Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3-р баг, Цогт-Уулын 1б-17 тоотод оршин суух Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадулам /РД:АЮ68102161/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3-р баг, Даатгалын байрны 1-7 тоотод оршин суух Цэнджав овогт Оюунтаны Энхжаргал /РД:АН80061504/-д холбогдох

107 999 040 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ш.Даваадулам,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас,

хариуцагч О.Энхжаргал,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Даваадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюунтаны Энхжаргал нь 2013 оны 10-р сарын 18-ны өдөр 3 300 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр 6 600 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр 8 050 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд 2014 оны 7-р сарын 21-ний өдөр зээлийн хүүнд тооцож 4 000 000 төгрөг, 2015 оны 4-р сард 2 500 000 төгрөг төлсөн.

Түүнээс үндсэн зээлүүд болон тэдгээрийн хүүг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн үнэн, худал нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар сүүлдээ Монгол улсын Иргэний хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлээсээ зайлсхийхийг санаархсан хууль бус үйлдлийг бусадтай бүлэглэн зохион байгуулсан болно.

Ш.Даваадулам би 2013 оны 10-р сарын 18-ны өдөр, мөн 2014 оны 6-р сарын 18-ны өдөр О.Энхжаргалд зээлүүлсэн мөнгийг өөрийн төрсөн эгч Шаравсамбуугийн Адьяадуламаас гуйж авсан.

Тухайн үед эгч Ш. Адьяадулам маань Хадгаламж банкнаас зээл авч бизнес хийж байсан бөгөөд О.Энхжаргалын буруутай үйлдлийн улмаар банкны зээлийн эргэн төлөлтийг эгч Ш.Адьяадуламын өмнөөс Ш.Даваадулам миний бие тогтоосон хугацаагаар хийж байна.

О.Энхжаргалын 2013 оны 10-р сарын 18-ны өдөр зээлсэн 3 300 000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /330 000 төгрөг*24 сар/ 7 920 000 төгрөг, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр зээлсэн 6 600 000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /66 000*487 хоног/  32 142 000 төгрөг, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр зээлсэн 8 050 000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /80 500*459 хоног/ 36 949 500 төгрөг, зээлийн гэрээнд заасан алдангийг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /40 652.5 төгрөг*456 хоног/ 18 537 540 төгрөг болжээ.

Мөн О.Энхжаргал нь Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн гадаад хэлний багшаар ажилладаг Сэрээнэнгийн Ариунжаргалын 2014 онд Ш.Даваадулам надаас зээлчихээд буцааж өгөх гэж байсан 1 000 000 төгрөгийг О.Энхжаргал нь надад мөнгө яаралтай хэрэгтэй байна, удаахгүй Ш.Даваадулам захиралд өгчихье гэж С.Ариунжаргалаас гуйж авчихаад өнөөдрийг хүртэл хэнд нь ч өгөхгүй байна.

Иймд О.Энхжаргалаас нийт үндсэн зээл болох 17 950 000 төгрөг, нийт зээлийн хүү 77 011 500 төгрөгөөс О.Энхжаргалын төлсөн зээлийн хүү 6 500 000 төгрөгийг хасаад үлдэгдэл зээлийн хүү болох 70 511 500 төгрөг, алданги болох 18 537 540 төгрөг болон С.Ариунжаргалаас авсан 1 000 000 төгрөгийг гаргуулж, Ш.Даваадулам надад олгуулах шийдвэрийг гаргуулж өгнө үү гэв.  

 

            Хариуцагч О.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Даваадуламаас 2013 оны 10-р сарын 10-ны өдөр 2 200 000 төгрөг, 2014 оны 6-р сарын 8-ны өдөр 6 600 000 төгрөг тус тус зээлсэн. Дараа нь найз Ариунжаргалаас 1 000 000 төгрөг зээлснийг Даваадулам руу төлчих гэсэн тохиролцооны дагуу нэмж нийт 9 900 000 төгрөгийг Ш.Даваадуламд төлөхөөр болсон.

                        Эхний зээлсэн 2 200 000 төгрөгийг төлөхдөө сар бүр 220 000 төгрөгийг хийж байсан ба нийт 6 сарын хугацаанд 1 320 000 төгрөгийн зээл барагдуулсан.

                        6 600 000 төгрөгнөөс 400 000 төгрөгийг бэлнээр, амралтын мөнгөнөөс 600 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7-р сарын 21-ний өдөр дансаар 4 000 000 төгрөг, 2015 оны 4-р сарын 27-ны өдөр 2 700 000 төгрөг дансаар тус тус төлсөн ба нийт 9 020 000 төгрөгийг төлж барагдуулсан.

                        Дээрх зээлсэн 9 900 000 төгрөг нь Ш.Даваадуламын мөнгө биш “Өүлэн менч” ХХК-ны сурагчдын дүрэмт хувцасны мөнгө байсан ба 2014 оны 11-р сарын 10-ны өдөр “Өүлэн менч” ХХК-ны борлуулалтын менежер О.Сэргэлэн, Нарангэрэл нар нь манай сургууль дээр ирж багш нартай уулзаж, Ш.Даваадуламын багш нарт зээлсэн мөнгө нь “Өүлэн менч” ХХК –ны сурагчдын дүрэм хувцасны мөнгө тул та нар “Өүлэн менч” ХХК-нд зээлсэн мөнгөө төлөх ёстой хүү тооцохгүй, үндсэн мөнгөө төлж барагдуул гээд шинээр гэрээ хийсэн. Миний хувьд тухайн үед зээлсэн байсан мөнгөнөөс 4 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул уг 4 600 000 төгрөгийг “Өүлэн менч” ХХК-нд төлөхөөр тус өдрөө гэрээ хийсэн. Гэрээ хийсний дагуу 2015 оны 4-р сарын 27-ны өдөр 2 700 000 төгрөгийг “Өүлэн менч” ХХК-ний дансанд хийх гэтэл Ш.Даваадулам нь “Өүлэн менч” ХХК руу яриад хэлчих хэнд нь ч өгсөн адил гээд хүчээр өөрийн данс руу хийлгэсэн. Тэр өдөр “Өүлэн менч” ХХК-ний менежер Нарангэрэл, Дэмид-Очир нарт мэдэгдэн мөрдөн байцаагч Баттогтоход мөнгө өгсөн талаараа мэдүүлэг өгсөн. Ш.Даваадулам нь “Өүлэн менч” ХХК-ны сурагчдын дүрэмт хувцасыг борлуулж байхдаа мөнгө завшсан гэх хэргээр хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа.

                        Иймд Ш.Даваадуламын нэхэмжлээд байгаа 107 000 000 төгрөг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

            Миний Ш.Даваадулам захирлаас зээлсэн гэх мөнгөний дүн бол эхлээд 3 300 000 төгрөг, дараа нь 6 600 000 төгрөг зээлээд нийт 9 900 000 төгрөг зээлсэн. Би өөрөө өрх толгойлж амьдардаг эмэгтэй, нэг өрөө байр авах гээд мөнгөний хэрэг гараад зээлсэн.  2006 онд анх ажилд ороод тухайн үед байгууллагын захиралдаа хандаж, Ш.Даваадулам захирлыг хүүтэй мөнгө зээлж байгаа гэдгийг сонссон учраас захирлаас эдгээр мөнгийг зээлсэн. Зээлээд төлөхгүй гэж ямар нэгэн байдлаар зугтах асуудал гаргаагүй. Зээлснээсээ хойш тодорхой хугацаанд шат дараатайгаар зээлээ төлсөөр ирсэн гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Даваадулам нь хариуцагч О.Энхжаргалаас үндсэн зээл 17 950 000 төгрөг, зээлийн хүү 70 511 500 төгрөг, алданги 18 537 540 төгрөг болон С.Ариунжаргалаас авсан гэх 1 000 000 төгрөг буюу нийт 107 999 040 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 9 900 000 төгрөг зээлсэн гэх үйл баримт дээр талууд маргаагүй, харин хариуцагч талын зүгээс зээлийн төлбөрт нийт 9 020 000 төгрөг төлсөн, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй гэсэн мэтгэлцээний байр суурийг гаргасан болно. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

I

Ш.Даваадулам, О.Энхжаргал нарын хооронд 2013 оны 10-р сарын 18-ны өдөр 3 300 000 төгрөгийн, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр 6 600 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлсөн байдлаар тогтоогдож байна.

Энд дурдсан 2 удаагийн тохиролцооны дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн үүргийн хэмжээ дээр талууд харилцан адилгүй мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн тул талуудын хэн аль нь маргаагүй 2014 оны 7-р сарын 21-ний өдөр төлсөн гэх 4 000 000 төгрөг, мөн 2015 оны 4-р сарын 27-ны өдөр О.Энхжаргалаас Ш.Даваадуламын Төрийн банкны 180000219533 тоот данс руу шилжүүлсэн 2 700 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлсөн гэж тооцож үзэв.

2013 оны 10-р сарын 18-ны өдөр, 2014 оны 6-р сарын 18-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа бөгөөд үүний дагуу Ш.Даваадулам мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байдаг тул 2013 оны 10-р сарын 18-ны өдөр, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр байгуулсан гэрээдэд холбогдох 33 562 000 төгрөг /нэхэмжлэлд дурдсан тооцооллоор дээрх 2 гэрээнд ногдох хүүг 40 062 000 төгрөгөөр тооцож, үүнээс нэхэмжлэгчийн төлсөн гэх 6 500 000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасч нэхэмжилсэн болно/-ийн хүү авах эрхээ нэхэмжлэгч алджээ. 

Нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсантай холбогдуулан хариуцагчийн төлсөн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлийн төлбөр төлсөнд тооцож, 2013 оны 10-р сарын 18-ны болон 2014 оны 6-р сарын 18-ны өдрүүдэд байгуулсан гэрээгээр хүлээн авсан  9 900 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 3 200 000 /9 900 000 - 6 700 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх гэрээнүүдэд холбогдох зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдсөн 6 700 000 төгрөг болон хүүд нэхэмжилсэн 33 562 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хуульд заасан зээлийн хүү тооцоход гэрээг заавал бичгээр хийх шаардлага нь тухайн гэрээнд хүүг ямар аргачлалаар тооцох, хувь хэмжээ нь хэд байх, хүүгийн төлөлтийг хэрхэн төлөх, хүү тооцох болон төлөх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөртөө агуулдаг болохыг дурдвал зохино.

II

2014 оны 7-р сарын 16-ны өдөр Ш.Даваадулам, О.Энхжаргал нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулжээ /хх-8-р тал/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үндсэн шинж бол зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээдэг. Мөн хуулийн хоёрдугаар дэд бүлэг буюу 109-124 дүгээр зүйлүүдэд өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох тохиолдлуудыг зааж өгсөн.

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч О.Энхжаргал нь 2014 оны 7-р сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд 8 050 000 төгрөгийг Ш.Даваадуламаас аваагүй гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч талаас 2014 оны 7-р сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд 8 050 000 төгрөгийг О.Энхжаргалд бодитоор хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлож чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2014 ны 7-р сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн зээлийн төлбөр 8 050 000 төгрөг, хүү 36 949 500 төгрөг, алданги 18 537 540 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч О.Энхжаргалд хариуцуулах үндэслэлгүй байна.

III

Нэхэмжлэгч нь С.Ариунжаргал гэх хүний түүнд төлөх 1 000 000 төгрөгийг О.Энхжаргал авсан гэж нэхэмжилж байгаа боловч энэхүү үйл баримтаа нотлоогүй, түүнчлэн Ш.Даваадулам, О.Энхжаргал нарын хооронд 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцож үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд хариуцагч О.Энхжаргалаас 3 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Даваадуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 15 750 000 төгрөг /6 700 000+8 050 000+1 000 000/, зээлийн хүү 70 511 500 төгрөг /33 562 000+36 949 500/, алданги 18 537 540 төгрөг буюу нийт 104 799 040 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадасын зүгээс гаргасан эрүүгийн 201503000120 дугаартай хэргээс хуулбарласан гэх нэр бүхий этгээдүүдийн гэрчийн мэдүүлэг, хөндлөнгийн аудитын дүгнэлт, мөрдөн байцаах хугацаа сунгах тогтоол, прокурорын тогтоолыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг тус шүүхийн 2016 оны 4-р сарын 25-ны өдрийн 792 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

 

                        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч О.Энхжаргалаас 3 200 000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ш.Даваадуламд олгож, 104 799 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 945 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, О.Энхжаргалаас 66 150 төгрөг гаргуулан Ш.Даваадуламд олгосугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                       

 

                                            

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ