Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3-р баг, Цогт-Уулын 1б-17 тоотод оршин суух Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадулам /РД:АЮ68102161/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох

16 925 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ш.Даваадулам,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Х.Одгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Даваадулам нь

2016 ны 3-р сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай “... Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн захирал Ш.Даваадуламын сарын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай ...” гэсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 8-р сарын 4-ний өдрөөр Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх /хуучин нэрээр/-д гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг 2015 оны 11-р сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 543 дугаартай магадлалыг гаргасан бөгөөд 2016 оны 1-р сарын 4-ний өдрөөр шүүхийн “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн өдүүлсэн хууль бус үйлдлийн улмаас Ш.Даваадулам миний сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд маань ихээхэн хэмжээний гэм хор учирлаа.

Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2016 оны 2-р сарын 5-ны өдрөөр эцэслэгдсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд 3 500 000 төгрөг, Улаанбаатар хотод 2015 оны 11-р сарын 27-ны өдөр хийгдсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч В.Удвалын албан томилолтын зардалд 200 000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Даваадуламын замын зардалд 150 000 төгрөг, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 1-р сарын 20-ны өдрийн Б-1/16-012 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шуудангийн зардалд 8 000 төгрөг, энэхүү нэхэмжлэлийг гаргахтай холбогдсон ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд 3 000 000 төгрөг, нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг болон өмгөөлөгч В.Удвалтай 2014 оны 10-р сарын 15-ны өдрөөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн үйлчилгээний зардалд 15 000 төгрөг зарцуулагдсан байна.

Иймд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс нийт 6 919 800 төгрөгийг гаргуулж, Ш.Даваадулам миний эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулж өгнө үү гэжээ.

2016 ны 4-р сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний б/84 дугаартай захирамжийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрхээ хамгаалахаар 1.6 жил гаруйн хугацаанд шат шатны захиргааны хэргийн шүүхээр явсны эцэст аймгийн Засаг даргын хууль бус шийдвэр хүчингүй болсон.

Энэхүү 1.6 жил гаруйн хугацааг Шаравсамбуугийн Даваадулам миний бие сэтгэл санааны хувьд маш хүнд дарамтанд өнгөрүүлснээс нойргүйдэх, амархан уурлах, уцаарлах, уйлах зэргээр тавгүйдэж, толгой тархи болон ходоодонд маань өвчний хүнд зовиур илэрч улмаар байнгын зүрх дэлсдэг, хатгуулдаг, гар хөл салганадаг, цусны даралт ихэсдэг болж, толгойн үсний минь ихэнх нь бууралтаж, туг тугаараа шалтгаангүй унах зэргээр эрүүл мэнд маань хохирч байна.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль бус захирамж нь Ш.Даваадулам миний нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учруулсан.

Архангай аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн 1 000 багш нарын дунд бодит байдалд нийцэхгүй мэдээ тархсан байдаг.

Дээр дурдагдсан үнэдслэлээр хариуцагч болох Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 1-р сарын 20-ны өдрийн Б-1/16-012 дугаартай гомдол гаргах тухай албан бичгийг Архангай аймаг дах шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогтод хүргүүлэхэд 2 800 төгрөг, мөн өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 4-р сарын 4-ний өдрийн Б-1/16-019 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд хүргүүлэхэд 2 640 төгрөг зарцуулагдсан эдгээр болно.

Иймд хариуцагч болох Архангай аймгийн Засаг дарга Довдоннямын Бат-Эрдэнээс нийт 16 925 300 төгрөгийг гаргуулж, Алтангэрэл овогтой Шаравсамбуугийн Даваадулам миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөд маань учруулсан гэм хорыг арилгуулах шийдвэрийг гаргана уу гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: 2014 оны 7-р сарын 4-ний өдөр Б/84 дугаартай Архангай аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл оногдуулсан тухай захирамж гарсан. Засаг даргын арга хэмжээ авсан үндэслэл нь хууль бус юм гэдэг нь шүүхээр батлагдсан байгаа.

Яагаад нэр төр алдар хүндтэй холбогдоод байна, сэтгэл санаагаар яагаад хохироод байна гэхээр 2012 оноос хойш  Архангай аймгийн Засаг дарга удаа дараа ажлаа өг гэсэн шаардлагыг байнга тавьдаг байсан. Миний ажлын байран дээр хүртэл сонгон шалгаруулалт зарлаж байсан нь шүүхээр ороод шийдэгдсэн байгаа. Мөн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Боловсролын газрын дарга нар өрөөндөө удаа дараа дуудаж ажлаа өг гэсэн дарамт шахалтыг үзүүлж байсан. Би 2012 оноос хойш ажилгүй болвол яах бол гэж сэтгэл санааны  хүнд дарамтанд орсон. Захирлаар ажиллаж байхдаа алдаа гаргасан гэж захирал болон ажилчид буруутгасан байдлаар намайг харж байсан. Үүнтэй холбоотой шүүмжүүдийг би бас сонсож байсан.

Миний бие энэ олон жил ажиллахдаа маш олон шавь нар төгсгөсөн. Одоо энэ шавь нар минь намайг харахдаа алдаа гаргасан захирал гэж харж байгаа. Үүнийгээ ч гэсэн илэрхийлж байгаа хүүхдүүд байгаа. Миний хувьд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирлын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан. Энэ олон хүнийг хариуцаж ажиллаж байсан учраас алдаа гаргасан гэдэг нь том цохилт гэж ойлгож байгаа. Намайг эрүүгийн хэргээс болж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирлоо гэж байгаа бол энэ тийм биш гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Архангай аймаг жижиг учраас Архангай аймгийн бүх хүн энэ захирал яагаад ажлаа хийхгүй байна гээд хоорондоо ярихад хэцүү  санагддаг байсан гэв.

            2. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь

            2016 оны 4-р сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Даваадулам  нь өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалуулж, Захиргааны хэрэгт 2 өмгөөлөгч сонгон ажиллуулжээ. Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс нь ямар итгэлцүүр шалгуурт үндэслэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 6 500 000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн өөрийн эрхийг хамгаалж явсан зардал нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

            Ш.Даваадулам нь 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаас шалтгаалан эрүүл мэнд нь хохирсон гэдгийг тогтоох боломжгүй юм.

            Мөн өөрийн эрхийг хамгаалж явсан зардал нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            2016 оны 5-р сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Даваадулам нь 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаас шалтгаалан эрүүл мэнд нь хохирсон гэдгийг тогтоох боломжгүй юм.

            Ш.Даваадуламын тухайд дээрхи хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсантай холбоогүйгээр өөрөөс нь шалтгаалсан өөр бусад сэтгэл санааны хямрал үүсэхүйц нөхцлүүд байсан. Мөн дээрхи захирамж гарснаар Ш.Даваадуламын нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Иймд 10 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

            Мөн үүнтэй холбоотойгоор гарсан бичиг хэргийн болон бусад зардлыг зөвшөөрөх боломжгүй. Эдгээр шалтгаанаар Ш.Даваадуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.  

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ

            Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Удаа дараа ажлаа өг гэж шахалт үзүүлж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг ярьж байна. Энэ хүн  2015 оны 6-р сарын 8-ны өдөр хүртэл ажлаа хийгээд явж байсан. Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Баттогтохын 2015 оны 6-р сарын 5-ны өдрийн 201503000120 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ш.Даваадуламыг албан үүргээс нь түр түдгэлзүүлж хариу мэдэгдэхийг даалгасан албан бичиг ирсэн байдаг. Үүний дагуу албан үүргээс нь чөлөөлсөн байдаг.  Удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 34 сургууль 1000 багш нарын дунд нэр төр, алдар хүндэд нь халдаж сөрөг мэдээлэл тараасан гэж ярьж байна. Энэ мэдээллийг хэн, ямар хэлбэрээр тараасан юм бэ? гэдэг нь тодорхойгүй байна.

            2014  оны 7-р сарын 4-ний өдрийн Б/84 дугаартай Засаг даргын  захирамжаас болж энэ хүний сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учирсан гэж үзэхгүй байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т хууль зүйн үйлчилгээний хөлс зардал гэж заасан байна. Үүнд хууль үйлчилгээний хөлс зардлыг үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтооно, хуульч нь үндэслэлгүй хөлс зардал тогтоож авахыг хориглоно гэсэн байна. Үйлчилгээний хөлсийг тохирохдоо дараах хүчин зүйлсийг харгалзана гэсэн байна. Мөн дүрмийн 2.5-д үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар гэсэн байна.

            Өмнө нь Архангай аймгийн өмгөөлөгчдийн хөлс иргэний хэрэг болон захиргааны хэргийг өмгөөлөхдөө  800 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийн хооронд байдаг байсан. Харин одоо захиргааны хэрэг дээр 1 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийн үйлчилгээний хөлстэй байдаг юм байна. Иргэний хэрэг дээр нэхэмжилсэн үнийн дүнгийн 15%-20% гэсэн үйлчилгээний хөлстэй байдаг юм байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.Даваадулам яагаад Улаанбаатар хотоос өндөр үнэтэй хууль зүйн туслалцаа авч, тэр хөлсөө манай талаас гаргуулна гэж шаардаад байна гэдэг нь маш сонин байна. Ийм асуудал байж болохгүй гэж ойлгож байна. Мөн яг энэ хэрэг дээр эрхзүйн туслалцаа аваад байна уу, эсвэл өөр асуудлаар  эрх зүйн туслалцаа  аваад байна уу? гэдэг нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч Ө.Алтангадас яг хэзээнээс  хууль зүйн туслалцаа үзүүлж хамтарч ажиллах болсон гэдэг нь ойлгомжгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Даваадулам нь хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс 16 925 300 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаар Ш.Даваадуламд сарын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнтэй холбоотой маргааныг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 543 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэж, Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан үйлдлээс болж өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүхийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Өмгөөллийн хөлс, зардал 6 700 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 2014 оны 10-р сарын 15-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч В.Удвал, 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 15/11-02 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ө.Алтангадастай тус тус бичгээр байгуулжээ.

Мөн Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаас болж өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэхдээ 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 16/02-02 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ө.Алтангадастай байгуулсан байна.

Өмгөөлөгч В.Удвал анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгч Ө.Алтангадас давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Улсын дээд шүүхэд хариуцагч талаас гомдол гаргасан талаарх асуудалд оролцсон болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, өмгөөлөгчийн Улсын дээд шүүхийн Захиргааны танхимд гаргасан хүсэлт, Улсын дээд шүүхийн 2016 оны 2-р сарын 5-ны өдрийн 4/453 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон.

Ш.Даваадуламын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Ө.Алтангадас нь иргэний хэрэг үүссэн цагаас эхлэн оролцож байгаа болно.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь:

- өмгөөлөгч В.Удвалд өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг 2015 оны 10-р сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шүүх хуралдаанд оролцуулах зорилгоор томилолтын зардал 200 000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 25-ны өдөр түүний ХААН банк дахь 513539547 тоот данс руу шилжүүлсэн,

- өмгөөлөгч Ө.Алтангадаст захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөгийг 2016 оны 2-р сарын 26-ны өдөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөгийг 2016 оны 3-р сарын 1-ний өдөр тус тус түүний ХААН банк дахь 5429107725 тоот данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул өмгөөллийн хөлс, зардал болох 6 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахдаа үндэслэлгүйгээр хэт өндөр үйлчилгээний хөлс төлсөн гэж мэтгэлцсэн боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байдаг тул энэ зарчмын хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, үйлчилгээний хөлс, зардал төлөгдсөн байна.

2. Эд хөрөнгийн бусад хохиролд 178 460 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь замын зардалд 150 000 төгрөг, нотариатын зардалд 15 000 төгрөг, шуудангаар бичиг хүргүүлсэн зардалд 13 460 төгрөг нэхэмжилсэн.

2015 оны 11-р сарын 27-ны өдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор нэхэмжлэгч нь 150 000 төгрөгийн шатахууны зардал, хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 543 дугаар магадлалыг биелүүлэх талаар гаргасан хүсэлтийг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлэхэд 2 640 төгрөгийн шуудангаар бичиг хүргүүлсэн зардал,  иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 10 000 төгрөгийн нотариатын зардал тус тус гаргасан болох нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж байна.

Харин нотариатын зардлаас 5 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2016 оны 1-р сарын 20-ны өдрийн б-1/16-012 тоот албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхэд гарсан 8 000 төгрөгийн, Архангай аймгийн Шүүхийн газарт хүргүүлэхэд гарсан 2 820 төгрөгийн шуудан үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч тал нь нэхэмжилсэн боловч энэ нь хариуцагч талын үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахгүй орхив.

3. Нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд учирсан хохирол 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 4-р сарын 18-ны өдөр нэмэгдүүлэхдээ нэр төр, алдар хүнд, эрүүл мэндийн хохиролд 10 000 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр нэр төрд учирсан хохиролд 3 000 000 төгрөг, алдар хүндэд учирсан хохиролд 3 000 000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 4 000 000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тайлбарласан болно.

Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжийн үр дагавраар нэр төр, алдар хүнд нь яаж гутаагдсан, сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт нь олон нийтийн дунд ямар байдлаар тархсан, түүнчлэн эрүүл мэндийн асуудлаар ямар өртөг, үнэлгээ бүхий эмчилгээ, оношлогоо хийлгэсэн болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд учирсан хохирол 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

4. 46 840 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлээд нийтдээ 16 925 300 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өмгөөллийн хөлс, зардалд 6 700 000 төгрөг, эд хөрөнгийн бусад хохиролд 178 460 төгрөг, нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд учирсан хохирол 10 000 000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд харин 46 840 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын төрлүүдийн алинд ч хамаарахгүй үлдсэн байх тул дээрх 46 840 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хэргээс нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг тус шүүхийн 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн 28 тоот тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, мөн иргэдийн төлөөлөгч нь гаргасан дүгнэлтдээ “нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй” гэж дүгнэсэн болохыг тус тус дурдвал зохино. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

 

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгч Ш.Даваадуламд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорын хохиролд нийт 16 925 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6 862 640 төгрөгийг хангаж, үлдэх 10 062 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

                        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 6 862 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Даваадуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 062 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 705 төгрөгөөс орон нутгийн орлогод 242 577 төгрөгийг хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 58 128 төгрөг, Архангай аймгийн Засаг даргаас 124 752 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Даваадуламд олгосугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                       

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Т.БАДРАХ

 

                         ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                 Ч.ЖАРГАЛАН