Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 017

 

Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Файнноос ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хыдырпатша нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Майра, А.Төлеу, З.Айнагүл, Т.Бахытгүл, Ж.Ердибек нарыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар, Б.Холганатыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн самнах цехийн сантехникчээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, дээрх ажилчдын хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасны дагуу сард олгох үндсэн цалингийн хэмжээг тодорхой тусгаж өгөхийг ажил олгогчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 зааснаар эгнээндээ нэгдэн орсон гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна. Т.Майра, А.Төлеу, З.Айнагүл, Б.Холганат, Т.Бахытгүл, Ж.Ердибек нар Файнноос ХХК-нд самнах машин баригч, сантехникчээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-нд нийт 20 орчим хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг баримталж ажлаас гэнэт халсан байна. Тус компани нь ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сард олгох үндсэн цалингийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй улмаас ажилтнууд эрхэлсэн хөдөлмөртөө тохирохгүй, маш бага хэмжээний цалин урамшуулал авч ирсэн байна. Файнноос ХХК нь ажилтнуудын дараах эрхийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн гэрээнд ажилтны үндсэн цалингийн хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 заасны дагуу тодорхой зааж өгөөгүй. 2. Ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтад заасны дагуу ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй зэрэг эрхүүдийг зөрчсөн байна. Иймд шүүхээс хүсэх нь: 1. Т.Майра, А.Төлеу, З.Айнагүл, Т.Бахытгүл, Ж.Ердибек нарыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн самнах машин баригчаар, Б.Холганатыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн сантехникчээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох; 2. Дээрх ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 заасны дагуу сард олгох үндсэн цалингийн хэмжээг тодорхой зааж тусган өгөхийг даалгаж шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг тус тус хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 20 орчим хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан ажлаас халсан гэх боловч бичээчийн алдаагаар буруу бичигдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр ажилчдыг бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дүгээр зүйлийг баримтлан ажлаас халсан юм. Үйлдвэр маань алдагдалтай ажиллах болсон тул бид ийм арга хэмжээ авахад хүрсэн. Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд ажилтны үндсэн цалингийн хэмжээг тодорхой зааж өгөх ёстой боловч, дээрх ажилчид хийснээр цалин авахаар тохиролцсон тул тодорхой тоо зааж өгөх боломжгүй байсан. Ажилтнуудыг бөөнөөр халах болсон тухай байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргад 2 сарын өмнө мэдэгдсэн юм. Ажлаас халагдсан хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэг сарын тэтгэмжийг хуулийн дагуу олгосон. Ажилтнуудын ажилласан хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулж байсныг өргөдөлд хавсаргасан материалиар нотолж байна. Үйлдвэрийн ажлын байдалтай газар дээр нь таналцаагүйгээр бүрэн зогссон үйлдвэрийн газарт хүмүүсийг ажиллуулахыг шаардсан Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга А.Кеншиликийн зүй бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Бахат овогт Жамчитийн Ердибек, Жантекей-Харажан овогт Турсынханы Майра, Санырау овогт Төлеубайн Бахытгүл, Молхы-Хошах овогт Агарысын Төлеу, Санырау лава овогт Зултайн Айнагүл нарыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар, Молхы-машан овогт Байбатшагийн Холганатыг Файнноос ХХК-ийн самнах үйлдвэрийн самнах цехийн сантехникчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд сард олгох үндсэн цалингийн хэмжээг тодорхой тусгаж өгөхийг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Файнноос ХХК-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь ажилтнуудын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй субьект юм. Бусдыг төлөөлөх эрхийг бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Анхан шатны шүүх хариуцагч компанийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Компанийн орон тоо нэгэнт цөөрсөн тул ажилтнуудаа цөөлөх нь гарцаагүй. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6/-д зааснаар тус холбооны гишүүд Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нарыг төлөөлөн анхан шатны шүүхэд гомдол (нэхэмжлэл) гаргасан бөгөөд тус холбоог бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд гэж тодорхойлон, иргэний хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 32 дугаар зүйлийн 32.2.-т нийцсэн байна.

Ажилтан Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нар нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж ...бидний зөрчигдсөн эрхийг сэргээлгэж шүүхэд төлөөлөгч өгөхийг хүсч байна гэж хүсэлт гаргаснаар тэдгээрийн хүсэл зориг тодорхойлогдож байгаа ба Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нар нь тус холбооны /сар бүр холбооны татвар төлдөг/ гишүүд мөн болох талаар хариуцагч маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Төлөөлөн нэхэмжлэгч нь ажил олгогч Файнноос ХХК-д холбогдуулан (1) Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, (2) тэдгээр ажилчдын хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг тодорхой тусгахыг даалгах тухай гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтан Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл нарыг самнах үйлдвэрийн машин баригчийн ажлаас, Б.Холганатыг Самнах үйлдвэрийн сантехникийн ажлаас тус тус тушаал гаргаж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, хуулийн холбогдох заалтыг үндэслэлтэй, зөв тайлбарлаж ажилтнуудыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг тодорхой тусгахыг даалгах-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хуулийн дээрх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3.-т заасан үндсэн цалингийн хэмжээ-ний талаар бус харин цалин хөлс олгох хэлбэр-ийг хийснээр, цагаар, бусад гэж хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т заасан цалин хөлс олгох хэлбэрүүд нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3.-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох гэрээнд ажилтны хөдөлмөрийн хөлсний хэмжээг тусгах шаардлагыг үгүйсгэхгүй юм.

Ажил олгогч Файнноос ХХК-ийн ажилтан Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзвэл, гэрээнд ажилтны үндсэн цалингийн хэмжээ тодорхой тусгагдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул төлөөлөн нэхэмжлэгчийн ажил олгогч хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хуульд зааснаар дордуулсан тухай нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагын агуулгыг оновчтой тодорхойлоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэл нь Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, Ж.Ердибек, З.Айнагүл, Б.Холганат нарыг төлөөлөх эрхгүй бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан эрхийг ажилчдын бичгээр олгосон итгэмжлэлээр хэрэгжүүлнэ гэсэн давж заалдах гомдол хуульд нийцээгүй байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын агуулгаас үзвэл, холбооны гишүүдийн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг тус холбоонд хуулиар олгосон байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128.1.11 дэх хэсэгт гэснийг 128.1.8.-д гэж, нэхэмжлэгчийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд сард олгох үндсэн цалингийн хэмжээг тодорхой тусгаж өгөхийг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Ж.Ердибек, Т.Майра, Т.Бахытгүл, А.Төлеу, З.Айнагүл, Б.Холганат нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тусгахыг ажил олгогч Файнноос ХХК-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК