад шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн талуудын тайлбарт дурдагдсан хариуцагч А.Гантулгыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаатай холбоотойгоор тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлан тусгай тэмдэглэл хийсэн нь нэхэмжлэлийн шаардлага болох хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахтай холбогдох эсэх нь тодорхой бус байна.

3. Нөгөөтэйгүүр, талуудын байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Б.******* нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 29 байр, 45 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч А.******* нь орон сууцны үнэд 120,000,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

Гэрээг үндэслэн А.Гантулгын нэр дээр орон сууцны өмчлөх эрх бүртгэгдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон байна. (хэргийн 50, 51 дэх тал)

А.******* болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээнд зээл 84,000,000 төгрөгийг Б.*******ын 2205045041 тоот дансанд шилжүүлэхээр тусгажээ. (хэргийн 80-88 дахь тал)

Талуудын байгуулсан гэрээгээр орон сууц худалдах-худалдан авах талаар хүсэл зориг бодитой илэрхийлсэн, эсхүл ийм үр дүнд хүрэх зорилгоор бус, хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон буюу дүр үзүүлсэн эсэхийг дүгнэхэд дээрх зээлийн гэрээнд заасан зээл 84,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь хүлээн авсан нь ач холбогдолтой байна. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ... Б.*******, А.******* нарын хүсэл зориг анхнаасаа хөрөнгө худалдах агуулгагүй байсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

4. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас 56,313,087 төгрөг гаргуулах тухай шаардлагын 48,313,087 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 8,000,000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх учиртай.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Гантулгын зээлийн өрийг төлсөн гэх боловч Б.*******ын данснаас 10,000,000 төгрөг, Х.Сарангэрэлийн данснаас 16,200,000 төгрөг, Б.Наранчимэгийн данснаас 800,000 төгрөг, Шинэбаяр Эрдэнэцогтын данснаас 10,000,000 төгрөг тус тус Голомт банк ХХК дахь 9145100003 тоот данс руу шилжүүлсэн баримтууд, мөн А.Гантулгын дансанд 19,513,087.40 төгрөгийн орлого хийсэн баримт хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 48,313,087 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрч байгаа тохиолдолд дээрх нэр бүхий этгээдүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг шүүх тодруулах ажиллагаа явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэх байжээ. (хэргийн 20-22 дахь тал)

 

5. Дээр дурдсанаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэл тодорхой бус, зохигчийн эвлэрэлтэй холбоотой бусад этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тодруулаагүй, давж заалдах шатны шүүхэд эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЗОЛЗАЯА