Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбат,

шүүгдэгч Н.Пүрэвсүрэн, ялтан Т.Пүрэвдаваа нарын өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлоор Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн нарт холбогдох 201625012100 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Айнь овогт Тэрбишийн Пүрэвдаваа, 1968 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оршил ресорт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамжны Салхит төгөл 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧГ68121215/;

 

Алаг адуут овогт Нармандахын Пүрэвсүрэн, 1969 оны 8 дугаар сарын 28-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамжны Салхит төгөл 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Ардын армийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан /РД: ШЕ69082819/;

 

Т.Пүрэвдаваа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөрийн зүүн гарын шуу руу модоор цохин гарыг нь хугалж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөртэй маргалдан түүнтэй зодолдож, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Пүрэвдаваад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, Н.Пүрэвсүрэнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алаг адуут овогт Нармандахын Пүрэвсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, Айнь овогт Тэрбишийн Пүрэвдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Пүрэвсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Пүрэвсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Т.Пүрэвдавааг 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Пүрэвдаваад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Т.Пүрэвдаваад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нар цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нар хохирогч А.Баттөмөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,977,500 төгрөг болон тугалтай үнээ, шүдлэн үхэр 1, бяруу 1, нийт 4 тооны үхэр өгсөн болохыг дурдаж, хохирогч А.Баттөмөр нь цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2016 оны 5 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд хохирогч А.Баттөмөрийг гэрч Галавсамбуугийн гэрт байхад Пүрэвдаваа нь Пүрэвсүрэнтэй гараад үзчих гэж хэлээд гаргасан. Ингээд гэрийн гадаа гараад Пүрэвсүрэн, Баттөмөр нар зодолдож байхад Пүрэвдаваа нь гарч ирээд прус модоор толгойн тус газарт нь 2 удаа мөн зүүн гарын шуу руу цохиж ухаан алдуулж хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон байдаг. Дээрх үйлдэл нь Пүрэвдаваа, Пүрэвсүрэн нар нь хохирогч А.Баттөмөрийг бүлэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой байхад хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж гэмт хэрэг хамтран үйлдсэн хэргийг салгаж, улмаар улсын яллагчаас тус тус нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Пүрэвсүрэнг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг заасны дагуу Пүрэвдаваад тус тус яллах дүгнэлт үйлдэж,  Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх тогтоолын үндэслэх хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7320 дугаар дүгнэлт, 1190 дүгээр дүгнэлт нь гэмтлийн зэргийг хүндэвтэр, хөнгөн зэргээр тус тус тогтоогдсон тул хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэргийн хохирогч нь ганц этгээд юм. Тэгэхээр хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр гэмтлийн нэг нь тогтоогдох бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр А.Баттөмөрийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон юм. Түүнчлэн хохирогч Пүрэвсүрэнтэй зодолдож байхад Пүрэвдаваа нь ирээд прус модоор хохирогчийн толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж ухаан алдуулсан, хохирогч эмнэлэгт сэрсэн шүүгдэгч нар хамтран бүлэглэж зодсон гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлаас шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж зааснаар бүлэглэн гүйцэтгэгч нар бөгөөд нэгэнт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогч А.Баттөмөрийн биед хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүх дээрх хэргийг бүлэглэн үйлдсэний төлөө Пүрэвсүрэн, Пүрэвдаваа нарт бүлэглэж, бусдын биед хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулах ёстой байтал, шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг ял оноохдоо харгалзан үзээгүй илт нэг талыг барьж Пүрэвсүрэнг хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүгдэгч Пүрэвсүрэнгийн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг санаатайгаар тогтоогоогүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг тогтоогоогүй байхад Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй байна.

Баттөмөр, Пүрэвсүрэн, Пүрэвдаваа нарын хоорондох зодооны гэмт үйлдлийг хөндлөнгөөс нэг ч этгээд хараагүй, нотлогдоогүй байхад хөнгөн гэмтлийг Пүрэвсүрэн, хүндэвтэр гэмтлийг Пүрэвдаваа учруулсан гэж дүгнэж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр байцаан шийтгэх ажиллагааг явуулсан, гэтэл хохирогч эсрэг мэдүүлэг өгдөг. Иймд  Н.Пүрэвсүрэн, Пүрэвдаваа нарын “бүлэглэж бусдын  бие  махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглэн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэн, ялтан Т.Пүрэвдаваа нарын өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нарын үйлдэл нь хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан. Т.Пүрэвдаваад оногдуулсан ял шийтгэл тохирсон...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон болон бүрдэл хангагдсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн, А.Баттөмөр нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Н.Пүрэвсүрэн, А.Баттөмөр нар нь гэрээс гадаа гаран барьцалдаж авч ноцолдсон, улмаар А.Баттөмөр нь Н.Пүрэвсүрэнг унагаан дээр гарч суугаад Н.Пүрэвсүрэнг цохиж байхад нь Т.Пүрэвдаваа иргэн А.Баттөмөрийн толгойн тус газар, зүүн гарын шуу руу тус тус модоор цохиж А.Баттөмөрийн бие махбодид “...зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун, зүүн зулай, духанд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн үенд цус хуралт, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учирсан үйл явдал болсон болох нь:

хохирогч А.Баттөмөрийн “...2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би мотоциклтойгоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойд явж байхад араас Галавсамбуу өөрийн машинтай Пүрэвдаваа, Пүрэвсүрэн нартай ардаас ирээд уулзаад шар хоолой хаана байдаг билээ гээд Пүрэвдаваа тоглоод байхаар нь араас дагаад явсан. ...Галавсамбуу дэлгүүрээс нэг шил архи, том пиво гурвыг авсан байх. Дэлгүүрийн хүн Галавсамбуугийн машинаар гол өгсөөд цементээ буулгаад Галавсамбуу, Пүрэвдаваа, Пүрэвсүрэн бид 4 ирж пиво уусан. Архи, пивоо ууж дуусалгүй Галавсамбуугийн гэрийн гадна очоод ачсан хайргаа буулгаад Галавсамбуугийн гэрт нь орж бид 4 үлдсэн архи, пивоо уусан. Тухайн үед 22 цаг болж байсан. Пүрэвдаваа намайг гадаа хайрга буулгаж байхад барьж аваад татаж чангаагаад байсан. Пүрэвсүрэн бид хоёр юм яриад сууж байхад Пүрэвдаваа та хоёр гараад үзчих гэхээр бид хоёр гэрийн гадаа гараад барилцаж аваад Пүрэвсүрэнг би доороо хийгээд дараад сууж байтал Пүрэвдаваа газраас юм аваад намайг цохихоор нь зүүн гараараа хаатал шуу хэсэгт цохисон, дараа нь дахиад Пүрэвдаваа толгой руу цохиход би ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. ...Пүрэвсүрэн гадаа гараад барилцаад авахаар нь би бариад авахад миний зүүн уруул руу нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа цохисон. Пүрэвдаваа юугаар цохисныг сайн анзаараагүй, ямар ч байсан 1 метр орчим урт байсан. Өргөн нарийн эсэхийг мэдэхгүй байна. Пүрэвсүрэнд би гар утсаа бэлэглэж байсан, тэр утсаа орхиод явсаны дараа Пүрэвсүрэн авсан байхаар нь өгсөн юм. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” /хх-ийн 14-15 тал/,

гэрч Д.Галавсамбуугийн “...Би гэртээ хонио хуулж байхад Пүрэвдаваа намайг дуудахаар нь гэрээс гартал “зодоон болчихлоо” гэхээр нь “юун зодоон” гээд гэрийн урдхан очиход Баттөмөр хажуугаараа хараад хэвтэж байхаар нь би татаад дээш нь болгоход Баттөмөр дуугараагүй, Пүрэвсүрэн, Пүрэвдаваа хоёр бас дуугараагүй. ...Хайрга буулгаж байхад Баттөмөр, Пүрэвдаваа хоёр барилдаад байж байсан. Зодоон маргаан болоогүй...” /хх-ийн 17 тал/,

гэрч С.Мөнхсайханы “...Удалгүй манай нөхөр “энэ хэд зодолдоод байна” гэсэн. Би Баттөмөрийн эхнэрийн утас руу залгаад “энэ хэд манайд зодолдоод байна” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр энэ хэдийг дөхүүлж өгнө гээд бүгд машинтай явцгаасан...” /хх-ийн 18 тал/,

Н.Пүрэвсүрэнгийн сэжигтнээр өгсөн “...гэрээс Баттөмөрийг дагаад гартал Баттөмөр “чи хулгайч” гэхээр нь би “чамаас юу авсан юм бэ” гэхэд “чи миний гар утсыг аваа биздээ” гэсэн. Би “аваагүй ээ, чи андуураад байна” гэхэд Баттөмөр намайг заамдаад авахаар нь би салгах гэж байгаад газарт хамт унасан. Баттөмөр миний дээр гараад толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Пүрэвдаваа гэрээс гарч ирээд Баттөмөрийг цохих шиг болсон. Хаана хэдэн удаа юугаар цохисон талаар би хараагүй. …гадаа гараад би А.Баттөмөрт хандан “хоёулаа согтуу юм яриад яах вэ, маргааш болъё, чи ингээд явчих” гэсэн чинь “чи намайг явуулдаг хэн бэ” гээд намайг 1 удаа цохиод заамдаж аваад доороо оруулаад унагаасан. Ингээд байж байхад Пүрэвдаваа гарч ирээд А.Баттөмөрийн толгой руу модоор цохичихсон юм...” /хх-ийн 31, 82 тал/,

Т.Пүрэвдаваагийн яллагдагчаар өгсөн “...Би араас нь удалгүй гарахад Баттөмөр Пүрэвсүрэнгийн дээр гарчихсан зодож байх шиг байсан, харанхуй болсон учраас сайн хараагүй газраас мод аваад Баттөмөрийг модоороо цохиход намайг хараад зүүн гараараа хаасан байх би гар, толгойн хэсэгт нэг удаа модоор цохисон, босох гээд өндийхөөр нь дахиад толгой руу нь модоороо цохиход мод хугарсан, гарт байсан модны хугархай хөмсөгний орчим урсан байсан. Баттөмөр ухаан алдаад унасан. Галавсамбуугаар гэртээ хүргүүлээд машинаараа Баттөмөрийг аваад Гачууртын эмнэлэг орсон. Пүрэвсүрэнг зодоод байхаар нь цохисон, ер нь согтчихоод атаман маягийн юм яриад хэл ам зөрөх гээд л байсан, би өмнө барилдахад барахгүй байсан болохоор модоор цохисон...” /хх-ийн 39-40, 79 тал/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7320 дугаар “...Баттөмөрийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун, зүүн зулай, духанд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн үенд цус хуралт, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 25 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1190 дүгээр “...Баттөмөрийн биед учирсан зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл  дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн зулай, духны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын тохойн үений цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх Шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 66 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

Т.Пүрэвдаваа Н.Пүрэвсүрэнгийн дээр гараад цохиж байгаа А.Баттөмөрийн зүүн гарын шуу руу модоор цохиж “...зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл ...” гэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “...бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах...” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

Н.Пүрэвсүрэнгийн хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Баттөмөртэй маргалдан дээр дороо орон ноцолдож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “...бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах...” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулжээ.  

 

Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нарын А.Баттөмөртэй зодолдож, А.Баттөмөрийн бие махбодид учирсан зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтлээс бусад “...баруун, зүүн зулай, духны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал...” нь бүгд тус тусдаа хөнгөн гэмтлүүд болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1190 дүгээр “...Баттөмөрийн биед учирсан зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл  дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн зулай, духны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66 тал/-ээр тогтоогдож байх ба эдгээр хөнгөн гэмтлүүдийн аль нь Н.Пүрэвсүрэнгийн үйлдлээс, аль нь Т.Пүрэвдаваагийн үйлдлээс учирч вэ гэдгийг ялгаж тогтоох боломжгүй байна. Харин Н.Пүрэвсүрэнгийн өөрөө бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хх-ийн 137 тал/ мэдүүлэг нь хохирогч А.Баттөмөрийн бие махбодид хөнгөн гэмтлүүд учирсан байгаагаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэж зааснаар Н.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Н.Пүрэвсүрэнгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “...Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах...” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацаа анхан шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан шийдвэрлэхэд дууссан байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Пүрэвсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Т.Пүрэвдаваагийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд бүрэн тохирсон байх ба анхан шатны шүүхийн “...Т.Пүрэвдаваагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв...” гэсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Үндэслэл нь, Т.Пүрэвдаваа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, А.Баттөмөрийн бие махбодид учирсан ”зүүн гарын шуу ясны далд хугарал...” гэсэн хүндэвтэр гэмтлийн гэм хор арилсан байх ба Т.Пүрэвдаваа нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн...” хувийн байдалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  

 

Анхан шатны шүүх хохирогчийн хохирлын нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн байна.

 

Д.Галавсамбуугийн гэрийн гадаа Н.Пүрэвсүрэнгийн А.Баттөмөртэй барьцалдан ноцолдож, зодолдоод Н.Пүрэвсүрэнгийн биен дээр А.Баттөмөр гарсан байхад Т.Пүрэвдаваа гэрээс гарч ирэн А.Баттөмөрийг модоор цохисон үйл явдал болсон болох нь хохирогч А.Баттөмөр, Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нарын хэрэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул А.Баттөмөрийг зодож буй Н.Пүрэвсүрэнгийн үйлдлийг Т.Пүрэвдаваа дэмжиж, А.Баттөмөрийг зодсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан “...Н.Пүрэвсүрэн, Пүрэвдаваа нарын бүлэглэж бусдын  бие  махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглэн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ