Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/02270/И |
Дугаар | 210/МА2023/01703 |
Огноо | 2023-09-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2023/01703
“БАНК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01788 дугаар шийдвэртэй,
“БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“А” ХХК, “М” ХХК, “У” ХХК-д тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,870,425,688 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, Т.Баярдалай, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “БАНК” ХХК нь “А” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/СС161101001-2 тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/СС161101001-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээний дагуу 3,000,000 ам.долларыг барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 14,40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.
1.2. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 3,799,542 ам.доллар буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Монголбанкны ханш 2,860.95 төгрөгөөр тооцон 10,870,301,687 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалд 124,000 төгрөг, бүгд 10,870,425,687 төгрөг нэхэмжилж байна.
Мөн барьцааны гэрээнүүдээр барьцаалсан тус компанийн болон “М” ХХК-ийн өмчлөлийн 28 үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч “У” ХХК-ийн эзэмшлийн 1 га газар, “А” ХХК, “М” ХХК-ийн дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч “Азиа пафисик ланд” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “БАНК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн анх 2014 оны 05 дугаар сарын 20-нд “БАНК” ХХК болон “А” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээ 8,400,000 ам.долларыг “А” ХХК-д зээлдүүлсэн бөгөөд энэ гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн нийлбэрийг хоёрт хуваагаад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “А” ХХК-тай зээлийн гэрээг байгуулж энэ гэрээгээр 3,000,000 ам.долларыг, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-д 4,886,130 ам.долларыг тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээг байгуулсан. Бодит байдалд энэхүү зээлүүдийг олгоогүй. Энэ зээлийг ямар нэг байдлаар хүлээн авч ашиглаагүй. Харин зээл олгосон мэт дансны бичилтүүдийг хийсэн байдаг.
2.2. Өмнө нь 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр 2016 онд зээлийн гэрээ байгуулсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхгүй. 2014 оны 8,400,000 ам.доллараас өнөөдрийг хүртэл 9,589,137 ам.доллар төлсөн, үлдэх 1,649,869 ам.долларыг төлнө.
2.3. “У” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 846 дугаар бүхий Хан-Уул дүүрэг, Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газар нутагт Арцатын салбарт байрлах 1 га газар нь Газрын тухай хуульд зааснаар газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэл байхгүй учраас барьцаанд бүртгэгдээгүй.
2.4.Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2.30, 2.31-т заасан буюу хариуцагч нарын ирээдүйд бий болох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбоотой ирээдүйд бий болох хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарах нь өөрөө шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
3. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. “М” ХХК-ийн хувьд 4,886,000 ам.долларын зээлтэй холбоотой маргаанд тусдаа иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэг маргааны хувьд тус компанийн нэг барилга, мөн борлуулалтын орлого, мөнгөн хөрөнгийг барьцаалсан байгаа. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа учраас энэхүү барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж үзэж байгаа тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анугаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “У” ХХК-ийн хувьд компанийн ашиглах эрхийн гэрчилгээтэй, Богд хан уулын дархан цаазат газарт байрлах 1 га талбай бүхий газрыг барьцаанд тавьсан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хуулийн шаардлага хангаагүй. Газар ашиглах эрх нь өөрөө барьцаанд тавих боломжгүй байдлаар хуульд зохицуулагдсан учраас тухайн барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
5. Гуравдагч этгээд А.Аагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. А.Аагийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн энэ зээлийн гэрээний маргаанд хамаарахгүй байсан учраас бие даасан шаардлага гараагүй. Тиймээс А.Аагийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж байна.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 10,361,035,741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БАНК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 509,389,945 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол А ХХК болон БАНК ХХК-ийн хооронд 2016.11.02-ны өдрийн байгуулсан ЗБ/СС161101001-2-5 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний барьцааны зүйл болох “А” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн ам, - дугаар байрнуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай нийт 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг,
2016.11.02, 2017.12.13-ны өдрүүдийн “БАНК” ХХК болон “М” ХХК /“Модамонголиа ланд” ХХК/-ийн хооронд байгуулсан ЗБ/СС161101001-2-10, ЗБ/СС161101001-2-10-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох, тус компанийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 48 дугаар байр, -од байрлах, 65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Нэхэмжлэлээс, ЗБ/СС161101001-2-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох хариуцагч “У” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 846 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын задгайд байрлах 1 га газраар болон, 2016.11.02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС161101001-2-11 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч банк болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан ЗБ/СС161101001-2-12 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийн зүйл болох “А” ХХК, “М” ХХК-ийн ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бараа материалын үлдэгдлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,580,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 51,963,128,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
7.1. Манай компаниас 10,361,035,741 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,400,000,000 ам.долларын зээлийн гэрээний үлдэгдэл 6,489,122 ам.доллар байсан ба уг үлдэгдэл дээр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 ам.долларыг зээлдүүлэхээр тохиролцсон, уг зээлийг олгоод 2014 оны зээлд суутгаад авсан.
7.2. Зээлийн хорооны 2 өөр шийдвэр гарсныг шүүх үнэлээгүй. Зээл шинээр олгох шийдвэр гараагүй, үлдэгдэл төлбөрийн хуваарийг өөрчлөх шийдвэрийг биш өөр шийдвэрийг шүүх үнэлсэн.
7.3 Компанийн 410031312 тоот дансны хуулга, 494012786 тоот дансны хуулгаар хийгдсэн гүйлгээ, гүйлгээний утгыг анхаараагүй, 2,870,875 ам.долларыг компани бодитоор огт төлөөгүй. Харин банкны зүгээс зээлийн гэрээ шинээр байгуулж, зээл олгосон мэт бичилт хийсэн боловч зээлийг бодитой олголгүйгээр шууд нөгөө талд буюу 2014 оны зээлийг төлсөн мэтээр бичилт хийсэн.
Өөрөөр хэлбэл, “БАНК” ХХК нь “А” ХХК-ийн 2014 оны 8,400,000,000 ам.доллараас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүү зэргийн нийлбэрийг хоёр хувааж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг “А” ХХК-тай байгуулж, тус гэрээгээр 3,000,000 ам.долларыг, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг “М” ХХК-тай байгуулж, тус гэрээгээр 4,886,130.38 ам.долларыг тус тус зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулж, 2014 оны зээлийг төлүүлсэн байдаг.
7.4. 2014 оны гэрээний 494012786 тоот данс, 2016 оны 410031312 тоот зээлийн дансны хуулга дахь “А” ХХК-ийн зээлийн буцаан төлөлт хийсэн огноо, нийт үнийн дүн нь яг ижилхэн буюу 2,870,875.26 ам.доллар байдаг. Анхан шатны шүүх гэрээнд зааснаас өөр дансанд зээл олгосон тухай бичилт хийсэн л бол тухайн зээлийг зээлдүүлэгчид олгосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
7.5. 2016 оны зээлийн гэрээний дагуу ашиглаагүй зээлийг төлөх үндэслэлгүй тул 2014 оны зээлийн гэрээний 2,870,875.26 ам.доллараас төлсөн 1,221,005.81 ам.долларыг хасч 1,649,869.99 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байна.
7.6. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. 2016 оны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээнүүд мөн хүчин төгөлдөр бус болно.
7.7 Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс дахин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шийдвэрлэж буй нь буруу. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 475/182 тоот “Журам шинэчлэн батлах” тухай тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зээл, тэдгээрийн хүүг нэмж зээл олгохыг хориглосныг шүүх анхаараагүй.
7.8. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 6,550,230,139 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал олгосон зээлийг шууд татсан гэж ойлгож байна. 2,913,551.02 ам.долларын зээл олгосноос хариуцагчид 849,603,72 ам.долларын үндсэн зээл, үндэс хүүд 354,205,15. ам.долларыг, нэмэгдүүлсэн хүүд 17,900,196.38 ам.доллар нийт 1,221,005,27 ам долларын зээлийг төлсөн байдаг. Өмнөх 2014 оны зээлд хариуцагч тал төлсөн. “А” ХХК нь давхар зээл хүсэлтэд нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн хорооны хурлаар шийдвэрлэж, хүсэлтийн дагуу шинэ зээлийн гэрээ хийж зээлийг олгосон. Харилцах данстай нь “А” ХХК холбоотой болохоор өмнөх зээлийн үлдэгдэлд төлөгдсөн байдаг. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1788 тоот хүсэлтээр “А” ХХК зээлийг хүлээн авсан, цаашид зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг “БАНК” ХХК-д ирүүлсэн гэжээ.
9. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн гомдолд хууль зүйн үндэслэлийг Иргэний хууль, Банкны тухай хууль болон дотоод дүрэм, журмыг тодорхой бичиж гомдлоо гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэж шийдвэрлэх талаар яригдаж байгаа. Тухайн хэргийн нэгтгэж шийдвэрлэх үндэслэл нь шүүх маргааныг шуурхай, зөв шийдвэрлэхийн тулд нэгтгэнэ гэж заасан. 2014 онд олгосон зээлтэй холбоотой эргэн төлөлтийг 2 компанид зээл олгох нэрээр буцааж татсан агуулга гэдэг яригддаг. Тухайн үнэлгээг хийж, хэргийг нэгтгэж шийдвэрлэвэл гуравдагч этгээд болон хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй. Иймд хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь зөв байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “БАНК” ХХК нь хариуцагч “А” ХХК, “М” ХХК, “У” ХХК-д тус тус холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 10,870,425,688 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. “БАНК” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/СС161101001-2 тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/СС161101001-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээнд зааснаар зээлдүүлэгч нь 3,000,000 ам.долларыг барилга санхүүжүүлэх зориулалтаар жилийн 14,40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
4. Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбарлахдаа тэдгээрийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээр 8,400,000 ам.долларыг “А” ХХК зээлж авсан, уг гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний үүргийг хоёр хувааж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “А” ХХК-тай 3,000,000 ам.долларын гэрээг, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-тай 4,886,130 ам.долларыг тус тус байгуулсан, уг гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлж аваагүй гэжээ.
5. Хариуцагч “А” ХХК-ийн гаргасан тайлбар болох талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр 2016 онд дахин зээлийн гэрээ байгуулсан гэх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөх учиртай.
5.1. Анхан шатны шүүх “2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч бүрэн биелүүлээгүй байсан ч гэрээний хугацааг сунгасан, түүнийг хүүг бууруулах, эргэн төлөгдөх хуваарийн үндсэн төлөлтийн хэмжээг бууруулан шинэчлэх хуримтлагдсан хүүгийн өр төлбөрийг багасгах, чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж, гэрээнд өөрчлөлт оруулсан баримтгүй” гэж дүгнэхдээ 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг төлөгдөж дуусгавар болсон эсэх үйл баримтыг тогтоолгүй орхигдуулжээ.
Хэрэгт 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодруулах нь хариуцагчийн тайлбарт өгөх дүгнэлт болох учиртай.
5.2. Түүнээс гадна “БАНК” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны зээлийн гэрээний зарим үлдэгдэл төлбөрт “М” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 4,886,130.38 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан гэх хариуцагч талын тайлбарт дурдсан үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас гаргасан тайлбар болох дээр дурдсан 2016 болон 2017 оны зээлийн гэрээний талаарх үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байна.
Хариуцагч “М” ХХК-нийн гаргасан тайлбарт дурдсанаар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг өөр шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бол эдгээр хэргүүдийг нэгтгэсний үндсэн дээр бодит нөхцөл байдал тодорхой болохоор байна.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагч нарын болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаар дүгнэлт хийх боломжгүй болно.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,909,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА