Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 481

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 1 тоотод оршин суух, Улааныхан овогт Равсалын Баттулга,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 2 тоотод оршин суух, Баадайнхан овогт Баяндүүрэнгийн Даваахүү,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 8 тоотод оршин суух, Тайжууд овогт Дүмбээгийн Батмөнх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, Борлууд овогт Дүүдэйгийн Доржсүрэн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, Борлууд овогт Эрдэнээгийн Балдорж нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баттулга, Р.Батмөнх, Б.Даваахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувдаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Д.Доржсүрэн, Э.Балдорж, хариуцагч Д.Доржсүрэнгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууран мэхэлж хийсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохиролд Т.Баттулгад 86578578 төгрөг, Д.Батмөнхөд 68671704 төгрөг, Б.Даваахүүд 81468643 төгрөг, нийт 236718925 төгрөгийг хариуцагч Д.Доржсүрэн, Э.Балдорж нараас гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Баттулга, Р.Батмөнх, Б.Даваахүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Баттулга, Д.Батмөнх, Б.Даваахүү нарын манай 3 айл 2013 онд Д.Доржсүрэн, н.Балдорж нарын Улаангом сумын 10 дугаар багийн нутагт барьсан 9 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй байдаг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн МХГ-т хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болж байгаа учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна. Р.Баттулгын хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6100000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53900000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9578578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86578578 төгрөг гаргуулж өгнө үү.

Д.Батмөнхийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9302227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68671704 төгрөг гаргуулж өгнө үү.

Б.Даваахүүгийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9468643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81468643 төгрөг гаргуулж өгнө үү. Нийт бид гуравт 236718925 /хоёр зуун гучин зургаан сая долоон зуун арван найман мянга эсэн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баттулга шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2013 оны 10 дугаар сард хариуцагч Д.Доржсүрэнгээс тухайн байрыг худалдаж авсан. Ингэхдээ мөнгийг нь өгөөд авсан. Анх манай нэг найз тэр байранд орох гэж байна гэхэд би бас тухайн байрыг сонирхож байгаад, ямар ч асуудалгүй байр, улсын комисс хүлээж авсан, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байр гэж хэлсэн учир худалдаж авсан. Тухайн байранд амьдрах явцад бохир үнэртээд, халаалт нь халахгүй, пар хагарч доголдол гарч байсан. Бид нар энэ талаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар бид нар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад 2013 оны 12 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн танай байранд хүн амьдрах орчин бүрдээгүй байна гэсэн акт гарсан байгаа, та нар үүнийг мэдээгүй юм уу, яагаад ийм байр худалдаж авсан юм бэ гэсэн хариу өгсөн. Бид нар тэр үед энэ талаар мэдсэн. Тийм учраас бид нар шүүхэд хандсан. Улсын комисс хүлээж аваагүй байранд бид нарт амьдрах орчин бүрдээгүй учир гэрээг цуцалж, мөнгөө буцааж авахыг хүсэж байна. Би тухайн байрыг анх 60 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ банкны хүүгийн хамт 86578578 төгрөгийг хариуцагч Д.Доржсүрэнгээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Р.Батмөнх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тухайн үед 59 сая төгрөгөөр байрыг худалдаж авсан. Тухайн байранд хүн амьдрах орчин нөхцөл бүрдээгүй улсын комисс хүлээж аваагүй байр байсан учир гэрээг цуцалж мөнгөө буцааж авахыг хүсэж байн. Анх бид нарт энэ байр ямар ч асуудалгүй байр гээд хуурч мэхлээд худалдсан байна. Хүн амьдрах орчин нөхцөл бүрдээгүй гээд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байгаа. Тийм учраас гэрээг цуцалж хариуцагч Э.Балдоржоос 68671704 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Б.Даваахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувдаа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манайх анх 2013 онд хариуцагч болох Д.Доржсүрэнгээс 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг худалдаж авч байхад улсын бүртгэлийн гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан байсан учир Д.Доржсүрэнгээс худалдаж авсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байсан учир түүнд итгэсэн. Хариуцагч Д.Доржсүрэн болон түүний эхнэр нь бид нарт энэ байрыг улсын комисс хүлээж авч инженерийн шугам сүлжээнд буруу холбогдсон гэж хэлсэн. Нийтийн орон сууцанд улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад улсын комиссын акт гарсан байх ёстой юм байна. Тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байсан учир улсын комисс хүлээж авсан байна гэж итгээд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Бид нарыг байрыг худалдаж авсан эхний жилээс эхлээд цонх нь устай байдаг, хана нь бас ус гүйгээд байдаг байсан. Тухайн үед бид нар хариуцагчид хэлж хэлэхэд шинээр баригдсан байр учир шавар шохой нь хатаагүй байсан байх гэж хариу хэлж байсан. Тухайн жилдээ бид нар нэлээд сэрүүхэн өнжсөн. Дараа дараагийн жилүүдээс эхлээд пар нь халдаггүй, усанд орох үед войллер нь усаа дийлдэггүй байсан. Бид нар өвлийн улиралд гэртээ усанд орж үзээгүй. Бид нар Цахилгаан түгээх сүлжээ ХК-д цахилгааны төлбөр төлж байсан баримтаа гаргаж өгсөн. Өвлийн улиралд байнга цахилгаан халаагуур хэрэглэдэг байсан. Хариуцагч нарын анх тавьж өгсөн парыг бид нар өөрсдийн зардлаар хэд хэдэн удаа холболтыг өөрчилж байсан. Анх бид нар дулааны хүнийг дуудаад янзлуулахад хоёр талд нь хаалт хийчих зүгээр болно гэхээр нь 4 паранд тус бүрд нь 40 төгрөгөөр хөлсийг өгөөд янзлуулж байсан. Дахиад болохгүй байна гэхээр нь дахиад холбуулж, нийт 120000 төгрөгөөр нийт паруудаа янзлуулж байсан. Гэвч бид нарыг унтаж байхад эсхүл, хөдөө гадаа, ажилдаа явсан үед пар нь хагардаг байсан. Тийм учраас бид нар параа солиулсан. Тухайн үед бид нар пар ингээд байна, янзлаад өгөөч гээд аль болох болох талаас нь хандаж хэлж мэдэгдэж байсан боловч нааштай хүлээж аваагүй. Бүр болохгүй болохоор нь бид нар парыг өөрсдөө сольсон. Хариуцагчийн зүгээс бид нарт 7 ширхэг шинэ сэт өгсөн. Бусдыг нь Нарлаг гээд захаас 20000 төгрөгөөр худалдаж байхад 18 төгрөгөөр бөөндөж аваад гэрийн парыг бүрэн сольж байсан. Өвлийн улиралд маш хүйтэн байдаг. Бид нар хэд хэдэн удаа Д.Доржсүрэнгийн гэрт нь очиж хуралдаж хэлэхэд ингэнэ, тэгнэ гэсээр байгаад өдий хүрсэн. Бид нар тус байранд 2013, 2014 онд өнжсөн бөгөөд 2015 оноос хойш энэ асуудал яригдаж эхэлсэн. Бид нар Цагаан сарын баярын үеэр хөдөө аав ээж дээрээ яваад ирэхэд арын өрөөний пар хагараад тэр өрөө тэр чигтээ усанд автсан байсан. Тэгээд бид нар Д.Доржсүрэнд манай пар хагарсан байна, шаардлага хангаагүй пар байсан юм болов уу гээд хэлэхэд бид нарын хариуцах асуудал биш, та нарын өөрсдийн чинь хариуцлагагүй байдал гэж хэлсэн. Хавар, зуны улиралд гадаа гараад хүүхдээ агаарт гаргах гэхэд бохир үнэртээд байдаг. Энэ байрны бохирын цооног нь байрны яг үүдэнд байдаг. Өөрөөр хэлбэл гэрээс гарахад байрны урьд талд бохирын цооног нь байж байдаг. Мөн урагшаа 10 м явахад шингээлт гэж хэлж байгаа зүйл нь байдаг. Бид нар анх байрыг худалдаж авахад энэ байрны талаар үнэн зөв мэдээллийг өгөөгүй. Бид нар улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байсан учир ямар ч асуудалгүй гэж итгээдхудалдаж авсан. Ийм асуудлууд гараад байсан учир бид нар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад танай байранд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан байгаа, энэ дүгнэлтэд Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, мөн энэ байранд хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэж хэлсэн. Бид нар энэ дүгнэлтийг олох гэж нэлээд удсан. Нэлээд хайсны үндсэн дээр аймгийн Прокурорын газраас энэ дүгнэлтийг олж авсан. Тухайн үед бид нарт энэ байрыг улсын комисс хүлээж авсан, гэрчилгээ нь энэ байна, ямар ч асуудалгүй гээд бид нарыг хуурч мэхлээд гэрээ байгуулсан байна. Хариуцагчийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Бид нар энэ хүмүүст холбогдох мөнгийг төлж барагдуулсан. Энэ хүмүүс гэрээнд зааснаар бид нарт буюу худалдан авагчид ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой байсан. Энэ үүргээ зөрчсөн байна гэж үзээд шүүхэд гэрээг цуцлах, хариуцагч болох Д.Доржсүрэнгээс 81468643 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Доржсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү Д.Төгсжаргал, Э.Балдорж нарын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан. Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 онд дүү Төгсжаргал, дүү Балдорж нарын хамт 9 айлын орон сууцыг өөрсдийн хувийг хөрөнгөөр хувьдаа ашиглахаар барьсан. Нэхэмжлэгч Б.Даваахүүгийн гэр манай байрны хажуу талд оршин суудаг байсан. Б.Даваахүү хүүхдээ тэврээд явахдаа бид нарын барьж байсан барилгыг үргэлж үзэж, харж явдаг байсан. Би тийм хуурамч, чанарын шаардлага хангахгүй материалаар барилга бариагүй. Стандартын шаардлага хангасан тоосго, Энержи ХХК-ний хавтан, Улаанбаатар хотын арматурын төмөр, цементээр чанар стандартын дагуу барилгыг барьсан. Зураг төсвийг 2012 онд Улаанбаатар хотод Цогтгэрэл гэдэг хүнээр гаргуулсан. Дараа нь бүх зүйлийг бэлдээд одоо зөвхөн гарын үсэг зурахад бэлэн болгоод байж байхад тэр хүн нас барсан. Тийм учраас баталгаат зураг төсвийг гаргаж өгч чадаагүй. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний газар зураг нь хэрэгтэй гэхээр нь заримд нь хуулбарлаад заримд нь эх хувиар нь өгсөн учир тэрийг дахиж хайгаад олж чадахгүй байна. Миний барьж байсан барилгыг нэхэмжлэгч Б.Даваахүү байнга харж үзэж байсан. Надад тухайн байрыг худалдах зорилго байгаагүй. Өөрийнхөө дүү Энхбаяр гэдэг хүнд худалдах гэж байхад Б.Даваахүү танай байрнаас 2 өрөө байр авна гэхээр нь худалдсан. Тийм учраас эдгээр хүмүүс өөрсдөө байрыг үзээд гэрээ байгуулаад авч байсан. Гэрээ байгуулж тухайн нэхэмжлэгч Б.Даваахүүд худалдахдаа 55 сая төгрөгөөр худалдсан. Ингэхдээ эдгээр хүмүүс өөрсдөө банканд очиж 72 сая төгрөгөөр бичүүлж авсан байна. 2 хувийн татварын мөнгийг өөрсдөө төлсөн. Бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал гээд би 50000 төгрөгийг төлж байсан. Миний байрыг улсын комисс хүлээж авсан, бохирын цооног нь ийм гэсэн зүйл хэлээгүй. Эгээр хүмүүс бохирын цооног 5 метрийн зайд, 200 метрийн зайд шингээлт нь байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Би энэ байрыг зураг төсөвгүй өөрөө зохиож бариагүй. Цогбаяр гэдэг инженерийн зөвлөгөөгөөр Мөнхжин өргөө гэдэг ХХК-ний барилгачдаар бариулсан. Иргэн Р.Баттулгад 60 сая төгрөгөөр худалдсан. Би Р.Баттулгыг танихгүй. Р.Баттулга манай нэг дүүгийн хамт ирж үзээд худалдаж авсан. Би Р.Баттулгад миний байрыг худалдаж аваарай гээд тулгаж шаардаагүй. Өөрөө ирж үзээд худалдаж авсан. Би улсын комисс хүлээж авсан гээд хууран мэхэлж юм хэлээгүй. Р.Баттулгын хувьд 60 сая төгрөгөөр худалдаж авснаа 77 сая төгрөгөөр худалдаж авсан гээд надаас 86578578 төгрөг нэхэмжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Э.Балдорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ах дүү нарын хамт нийлж 9 айлын орон сууцыг барьсан. Тухайн үед бид нар холбогдох зөвшөөрлүүдийг амаар авч дараа нь бичгээр зөвшөөрөл авсан. Эдгээр бүх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Барилгыг Мөнхжин Өргөө ХХК-ний барилгачид барьсан, мөн доторх засал чимэглэлийг хийсэн. Бид нар тухайн барилгыг мэргэжлийн хүмүүсээр бариулсан. Ингэхдээ бид нар маш үнэтэй хөөстэй хавтангаар хийлгүүлсэн. Увс аймагт энэ хөөстэй хавтангаар бариулсан Чингис ресторан гэсэн ганцхан барилга байдаг. Бид нар тухайн барилгыг өөрсдөдөө зориулж барьсан учраас чанартай юм хийе гээд хийсэн. Нэхэмжлэгч нарын хэлж байгаа панелэн парыг Улаанбаатар хотоос 1 метрийг нь 185000 төгрөгөөр худалдаж тавьсан боловч 3 жилийн дараа хагарсан нь үнэн. Манай Увс аймгийн ус нь давстай ирдэг, хатуулаг ихтэй учраас 3 жилийн дараа бүх пар нь хагарсан. Тэгээд бид нар ОХУ-аас бүх парыг авчирж сольж өгсөн. Тухайн парыг авсан, гаалийн татвар төлсөн баримтууд бүгд байгаа. Би энэ байрыг барих явцдаа мөнгөгүй болоод ажил зогссон. Тэгээд Хаан банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байхад Хаан банкны эдийн засагч, теллер Нарандаваа, Цогоо хоёр нь ирж уулзаад танай барилгыг бид нар сонирхож байна, энэ хоёр байрыг бид хоёр худалдаж авъя, та банкнаас 100 сая төгрөг зээлж авах юм бол ийм төгрөгийн хүү төлнө гээд бүх тооцоог гаргаад үзүүлж, тийм учраас та байраа бид нарт 53 сая төгрөгөөр худалдчих гэж хэлсэн. Тэгээд бид гурав харилцан тохиролцож би банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Тэгээд тэр хүмүүсийн мөнгө болон нэхэмжлэгч нарын өгсөн урьдчилгаа мөнгөөр төлж үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгөөр барьсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад очиход 245 м.кв барилга нь Э.Балдоржийн газарт баригдсан 3 дугаар зэргийн ангилалтай учир улсын комисс хүлээж авах шаардлагагүй барилгад хамаарах юм байна гэж хэлээд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нар тухайн үед манай барилгаас орон сууц худалдаж авахдаа би нэг ч м.кв нэмэлгүйгээр худалдсан. Гэтэл эдгээр хүмүүс өөрсдөө м.кв-ийг өсгөж залилан хийсэн байна. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Батмөнх гэдэг залуу намайг тариа хурааж байхад залгаж байраа худалдах уу гээд залгахаар нь би за яахав зарсан ч яахав гээд худалдахаар болсон. Тэгээд би Улаангом сумд ирэхэд та надад байраа 57 сая төгрөгөөр худалдаарай, би бүгдийг судалж үзлээ та бусад хүмүүст 55 сая төгрөгөөр худалдсан байна гэж хэлсэн. Тухайн үед Увс аймагт байрны үнэ нэг м.кв нь 1300000-1350000 төгрөг байсан. Тэгээд би түүнд өөр хүмүүс бэлэн 60 сая төгрөгөө авчирсан байна, 57 сая төгрөгөөр өгөх боломжгүй, 59 сая төгрөгөөр ав гэж хэлэхэд 59 сая төгрөгөөр өгч авалцахаар болсон. Дараа нь ирээд надад банкнаас 57 сая төгрөг л гарлаа 59 сая төгрөгөөр авах боломжгүй гэж хэлэхэд би тэгвэл боломжгүй гэж хэлсэн. Гэтэл 5 хоногийн дотор бөөн маргаан болж түүний ээж, эгч нар нь ирж уулзсан. Батмөнхийн төрсөн эгч болон миний төрсөн эгч хоёр найз байсан. Тэгээд миний эгч ирээд энэ хүн нэг өрөө байраа зараад гудамжинд гарсан байна, нэгэнт ам алдсан бол ингэж болохгүй гээд өгөхөөр болоод нотариатад очсон. Би нотариатад байхад энэ 59 сая төгрөг гэсэн гэрээ гэж хэлэхэд 50000 төгрөг байхгүй гээд бөөн хэл ам болсон. Тэгэхээр нь за яахав энэ хамаагүй, энэ мөнгийг миний данснаас аваад би төлье чи дараа нь миний данс руу шилжүүлээрэй гээд өгч байсан. Гэвч Батмөнх өнөөдөр 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн гээд худлаа хэлээд байна. Хэрвээ үнэхээр тийм байсан бол Д.Батмөнхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулгаас харагдах ёстой байсан. Би Голомт банкны теллер Амгалангаас Д.Батмөнхийн зээл нь бүтсэн үү, 57 сая төгрөг зээл гарсан уу гэж асуугаад за яахав би данснаас төлье гээд данснаас 2 сая төгрөг төлсөн боловч Д.Батмөнх би бэлнээр өгсөн гэж худлаа хэлж байна. Гэтэл ингэж худлаа ярьж болохгүй. Дараа нь үлдсэн 57 сая төгрөгийг төлөхөөр болоход 2 хувийн татварын мөнгийг төлөх мөнгөгүй болоод нэг жилийн дараа төлж өгөхөөр болж надаас зээлж авсан. Тухайн үед миний байр бохирын шингээлттэй гэдгийг мэдэж байсан. Одоо дулааныг хааж байгаа нь үнэн. Бид нар аймгийн Онцгой байдлын газарт холбогдож урьд талаасаа татаж авахаар болж ярьсан байгаа. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулаад өргөлтийн систем гээд Ус сувгийн албаар хийлгэхээр болж харилцан тохиролцсон. Тухайн үед бид нар энэ бүх байдлыг хэлж ойлгуулаад худалдсан. Нэг жил яагаад хэл ам гаргахгүй явж байгаад 3 жил өнгөрсний дараа асуудал гаргаж байна. Эдийн засаг хямраад мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн үед ийм асуудал гаргаж байна. Би сонсохдоо Д.Батмөнх тухайн байрны бүх оршин суугч нарт уулзаж ийм асуудал ярьсан байна. Хэрвээ манайд байх үнэхээр муу гэвэл тухайн байранд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, багш хүмүүс, бас нэг банкны ажилтан зэрэг хүмүүс амьдарч байна, эдгээр хүмүүс яагаад гомдол гаргадаггүй юм бэ. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баахан дүгнэлтүүд гаргасан байна. Би 2013 оны 12 дугаар сард аймгийн Барилга, хот байгуулалтын албаны даргаас очиж оршин суугчид улсын комисс хүлээж авсан акт шаардаж байна, та нар миний байрыг хүлээж ав гэж албан ёсоор 2-3 удаа хандахад хүлээж авахгүй байсан тул аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар Оюунцэцэг зэрэг хүмүүс ирээд бид хоёрыг байлцуулаад хүлээж аваад явсан. Дараа нь Отгонболдод очиж уулзахад танайх мэргэжлийн компаниас баталгаат зураг төсөв аваагүй байна гээд буцаасан. Тэгээд тэр чигтээ юу болсныг мэдэхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээг холбогдох журмын дагуу гаргуулж өгсөн. Аймгийн Засаг дарга яагаад гэрчилгээ гаргасан бэ гээд шалгуулсан байна. Аймгийн Цагдаагийн газраас бид нарын бүгдийг шалгасан. Улмаар хэрэг шалгагдаад аймгийн Прокурорын газарт очоод дууссан байна. Хэрвээ ямар нэгэн асуудал гарсан бол Бурмаа гэх байцаагч ажилгүй болох байсан. Энэ үйл явц өнгөрсний дараа 3 жилийн дараа буюу 2015 оны Цагаан сарын үеэр Д.Батмөнх надад ирж уулзсан. Би түүний 1 сая хэдэн зуун мянган төгрөгийг нэхэмжлэхэд эхлээд өгнө гэж байгаад өгнө гэсээр байгаа сүүлд бохир чинь тийм байна гээд эцэст нь байраа буцааж ав гэж хэлсэн. Дараа нь хоёулаа уулзах үед надад би танд үнэнээ хэлье би танд 17 сая төгрөгөөр байраа худалдсан гэж худлаа хэлсэн, байраа 350000 төгрөгөөр түрээслээд түрээсийн мөнгөнөөс таны байрны үнийг олчихно гэж бодсон боловч эдийн засаг хямраад тухайн хүмүүс байрнаас гараад явсан, таны байрны 60000000 төгрөгийг төлж чадахгүй байна, энэ байрыг буцааж ав гэхээр нь би өөрөө байр авахаар 20 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн тэрийг авж байж энэ асуудлыг шийдвэрлэе гээд тохиролцож салсан. Гэтэл дараа нь он гарсны дараа намайг шүүхэд өгсөн байна. Шүүхэд өгсний дараа нь та байраа буцааж ав гээд ярьж байсан. Би нэгэнт шүүхэд өгсөн учир Баян-Өлгий аймгийн шүүхэд очиж байж асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн. Би Д.Батмөнхөөс болж өөрөө ч байргүй явж байгаа. Д.Батмөнх та төрийн цагдаа хүн. Доороос ус холбодог 3000 төгрөгийн үнэтэй трубог солихгүй явж байгаад доод талын айлд ус алдуулсан. Хагарсан гэх трубог архи ууж байгаад гишгээд хагалсан байсан. Д.Батмөнх мөнхийн архи ууж хамаг юмаа шийдэж гаргадаг учраас хагарсан гэж байна. Энэ байрнаас ямар нэгэн асуудал гараагүй өөрөө мөнгөө төлж чадахгүй болсон учир мөнгөө буцааж авна гэж байна. Тухайн үед би хүн чанар гаргаж Д.Батмөнхөд байрыг худалдсан. 1180000 төгрөгийг нотариатч болон банкны эдийн засагчийн хажууд авсан боловч одоо хүртэл төлж өгөхгүй байна. Би тухайн байрыг Д.Батмөнхөд 57 сая төгрөгөөр худалдсан бөгөөд үүнд нэмээд 2 хувийн шимтгэлийн мөнгө өгөх ёстой бөгөөд өмнө байгуулсан гэрээ шинэчлэгдээгүй байсан учир 59 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Эхнэр нь 1180000 төгрөгөөр гэрээ хийнэ гэж хэлээд бичсэн боловч харамсалтай нь Д.Батмөнхийн өөрөөр нь гарын үсэг зуруулж чадаагүй. Эхнэр нь хамтран үүрэг гүйцэтгэгч учир төлж өгнө гээд гарын баримт бичээд нотариатаар гэрчлүүлж өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хууран мэхэлж хийсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирлыг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцаг нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигч нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Доржсүрэн, нэхэмжлэгч Б.Даваахүү нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Р.Баттулга нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Балдорж, нэхэмжлэгч Д.Батмөнх нарын хооронд тус тус орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байсан ба үүнд нэхэмжлэгч нар болон хариуцагч нар мараагүй байна.

Нэхэмжлэгч нар тухайн үед хариуцагч нараас орон сууц худалдан авч улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч Голомт банкны Увс аймаг дахь салбараас зээлд хамаарагдаж хариуцагч нарт орон сууцны үнийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч нар тухайн маргаан бүхий 9 айлын орон сууцыг худалдах үед улсын комисс хүлээж аваагүйг, энэ талаар холбогдох байгууллагад өргөдөл гаргаж одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй талаар хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагч нараас худалдан авах үед хариуцагч нар тухайн орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй тухайгаа мэдэгдээгүй, улсын комисс хүлээж аваагүй талаар нэхэмжлэгч нар тухайн орон сууцад амьдрах хугацаандаа буюу 2015 онд мэдсэн болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогджээ.

Тухайн маргаан бүхий 9 айлын орон сууцыг хариуцагч нар анх барихдаа 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр техникийн нөхцөл хийлгэж барьсан хэдий боловч уг 9 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/143 дугаартай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын албан бичиг, тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаартай архивын лавлагаа, мөн аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 309 дугаар албан бичиг мөн хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бүрэн тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нар уг 9 айлын орон сууцаас, орон сууц худалдан авахад улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосноор орон сууцыг улсын комисс хүлээж авсан гэж итгэсэн байх ба хожим уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй болохыг мэдэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар тухай орон сууц худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нар тухайн үед Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс хувийн амины орон сууц гэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Маргаан бүхий 9 айлын орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын хүлээж авсан акт гараагүй байхад хариуцагч нар улсын бүртгэлийн хэлтсээс хувийн амины орон сууц гэж гэрчилгээ авч худалдсан нь уг орон сууцыг худалдах үед үйлчилж байсан 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр бус болсон Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус хариуцагч нар зөрчсөн байна.

Хариуцагч нар бидний барьсан 9 айлын орон сууц нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 3.2-т заасан барилгад багтаж байгаа тул улсын комисс хүлээж авч акт гаргуулах шаардлагагүй гэж маргажээ.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталсан ба уг дүрмийн 1.2.3-д барилга байгууламжийн ашиглалтад оруулах гэж барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг мөн дүрмийн 4.12.9-д ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг архивд хүлээлгэж өгөх мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх гэж дүрэмд мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох архивд шилжүүлнэ гэж тодорхой заасан ба хариуцагч нар 9 айлын орон сууцын зураг төсөлгүй, бичиг баримт байхгүй хүлээлгэж өгөөгүй болох нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Увс аймгийн Засаг Даргын Тамгын газрын архивын тасгийн 263 дугаартай архивын лавлагаагаар нотлогдож байна.

Уг дүрмийн 4.2-т Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба хариуцагч нарын тайлбараас үзэхэд 9 айлын орон сууц нь 1700 м.кв эзлэхүүнтэй иргэний барилга байх ба дүрмийн 3 дугаар хавсралтын Гуравдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний 3.2-т хамаарах бөгөөд уг барилгыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд:-Захиалагч болон зөвлөх үзүүлсэн этгээд, гүйцэтгэгч байлцаж 1). зураг зохиогч байгууллагын төлөөлөл, 2). архивын байгууллагын төлөөлөл, 3). ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл тус тус хүлээж авдаг байна.

Хариуцагч нар 9 айлын орон сууцыг ашиглалтад оруулахдаа Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмүүдийг зөрчиж улсын комисс хүлээж аваагүй орон сууцаа нэхэмжлэгч нарт хууран мэхэлж худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогджээ.

Хариуцагч нар нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байх тул нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж,худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нар тухайн маргаан бүхий орон сууцын доголдлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй бөгөөд тухайн үед маргаан бүхий 9 айлын орон сууцаас, орон сууц худалдан авах үед хариуцагч нар уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй гэдгийг мэдэж нуун дарагдуулж, хууран мэхэлж нэхэмжлэгч нарт мэдэгдэхгүйгээр худалдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцны үнэ болон банканд төлсөн хүүтэй хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа, хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах зэрэг нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Учир нь, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар хариуцагч нар тухайн орон сууцыг худалдах үед улсын комисс хүлээж аваагүй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахад хамаарахгүй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хариуцагч нар нэхэмжлэгч нарт 9 айлын орон сууцаас орно сууц худалдахад уг орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс хүлээж авсан тухай акт гаргаагүй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулж хууран мэхэлж худалдсан нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Д.Батмөнх хариуцагч Э.Балдоржтой 59000000 /тавин есөн сая/ төгрөг, нэхэмжлэгч Р.Баттулга хариуцагч Д.Доржсүрэнтэй 77000000 /далан долоон сая/ төгрөг, нэхэмжлэгч Б.Даваахүү хариуцагч Д.Доржсүрэнтэй 72000000 /далан хоёр сая/ төгрөгөөр тус тус орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан хэдий боловч уг орон сууцыг нэхэмжлэгч Д.Батмөнх хариуцагч Э.Балдоржоос 57000000 /тавин долоон сая/ төгрөг, нэхэмжлэгч Р.Баттулга хариуцагч Д.Доржсүрэнгээс 60000000 /жаран сая/ төгрөг, нэхэмжлэгч Б.Даваахүү хариуцагч Д.Доржсүрэнгээс 55000000 /тавин таван сая/ төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нараас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Р.Баттулага нь тухайн орон сууцыг хариуцагч Д.Доржсүрэнгээс худалдаж авах үед 2 хувийн шимтгэл болох 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Д.Доржсүрэн төлсөн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар худалдан авагч Р.Баттулга нь уг зардлыг өөрөө хариуцах тул уг орон сууцыг худалдан авсан 60000000 /жаран сая/ төгрөгөөс хариуцагч Д.Доржсүрэнгийн төлсөн 2 хувийн шимтгэлийг хасаж тооцож үлдсэн 58800000 /тавин найман сая найман зуун мянган/ (60000000-1200000) төгрөгийг хариуцагч Д.Доржсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч Р.Баттулгад олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Балдорж нэхэмжлэгч Д.Батмөнхөд 57000000 сая төгрөгөөр, хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Р.Баттулгад 60000000 сая төгрөгөөр, нэхэмжлэгч Б.Даваахүүд 55000000 /тавин таван сая/ төгрөгөөр тус тус орон сууцаа худалдсан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...хэлцэл хийсэн тал нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нарын уг мөнгийг хариуцагч нарт төлж өгөхийн тулд Голомт банкны Увс аймаг дахь салбартай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол биш гэж дүгнэлээ.

Иймд зохигч нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Б.Даваахүү нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Р.Баттулга нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Балдорж нэхэмжлэгч Д.Батмөнх нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож гэрээг цуцалж, хариуцагч Э.Балдоржоос 57000000 /тавин долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Батмөнхөд, хариуцагч Д.Доржсүрэнгээс 55000000 /тавин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваахүүд, мөн 58800000 /тавин найм сая найман зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Р.Баттулгад тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 (236718925-170800000) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох хариуцагч Э.Балдоржоос 57000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батмөнхөд, хариуцагч Д.Доржсүрэнгээс 58800000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг нэхэмжлэгч Р.Баттулгад, мөн Д.Доржсүрэнгээс 55000000 сая төгрөгт ногдох 432950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваахүүд гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 59 дүгээр зүйлийн 59.2, 221 дугаар зүйлийн 221.3, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Б.Даваахүү нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэгч Р.Баттулга нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Балдорж нэхэмжлэгч Д.Батмөнх нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож гэрээг цуцалж, хариуцагч Э.Балдоржоос 57000000 (тавин долоон сая) төгрөгийг нэхэмжлэгч Д.Батмөнхөд, хариуцагч Д.Доржсүрэнгээс 55000000 (тавин таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваахүүд, мөн 58800000 (тавин найм сая найман зуун мянган) төгрөгийг нэхэмжлэгч Р.Баттулгад тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Балдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батмөнх, хариуцагч Д.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг нэхэмжлэгч Р.Баттулгад, 432950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваахүү нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ