Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 104

 

Т.Е-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 ны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлалтай, Т.Е-д холбогдох хэргийг шүүгдэгч болон хохирогч Ө.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, казах хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ***, Ш овогт Т-н Е-.

Т.Е- нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “***” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-ийг хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, Ө.А-аас 17,094,000 төгрөгт хүнсний бараа, бэлэн мөнгө 14,657,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 31,751,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Е-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ыг 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2. Шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-д хоёр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын дугаарыг “4.” гэж, мөн заалтын “таван жилийн хорих ялыг” гэснийг “хоёр жилийн хорих ялыг” гэж,

4 дэх заалтын дугаарыг “5.” гэж, 5 дахь заалтын дугаарыг “6.” гэж,

6 дахь заалтын дугаарыг “7.” гэж, мөн заалтын “30,251,000 төгрөг” гэснийг “30,051,000.00 төгрөг” гэж,

7 дахь заалтын дугаарыг “8.” гэж, 8 дахь заалтын дугаарыг “9.” гэж, 9 дэх заалтын дугаарыг “10.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Е- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2 шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй. ...миний бие гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлсэн, гараад цалингаараа төлж өгөхөө илэрхийлсэн, өөрийн хөрөнгө болох хувийн байшинг хохирогчдод хүлээлгэн үнэлж өгөх талаар хэлж байгаа байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу оногдуулсан 2 жилийн хорих ялыг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж боломжтой байхад хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалаар надад оногдуулсан 2 жил хорих ялыг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ө.А- болон С.Нургайып нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Т.Е-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн холбогдох зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Шүүгдэгч Т.Е- нь хохирогч намайг төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилж, эд хөрөнгийг маань олон удаагийн үйлдлээр авч, гэр бүлийнхээ хэрэгцээний зүйлсийг авах, цалингийн зээлээ төлөх зэрэг өөрийн ахуй амьдрал, хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь Т.Е-ы өөрийнхөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болгож тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, залилсан үйлдэл бүрийн шалтгаан, шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхдөө “амьдралын эх үүсвэр болгосон” дээрх үйл баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэн шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Шүүгдэгч Т.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд казах хэл, уран зохиолын багшаар байнгын ажлын байранд ажиллаж, тогтмол цалин хөлс авдаг хэдий ч банк

болон хадгаламж, зээлийн хоршоодоос авсан давхар давхар зээлтэй, гартаа авах бэлэн мөнгөгүй байдал нь гэр бүлээ тэжээн тэтгэхэд хүрэлцдэггүйн улмаас бусдыг залилан мэхлэн олсон хөрөнгөөр амьдралаа залгуулдаг, мөн түүний нөхөр Х.Т- нь байнгын архи уудаг, тахир дутуугийн тэтгэвэр авдаг боловч банк болон хадгаламж зээлийн хоршоонд тэтгэврээ барьцаалсан тул ар гэртээ ямар ч тусламж үзүүлдэггүй гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсоноос гадна шүүгдэгч өөрөө энэхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль бусаар өөрчлөлт оруулсан явдалд гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид 5 жил хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Е- нь залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгасанд хохирогчийн зүгээс гомдолтой байна. Т.Е- нь нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд оршин суугаа газар, байшингаа барьцаалсан, бэлэн мөнгөгүй байсан болох нь тогтоогдсон. Гэтэл дээрх бодит нөхцөл байдлыг хохирогчоос нууж, олон удаагийн үйлдлээр залилж, хохироосон асуудал бий. Хохирогчоос авсан хөрөнгө, мөнгө, эд зүйлсийг гэр орноо тэжээн тэтгэхийн тулд захиран зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль хэрэглээний талаар оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү гэв” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Е-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна. Шүүгдэгч Т.Е- нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн ба тус тусдаа бие даасан гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй учир шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ө.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг гомдлыг үндэслэн Т.Е-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Е- нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “***” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-ийг хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, удаа дараагийн үйлдлээр хүнсний бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зэргийг залилан авч хохирогчид нийт 31,751,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн гэмт хэргийн шинжийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх харилцан адилгүй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу Т.Е-ы гэмт үйлдлийн тоо, давтамжийг гол үндэслэлээ болгож залилах гэмт хэргийн онц хүндрүүлэх шинжтэйгээр буюу “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дээрх хууль зүйн дүгнэлт, үндэслэлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй болохыг дурьдан, шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх шинжгүйгээр залилж авсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Е-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, зарим хэсгийг төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү”, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид ял завшуулж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 ны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Е-, хохирогч Ө.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                           С.БАТДЭЛГЭР

                           Б.БАТЦЭРЭН

                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН