Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00851

 

Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэр,        

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00015 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Амарболдод холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагчийн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Отгонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Бүжин, Б.Энхсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Энхмарт миний бие нөхөр Л.Болдсүрэнтэй 1986 онд гэр бүл болж 1986 онд том охин Б.Энхсүрэн, 1989 онд бага охин Б.Бүжинг төрүүлсэн. 1990 оноос эхлэн 2004 оны 02 сар хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод хадам эцгийн хамт ам бүл 5-уулаа амьдарсан.

Энэ байрыг хадам эцэг С.Лхамсүрэн 1998 онд хувьчилж авахдаа хүү Л.Болдсүрэн болон биднийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар бид 5 уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Нөхрийн минь хадам эгч Л.Хандсүрэн 1992 онд Зүүн хараагаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарсан цагаас хойш биднийг байнга хэл амаар доромжлон дарамталж гэрээс маань хөөдөг байсан.

Энэ хугацаанд нөхөрт маань улсаас Хэрлэн сумын 5 дугаар багт байх 28 гэдэг газарт байр өгч бид тэнд амьдрахаар явсан боловч уг байр хүйтэн, халаалтгүй, сургууль цэцэрлэг, ажлаас хол байрладаг, хүн амьдрах боломжгүй байр байсан учраас бид удалгүй гэртээ буцан ирж амьдарсан. Тэгээд ч энэ байрны асуудал энэ хэрэгт огт хамааралгүй асуудал юм. Ингээд 2004 оны 02 дугаар сард сард багш нарын баярын үеэр хадам эгч Л.Хандсүрэн согтуу ирж намайг болон охин Б.Энхсүрэнг үсдэж үг хэлээр доромжлон орон гэрээс минь хөөж, улмаар охиныг минь Болдсүрэнгийн хүүхэд биш гэх мэтээр доромжилсон. Энэ үеэс эхлэн миний бие энэ байранд амьдрах аргагүй болж өөрийн эцгийн голомт болох 11 дүгээр байрны 24 тоотод очиж амьдрах болсон бөгөөд хоёр охин маань өвөө болон аавтайгаа хамт амьдарч, миний бие ч ирэн очин амьдарч байсан.

Гэтэл нөхөр Болдсүрэн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөх нуурт хууль бусаар загас агнаж явж байгаад золгүйгээр осолдож амь насаа алдсан.

Нөхрийг маань нас барснаас хойш хадам эцэг С.Лхамсүрэн нэг их удалгүй 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан.

Энэ үеэр миний бие хавдар илэрсний улмаас Улаанбаатар хотод байнга эмчилгээнд явж байсан бөгөөд бага охин маань Улаанбаатараас ирээд гэртээ орох гэтэл цоожийг нь сольчихсон байсан. Охин Бүжин Хандсүрэн эгчтэй уулзаад гэртээ орьё гэхэд та нарын байр биш, миний эцгийн байр гээд гэрт нь оруулаагүй байсан.

Хууль ёсоор бол уг байрны жинхэнэ өмчлөгч нар нь бид байтал, ямар ч өмчлөх эрхгүй хүн болох Л.Хандсүрэн байрыг минь булаан авч хүү Ч.Амарболддоо өгсөн бөгөөд Ч.Амарболд нь одоо уг байрыг бусдад түрээслэн ашиг олж байна. Тухайн үед би өвчтэй байсан учраас хэл ам болоод яахав, дараа нь больё гээд өдий болтол байрны асуудлыг хөндөлгүй орхисон. Байрны гэрчилгээний хувьд гэрт байсан гэрчилгээ маань алга болсон байсан учраас бид бүх бүрдүүлдэг бичиг баримтыг нь бүрдүүлж хууль ёсоор дахин шинээр гэрчилгээ авсан. Энд хууль бус зүйл юу ч байхгүй, хуурамчаар гэрчилгээ авсан зүйл байхгүй.

Иймд бид хууль ёсны өмчлөгч нар учраас бидний байрыг Ч.Амарболдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг байрыг бидэнд үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Энхмарт нь 2000 онд ээжийн дүү болох Болдсүрэнтэй өвөөгийн байр болох 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод өвөөгийн хамт амьдарч байгаад салахдаа өвөөгийн гэрийн эд хогшлоос юу ч үлдээлгүй авч явсан. Тухайн үед өвөө маань хоёр ач охиноо бодоод хэл ам хийлгүй, хоёр охиндоо өгсөн гээд бодчихоё гэж яриад өнгөрсөн гэдэг.

2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ээжийн минь дүү Болдсүрэн нас барахад Энхмарт хоёр охиныхоо хамт ирээгүй, ажил явдалд нь ч оролцоогүй.

Мөн өвөө Лхамсүрэн маань 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд нас бартлаа ач охид болох Энхсүрэн, Бүжин нарыг их хүлээсэн... Энхмарт, Энхсүрэн, Бүжин нарыг явснаас хойш, Болдсүрэн ахыг өөд болсноос хойш байр нь нэг хэсэг эзэнгүй байсан. 2006 онд Амарболд би охинтой болсноор 1 дүгээр байрны 66 тоотод өрх тусгаарлан 2016 оны 12 сар хүртэл амьдарсан.

2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Энхсүрэн, Бүжин нар ирж байр суллаж өг гэж шаардсан. Миний бие шийдвэр гаргах эрхгүй тул ээж Хандсүрэнтэй ярьж уулзаж учраа ол гэж хэлсэн... Өвөө маань нас барахаасаа өмнө Энхтуяа гэдэг нотариатын хүнийг гэртээ урьж ирүүлэн өөрийнхөө байрыг ээж Хандсүрэн болон миний нэр дээр гэрээслэл бичиж үлдээсэн. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох Лхамсүрэн, хүү Болдсүрэн нар нас барж, С.Лхамсүрэн нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л.Хандсүрэн, зээ хүү Ч.Амарболд нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа.

Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өвөө болох С.Лхамсүрэн нь 2005 оны эхээр буюу гэрээслэл бичсэн гэх 1 сард хүн танихгүй хэвтэрт орсон байна. Охин Б.Энхсүрэн өвөөгийнхөө биеийг асуухаар 2005 оны 01 сард очиж уулзахад ач охиноо ч танихгүй байсан. Тиймээс гэрээслэл үлдээхдээ бичсэн хүсэлтийг Л.Хандсүрэн гэгч өөрөө зохион бичсэн гэж үзэж байна. Хүн танихгүй, өвчтэй хүн гэрээслэл бичиж, гарын үсэг зурж чадахгүй. Тиймээс энэ гэрээслэл хүчин төгөлдөр гэхэд эргэлзээтэй байхаас гадна өвтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй учир хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Амарболдын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцыг нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт үлдээж, нэхэмжлэгч нарт холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн илүү төлсөн 212 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгож шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00015 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотын 2 өрөө орон сууцнаас хариуцагч Ч.Амарболдыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Амарболдыг 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны С.Лхамсүрэнд оногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн илүү төлсөн 212 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгосугай” гэснийг “хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 212 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгож, нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.Амарболдод олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нэхэмжпэгч бид нар маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Д.Энхмарт миний бие нь нөхөр талийгаач Л.Болдсүрэнтэй 1985 онд гэр бүл болж 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Ингээд 1990 он хүртэл миний бие талийгаач нөхөр Л.Болдсүрэнгийн хамт манай аавын гэрт буюу Дорнод аймгийн 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 24 тоотод хамт амьдарч байсан.

Гэтэл Л.Хандсүрэн нь энэ хугацаанд хамт амьдарч байгаагүй Сэлэнгэ аймагт тусдаа амьдарч байсан мөртлөө энэ талаар сайн мэдэх мэтээр бид хоёрын амьдралыг илт мушгиж, худал хуурмаг зүйлийг шүүхэд мэдүүлсэн. Хэргийн зохигчид шүүхэд хуульд зааснаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуульд заасан байсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хянаж үзсэнгүй.

Манай нөхөр Л.Болдсүрэнгийн эгч Л.Хандсүрэн нь 1992 оноос Сэлэнгэ аймгаас гэр бүлээрээ шилжин ирсэн. Шилжиж ирснээс хойш Л.Хандсүрэн нь байр оронтой болох хүртлээ манайд түр хугацаанд хамт амьдарсан бөгөөд хамт байх хугацаандаа надтай байнга хэрүүл хийж, сүүлдээ миний 2 хүүхдүүдийг хүртэл Л.Болдсүрэнгийн хүүхдүүд биш гэж элдвээр хэлж, доромжлох болсон.

Талийгаач хадам эцэг маань 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээслэл бичсэн гэж байгааг бид 3 хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь манай хадам эцгийн нотариатад гаргасан хүсэлтдээ “талийгаач хүү Болдсүрэнд оногдох хувийг зээ хүү Ч.Амарболдод эзэмшүүлэх хүсэлтэй” гэж байсан байх ба гэрээслэлд “Хэрлэн сумын 9 баг, 1 дүгээр байр 66 тоот байрыг Лхамсүрэнгийн Хандсүрэн төрсөн охиндоо, зээ хүү Ч.Амарболдод” гэрээсэлж байна гэжээ. Энэ бүхнээс харахад 2 өөр зөрүүтэй утга санаа бүхий зүйл гэрээслэн бичиж байх зэргээс үзэхэд тухайн үед талийгаач хадам эцэг С.Лхамсүрэн маань өөрийн үйлдлийг бүрэн ойлгох оюун ухааны хувьд эргэлзээтэй байсан гэж үзэж байна.

...Анхан шатны шүүх бидний эрх, ашгийг хамгаалсан гэж үзэж байгаа. Өвийн маргааныг асуудал огт шийдвэрлээгүй, эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүх энэ бүхнийг нягтлан шалгалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид 3 одоо болтол өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдарч, ашиглаж, эзэмшиж чадахгүй байгаа.

Иймд давж заалдах шатны шүүхийн 201/МА2017/00015 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Ч.Амарболдоос бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзэж байна. Талийгаач С.Лхамсүрэн нь хамт амьдарч байсан орон сууцыг зээ хүү Ч.Амарболдод өвлүүлэхээр гэрээсэлсэн байгаа нь хуваарьт өмчөө биш харин хамтран өмчлөх дундын өмчийнхөө өөрт оногдох хэсгийг өвлүүлсэн байна гэж ойлгогдохоор байгаа ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс С.Лхамсүрэнд ногдох хэсгийг гаргуулж авах эрх Ч.Амарболдод үүсэж болох юм.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, орон сууцыг Д.Энхмарт, Б Энхсүрэн, Б.Бүжин нарт үлдээж, Ч.Амарболдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө байрнаас албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нотариатын тухай хуулийн 5, 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал буюу гэрээслэл хийгдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох оюун ухааны хувьд эрүүл гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа тухай үед түүнд байсан эсэх, гэрээслэлд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурсан эсэх зэрэг нь эргэлзээтэй ба энэ талаархи нотлох баримт хэрэгт огт байдаггүй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар Нотариатын үйлдэл хийх зааврыг баталсан. Уг зааврын 4.9.11-т “...гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд хавсаргаснаар гэрээслэлийн материалыг бүрдүүлсэн гэж үзэж, гэрээслэлийн хувь тус бүрт нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдэг дарж гэрээслэл гэрчлүүлсэн он, cap, өдрийг бичиж, гарын үсэг зурж, ус нэвтэрдэггүй дугтуйнд хийнэ...” гэжээ. Мөн 4.9.16-д “...гэрээслэл нь тухайн аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. Аймгийн нотариатчид салбарын даргаас дугаар авч, уг гэрээслэлийг зохих байгууллагад бүртгүүлнэ...” гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон гэрээслэлд 2005 онд дарагдсан тамга байхгүй, 2016 онд тамга дарагдсан байна. Өөрөөр хэлбэл нас барснаас хойш 11 жилийн даргаа тамга дарагдсан. Магадлалын үндэслэл болон гэрээслэл нь аймгийн салбарын даргад бүртгэгдээгүй, салбарын даргаас дугаар аваагүй гэдэг.

Мөн нэхэмжлэгч нар Нотариатчдын танхимаас гэрээслэлийн нэг хувийг хүлээлгэн өгсөн талаар асуухад Нотариатчдын танхимд хүлээлгэж өгөөгүй, өгсөн талаархи баримт байхгүй, гэрээслэлийн 1 хувь нь байхгүй, ирүүлээгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг юм.

Мөн нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т заасан өвлөгч байгаа эсэхийг тодруулалгүй өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг ба хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр талийгаач С.Лхамсүрэнгийн хүүхдүүд болон бусад ач, зээ нараас нь эцэг болон өвөөгийнхөө өв хөрөнгөөс өвлөх талаар хүсэлт гаргасныг шүүхэд нотлох баримт болгож гаргаж өгсөн.

Энэ мэтчилэн өвийн асуудал нэг мөр шийдэгдээгүй маргаантай, С.Лхамсүрэнгийн хөрөнгөнөөс өвлөх бусад өвлөгч нар байгаа эсэх нь тодорхойгүй, С.Лхамсүрэнгийн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүх илэрхий, эргэлзээтэй гэрээслэлийг үнэлж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад зөв дүгнэлт хийж, хариуцагч Ч.Амарболдыг өвийн асуудлаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах, С.Лхамсүрэнгийн бусад өвлөгч нарыг тогтоолгох, орон сууцнаас өөрт ногдох хэсгээ нэхэмжлэх эрхтэй гэж дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн 201/МА2017/00015 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 138/ШШ2017/00285 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, маргааны үйл баримт тодорхой бус байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь хариуцагч Ч.Амарболдод холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч Ч.Амарболд нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд гэрээслэлийн дагуу тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болж буй орон сууц нь 1986 онд С.Лхамсүрэнгийн эзэмшилд байж байгаад Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр 1998 онд хувьчлагдаж, С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна \хх-ийн 43, 47, 49 дүгээр тал\. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын нэр дээр олгогджээ \хх-ийн 20 дугаар тал\.

 

Нэхэмжлэгч Д.Энхмарт болон Л.Болдсүрэн нар нь 1986 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас охин Б.Энхсүрэн, Б.Бүжин төрсөн, Л.Болдсүрэн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, С.Лхамсүрэн 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ \хх-ийн 12-17 дугаар тал\.

 

С.Лхамсүрэн нь нас барахаасаа өмнө 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Хандсүрэн, Ч.Амарболд нарт Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг гэрээслэсэн байна \хх-ийн 164 дүгээр тал\.

 

Нэхэмжлэгч нарын шаардлага нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байгаа тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нь зөв болно.

Гагцхүү маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө 5 өмчлөгчтэй байсан ба тэдгээрийн хоёр нь нас барсан, гурван өмчлөгч нь энэ хэргийн нэхэмжлэгч болж байгаа, хариуцагчид өмчлөх эрх шилжүүлсэн нас барсан нэг өмчлөгчийн гэрээслэл байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн өмчлөх эрхийг тогтоохоос гадна өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтаар нэг үл хөдлөх эд хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр өмчлөх эрхтэйг тогтоож, улмаар орон сууцыг эзэмших этгээдийг тодорхойлох шаардлагатай болно.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид юм. Эдгээр этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч болно. Дээрх этгээдийн хэн алиныг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Үүнээс гадна Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө. Энэ хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж хуульд заасан байна.

    

Иргэний хуулийн 521 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өвлөгчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өвлөгчид шилждэг байна.

 

Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2., 528.3.-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг байна.

 

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1.-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэдэг байна.

 

Нэхэмжлэгч нарын шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхийн тулд шүүх талийгаач С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн нарын хууль ёсны бөгөөд гэрээслэлээр өв залгамжлагч хэн болохыг тогтоож, нас барсан хүмүүсийн өмчлөх эрхийн дагуу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг  тодорхойлох шаардлагатай байна.

Зохигчдын мэтгэлцээгүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй үйл баримтын талаар хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00015 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН