Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01581

 

 

 

 

 2023 оны 08 сарын 09 өдөр Дугаар 210/МА2023/01581

 

******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02812 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Энхтуулд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,475,540.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Жамъяндорж,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Б.Төгөлдөр,******* нар нь "*******" ХК-д цалингийн зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104100461030 дугаартай зээлийн /Цалингийн зээл/ гэрээ байгуулж 3,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг нэмэлт зээлийн гэрээгээр, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг нэмэлт зээлийн гэрээгээр нийт 16,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувь /сарын хүү 1.8/-ийн хүүтэй зээлийг 48 сарын хугацаатай зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 2, 17-ны өдрүүдэд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан.

1.2. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөөс зээл 3,275,789.86 төгрөг, зээлийн хүү 2,886,294.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.2 төгрөг, нийт 6,162,285.73 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй болно.

Үндсэн зээлдэгч Б.Төгөлдөр нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан, хамтран зээлдэгч******* нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул "******* ХК-ийн зүгээс 2019 оны 03 дугаар сараас эхлэн*******тай удаа дараа уулзалт хийн зээл төлөх шаардлага хүргүүлсэн боловч зээл төлөх мэдэгдлийг хүлээж авдаггүй бөгөөд зээл авсан өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1548 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж, зээлийн өр үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

1.3. Иймд Хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,724,926.31 төгрөг, зээлийн хүү 11,660,785.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,058,828.91 төгрөг, нотариатын зардал 31,000 төгрөг, нийт 25,475,540.45 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч*******ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч******* миний бие нь талийгаач нөхөр болох Б.Төгөлдөртэй 2004 онд танилцаж, улмаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ууган охин Т.Анир, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр удаах охин Т.Анхилуун нарыг төрүүлж ганцаараа өсгөж байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 07 дугаар сарын 10-ны дотор олон жил гэр бүлийн хамт халуун ам бүлээрээ амьдарсан байрыг суллаж өгөхийг шаардаж, улмаар орох оронгүй болгосон ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 охин, бид 3 түрээсийн байр дамжин амьдарч байна. Өрх толгойлсон, сургуулийн өсвөр насны 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа төдийгүй бага охин Т.Анхилуун эпилепс оноштой байнгын эмчийн хяналтад байж, тодорхой эмчилгээ байнга хийлгэдэг.

2.2.1. Зээлийн хүү үндсэн зээлдэгчийг нас барснаар зогсох ёстой. Хүүг олон жил, сар, хоногоор явуулж, мөнгө хүүлэлт болгож, үндсэн зээлийн үлдэгдэлтэй дүйцэхүйц 11,660,785.23 төгрөгийн хүүг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нас барсан өдөр хүртэл хүүг төлөхөд татгалзах зүйлгүй.

2.2.2. Мөн дээрх утгаараа нэмэгдүүлсэн хүү мөн буурах ёстой гэж үзэж байна. *******ны нэхэмжлэлтэй хамт хавсаргаж шүүхэд өгсөн дансны хуулганд ойлгомжгүй, тооцооллын алдаатай зүйл байна. Тухайлбал 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүү зогсоосон байхад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүү бодож байгааг ойлгохгүй төдийгүй, төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2.3. Нэхэмжлэлд дурдсан 31,000 төгрөгийн нотариатын зардал нь *******ны өөрийнх нь үйл ажиллагааны зардал учир төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2.4. Талийгаачийг нас барсны дараа зээл төлөх асуудлаар *******ны зээл авсан салбарын захирал өөрөө утсаар холбоо барихад тодорхой хэмжээний хадгаламжтай гэдгийг хэлсэн. Ингэж анх хадгаламжтай гэдгийг мэдсэн. Улмаар уг хадгаламжаас зээлийн төлөлт хийлгэж, зээлийг хаана гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл уг мэдээллээр миний бие уг зээл хаагдсан гэж ойлгож байсан.

Хариуцагч миний бие нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба доорх нөхцөлөөр эвлэрэхийг нэхэмжлэгч талд үүгээр мэдэгдэж байна.

2.3. Зээлийн төлбөрт талийгаач нөхрийн өмчлөл, нэр дээр байгаа АМ3100045055 арлын дугаартай 8698 УБҮ улсын дугаартай, цагаан алаг өнгийн суудлын зориулалттай Toyota Alphard маркийн автомашиныг шилжүүлэн өгөх болон төрсөн охин Т.Анир, Т.Анхилуун нарын нэр дээрх *******ны дансанд байгаа хадгаламжийг төлбөрт тооцуулан, эвлэрэх саналыг гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дугаар хэсэгт зааснаар хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,327,418.81 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,148,121.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,327.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,587.09 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч "*******" ХК давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Гомдлын шаардлага: Анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 5,148,121.64 төгрөгийг гаргуулах тухай.

4.2. ******* нь иргэн Б.Төгөлдөр,******* нарт нийт 16,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувь /сарын хүү 1.8/-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн.

Нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,724,926.31 төгрөг, үндсэн хүүний төлбөр 11,660,785.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,058,828.91 төгрөг, нотариатын зардал 31,000 төгрөг нийт 25,475,540.45 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг дутуу үнэлсэн мөн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх заалтыг хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дахь заалтны ... нэхэмжлэлийн шаардлагаас 5,148,121.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай", гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлийн гэрээний ерөнхий хугацаанд биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтруулснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна.

Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, тээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.

"Үндсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцож тогтоодогтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ. Талуудын байгуулсан гэрээнд "хэтэрсэн хугацааны хүү"-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна гэжээ.

Гэтэл талуудын зээлийн харилцаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104100461030 дугаартай Цалингийн зээлийн гэрээ, 3,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг нэмэлт зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг нэмэлт зээлийн гэрээ тус тус байгуулсан 104100461030 дугаар "Зээлийн гэрээ"-ний хүрээнд тодорхойлогдох ёстой. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээнд "хэтэрсэн хугацааны хүү"-гийн хэмжээг гэрээний зээл төлөх нөхцлийн нэг буюу 2 дугаар зүйлийн 2.2.4-т "Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. хэмээн гэрээний үйлчлэх хугацаа, тухайн хугацааны хүрээнд хуримтлагдах хүүгийн асуудлыг тодорхой зохицуулсан.

4.4. Мөн уг гэрээний "Банкны эрх, үүрэг"-ийг тодорхойлохдоо 4.1.7-д "Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулахыг шаардах, мэдэгдэл хүргүүлэх гэж мэдэгдэл хүргүүлэх асуудлыг зохицуулсан.

Банкны дотоод журмаар мөн адил зээлийг хариуцсан ажилтан мэдэгдэл хүргүүлж зээлээ төлөхийг зээлдэгчээс шаардан шахаж ажиллах ёстой байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаас үзвэл банк илүү тооцоолж ямарваа нэгэн хүү нэхэмжлээгүй зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

4.5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно."

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4 дэх хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал зээлдэгч Б.Төгөлдөр,******* нар нь авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нотлох баримттай байхад Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн шийдвэр гарсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 5,148,121.64 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж ******* ХК-д олгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбар:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс эрэн сурвалжилж байсан хугацааны төлбөрийг олгоогүй гэж гомдол гаргасан байна. Уг гомдлыг гаргахдаа 1995 онд батлагдсан банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийг баримталсан. Гэтэл тухайн хууль нь хүчин төгөлдөр бус болж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэ хууль батлагдсан.

5.2. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн эрэн сурвалжлах хугацааны хүүг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2019 оны үндсэн зээлийг ******* ХК-ийн зүгээс хүүхдүүдийн нэр дээр байсан хадгаламжийг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдлээс хассан байдаг. Уг үйлдлийг ямар ч үндэслэлгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр залруулга хийсэн. Мөн тухайн залруулга хийхдээ ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй. Үндсэн зээлээс хүүг бууруулж байгаа тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, биелэгдээгүй үнийн дүнгээс хасах ёстой.

5.3. Эрэн сурвалжлах хугацааны явцад мэдэгдэл гардуулсан учраас хүүг бууруулсан байдаг. Хэргийн 26 дугаар талд авагдсан мэдэгдлээр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацааг дуусгавар болгох ёстой. Мөн үндсэн зээл 8,442,000 төгрөг, зээлийн хүү 7,579,000, нэмэгдүүлсэн хүү 384,000 төгрөг бөгөөд нийт 16,370,442.65 төгрөгийн мэдэгдлийг*******д гардуулсан. Иймд хариуцагч нь 5,184,221.60 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд нэмж хүүг бууруулах ёстой байсан гэжээ.

6. Хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны Шүүхийн 2023 оны 06 дугаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна

6.1. Анхан шатны шүүх хурал оролцох үедээ өөрийгөө хариуцагчаар дангаар оролцвол зохих этгээд биш болох талаар нотлох байр сууриа илэрхийлж, эрүүгийн хэргийн төв архиваас уг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Улмаар шүүх дээрхи хүсэлтийг хүлээн авч хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч намайг мэтгэлцэх, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш Эрүүгийн хэргийн төв архивт өөрийгөө хамгаалах нотлох баримтыг хуулбарлан авахаар зохих журмын дагуу хандсан боловч нууцын тухай хуулийн дагуу гаргаж өгөөгүй. Иймд энэ байдлаа шүүх хуралдааны үед тайлбарлаж хэлсэн бөгөөд улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хувь хүн, албан байгууллага, төрийн байгууллагын нууцтай холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж хуульчилсан заалтын дагуу хүсэлтийг шийдвэрлээгүй хохироосон.

6.2. Дээрх нотлох баримт өнөөдрийн маргаан болоод байгаа зээлийг барагдуулах үүргийг эрүүгийн хэрэгт хохирогчоор талийгаачийн төрсөн дүү болох Б.Маралгуа оролцсон бөгөөд эрүүгийн хэргийн шүүхээс хохирогчид зээлийн гэрээний төлбөр, оршуулгын зардал, бусад зардлын хамтаар гаргуулж олгосон талаар нотлох баримт бөгөөд хариуцагч******* намайг зээлийн гэрээний үүргийг дангаараа хариуцах үндэслэлгүй болохыг тогтоох чухал ач холбогдолтой баримт байсан юм.

Иймд хариуцагч би өөрийгөө энэхүү зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцах ёсгүй буюу дээрх зээлийн гэрээний үүргийг барагдуулахыг хуулийн өмнө хүлээсэн хүн байгаа талаар нотлох, хуулийн шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх эрхээр хангаагүй гэж үзэж байгаа тул Баянзүрх Иргэний Хэргийн Анхан шатны Шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101//ШШ2023/02812 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбар: Зээлийн гэрээнд н.Маралгуа биш******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг. Манай байгууллагаас эрүү болон иргэний хэрэгт Б.Маралгуаг татах үндэслэл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 20,445,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч******* нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2-р тал/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХК нь 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай*******, Б.Төгөлдөр нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх. 16-24 дүгээр тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Зээлдүүлэгч ******* ХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгө болох 16,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Төгөлдөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

5. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтөд зээл 5,735,342 төгрөг, зээлийн хүү 3,286,928 төгрөг, нийт 9,022,471 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх 8-15/

6. Зээлдэгч нар нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2019 оны 02 дугаар сарын 02ы өдрөөс хойш төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 10/

7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээндээ хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү 5,148,121 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

8. Хариуцагчийн гаргасан ...Эрүүгийн хэргийн архиваас 786 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, 1475 дугаар магадлал, 172 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардаж байхад Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол нь хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

9. Хариуцагчийн гаргасан ...Б.Маралгуа хариуцах ёстой. Б.Төгөлдөрийн амь хохирсон хэрэгт хохирогчоор тогтоогдож орсон. Уг зээлийн мөнгийг Б.Маралгуа авсан гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч*******аас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй бөгөөд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй Б.Маралгуа нь зээлийг хариуцах агуулгатай гомдол үндэслэлгүй.

  10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, талуудын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, талуудын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,320 төгрөг, хариуцагч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,588 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР