Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00849

 

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 858 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 311 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэнхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч Ц.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ15/125 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан манай байгууллагаас 61 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлсэн болно. Энэ зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан ба 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүү 232 500 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийг барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар 5 000 000 төгрөгийн үндсэн зээл, 3 630 000 төгрөгийн зээлийн хүү, 681 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 9 311 000 төгрөгийн өр үүссэн тул хариуцагч Ц.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Энэ нэхэмжлэлд бодит байдлыг үнэн зөв бичилгүй гуйвуулж худлаа бичсэн байгааг залруулах нь зүйтэй гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 61 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэ зээлийг авахдаа би өөрийн эзэмшлийн Ниссан ноте маркийн 2006 оны 97-49 УНА улсын дугаартай машиныг тухайн компанийн зогсоолд тавьж орхиод 2 жил болж байна. Зээлсэн мөнгийг манай найз Бат-Ирээдүй аваад алга болсон бөгөөд дунд нь би хохирч байгаа болно.

Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх зээлсэн 5 000 000 төгрөгт 2 сарын хүү төлөх ёстой байсан боловч 1 сарын хүү 232 500 төгрөгийг төлснийг хасахад миний барьцаанд тавьсан автомашины үнэ илүү гарах нь ойлгомжтой юм. Барьцаалан зээлдүүлэх газрууд авсан зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа өнгөрмөгц эд зүйлийг зарж борлуулаад хохирлоо төлүүлж авдаг журам энэ компанид хамааралтай гэж үзэж байна. Би зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг 9 311 000 төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд миний машины талаар дурдаагүй байгааг заль гэж үзэж байна.

Автомашиныг анх барьцаалахдаа 7 500 000 төгрөг гэж үнэлж авсан. Гэтэл зээлийн гэрээн дээр 5 400 000 төгрөг гэж бичсэн нь буруу байна. Худалдаж борлуулаад илүү мөнгийг надад өгөх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд надаас энэ зээлийн талаар ярьж нэхээгүй, 1 жил 5 сарын дараа барьцааны зүйл компанид байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас 9 311 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганбаатараас 163 930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 858 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Ц.Ганбаатараас 9 311 000 төгрөг гаргуулж...” гэснийг “5 385 232 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, үлдэх 3 925 760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч Ц.Ганбаатараас 163 930 төгрөгийг гаргуулж...” гэснийг “101 113,71 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны 858 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “хариуцагч Ц.Ганбаатарын хүлээн авсан 4 775 000 төгрөгөөс 2 сарын хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нийт 5 385 232 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Банк эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж заасан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т талуудын тохиролцсоны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэлх хугацаанд төлнө гэж заасан байтал давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “...зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй.” гэсэн зохицуулалт нь зээлдүүлэгчид эрх олгосон заалт болохоос үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх заалт биш тул дээрх заалтыг үндэслэн зээлдүүлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй бөгөөд дээрх эрхээ хэрэгжүүлээгүй нь гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү болон, хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шаардлага тавиагүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

Энэ үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 858 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн 858 дугаар магадлалд зааснаар надаар хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 610 232 төгрөгийг яагаад төлүүлэхээр болоод байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие уг зээлийг 2 сарын хугацаатай авсан бөгөөд магадлалд бичигдсэнээр анх зээлсэн 5 000 000 төгрөгнөөс нэг сарын хүү 225 000 төгрөгийг суутган авсан болох нь нотлогдсон байна. Мөн дараа нь нэг сарын хүү болох 225 000 төгрөгийг би нэмж төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Ийм учраас би өөрийгөө зээлийн гэрээний дагуу 2 сарын хүүг илүү төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс намайг 5 385 232 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч зөвтгөж өгөхийг хүсэж байна.

...Уг нь миний хувьд барьцаанд тавьсан машинаар миний зээлж авсан 4 775 000 төгрөгийг төлж барагдуулсан өөрөөр хэлбэл барьцааны эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлсөн гэж үзээд “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй байгааг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Би барьцаанд тавиад 1 жил 8 сарын хугацаа өнгөрсний дараа машинаа буцааж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Машиныг хаана хэрхэн хадгалж байсан болон унаж ашигласан эсэх зэрэг асуудлуудад эргэлзээ төрж байна. Мөн ямар барьцаалан зээлдүүлэх газар нь хүний эд хөрөнгийг дөнгөж зээлийн хугацаа өнгөрмөгц барьцааны эд хөрөнгийг зарж борлуулаад төлбөрөө авдаг, ямар нь үндэслэлгүй хүү нэмж тооцоод 1 жил 8 cap болгоод шүүхтэй хуйвалдан үндэслэлгүй 9 311 000 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гаргуулаад байгаа нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг хууль зүйн дагуу үндэслэлтэй хянан үзэж хэрэгт авагдсан нотлох баримтанд үнэн зөв дүгнэлт хийж хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж энэхүү давж заалдах өргөдлийг гаргаж байна гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу хариуцагчаас төлбөр гаргуулсан нь зөв боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээний үүргийн тооцооллыг үндэслэл бүхий хийж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч “Очир-Ундраа ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9 311 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Ц.Ганбаатар зээл авснаа хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БГЗГ 15\125 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 5 000 000 төгрөгийг 30 хоногийн  4,5 хувийн хүүтэй, 61 хоногийн хугацаатай зээлүүлсэн байна. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Ц.Ганбаатарын эзэмшлийн Ниссан ноте маркийн автомашиныг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалжээ \хх-ийн 2-4 дүгээр тал\.

 

Хариуцагч Ц.Ганбаатар зээлийн хүүд 232 500 төгрөг төлсөн байна.

Давж заалдах шатны шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “Очир-Ундраа ОМЗ ББСБ” ХХК анх зээл олгохдоо эхний сарын хүүг суутган авч, 5 000 000 төгрөг биш харин 4 775 000 төгрөг зээлүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй боловч зээл ашигласан хугацааг буруу тооцож, хүү хассан нь үндэслэлгүй болсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.  Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь барьцаалагчийн хувьд үүрэг биш эрх тул энэ эрхийг хэрэгжүүлэх эсэх, хэрэгжүүлэх бол хэзээ хэрэгжүүлэхийг барьцаалагч өөрөө шийдвэрлэх тул барьцааны эрхээ хэрэгжүүлээгүй гэж гэрээний хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлээ шүүхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байх тул зээлдэгчид холбогдуулан шаардлага гаргаагүй хугацаа алдсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг учир хариуцагч Ц.Ганбаатар нь зээлийг өөр хүнд авч өгсөн байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Харин хариуцагч Ц.Ганбаатар нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ хэргийн шийдвэр саад болохгүй. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Ганбаатараас гаргуулах төлбөрийн хэмжээг үндсэн зээл 4 775 000 төгрөг, 17 сарын хүү 3 652 875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730 575 төгрөг, нийт 9 158 450 төгрөгөөс төлсөн 232 500 төгрөгийг хасч бүгд 8 925 950 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 858 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 311 000 төгрөгийг” гэснийг “8 925 950 төгрөгийг” гэж, ““Очир-Ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгосугай” гэснийг “”Очир-Ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 385 050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Ц.Ганбаатараас 163 930 төгрөгийг” гэснийг “хариуцагч Ц.Ганбаатараас 157 765 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 77 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН