Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  19  210/МА2023/01411

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/02354 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2389 м.кв талбайтай, барилга байгууламжтай газар эзэмшдэг. Тус барилга байгууламжийн авто гарааш, авто засварын зориулалттай, 71.5 м.кв талбайтай барилгад тулгаж ******* ХХК автобусны гараашаа 2011 онд барьсан.

1.2. Гэтэл уг гараашнаас том оврын автобусаар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, мөн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр мөргөсөн. Тухайн үед Д.******* иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

1.3. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь 3 дахь удаагаа манай ханыг өөрийн ханатай хамт цөм мөргөсөн. Энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хохирлыг барагдуулаад засварлаж өгнө гэсэн боловч засвар хийгээгүй. Сүүлийн мөргөлтөөс болж манай гарааш бүрэн эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан.

1.4. Барилгын ханыг мөргөхөд гарааш дотор байсан зурагт, засварын тоног төхөөрөмжүүд эвдэрсэн боловч эдгээрийн үнийг нэхэмжлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 79,900,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн тул хариуцагчаас 79,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК-ийн техник хяналтын инженер 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр автобусаа шалгаж байгаад гараашийн дотор ханыг мөргөж нэхэмжлэгчийн эзэмшлийн авто гараашид доргилт өгч хохирол учруулсан гэх нөхцөл байдал үүссэн, үүнийг маргахгүй. Харин манай ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас ямар хохирол учирсан талаар маргаж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд тухайн авто гараашийн өмнөх эвдрэлийг засаагүй байхад нь 2018 онд дахин мөргөхөд шинээр гэмтэл үүссэн талаар дүгнэсэн. 2018 онд гараашийн барилгад учирсан хохирол нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэмтлийг сэргээн засварлуулаагүй байсны улмаас үүссэн болох нь тогтоогдсон.

2.2. Уг гарааш нь 1974 онд баригдсан, 49 жил ашиглагдаж байгаа хуучин, тоосгоор барьсан байна. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХХК-ийн жолооч нэхэмжлэгчийн гараашийг мөргөсний улмаас доргилт үүсэж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч нь 8,000,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагчийн сүүлийн буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийн улмаас авто гараашийн барилгыг ашиглах боломжгүй буюу дахин барихад хүрэх нөхцөл үүсээгүй. Хариуцагчийн учруулсан хохирлын хэмжээ болон нөхөн төлбөрийн үнийн дүн хоорондоо нийцэхгүй буюу хуучин барилга буулгаж шинээр бариулах төсвийг шаардаж байгаа нь гэм хорын хохирол барагдуулах журамд нийцэхгүй.

Шинээр үүссэн гэмтлийг шинжээчээс асуусан боловч хариулах боломжгүй гэсэн. Ханыг өмнөх байдлаар мөргөсөн учраас Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар 9,513,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. Иймд хариуцагч нь өмнө төлж байсан 8,000,000 төгрөгийн хэмжээнд 2018 онд мөргөсөн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь гэм хорын хэмжээг ихэсгэхэд нөлөөлсөн байх тул гэм хорын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 9,513,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвдоржид олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,386,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 509,882 төгрөг, хариуцагчаас 167,166 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх гэм хорын төлбөрт 9,513,500 төгрөгийг юуг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, үндэслэлээ нотлоогүй, таавраар гаргасан гэж үзэхээр байна.

2017 онд барилгад үүссэн гэмтэл хохирлыг нэхэмжлэх үед гарсан Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний дүн буюу 9,513,500 төгрөгөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй юм. 2017 онд уг барилгыг мөргөснөөс хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин нөгөө талаас нь мөргөснөөр ашиглах боломжгүй болсныг шүүх анхаарч үзээгүй.

4.2. Нэгэнт энэ гараашийг ашиглах боломжгүй, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гээд байхад буулгаж дахин барихаас өөрөөр хэрхэн шийдвэрлэх билээ. Ямар хэмжээний зардал, үнэ хөлсөөр сэргээж босгох талаар мэргэжлийн байгууллагад хандаж, зохих үнэ хөлсийг нь төлж төсөв гаргуулсныг шүүх авч хэлэлцээгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд 510.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Барилгын материалын үнэ өссөн, уг гараашийг ашиглах боломжгүй болсон тухай шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримталсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэм хорыг өмнөх байдалд сэргээх гэж хуульчилсан. Уг барилга 1974 онд баригдсан бөгөөд осол гарах өдрөөр тооцоолоход 44 жилийн насжилттай барилга юм. Зураг төслийн дагуу баригдаагүй, нэхэмжлэгч нь зоорийн давхрын зориулалтыг өөрчилж, дээвэр хаалгыг сольж 4 машины зогсоол болгон өөрчилсөн гэж тайлбарладаг.

5.2. ******* ХХК-ийн өмнөх мөргөлтийн улмаас 2017 онд үүссэн эвдрэл гэмтлийг засварлаагүй байсан. Учир нь шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, өмнөх хэрэгт хавсаргасан Итгэл эстимэйт ХХК-ийн дүгнэлттэй адилхан байдаг. Мөн өмнөх эвдрэл гэмтлийг засварлаагүй талаар дүгнэлтэд дурдагдсан. Өөрөөр хэлбэл Итгэл эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр байшингийн ханыг хагарсан үе хүртэл хуулж, дахин өргөх, байшингийн дээвэр хар таазыг хуулж, дахин тавих, дотор ханыг шавардаж, эмульс түрхэх зэрэг ажлыг заавал хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Гэтэл эдгээр ажлыг хийгээгүй. Дараагийн мөргөлтийн улмаас ан цав нэмэгдсэн. Хариуцагч талын мөргөсөн үйлдлийн шалтгаант холбоо нь ан цавыг нэмэгдэхэд хүргэсэн. Барилгыг бүхэлд нь ашиглах боломжгүй нөхцөлд хүргээгүй. Барилгыг ашиглах боломжтой байсан эсэхийг нэхэмжлэгч тал нотлоогүй. Өмнөх мөргөлтийн дараа барилгыг засварлаагүй учраас нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирлын хэмжээ илтэд ихсэхэд хүргэсэн. Өмнө нь мөргөсний улмаас 8,000,000 төгрөгийн хохирол учирсан.

5.3. Дахин мөргөхөд учирсан хохирлын хэмжээ өмнөх хохирлын хэмжээтэй адилхан байх тул анхны мөргөсөн үйлдлийн хохирлын хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч хохирол учирсан хэмжээг нотлохгүйгээр 44 жилийн насжилттай барилгыг бүхэлд нь шинээр бариулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдааг зассан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч бусад хэсгээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагын гарааш талаас тээврийн хэрэгслээр нэхэмжлэгчийн авто гараашийг мөргөсний улмаас эвдэрч ашиглах боломжгүй болсон үндэслэлээр засварлах зардал гаргуулна гэж,

хариуцагч нь ... тус байгууллагын техник хяналтын инженер автобусаа шалгаж байхдаа гараашийн дотор ханыг мөргөж нэхэмжлэгчийн авто гараашид хохирол учруулсан нөхцөл байдал үүссэнийг маргахгүй, харин ямар хохирол учирсан талаар маргаантай, шинжээчийн дүгнэлтэд тухайн авто гараашийн өмнөх эвдрэлийг засаагүй байхад дахин мөргөсөн талаар дүгнэсэн учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 12 хаягт байрлах, 2390 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшиж, 376.92 м.кв талбайтай, зоорь хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг талаарх газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хэрэгт авагдсан байна.

3.2. Дээрх газарт байрлах авто гарааш, авто засварын зориулалттай, 71.5 м.кв талбайтай барилгад хариуцагчийн гарааш тулгаж баригдсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн гарааш дахь тээврийн хэрэгслээр нэхэмжлэгчийн авто гараашийн ханыг мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

3.3. Үүний өмнө 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн тус барилгад гэм хор учирсан байх ба хариуцагч уг гэм хорын хохиролд 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01987 дугаар тогтоолоор баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байна.

3.4. Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн барилгад 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ямар эвдрэл, гэмтэл үүссэн, нэхэмжлэгч нь өмнөх 2016 оны эвдрэл, гэмтлийг сэргээн зассан байсан эсэх, гараашид учирсан хохирол нь 2016, 2018 оны аль онд мөргөсөн үйлдлээс үүссэн, түүнчлэн одоо тус барилгыг ашиглах боломжтой эсэх асуудлаар барилгын салбарын зөвлөх инженер Б.Эрдэнэсүрэн, мэргэшсэн инженер Г.Батбаатар, инженер Т.Батсүх нарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

3.4.а. Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилга нэлэнхүйдээ доргиж, гадна өнгөлгөө баруун хойд болон зүүн хойд талд хагарч ан цав үүссэн, мөргөсөн хананд нэлэнхүйдээ цууралт өгч дунд хэсгийн блокон өрлөгүүд хийцийн бат бэх чанар алдагдан цүлхийж зарим хэсэгт хагарч үйрсэн, хойд хана хэсэг газартаа ан цав үүсэж цүлхийсэн, барилгын хаалга гажиж бүрэн хаагдахаа больж завсар үүссэн, уг эвдрэл гэмтэл барилгыг цаашид ашиглах боломжгүй болгосон гэжээ.

3.4.б. Мөн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтэд нэхэмжлэгч 2016 онд үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлаагүй байсан, 2016 онд мөргөсөн хананд 2018 оны мөргөлтийн улмаас шинээр цөмрөлт үүсч, хөндлөн, босоо, ташуу ан цав нэмэгдсэн, хохирол нь дээрх онуудад мөргөсөн нөлөөллөөс үүссэн, барилгын даацын блокон ханын үений залгаас шаврын барьцалдах чадвар алдагдаж, босоо, хөндлөн, ташуу чигт ан цав үүссэн нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх БНбД-ийн 22.01.01/2006-д заасан шаардлагыг хангахгүй, болзошгүй газар хөдлөлтийн үед тэсвэргүй, нурах аюултай тул ашиглах боломжгүй гэж дүгнэжээ.

Зохигчид дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны эвдрэл, гэмтлийг зассан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

3.5. Шүүхийн 184/ШШ2017/01987 дугаар тогтоолтой иргэний хэрэгт авагдсан Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд барилга нэлэнхүйдээ доргиж, гадна өнгөлгөө баруун хойд болон зүүн хойд талд хагарч, ан цав үүссэн, барилгын урд ханын дотор талын шавар 2 хэсэг газарт хагарсан, урд хана хагарч ан цав үүссэн, барилгын хойд хана хэсэг газартаа ан цав үүсэж ерөнхийдөө цүлхийсэн, барилгын хаалга гажиж, бүрэн хаагдахаа больж завсар үүссэн, хохирлыг арилгахын тулд байшингийн ханыг хагарсан үе хүртэл хуулж дахин өрөх, байшингийн дээвэр, хар таазыг хуулж дахин тавих, барилгын дотор ханыг шавардаж эмульсдэх ажлуудыг хийх шаардлагатай, хохирлын үнэлгээ 9,513,500 төгрөг гэж тусгагджээ.

 

4. Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөргөлтийн улмаас нэхэмжлэгчийн барилгад Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд тодорхойлогдсон, өмнө үүссэн эвдрэл, гэмтэл дээр шинээр цөмрөлт үүсч, хөндлөн, босоо, ташуу ан цав нэмэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь тус хохирлын үнэлгээний тайланд зааснаар барилгын ханыг хагарсан үе хүртэл хуулж дахин өрөх, дээвэр, хар таазыг хуулж дахин тавих, дотор ханыг шавардаж эмульсдэх ажлуудын зардлыг хариуцагчаар бүрэн төлүүлсэн боловч уг ажлууд хийгдээгүй байхад дахин гэм хор учирчээ. Иймээс барилга ашиглах боломжгүй болсон нь хариуцагчийн сүүлийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь барилгад сүүлд учруулсан гэм хорыг арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч нь зураг төслийн Харш прожект ХХК, мэргэшсэн төсөвчин Ч.Лхагвасүрэн нарын хамтран гаргасан 79,917,289 төгрөгийн барилгын ажлын төсвийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба барилгыг буулгаж, дахин шинээр барих ажлын зардал уг төсөвт багтжээ.

5.1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэм хор учруулахын өмнөх байдалд нэхэмжлэгчийн барилгыг сэргээх үүрэг хүлээсэн.

Гэвч дээрх төсөвт уг барилгыг буулгаж дахин шинээр барих ажлын зардлыг тооцоолсон, үүнээс шинээр цөмрөлт үүсч, хөндлөн, босоо, ташуу ан цав нэмэгдсэн эвдрэл, гэмтлийг засахад ямар хэмжээний зардал гарахыг салгаж тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч төсвийн нийт дүнгээр хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь татгалзлаа барилгын 44 жилийн насжилттай холбож тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч үүнд үндэслэл бүхий няцаалт, тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн татгалзлыг буруутгаагүйг үндэслэлтэй гэж дүгнэнэ.

5.2. Хариуцагч нь ханыг өмнөх байдлаар мөргөсөн учраас Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар 9,513,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа гэж тайлбарласан ба анхан шатны шүүх Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээ 9,513,500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь барилгыг буулгаж, дахин шинээр барих ажлын зардал 79,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцээгүй тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар, нотлох баримтын хэмжээнд талуудын маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасантай нийцэх юм.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Анхан шатны шүүх гэм хорын төлбөрт 9,513,500 төгрөгийг юуг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, үндэслэлээ нотлоогүй, таавраар гаргасан, 2017 онд барилгад үүссэн хохирлыг нэхэмжлэх үед гарсан Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний дүн 9,513,500 төгрөгөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй, 2017 онд барилгыг мөргөснөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин нөгөө талаас нь мөргөснөөр ашиглах боломжгүй болсныг шүүх анхаарч үзээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчдын хүсэлт, зөвшөөрлийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг алдаатай тусгасныг залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/02354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Д.Пүрэвдоржид ... гэснийг Д.*******д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА