Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд, ............ регистрийн дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Сити плаза 1 тоотод оршин суух “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн .................. регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Саруул-Тэнгэр хотхон 57-12 тоотод оршин суух .................олбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.311.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй иргэн ******* нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ15/125 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан манай байгууллагаас 61 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг зээлсэн болно. Энэ зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан ба 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүү 232.500 төгрөгийн төлөлт л хийсэн байдаг. Үүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийг барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар 5.000.000 төгрөгийн үндсэн зээл, 3.630.000 төгрөгийн зээлийн хүү, 681.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 9.311.000 төгрөгийн өр үүссэн тул хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Энэ нэхэмжлэлд бодит байдлыг үнэн зөв бичилгүй гуйвуулж бодит байдлыг худлаа бичсэн байгааг залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие ******* 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 61 хоногын хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэ зээлийг авахдаа би өөрийн эзэмшлийн Ниссан ноте маркийн 2006 оны 97-49 УНА улсын дугаартай машиныг тухайн компаний зогсоолд тавьж орхиод 2 жил болж байна. Зээлсэн мөнгийг манай найз Бат-Ирээдүй аваад алга болсон бөгөөд дунд нь би хохирч байгаа болно. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх зээлсэн 5.000.000 төгрөгт 2 сарын хүү төлөх ёстой байсан боловч 1 сарын хүү 232.500 төгрөгийг төлснийг хасахад миний барьцаанд тавьсан автомашины үнэ илүү гарах нь ойлгомжтой юм. Барьцаалан зээлдүүлэх газрууд авсан зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа өнгөрмөгц эд зүйлийг зарж борлуулаад хохирлоо төлүүлж авдаг журам энэ компанид хамааралтай гэж үзэж байна. Би зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй тул 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг 9.311.000 төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд миний машины талаар дурдаагүй байгааг заль гэж үзэж байна. Автомашиныг анх барьцаалахдаа 7.500.000 төгрөг гэж үнэлж авсан. Гэтэл зээлийн гэрээн дээр 5.400.000 төгрөг гэж бичсэн нь буруу байна. Худалдаж борлуулаад илүү мөнгийг надад өгөх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд надаас энэ зээлийн талаар ярьж нэхээгүй, 1 жил 5 сарын дараа барьцааны зүйл компанид байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.311.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч ******* нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-тай БГЗГ15/125 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 /таван сая/ төгрөгийг, 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй, 61 хоногийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 97-49 УНА улсын дугаартай Ниссан ноте 0 /Nissan note 0/ маркийн суудлын автомашиныг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 2-4 дүгээр тал/

Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлсэн мөнгийг Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, татгалзалын үндэслэлээ нотлоогүй болно.

Иймд зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 232.500 төгрөгийг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 3.630.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681.000 төгрөг нийт 9.311.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсхүл мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 Иймд хариуцагч *******аас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 3.630.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681.000 төгрөг, нийт 9.311.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******аас 9.311.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 163.930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                              Л.ЭНХЖАРГАЛ