Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01763

 

             

    2023        09           15                                       210/МА2023/01763

 

“БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяаг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаар шийдвэртэй,

 

“БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, “Х” ХХК, Б.Э нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,085,959.05 ам.доллар буюу 3,388,919,828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, хариуцагч Б.Бгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “БАНК” ХХК нь хариуцагч Б.Бтай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/9515100009 тоот зээлийн гэрээ байгуулж, 500,000 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Х” ХХК-тай мөн өдөр ЗБ/9515100009 тоот ипотекийн гэрээ байгуулж, 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

а. Эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 9 дүгээр байр, - хаягт байрлах. 250 м.кв талбайтай орон сууц,

б. Эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 9 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууц,

в. Эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууц /Б.Эд шилжүүлэхээр шүүхийн шийдвэрт заасан/-ыг барьцаалсан.

1.2. Хариуцагч авсан зээлээ хоёр жилийн хугацаанд төлж барагдуулаагүй тул “БАНК” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Б.Э Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор тус хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Эын нэхэмжлэлтэй хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нээгдсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр эрэн сурвалжлах шийдвэр гарсан.

Хариуцагч зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй тул үндсэн зээл 500,000 ам.доллар, зээлийн хүү 500,436.87 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 85,522.19 ам.доллар буюу нийт 1,085,959.05 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Бас 1,085,959.05 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн долларын ханш 3120,53 төгрөгөөр тооцож, 3,388,919,828 төгрөгийг гаргуулж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд “Х” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй орон сууц, - дугаарт бүртгэлтэй орон сууц, иргэн Б.Эын өмчлөлд шилжсэн - дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.3. Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “Б.Э маргааны зүйл болон сууцны өмчлөгч болсон хэдий ч “БАНК” ХХК-ийн барьцааны эрх хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй гэж, тогтоох хэсэгт “БАНК” ХХК, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагч Б.Бгын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Б.Б нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “БАНК” ХХК-тай ЗГ/9515100009 тоот зээлийн гэрээ байгуулсан. Анх “Х” ХХК, “Н” ХХК, “БАНК” ХХК, иргэн Б.Б гэсэн 4 тал 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээгээр тухайн зээлийн харилцааг зохицуулсан байдаг.

Гэрээнд талуудын эрх үүргийг тодорхой зааж тусгасан байдаг бөгөөд Үүнд: Нэгдүгээрт, ерөнхий гэрээний 1.2-т заасны дагуу “Х” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 35-д байрлах, Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 2347 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг “Н” ХХК-д хөрөнгө оруулалтын хэлбэрээр шилжүүлж, үүний хариуд “Н” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “Х” ХХК-д шилжүүлж, “Х” ХХК-ийн Б.Бтай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах, харилцан туслалцах тухай гэрээний буцаан төлөх нөхцөлтэй санхүүжилт болох 1,500,000 ам.долларын төлбөрөөс 1,000,000 ам.долларыг төлж барагдуулахаар тохиролцсон.

“Н” ХХК нь Б.Бд 1,000,000 ам.долларыг төлсөн тохиолдолд 500,000 ам.долларын зээлийг Б.Б өөрийн нэр дээр авч, “Х” ХХК-аас зээлийг бүрэн төлөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанаас суллаж, “Х” ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр “Н” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн.

“Х” ХХК нь “БАНК” ХХК-аас авах Б.Бгын зээлийн батлан даалт болон барьцаагаар хангаж, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар орсон. “БАНК” ХХК нь “Н” ХХК-д 1,000,000 ам.долларын зээл олгож, Б.Бд 500,000 ам.долларын зээлийг олгох замаар “В” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн өрийг төлж барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллуулсны үндсэн дээр “Н” ХХК-ийн “БАНК” ХХК-аас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн.

“Х” ХХК нь “Н” ХХК-ийн “БАНК” ХХК-аас авсан зээлийн төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авах нөхцөлтэйгөөр “БАНК” ХХК-д шилжүүлж өгсөн.

Үүний дагуу Б.Б нь “В” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас авсан 1,500,000 ам.долларын зээлийг бүрэн төлж, барьцаанд байсан эд хөрөнгүүдийг суллаж, “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. “Н” ХХК нь Б.Бас шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хүлээн авч, ерөнхий гэрээний 3.1.4-т заасны дагуу “БАНК” ХХК, Б.Б нарын хоорондын 500,000 ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа, батлан даалтын гэрээг “Х” ХХК-тай байгуулсан.

Хариуцагч Б.Бтай байгуулсан ЗГ/9515100009 гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Х” ХХК, “Н” ХХК нар бүрэн хариуцахаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий гэрээ байгуулж, Б.Б нь энэхүү 500,000 ам.долларыг төлөх үүрэг үүсээгүй. “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Д тухайн гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, баталгаажуулсан байдаг.

Иймд ерөнхий гэрээний дагуу “Х” ХХК, “Н” ХХК нар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, барьцаат батлан даалтын гэрээ байгуулан Б.Бгын зээл төлөх үүрэг дуусгавар болсон болох нь 4 талын ерөнхий гэрээ, “БАНК” ХХК, “Х” ХХК нарын хоорондын барьцаат батлан даалтын гэрээнд тодорхой тусгасан тул “БАНК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь “Х” ХХК тул Б.Б нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн даалгавраар үүрэг хүлээсэн, эсхүл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх журмын дагуу үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдолд дараах үндэслэлээр батлан даагчийн үүргээсээ татгалзах эрхтэй, мөн хуулийн 464.1.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч “Х” ХХК нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул батлан даагчийн үүргээсээ Б.Б нь татгалзаж, “Х” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байна.

Иймд Б.Бас 1,085,959.05 ам.доллар буюу 3,388,919,828 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Иргэний хуульд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгч ам.доллароор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна. Мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацаа, үүсэх үеийн ханш өссөн байх юм бол тухайн үеийн ханшаар тооцож, үүргийг гүйцэтгэдэг. 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ам.долларын ханшаар шилжүүлэн нэхэмжилнэ. Нэхэмжлэгч ам.доллароор нэхэмжлэл гаргах нь хүү, нэмэгдүүлсэн хүүгээс гадна ханшийн зөрүү үүсгэж байна.

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үүрэг гүйцэтгэх үе болон одоогийн ханшийн зөрүү нэг ам.доллар дээр 1200-1300 төгрөгийн зөрүү гарна. Ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдалд орох нөхцөл байдал үүсэж байх тул энэ асуудал дээр холбогдох хуулийн зохицуулалтыг харгалзан үзнэ үү.

2.3. Гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 26 дугаар сарын 15-ны өдрөөс тоолох үндэслэлгүй. Талууд гэрээний нөхцөлөө хоёр жил гэж тохиролцсон. Гэрээнд зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачилгаар цуцлахаар зохицуулсан боловч тухайн шаардлагыг банк өөрөө, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхаар заасан. Гэрээнд эхний график зөрчигдвөл зээлийн гэрээг цуцалж, энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалт байхгүй. Банк гэрээ цуцлуулах шаардлага гаргасан тохиолдолд гэрээг цуцлагдсан гэж тоолж эхэлдэг. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор гэрээнд заасан, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

 

3. Хариуцагч “Х” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. “Н” ХХК-ийн захирал н.Чимэддагва, “Х” ХХК, “Могул скай” ХХК-ийн захирал н.Болдтой найз, нөхдийн холбоотой байсан бөгөөд “Н” ХХК нь “БАНК” ХХК-аас авсан 9,167,691,023 төгрөгийн зээлээ “Х” ХХК-аар төлүүлж, батлан даалт хийлгэхээр хоорондоо тохиролцож, ерөнхий гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 9,167,691,023 төгрөгийг “Х” ХХК нь өөрийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 35-д байрлах, 7 давхар үйлчилгээний зориулалттай хөрөнгөөр өр төлбөрийг хааж өгсөн.

3.2. Дээрх эд хөрөнгө 8.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан тул үлдсэн 1.0 тэрбум төгрөгийг төлөхийн тулд Б.Б нь “БАНК” ХХК-аас 500,000 ам.долларын зээл авч, “Х” ХХК батлан дааж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амд байрлах өөрийн барьж байсан хөрөнгүүдийг барьцаалсан. Эдгээр барьцаалсан хөрөнгүүд нь тус бүр нэг 1,0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 3 үл хөдлөх эд хөрөнгө байсан.

3.3. 2015 оноос хойш “БАНК” ХХК Б.Бас энэ зээлээ шаардаагүй,  нэхэмжлэл гаргаагүй нь “Х “ХХК-ийн 8.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай хөрөнгийг авчихсан учир юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй, хаагдсан гэж бидний зүгээс үзэж байсан.

3.4. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү, үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байдаг. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх, мөн барьцаат батлан даалтын гэрээтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна.

3.5. Нэхэмжлэгч тал 2017 онд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Б.Э барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл гаргасан тул хэргийг шийдвэрлэх хүртэл манайх нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэж байгаа боловч барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргах нь зээлийн гэрээний үүргээ шаардахад огт саад болохгүй.

2015 оны зээлээ Б.Бас шаардах боломжтой байсан ч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Б.Э нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй бөгөөд хамааралгүй. Мөн хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч буцаагдаж байсан гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

3.6. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарсан. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш хоёр жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч ам.доллароор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч Б.Эын татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

4.1. Б.Э 2013 оны барьцааны гэрээ байгуулахаас өмнө “Х” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 11 дүгээр байр, -, 250 м кв талбайтай орон сууцыг захиалж, төлбөрөө бүрэн төлж дуусгасан.

4.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 0З дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 11 дүгээр байр, -од байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэсэн орон сууц иргэн Б.Эын өмч мөн болохыг тогтоосноор улсын бүртгэлийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан авсан. 

4.3. Б.Э “БАНК” ХХК-аас зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй байхад өмч хөрөнгийг нь батлан даалтын гэрээ хийж, мэдэгдэхгүйгээр барьцаалсан байсан.

4.4. Иймд Б.Эд холбогдох хэсэг буюу Б.Эын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Б, “БАНК” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний батлан даагчаар “Х” ХХК оролцсон байсан. Нэгэнт барьцаанд тавьсан хөрөнгийн өмчлөгч нь Б.Э болохыг хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоож, өмчлөгч болсон тул Б.Эын өмчлөлийн орон сууцыг “БАНК”-ны барьцаанаас чөлөөлүүлэх гэж шаардлагаа тодорхойлж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бас зээлийн гэрээний үүрэгт 2.324.275.593 төгрөг гаргуулж, “БАНК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.064.644.234 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 156 дугаар зүйлийн 156.1 хэсэгт заасныг баримтлан “БАНК” ХХК-д холбогдох Б.Эын өмчлөлийн Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууцыг “БАНК” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай Б.Эын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Х” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 9 дүгээр байр, - хаягт байрлах. 250 м.кв талбайтай орон сууц, “Х” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 9 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууц, Б.Эын өмчлөлийн Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 2.324.275.593 төгрөг гаргуулж, “БАНК” ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.173.673 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 11.779.328 төгрөг, хариуцагч “Х” ХХК-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БАНК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-т “...2017 оны 06 дугаар сарын 22-оос 2022 оны 06 дугаар сарын 02 хүртэл урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв...” гэжээ. Шүүхээс дээрх дүгнэлтийг гаргахдаа ямар нэг хууль тогтоомж, үйл баримтыг үндэслээгүй, зөвхөн “өмгөөлөгчийн тайлбар”-т үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

“БАНК” ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу олгосон зээлээ эргүүлэн төлөх хүртэл хугацааны хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-т “...иймд шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 06 дугаар сарын 15-аас 2018 оны 06 дугаар сарын 15 хүртэл хугацаагаар тооцон нийт 2,324,275,593 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Шүүхээс дээрх хугацааг хэрхэн тогтоож 2018 оны 06 дугаар сарын 15-аас хойш бодогдсон хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг яагаад хасаж шийдвэрлэж байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг огт өгөөгүй байна.

6.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зүйл заалтыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-т “... талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг зээл төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байхад ... энэ эрхээ хэрэгжүүлээгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хасаж шийдвэрлэжээ

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх зохицуулалт нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах банкны эрхийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний энэ заалтаар банк зээлдэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байна. Мөн гэрээнд заасан тус эрхээ хэрэгжүүлээгүй бол аливаа шаардах эрхээ алдах зохицуулалт тус гэрээ, эсхүл хууль тогтоомжид байхгүй. Гэтэл шүүх гэрээний заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан тул банк зээлийн буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасныг аливаа байдлаар банкны үүрэг, хариуцлага мэтээр тайлбарлах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Бгын итгэмлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Үндсэн зээлийг төлөх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой хуулийн зохицуулалт байхад шүүхээс үүнийг баримталсангүй гэсэн байна. Банк барьцаа хөрөнгөд дүйцүүлэн өндөр хэмжээний хүү нэхэмжлэхийн тулд шалтгаангүйгээр урт хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хугацаа явуулсан. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тухайн цаг хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан эсэх, зээлдэгчээс нэмэлт хугацаа олгох хүсэлт гаргаж байсан эсэх, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх үйл баримтууд чухал байгаа.

7.2. Гэрээнд заасан заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж байна. Гэрээнд заасан заалт нь банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй, энэ бол үүрэг байгаагүй гэж тайлбарлаж байна. Зээл олгосноос хойш төлөлт хийх ёстой хугацаа болоод төлөлт хийгээгүй 2, 3 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Банк энэ үеэс авхуулаад шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэвч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр урт хугацаанд явсан учраас шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Банк 2015 оноос хойш 6, 7 жилийн хугацаанд зээлийнхээ хүүг явуулж, шаардах эрхээ хэрэгжүүлдэггүй. Б.Бас ч зээлээ төлөх хүсэл байдаггүй. “БАНК” ХХК Б.Бас зээлээ гаргуулах сонирхол байдаггүй. Зөвхөн “Х” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан. Хүүг нь нэмэгдүүлсний дараа бүх хөрөнгүүдээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах сонирхлын улмаас хугацааг нь явуулсаар байсан. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “БАНК” ХХК нь хариуцагч Б.Б, “Х” ХХК, Б.Э нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,085,959.05 ам.доллар буюу 3,388,919,828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “БАНК” ХХК болон Б.Б нар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “БАНК” ХХК нь 500,000 ам.долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Б нь гэрээний хавсралтаар тогтоосон хугацаа, хэмжээгээр зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна. 

 

4. Нэхэмжлэгч “БАНК” ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 500,000 ам.долларыг хариуцагч Б.Бд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч Б.Б нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй.

 

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг,  мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Б нь үндсэн зээл 500,000 ам.доллар, зээлийн хүү 500,436.87 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 85,522.19 ам.доллар, нийт 1,085,959.05 ам.доллар төлөх үүрэгтэй байна.

5.2. Хариуцагч Б.Бгын гаргасан тайлбарт дурдсан үйл баримт болох “Х” ХХК, “Н” ХХК, “БАНК” ХХК, Б.Б нарын хооронд ерөнхий гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Н” ХХК-д хөрөнгө оруулалтаар шилжүүлж, хариуд нь “Н” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “Х” ХХК-д шилжүүлэх, “Х” ХХК Б.Бтай байгуулсан гэрээний буцаан төлөх нөхцөлтэй санхүүжилт болох 1,500,000 ам.долларын төлбөрөөс 1,000,000 ам.долларыг төлж барагдуулах, “Н” ХХК Б.Бд 1,000,000 ам.доллар төлсөн тохиолдолд 500,000 ам.долларын зээлийг өөрийн нэр дээр авч “Х” ХХК-аас зээлийг бүрэн төлөх нөхцөлтэйгээр барьцаат батлан даалтын гэрээ байгуулсан гэх байдал “БАНК” ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд тусгагдаагүй, “БАНК” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 500,000 ам.долларыг Б.Бгын данс руу шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг Б.Б хүлээн авсан, уг зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэ дүгнэлтэд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. 

            5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг гэрээний хугацаа дууссан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлэх байтал энэ эрхийг хэрэгжүүлээгүй гэж буруу дүгнэснээс гадна шаардах эрхийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр хязгаарласан талаар дурдаагүй байна.

Шаардах эрх эзэмшигч нь субъектив эрхийн хувьд хэдийд хэрэгжүүлэхийг өөрөө сонгохоос гадна хуульд уг эрхийг хэрэгжүүлэхэд үнэнч шударгаар хандахыг заасан. Шаардах эрх эзэмшигч нь эрхээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй талаарх баримт хэрэгт байхгүй байна.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/06851 дугаар захирамжаар Б.Б, “Х” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,122,836,385 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/20598 дугаар захирамжаар “Х” ХХК болон “БАНК”ХХК-д холбогдуулан “БАНК” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам Дүнжингарав гудамж 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий - орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгох, уг - орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Эын нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай Б.Эын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж буй Б.Эын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх хүртэл “БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.

“Х” ХХК болон “БАНК” ХХК-д холбогдох дээр дурдсан Б.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэж, 101/ШШ2019/02048 дугаар шийдвэрийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрлэж, 1795 дугаар магадлалыг, Монгол Улсын дээд шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж 001/ХТ2021/00288 дугаар тогтоолыг гаргажээ.

Улмаар “БАНК” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б, “Х” ХХК-д холбогдуулан дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч талыг эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэх боломжгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хязгаарласан анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.  

5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй болно. 

5.5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг 1,085,959.05 ам.доллар буюу 3,388,919,828 төгрөгөөр тодорхойлж шаардсан ба Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүргийг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 1 ам.долларыг 3,120.53 төгрөгөөр тооцвол 1,085,959.05 ам.доллар буюу 3,388,767,794 төгрөг болж байх тул илүү нэхэмжилсэн 152,033 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. 

  

6.1. “БАНК” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ9515100009 дугаарын барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 9 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах -, 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг,

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗБ9515100009-А дугаар гэрээгээр “Х” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

6.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2022/13028 дугаар захирамжаар Б.Эыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэжээ. Тэрээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгч “БАНК” ХХК-д холбогдуулан барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2022/21710 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Эыг хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэжээ.

Иймд хариуцагч Б.Эын эрх зүйн байдал өөрчлөгдсөнтэй холбоотой түүний гуравдагч этгээдээр гаргасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлох учиртай.

6.3. Хариуцагч Б.Э нь барьцааны зүйлээр тодорхойлогдсон үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр өөрийнх нь өмч гэж тогтоогдсон тул барьцааны зүйл болохгүй гэжээ.     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаар магадлалыг, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2021/00288 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, - хаягт байрлах, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг тогтоосон. Уг шийдвэрээр “БАНК” ХХК-ийн хувьд “Х” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж ойлгон барьцааны эрхийг олж авсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж тогтоосон үйл баримтыг анхан шатны шүүх дахин нотлохгүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар хариуцагч Б.Э давж заалдах гомдол мөн гаргаагүй болно.

6.4. Анхан шатны шүүх хариуцагч Б.Эын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан баримтлавал зохих хуулийн заалтыг буруу тодорхойлсон алдааг залруулах нь зүйтэй байна. Б.Эын сөрөг нэхэмжлэлийн агуулга нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, “Х” ХХК-ийн өмчлөлөөс хасагдсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Бгын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдах хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлжээ. Барьцааны зүйлийн өмчлөгч солигдох нь барьцаалагчийн тэргүүн ээлжинд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхэд нөлөөлөхгүй тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүний сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхих нь хууль хэрэглээний хувьд оновчтой болно.

Шаардах эрхийн нарийвчилсан зохицуулалт байгаа тохиолдолд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан иргэний эрхийг хамгаалах аргыг сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож шийдвэрийн тогтоох хэсэгт заах нь буруу байгаагаас гадна хэрхэн ийнхүү үндэслэл болгосныг тайлбарлаагүй орхигдуулсан байгааг анхааруулах нь зүйтэй. 

Түүнчлэн хариуцагч Б.Э нь шаардлагаа нэхэмжлэгч “БАНК” ХХК болон хариуцагч “Х” ХХК, Б.Б нарт холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх зөвхөн “БАНК” ХХК-д холбогдох гэж тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь алдаатай болсныг залруулна.

6.5. Иймд анхан шатны шүүх уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн, энэ шийдэлд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2.324.275.593 ...” гэснийг “... 3,388,767,794 ...” гэж, “... 1.064.644.234 ...” гэснийг “...152,033...” гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “БАНК” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам хотхон дүнжингарав гудамж 11 дүгээр байр - хаягт байрлах 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Б.Энхмандахын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 

3 дахь заалтын “... 11.779.328 ...” гэснийг “... 17,101,789 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БАНК” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,481,172 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

                                               

                 ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

                                                                                                 

Э.ЗОЛЗАЯА