Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01537

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01537

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01432 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 20,442,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ПОБЗГ0201/191111 тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулан 14,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

1.2. Зээлдэгч С.Нандинцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

1.3. Зээлдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд, үндсэн зээл 12,413,771 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,658,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,128.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 5,500 төгрөг, нийт 20,442,526.84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М.Доржпүрэвийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

2.1. С.Нандинцэцэг нь Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ПОБЗГ0201/191111 тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-гээр 14,000,000 төгрөгийг 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байгуулсан ба энэхүү гэрээнд М.Доржпүрэв нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн болно.

2.2. Гэвч 14,000,0000 төгрөгөөс М.Доржпүрэв нь нэг ч төгрөг авч ашиглаагүй бөгөөд С.Нандинцэцэг нь тухайн зээлийг бүрэн ашигласан ба юунд зарцуулсныг мэдэхгүй болно.

2.3. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага дээр С.Нандинцэцэг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэдгийг мэдсээр байж гэрээний хугацаа дуусах хүртлээ гэрээ цуцлах арга хэмжээ аваагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар ихэсгэсэн гэж үзэж байна.

2.4. Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барьцаанд хөдлөх хөрөнгүүд барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь С.Нандинцэцэг тул уг барьцаа хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй, мөн заавал нэг ч төгрөг авч ашиглаагүй хамтран зээлдэгч М.Доржпүрэвээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас М.Доржпүрэвт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Нандинцэцэгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Зээлдэгч С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлсэн энэ зээлийн хугацааны үндсэн хүүг хүлээн зөвшөөрч байна.

3.2. Түүнээс хойших 1 жил 7 сарын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны сүүл 2020 оны эхээр дэлхий даяар цар тахалтай байсан учир ямар ч орлого байхгүй байсан.

3.3. М.Доржпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед ямар гэрээнд гарын үсэг зурж байгааг мэдэхгүй гэсэн тайлбар өгч байна. Тухайн үед гэр бүлийн харилцаатай хамтран хүүхдийн тоглоомын газар ажиллуулаад явдаг байсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж заасан байдаг учир М.Доржпүрэв нь үүрэг хүлээх ёстой гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэн, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Нандинцэцэг, М.Доржсүрэн нараас 20,442,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нандинцэцэг, М.Доржсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

5. Хариуцагч М.Доржпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01432 шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ПОБЗНГ0201/191111 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр 14,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны ПОБЗНГ0201/200403 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж тус гэрээгээр ПОБЗНГ0201/191111 дугаартай гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгасан байна" гэж дүгнэжээ.

Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ПОБЗНГ0201/200403 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг дахин нэг жилээр сунгаагүй 6 сарын хугацаагаар сунгасан байдаг бөгөөд энэ тус гэрээний 2.2, 2.3 дахь хэсэг болон гэрээний хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваариас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байдаг.

5.2. Зээлдэгч С.Нандинцэцэг нь 2020 оны 03 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байхад нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр гэрээгээ сунгасан, мөн зээлийн гэрээний дууссан байхад нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сард буюу 1 жил 1 сарын дараа гаргасан нь зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг өөрсдөө санаатайгаар ихэсгэсэн гэж маргасан болно.

Гэтэл анхан шатны шүүх энэ тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй, зөв мэтээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.3. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ ёсоор нэхэмжлэгч буюу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээгээ цуцалж, зээл эргэн шаардах бүхий л нөхцөл бүрдснийг банкны зүгээс энэ эрхээ хэрэгжүүлэхгүй, санаатайгаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өсгөсөн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх "....2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь үндэслэл бүхий болжээ...." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01432 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 20,445,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Доржпүрэв, С.Нандинцэцэг нар нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2-р тал/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Худалдаа, хөгжлийн банк ХХК нь 14,000,000 төгрөгийг засвар, тохижилтын зардлын зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нарт зээлдүүлэх, С.Нандинцэцэг, М.Доржпүрэв нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх. 10-11 дүгээр тал/

3.б. Улмаар зохигч 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, өмнөх зээлийн гэрээний хугацаа 18 сарыг 24 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. /хх 14 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11ий өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 14,000,000 төгрөгийг зээлдэгч С.Нандинцэцэгийн эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

5. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтөд зээл 1,586,229 төгрөг, хүү 1,177,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,045 төгрөг, нийт 2,868,080 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан. Энэ нь зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх 15/

6. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2022 оны 01 дүгээр сарын 24ий өдрөөс хойш төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсон. /хх 15/

Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 12 дугаар сарын 27ы өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 20,437,026 төгрөг (үндсэн зээл 12,413,771 төгрөг, зээлийн хүү 7,658,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,128 төгрөг) байгаа гэсэн хүү, тооцооллын хүснэгтийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгчээ. /хх 15/ Хариуцагч нар нь уг тооцооллыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

  7. Иймд анхан шатны шүүх хариуцагч С.Наранцэцэг, М.Доржпүрэв нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,442,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарт шаардлага гаргах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч хуулийн дээрх зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдааг залруулах нь зүйтэй.

8. Хариуцагч М.Доржпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Худалдаа хөгжлийн банк ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар ихэсгэсэн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж хүүг багасгах боломжгүй.

9. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...М.Доржсүрэн гэж хариуцагч М.Доржпүрэвийн нэрийг буруу бичсэн техник алдаа гаргасан байх тул залруулах нь зүйтэй. .

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01432 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 242 дугаар зүйлийн 242.3 гэснийг хасаж, М.Доржсүрэн гэснийг М.Доржпүрэв гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч П.Доржпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Доржпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР