Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 019

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ф ,

хохирогч А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,

шүүгдэгч Е  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 сарын 22-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, казах хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Е . регистрийн дугаар БЭ74******.

Шүүгдэгч Е ы холбогдсон хэргийн талаар:

Е  нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч А т “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирсэн, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Е гээс мэдүүлэхдээ: Шүүгдэгч: Би 2018 оны оны 2 дугаар сараас эхлээд “Гурвалжин” нэртэй  дэлгүүрээс бараа авсан. Анх 28000 төгрөгийн барааг зээл авсан. Би тухайн дэлгүүрийн хажуу талд байдаг газраа худалдах зорилгоор тухайн газарт очсон байсан. Дараагаар нь авсан зээл маань 300,000 төгрөг болсон. Түүнээс хойш бараа  болон зээлээр мөнгө авсаар байгаад 30,000,000 гаруй төгрөг болсон. Би А  эгчид та ч гэсэн багш хүн байсан. Миний зовлонг ойлгох байх, би танд цалингийн зээл гаргаад өгнө. Байшин, машин, газраа худалдахаар “Дербес” болон олон нийтийн радио, телевизороор хэд хэдэн удаа зар өгч заруулсан байгаа гэж хэлсэн.  Шинж жилийн баяр болж байгаа учраас хүмүүс авч байшин, машин, газрыг худалдаж авч чадахгүй байна. Гэхдээ сонирхож, үзэж байгаа хүмүүс байгаа. Миний нөхөр архи уудаг. Архи уусны дараа намайг дарамталж зоддог. Миний хадам аав эд хөрөнгөтэй баян хүн. Бид нарт тусална гэсэн болохоор 2 хүүхдээ дагуулж авч хөдөө очсон боловч хадам дүү маань машин авсан байгаа учраас одоогоор туслах боломжгүй. Ноолуур самнах үеэр туслах тусалъя гэсэн. Би өөрөө ганц ахтай хүн. Ах маань туслах гэсэн боловч өөрсдөө тааруухан амьдралтай. Нөхрөө хадам аавын гэр лүү мөнгө аваад ир гэж явуулсан боловч архи уусны улмаас Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн байсан. Энэ талаар мэдээгүй. Нөхрийнхөө группийн мөнгөнөөс 500,000 төгрөг зээлдэж авсан. Үлдсэн мөнгийг сар сард нь авах ёстой гэж үлдсэн мөнгийг олгоогүй. Уг 500,000 төгрөгийг хохирогчид өгсөн. Багш нарын цалин нэмэгдсэн гэж хэлж байгаа. Би А  эгчийн хохирлыг чадах чинээгээр төлж өгөх болно. Хамгийн гол нь надад хугацаа өгөхийг хүсэж байна. Миний байшин, газар, машиныг төлбөрийн оронд авна гэвэл би өгөхөд бэлэн байна. Цалингаараа ч төлөх боломж гарах байх. Сургуулийн нягтлан  бодогчоор тооцоолуулахад миний цалин 930,000 төгрөг болж өссөн байна. Би цалингийн зээл авч хохирлыг төлж өгөх болно. А  эгчээс уучлалт хүсэж байна. Хохирлыг төлж өгнө. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Хохирогч А аас мэдүүлэхдээ: Е  анх 2018 оны 02 дугаар сард манай дэлгүүрт ирээд Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуульд багш хийдэг. Надад мөнгөний хэрэгцээ гарч байна гэж хэлээд анх надаас 23,800 төгрөгийн үнэтэй бараа аваад явсан. Манай дэлгүүр учир байдлаа хэлсэн хүнд зээлээр бичиж бараа олгодог байсан. Е  цалин буухаар өгнө гэсэн боловч өгөөгүй. Тэгээд бид тухайн сургуульд ажилладаг таньдаг багшаасаа цалин буусан уу гэж асуухад, цалин буусан гэж хэлсэн. Е  цалин буусан ч гэсэн надад мөнгө өгөөгүй. Дараагаар нь ирээд миний цалинг зээлд татсан байна. Дараагийн цалин буухад өгье гэж хэлээд нэмж бараа авсан. 2 дахь удаа дэлгүүрт ирэхэд би Е ы өөрөөс нь өөрийнхөн талаар асуухад “Би Н сумын Х  гэдэг хүний бэр юмаа. Нөхрийг маань Т  гэдэг” гэж хэлсэн. Би өөрөө Н сумын “Улаан-чулуу” багийн иргэн учраа тэр хүмүүсийн талаар мэддэг байсан. Тэгээд худлаа хэлэхгүй байх гэж бодоод нэмж эд зүйл өгсөн. Тэгээд 390,000 төгрөг болсон. Тэр үед надад би одоо газраа худалдаад таны мөнгийг өгнө. Газрын даамалд архи өгч, тухайн худалдах газраа хэмжүүлэх гэж байна. Хүмүүс газрыг үзэх гээд ирсэн байна гэсээр байгаад 800,000 төгрөг болсон. Би өөрөө 6 сард Казахстан улс руу явах болсон учраас хүүхдэдээ Е  гэдэг хүн ирж надад 800,000 төгрөг өгнө. Гарын баримт бичүүлж аваарай гэж хэлсэн. Би Казахстанаас 07 дугаар сард ирэхэд Е  ирээгүй байсан. Тэр хугацаанаас хойш ирэхгүй байсаар байгаад 09 дүгээр сард ирсэн. 09 дүгээр сард ирэхдээ надад 60 сарын зээл гарах гэж байгаа ба би 40,000,000 төгрөг авахаар болсон байгаа. Та надад бэлнээр 680,000 төгрөг өгөөрэй гэж мөнгө нэмж авсан. Заримдаа надад улаан гэрэл ассан байна гэж хэлдэг. Түүнийг би ойлгодоггүй байсан. Надад хэлэхдээ банкны vip өрөөнд сууж байна. Зээлийн эдийн засагтай уулзаж сууж байна. Зээлээ төлөх юм бол надад зээл гарах юм байна гэж надад янз бүрээр худлаа зүйл хэлж  намайг итгүүлдэг байсан. Заримдаа хагас, бүтэн сайн өдөр хүртэл миний зээл гарах гэж байна гэж намайг хуурдаг байсан. Би өөрөө амралтын өдөр ажилладаг уу гэж асуухад надад нэр усаар нь хүртэл зааж хэлдэг байсан. Надад өвөлжингөө ингэж хэлээд ирсэн. Сүүлд би энэ зээлийг яаж хаах бэ? гэхэд, зээл авч байгаад хаана гэж хэлсэн. Би өөрөө энэ тухайн гэр бүлийн хүмүүстээ хэлээгүй. Би сэтгэл санааны дарамтад орж 8 килограмм жин хассан. Нөхөр маань яагаад ингэж байгаа бэ. Улаанбаатар хот руу явъя гэж хэлээд Улаанбаатар хот руу явахаар болсон. Би хот руу явах гэж байхад надад 60,000 төгрөг хурдан явуулаарай гэж хэлсэн. Би тэр үед л буруу зүйл хийж хууртагдсанаа мэдсэн. Е  сүүлд надад мөнгө өгөхгүй. Надаас мөнгө авч харагдаач гэж тохуурхсан мессеж бичсэн. Энэ талаар хүүхдэдээ хэлсэн. Хүүхэд маань залилангийн гэмт хэрэг байна гэдгийг хэлсэн. Бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хугацаанд байшин, машиныгаа худалдаж мөнгийг өгөх боломжтой байсан гэж ойлгож байна. Ер нь байнга худлаа хэлдэг. Би Е ы улмаас сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол маш их амссан. Би Е  шиг хүнийг энэ насандаа үзээгүй. Ийм хүн боловсролын салбарт ажиллаж байгаад үнэхээр харамсаж байна. Е  надад 31,000,000 төгрөгийг бэлнээр өгнө гэдэгт итгэж чадахгүй байна. Тийм учраас эд хөрөнгөөр ч гэсэн миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Би нэг ч төгрөгийн хүү нэмээгүй. Надад нөхөр маань цагдаад баригдчихлаа, цагдаад хахууль өгөх гэж байна. Банкны эдийн засагчид хахууль өгөх гэж байна гэж янз бүрээр худлаа хэлдэг байсан. Миний итгэсэн итгэлийг овжиноор ашиглаж, намайг хуурлаа. Намайг итгүүлсэн байдлын талаар хэлэхэд, 01 дүгээр сарын үед Монгол Банкны захирал С тай уулзаа, 400,000 төгрөг төлөх юм бол зээл гарна гэдэг утгатай зүйл хэлсэн. Би Х Банкны захиралтай уулзаа, зээл авах гэсэн боловч нөхрийн зээл гарч ирлээ гэж хэлээд намайг итгүүлж байсан. Энэ явдалд би гомдолтой байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ийн Х банкин дахь 51********* дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 11-23 дугаар хуудас/,

2. Хохирогч А ийн 99****** дугаартай гар утаснаас Е ы 94****** дугаартай утас руу бичсэн мессежийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 26-46 дугаар хуудас/,

3. Яллагдагч Е гийн  гарын үсэгтэй зээлээр бараа авсан тухай баримтууд /хавтаст хэргийн 47-56 дугаар хуудас/,

4. Яллагдагч Е ы авсан бараа, зээлсэн мөнгөний талаар тооцоо хийсэн баримтууд /хавтаст хэргийн 69-84 дүгээр хуудас/,

5. Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх тус аймгийн Цагааннуур суманд оршин сууж байгаад 2016 оны 7 дугаар сараас эхлэн аймгийн 10 дугаар багт нүүж ирсэн бөгөөд “Гурвалжин” нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Ингээд 2018 оны 2 дугаар сарын эхээр үл таних өөрийгөө Е  гэгч, 5 дугаар сургуульд багшилдаг багш хүн байгаа, таниас хэдэн төрлийн хүнсний, барааг зээлээр авч дараа нь мөнгийн өгч болох уу гэхээр нь би итгэж эхлээд 20.000 төгрөгийн чихэр пьчен, ундааны төрлийн бараа өгөөд явуулсан.

Дараа нь хэд хоногийн дараа, нөгөө эмэгтэй маань хүрч ирээд, дахиж хэдэн зүйл нэмж авахаар ирлээ, цалин буухаар найдвартай өгнө гэж хэлэхээр нь би чиний нөхөр болон хамаатан садангууд чинь аймгийн төвд байдаг уу, ямар хүмүүс байдаг юм бэ гэхэд миний нөхрийг Т  гэдэг, би Н суманд оршин суудаг Х  гэх хүний бэр болсон гэж хэлсэн. Би өөрөө Н суманд оршин сууж байсан болохоор Х  гэх хүнийг таньдаг байсан. Ингээд би уг эмэгтэйд итгэж, хэд хэдэн удаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр өгсөн ба сүүлд 800.000 гаруй төгрөг болсон. Уг мөнгийг байнга шаардаж нэхсэн боловч өгч чадахгүй, газраа зарах гэж байна, 60 сарын зээл авахаар болсон, урьд авсан цалингийн зээлийг хаавал нэмж зээл гарах боломжтой гэж байна, та туслаад мөнгө өгөөч гэхээр нь би хэд хэдэн удаа түүний 2 данс руу мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 31.751.000 төгрөгийг Е аас авч чадахгүй, залилуулж байна.

Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Хуулийн дагуу шалгаж, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна. 2018 оны 2 дугаар сараас эхлэн 2019 оны 5 дугаар сар хүртэл хүнсний бараа болон бэлэн мөнгийг удаа дараа авч байсан. Нийт хэдэн ширхэг ямар, ямар хэдэн төгрөгийн бараа авсан эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд, урьд авсан зээлийг хаавал нэмж зээл гарахаар боллоо, та туслаад мөнгө өгөөч, зээл гарвал таниас авсан хүнсний бараа болон мөнгийг төлж өгнө шүү дээ гэж гуйгаад байхаар нь хэд хэдэн удаа гарт нь бэлнээр болон түүний 51*********, 51********* тоот данс руу хэд хэдэн удаа 15.000-500.000 төгрөгийн хооронд шилжүүлж байсан. Ингээд Е  нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, худлаа итгүүлэн нийт 31.751.000 төгрөгийг залилсан. Би Е аас бичүүлж авсан баримтын хуулбар болон түүний дээрх данс руу шилжүүлж байсан депозит дансны хуулгыг авчирсан болно.

Өөрийгөө багш хүн, найдвартай авчирж өгнө, хадмууд маань Н суманд оршин суудаг гэж, нуухгүй хэлээд байхаар нь итгэж өгсөн юм. Мөн зээл авахаар болсон, удахгүй, маргааш нөгөө өдөр өгнө гэж залилаад байсан.

... Өөрийгөө багш хүн байна. Худлаа хэлэхгүй, цалин буухаар таниас авсан барааны мөнгийг авчирж өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд би судалж үзэхэд Е  нь 5 дугаар сургуульд багшилдаг уран зохиолын багш байсан. Ингээд багш хүн байна, худлаа хэлэхгүй байх гэж бодсон. Учир нь би өөрөө багш хүн байсан. Багшийн ёс зүй байгаа, намайг залилж, төөрөгдөлд оруулахгүй байх гэж итгэсэн. Тэгээд олон удаа хүнсний бараа болон бэлэн мөнгө, данс руу нь мөнгөн шилжүүлгээ хийж өгсөн. Тухайн үед би цахим үнэмлэхээ хуулбарлаад авчраад өгчих гэхэд авч ирж өгнө гэж хэлээд авчраагүй. Мөн ямар нэгэн барьцаа асууж байгаагүй. Сүүлд бүр надаас зугтаагаад утсаа авахаа байсан.

... Е д нийт 17.094.000 төгрөгний бэлэн мөнгө болон хүнсний бараа өгсөн. Е  нь “эгч минь та намайг таньж байгаа шүү дээ, би багш хүн байна, худлаа хэлэхгүй, цалин буухаар өгнө, удахгүй зээл гарна гэж гуйгаад, хүнсний бараа болон бэлэн мөнгө авдаг байсан. Би тухайн үед авсан барааны үнэ болон бэлэн өгсөн мөнгийг тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж Е аар гарын үсэг зуруулдаг байсан. Е  нь өөрөө өгөх өглөгтэй гэж бичиж өгдөг байсан. Сүүлд бичихгүй зугтаадаг болсон. Е  нь 6.453.000 төгрөгийн бэлэн болон хүнсний бараа авсан баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин үлдсэн 10.641.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг би тухай бүрт нь өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж, Е д үзүүлж, харуулдаг байсан боловч Е  нь зугтаагаад гарын үсгээ зурж, тооцоо нийлээгүй. Тухай бүрт нь нэмж бичүүлээд авдаг байсан. Гэтэл би гарын үсгээ зурж, тооцоо нийлэх талаар хэлэхэд ирэхгүй, шалтаг шалтгаан хэлж, маргааш зээл гарахаар болсон, орой авчирж өгнө та хүлээж байгаач, би үнэн хэлж байна, гарын үсгээ маргааш очоод зурна гэх мэтээр зугтааж ирдэггүй байсан юм.

Миний бие 6.453.000 төгрөгийн хүнс болон бэлэн мөнгө авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Одоо үлдсэн 10.641.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Тэгэхэд Е  нь бодит байдлыг нууж, хуурч мэхлэн надаас нийт 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, 14.657.000 төгрөгийг дансаар дамжуулан авч залилсан. Уг асуудалд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна. Би Е д өгсөн хүнсний бараа болон бэлэн өгсөн мөнгөн дүнг хамт бичдэг байсан юм. Би үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Надад Е ыг худлаа гүтгэж, илүү мөнгө нэхэмжлэх шаардлага байхгүй. Бодит байдлаар нь мэдүүлгээ өгч, нотлох баримтыг гаргаж өгч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-96 дугаар хуудас/,

6. Гэрч С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е  нь манай Хаан банкнаас цалингийн зээл авч байсан. ...Е  нь байнга цалингийн зээл авдаг. Нэмж зээл аваад байдаг байсан. Одоогийн байдлаар ямар нэгэн зээл гарах боломжгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,

            7. Гэрч Т  н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е  нь Гурвалжин нэртэй дэлгүүрээс хэд хэдэн удаа зээлээр хүнсний зүйл, хэрэгцээт эд зүйл авч байсан. Нэг удаа намайг дагуулж очиж, архи авч өгсөн. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Харин би Е д их хэмжээгээр удаа дараа зээлээр хүнсний бараа, эд зүйл авч болохгүй гэдгийг сануулж хэлдэг байсан. Мөн уг дэлгүүрийн эзнээс удаа дараа миний данс руу болон өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авсан эсэхийг надад огт хэлж байгаагүй. Миний данс руу мөнгө орсныг би мэдээгүй. Учир нь миний виза карт маань Е д байдаг байсан. А  гэх хүнийг би огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. А  гэх хүнээс Е  нь мөнгө төгрөг шилжүүлж авсныг огт мэдээгүй. Энэ талаар надад хэлж байгаагүй.

            ...Е  нь Ө сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд казах хэл, уран зохиолын багш ажилтай. Цалингийн зээлтэй, 1 хүүхэд маань Казахстан улсад оюутан. Мөн өвлийн байшингаа Малчин төв буюу “Хундымура” ХЗХ-нд барьцаанд тавьж 2.000.000 төгрөгийн зээл авсан. Төлөх боломжгүй мөртлөө хүнсний зүйлүүдийг зээлээр авдаг байсан. Харин А  гэх хүнээс удаа дараа мөнгө авсан гэдгийг мэдээгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

8. Гэрч О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е  нь дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө аваад, хугацаандаа өгөхгүй юм байна гэж гадны хүмүүсээс сонсож байсан. Чухам ямар дэлгүүрээс хэдэн төгрөгний бараа, бэлэн мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь Е  нь ах болох Т н үгэнд орохгүй өөрөө мэдэж, өөрийнхөө хүслээр явдаг, худлаа ярьдаг хүн юм. Ах болох Т  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн, энэ байдлаас нь болж манай ах дүүс, аав, ээж маань дотно харьцахаа болсон. Е  нь хэдэн хоногийн өмнө надаас 130.000 төгрөг асууж, гар утсаа барьцаанд тавьсан. Үүнийг барьцаанаас авах гэсэн юм гэж хэлэхээр нь би загнаад явуулсан.

Учир нь дандаа худлаа хэлж, энд тэнд өр тавьдаг сураг сонссон болохоор загнаад, мөнгө өгөөгүй. Мөн Т  ахаас ямар нэгэн байдлаар тусламж гуйж, ноолуур асууж байгаагүй. Т  ах Н сумын Улаан чулуу багт оршин суудаг. Е тай дотно харьцахгүй. Т  ах 3 хүүхэдтэй бөгөөд том хүү нь Казахстан улсад сурдаг оюутан, дараагийн охин нь 11 дүгээр ангийн сурагч, дараагийн хүү нь 7 дугаар ангийн сурагч юм. Т д тодорхой эрхэлсэн ажилгүй. Хөдөлмөр алдалтын хувь тогтоолгосон байсан. Одоо группт байна уу, үгуй юу мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дугаар хуудас/,

9. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манайх Ө сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ди” нэртэй дэлгүүртэй юм. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Е  нь өөрөө ганцаар манай дэлгүүрт орж ирээд, багш хүн байгаа юм, ажилдаа орсон удахгүй цалин орох болно зээлээр юм өгөөч гэж хэлэхээр нь 23.500 төгрөгний хүнсний бараа авсан. Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орж ирээд 24.500 төгрөгийн хүнсний бараа, дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орж ирээд 42.500 төгрөгийн хүнсий бараа, дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд. нөхөр маань зугаалганд явж ирээд шартсан байна, явж чадахгүй байна, бид хоёр банкнаас зээл авах гэсэн чинь явж чадахгүй байна гэж хэлээд, 19.500 төгрөгийн хүнсний бараа авсан. Нийт 110.0000 төгрөгийн бараа авсан ба сүүлд ирэхэд 30 минутын дараа авчирж өгнө гэж өөрийнхөө виза карт, хоосон түрийвч, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш ирээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,

10. Яллагдагч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би сард 730.000 төгрөгний цалин авдаг бөгөөд үүнээс 545.000 төгрөгийг зээлэнд татуулаад, гартаа 185.000 төгрөг авдаг юм. Хаан банканд 19.000.000 төгрөгийн зээлтэй бөгөөд сар болгон 545.000 төгрөг төлнө. Сард 300.000 гаруй төгрөгийг зарцуулдаг. Үүнд түлээ нүүрс, идэж уух мах, хүнсний зүйл, саван гэр ахуйн хэрэглэл, хүүхдүүдийн хэрэглэл, цахилгааны төлбөр, зэрэгт зарцуулдаг юм. Нөхөр болох Т н ажилгүй, 287.000 төгрөгийн халамж авдаг ба үүнийг Хаан банкнд барьцаалж зээл авсан. Өөр орлого байхгүй. Ингээд би А  эгчээс авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж ирсэн юм. Гэмшиж байна. А аас эгчээс удаа дараа бэлэн болон бэлэн бусаар мөнгө, хүнсний бараа бэлэн мөнгө авсан. А аас авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-120 дугаар хуудас/,

11. БӨ аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаартай, Е ы “Ажил байдлын тодорхойлолт” /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

12. Е ы авч байсан цалингийн тооцоо /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

13. Яллагдагч Е  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,

14. БӨ аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын албан тоот, холбогдох баримт /хавтаст хэргийн 130-189 дүгээр хуудас/,

15. Хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/,

16. Шүүгдэгч Е ы хашаа байшингаа зарахаар цахим сүлжээ, олон нийтийн радиогоор зарлуулж байсан тухай баримт, хохирогч А т 500.000 төгрөг өгсөн тухай баримт, 

17. Шүүгдэгч Е аас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хохирогч А т 31.751.000 төгрөгийг төлж өгөх нь үнэн” хэмээн бичсэн гарын баримт зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е  нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч А т “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирсэн, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Хохирогчоос “Хамгийн түрүүнд шүүгдэгчээс надад учруулсан хохирол болох 31.751.000 төгрөгийг төлүүлж өгнө үү. Өнгөрсөн хугацаанд Е  хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан. Ийм зальтай хүнийг энэ насандаа үзээгүй. Гомдолтой байна”,

Шүүгдэгчээс “хохирогч А аас бэлэн мөнгө болон эд зүйл авсан маань үнэн. Өөртөө байгаа хамаг эд хөрөнгийг худалдан борлуулж, А  гуайд 31.751.000 төгрөгийг төлж өгнө. Залилах бодол надад байгаагүй”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүрэн шалгагдсан, шүүгдэгчийг цагаатгах талаар ямар нэгэн маргаантай асуудал байхгүй” хэмээн тус тус мэтгэлцсэн болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

- Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Ингээд 2018 оны 2 дугаар сарын эхээр үл таних өөрийгөө Е  гэгч, 5 дугаар сургуульд багшилдаг багш хүн байгаа, таниас хэдэн төрлийн хүнсний, барааг зээлээр авч дараа нь мөнгийн өгч болох уу гэхээр нь би итгэж эхлээд 20.000 төгрөгийн чихэр пьчен, ундааны төрлийн бараа өгөөд явуулсан.

Дараа нь хэд хоногийн дараа, нөгөө эмэгтэй маань хүрч ирээд, дахиж хэдэн зүйл нэмж авахаар ирлээ, цалин буухаар найдвартай өгнө гэж хэлэхээр нь би чиний нөхөр болон хамаатан садангууд чинь аймгийн төвд байдаг уу, ямар хүмүүс байдаг юм бэ гэхэд миний нөхрийг Т  гэдэг, би Н суманд оршин суудаг Х  гэх хүний бэр болсон гэж хэлсэн. Би өөрөө Н суманд оршин сууж байсан болохоор Х  гэх хүнийг таньдаг байсан. Ингээд би уг эмэгтэйд итгэж, хэд хэдэн удаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр өгсөн ба сүүлд 800.000 гаруй төгрөг болсон. Уг мөнгийг байнга шаардаж нэхсэн боловч өгч чадахгүй, газраа зарах гэж байна, 60 сарын зээл авахаар болсон, урьд авсан цалингийн зээлийг хаавал нэмж зээл гарах боломжтой гэж байна, та туслаад мөнгө өгөөч гэхээр нь би хэд хэдэн удаа түүний 2 данс руу мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 31.751.000 төгрөгийг Е аас авч чадахгүй, залилуулж байна. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-96 дугаар хуудас/,

- Яллагдагч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би сард 730.000 төгрөгний цалин авдаг бөгөөд үүнээс 545.000 төгрөгийг зээлэнд татуулаад, гартаа 185.000 төгрөг авдаг юм. Хаан банканд 19.000.000 төгрөгийн зээлтэй бөгөөд сар болгон 545.000 төгрөг төлнө. Сард 300.000 гаруй төгрөгийг зарцуулдаг. Үүнд түлээ нүүрс, идэж уух мах, хүнсний зүйл, саван гэр ахуйн хэрэглэл, хүүхдүүдийн хэрэглэл, цахилгааны төлбөр, зэрэгт зарцуулдаг юм. Нөхөр болох Т н ажилгүй, 287.000 төгрөгийн халамж авдаг ба үүнийг Хаан банкнд барьцаалж зээл авсан. Өөр орлого байхгүй. Ингээд би А  эгчээс авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж ирсэн юм. Гэмшиж байна. А аас эгчээс удаа дараа бэлэн болон бэлэн бусаар мөнгө, хүнсний бараа бэлэн мөнгө авсан. А аас авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-120 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн ХААН банкин дахь 51********* дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 11-23 дугаар хуудас/,

- Яллагдагч Е гийн  гарын үсэгтэй зээлээр бараа авсан тухай баримтууд /хавтаст хэргийн 47-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар

1. 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд шүүгдэгч Е  нь БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлалтай, хохирогч А ын ажиллуулж байсан “Гурвалжин” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрээс гарын үсгээ зурж нийт 6.453.000 төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан,

2. Мөн шүүгдэгч Е  нь хохирогч А аас 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 14.569.000 төгрөгийг бэлэн бусаар Хаан банкин дахь 51********* /данс эзэмшигчийн нэр Х н Т /, 51********* /данс эзэмшигч Табаракийн Е / дугаартай дансаар дамжуулан зээлдэж авсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааруулсан байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Е  нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч А т  хандаж “5 дугаар сургуульд багшилдаг хүн байгаа, таниас хэдэн төрлийн хүнсний барааг зээлээр авч, дараа нь мөнгийг өгч болох уу”, улмаар “банкнаас 60 сарын хугацаатай зээл авахаар болсон, та туслаад мөнгө өгөөч, зээл аваад мөнгийг төлнө” гэснээр хохирогч А аас шүүгдэгч Е ы хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн эзэмшил, ашиглалтад зээлээр эд зүйл, бэлэн бусаар мөнгө төгрөг тус тус шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгчийн зүгээс гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх, эсхүл хагасыг хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа хангагдана.

Улсын яллагчаас яллах дүгнэлтэд болон гэм буруугийн шүүх хуралдаанд дурдсан шүүгдэгч Е ыг “бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуун дарагдуулж залилан эд хөрөнгийг авсан” хэмээн яллаж, шинжлэн судлуулсан яллах талын нотлох баримтуудаар шүүгдэгч Е  хохирогч А т бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулсан тухай нөхцөл байдал нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хохирогч А аас зээлээр авсан эд зүйл, мөнгө төгрөгийг нь буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлт нь тогтоогдохгүй байна.     

Мөн хохирогч А , гэрч С  нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Е  нь хохирогч А тай анх танилцахдаа өөрийнхөө тухай үнэн бодит байдлыг хэлж, хохирогчийн зөвшөөрснөөр эд зүйл, мөнгийг зээлээр авч байсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Е ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй, түүнийг гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Е д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчоос гаргасан 31.751.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчоос уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/140 дугаартай, шүүгдэгч Е ы өмч болох БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний хашаа, байшингүй 031308045 дугаар бүхий 700 /0.07/ м кв газрыг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн цагаатгах тогтоолд шүүгдэгч Е  нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн үзэж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Е ыг цагаатгасугай.

2. Е  1 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/140 дугаартай,  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Хохирогч А ын 31.751.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т