Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01831

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01831

 

В.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02317 дугаар шийдвэртэй,

 

В.Чын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаартай шүүгчийн захирамжаар В.Чаас 22,994,800 төгрөг гаргуулж ”Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 145,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Тус орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

1.3. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь зааснаар “мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг үндэслэн үнэлгээний талаарх гомдол гаргасан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн орон сууцыг 145,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжаар В.Чаас 22,994,800 төгрөгийг гаргуулж "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч В.Чын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай 40 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 22280511/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22280511/6 тоот тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай 40 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

2.4. Тус орон сууцыг 145,500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18587 тоот албан бичгээр төлбөр төлөгчид, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18588 тоот албан бичгээр төлбөр авагчид тус тус мэдэгдсэн, тайланг хуулбарлан өгсөн.

2.5. Төлбөр төлөгч В.Чд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4- 155/19868 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/29 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг мэдэгдсэн. 

2.6. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21617 тоот албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/11 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай мэдэгдсэн. 

2.7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч В.Чын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон.  

3.2. Гуравдагч этгээдийн зүгээс үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Чын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч В.Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, 1 өрөө орон сууцыг 145,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байхад анхан шатны шүүх гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Үнэлгээ хуулийн дагуу бодитой хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч В.Ч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК нь зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэх тайлбар гаргасан.

 

4. Дараах үйл баримтын талаар талууд маргаагүй.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжаар В.Чаас 22,994,800 төгрөгийг 18 сарын хугацаанд "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-д төлж, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явуулж байна.

4.3. Барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23б байр, - хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хурааж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17219 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч В.Ч, төлбөр авагч "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж нарт мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь үнийн саналыг ирүүлээгүй.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар орон сууцны үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэж үнэлгээ тогтоолгохоор “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчээр томилжээ.

 

5. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6. Шинжээч “Виннэр вэй” ХХК дээр дурдсан орон сууцны зах зээлийг үнэлгээг 145,500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаарх 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18587 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан нь уг мэдэгдлийн хувь дээр төлбөр төлөгч гарын үсэг зурснаар тогтоогдож байхаас гадна баталгаат шууданд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийсэн шуудангийн дардас дарагдсан байна. Энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

Харин шийдвэр гүйцэтгэгч нь тэмдэглэл хөтлөхдөө төлбөр төлөгчид 4-155/18487 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч уг тэмдэглэл үйлдсэн огноог бичээгүй алдаа гаргажээ.

Төлбөр төлөгч В.Ч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн 4-155/18587 тоот мэдэгдэлийн хүлээж авсан хувь дээр “10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авсан” гэж өөрөө тэмдэглэсэн байдлыг үнэн зөв гэж дүгнэхгүй.  

Иймд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргах байтал уг хугацааг 10 хоногоор хэтрүүлж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

7. Түүнээс гадна нэхэмжлэгч тал 1 өрөө орон сууцыг 145,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА