Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01586

 

 

 

 

 2023 08 11 210/МА2023/01586

 

 

Н.*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01684 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.*******н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******УТҮГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дааттгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. Миний бие Засгийн газрын авто баазад 1995 онд анх засварчнаар ажилд орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тус авто баазад засварчин, засварын инженер, хяналтын инженер, шалгах механикийн албан тушаалуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцуулж байгаагүй.

 

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, баазын автомашиныг зөвшөөрөлгүйгээр хил давуулан авч яваад эвдсэн, байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй.

1.3. Баазын автомашиныг зөвшөөрөлгүйгээр хил давуулан авч яваад эвдсэн, байгууллагад хохирол учруулсан гэсэн. Үүнийгээ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн гэж хуралдаанаар хэлэлцсэн гэдэг. Байгууллагын автомашиныг хил давуулах тохиолдолд зайлшгүй итгэмжлэл, тусгай зөвшөөрөл шаардагддаг. Энэ нь Командировочное удостоверение гэдэг баримт байдаг ба түүнд баазын захирал Д.Чинзориг гарын үсэг зурж байж, тус автомашиныг хилээр нэвтрүүлэх эрх нь үүсдэг. Зөвшөөрөлгүй авч явсан зүйлгүй. Миний бие архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Архи уусан талаар нотлох баримтгүй.

 

1.4. 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр би автомашиныг өөрөө засуулж өгье гэсэн тайлбар бичгээр өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа шууд удирдлага нь сахилгын зөрчил гаргасан ажилтанаас тайлбар, тодорхойлолт авч баталгаажуулсан байх, 27.4 дэх хэсэгт сахилгын арга хэмжээний талаарх эцсийн шийдвэрийг 1 сарын хугацаанд ирүүлснээс хойш ажлын 5 өдөрт багтаан ажил олгогч сахилгын арга хэмжээг авахаар заасан.

 

1.5. Иймд Н.*******г урьд эрхэлж байсан шалгах механикийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Нэхэмжлэгч Н.*******г засварчнаар ажиллаж байхад 2021 онд хамт олон дэмжиж инженер болгосон. Үүнээс хойш ажлын бүтээмж дээшилсэн зүйл байхгүй, гаргасан зөрчлүүдээ дахин гаргасаар л байсан. Н.******* 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр архи уусан талаар удирдлагад нэр дурдаагүй жолооч нараас хэсэг хамт олноос гэсэн мэдэгдэл ирсэн бөгөөд үүний дагуу шалгахад хүмүүс хувийн машинаа засуулаад Н.******* тэдний машинд орж архи уусан талаар хэд хэдэн хүмүүс гэрчилсэн. Энэ талаар тухайн үедээ арга хэмжээ аваагүй, сануулаад өнгөрдөг байсан.

 

2.2. Н.*******г 2022 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнх нь хэлж байгаагаар Оросын Холбооны улс руу явсан гэж байгаа боловч бид хаашаа явсныг нь мэдэхгүй. Хьюндай старекс /Hyundai Starex/ маркийн 01-82 УБЦ улсын дугаартай автомашиныг авч яваад моторыг нь эвдэлсэн. Инженер техникийн хэлтсийн хуралд өөрөө ороод үүнийгээ би засаж сайжруулж өгнө, одоогоор мөнгө байхгүй байна, он гараад засаж өгье гээд өөрийнхөө гараар хүсэлтээ өгсөн. Уг хурлын тэмдэглэлийг үзэхэд хуралдаа оролцсон боловч хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй байсан.

 

2.3. Хөдөлмөрийн дотоод журмын 26 дугаар зүйлийн 26.2.8-д Эд хөрөнгө хариуцсан ажилтан, тоног төхөөрөмж, түүхий эд материал, автомашины сэлбэг хэрэгсэл дутаасан, ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан бол, 26.2.2-т Байгууллагын нийт байр талбайд, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зүйл хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ирсэн бол шууд ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд тооцохоор заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасныг зөрчсөн. Бид Н.*******г сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.2.8-д заасан 2 зөрчил гаргасан нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдож байгаа. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар энэ зөрчлийг гаргасан бол шууд ажлаас чөлөөлнө.

 

Иймд Н.*******г ажлаас чөлөөлсөн байгууллагын захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Н.*******г урьд эрхэлж байсан*******ТӨААТҮГ-ын Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,723,558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.*******н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан Н.*******гийн төлсөн 708200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106 527 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01684 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ажил олгогч байгууллагын захирлын Б/16 тоот тушаалаар, Н.*******г 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн албан тушаалд томилогдсоноос хойш уг ажил албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.*******тай хуульд заасны дагуу дээрх ажил үүргийг гүйцэтгүүлэхээр шинээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаагүй зэргээс үзэхэд шалгах механикийн ажлыг гүйцэтгэх явцад ажилтан ямар ажил үүргийг хариуцах нь тодорхойгүйгээс ажилтан, ажил олгогч нар нь уг албан тушаал, ажил үүрэгтэй холбоотойгоор ямар зөрчлийг хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцохоор тохиролцоогүй, түүнчлэн Н.*******гийн өмнө нь өөр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулан, шинэ томилогдсон ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зуйлийн 80.1.4-т "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.*******н өмнөх засварын /хяналтын/ инженерийн ажил үүргийг гуйцэтгэж байхдаа гаргасан дээрх зөрчлийг үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул Н.******* нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй" гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д "...Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны дараа буюу 49 хоногийн дараа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дахин сахилгын зөрчил гаргасан байх тул зөрчил гаргасан сүүлийн өдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 4 сарын дараа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуульд заасан хугацааны дотор уг зөрчлүүд илэрч тогтоогдсон гэж үзнэ" гэжээ.

 

4.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д "Хэргийн баримтуудаас үзэхэд Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын эзэмшлийн 01-82 УБЗ улсын дугаартай "Hyundai starex" маркийн автомашиныг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үүний улмаас автомашин эвдэрч гэмтсэн буюу 01/38 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.6.11, 8.6.13-т заасан зөрчлийг, түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь 01/38 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.6.4-т заасан зөрчлийг гаргасан гэхээс илүүтэйгээр 8.6.2-т "Байгууллагын нийт байр, талбайд, ажлын байрандаа согтууруулах ундаа...хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ирсэн" гэх зөрчлийг тус тус гаргасан гэж үзэхээр байна" гэж тогтоосон.

 

Үүнээс үзэхэд иргэн Н.******* нь 2022 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдож байгаа бөгөөд уг зөрчлүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

4.4. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан албан тушаал дэвших болон буурах, ажилтнаар хэд хэдэн ажил үүрэг хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, өөр ажил үүрэг хавсран гүйцэтгэх өөр ажилд түр шилжүүлэх, байгууллага дотроо нэгж, салбарын хооронд ажилтныг 3 жил хүртэл хугацаагаар сэлгүүлэн ажиллуулах гэх мэт өөрчлөлт орсон үед ажилтанд өмнө нь ажиллаж байхдаа гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн заалт байхгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан бөгөөд "Засгийн газрын Авто бааз" ТӨААТҮГ нь ажилтан асан Н.*******д 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд гаргасан зөрчлүүдэд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулж байгаагаас бус албан тушаал, эрхэлж байгаа ажилд нь ногдуулж байгаа хэрэг биш болно.

 

4.5. Н.******* нь "Засгийн газрын авто бааз ТӨААТҮГ-ын удирдах бүрэлдэхүүн болон ажил олгогчтой хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахгүй, гарын үсгээ зурахгүй гэж байсан хэдий ч ажил үүргээ гүйцэтгэж байсан.

 

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д ...Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна" гэж зааснаар талууд харилцан тохиролцон дээрх 01/38 тоот "Хөдөлмөрийн гэрээ-г үргэлжлүүлсэн буюу талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан байна" гэж тогтоосон.

 

4.6. Иймд иргэн Н.*******н 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд гаргасан ноцтой зөрчлүүд нь нотлогдсон. 01/38 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-г үргэлжлүүлсэн буюу талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гэж үзэж байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан иргэн Н.*******н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбарын агуулга: 

 

5.1. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Хариуцагч шүүгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Н.*******г урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нь учир дутагдалтай гэжээ". Н.******* нь 1996 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Засгийн газрын авто бааз" УТҮГ-д хяналтын инженерийн албан тушаалыг хангалттай сайн гүйцэтгэж, энэ хугацаанд байгууллагаас удаа дараа шагнуулан, хамт олондоо нэр хүндтэйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан.

 

5.2. Тус байгууллага нь 2022 оны 11 дүгээр сараас хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж, ТӨААТҮГ болсон тул байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус газарт "Шалгах механикын албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчтой 8 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргээ "хангалттай" дүгнүүлж, сар тутам гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалин дээрээ нэмэгдэл болгон авч, аливаа сахилгын шийтгэлгүйгээр ажиллаж байсан юм.

Мөн гэрээний хугацаа дуусах үед ажил олгогчын зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болон хугацааг сунгах талаар санал гаргаагүй буюу өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй юм.

 

5.3. Гэтэл Н.*******г шинэ албан тушаалд томилогдсоны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахаар шийдвэрлэсэн байдаг.

 

5.3.1 Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгч Н.*******г архидан согтуурсан талаар баттай хөдлөшгүй нотлох баримт хариуцагч тал гаргаж өгөөгүй юм.

 

5.3.2. 2022 оны 8 сард байгууллагын өмчит автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, ашиглалтын горим зөрчсөн зэрэг үйлдлийг тухайн зөрчил гаргасан хугацаанд нь мэдсээр байж, зөрчил гаргаснаас хойш 5 сарын дараа дээрх сахилгын шийтгэлийг ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дэх заалтыг зөрчиж байна.

 

5.3.3. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь тухайн эрхэлж буй албан тушаалтай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болон зөрчсөн буруутай үйлдэлд нь ногдуулахаас бус өөр албан тушаалд томилогдон ажилласан ажилтанд өмнө эрхэлж байсан албан тушаалд гаргасан зөрчилд нь шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч*******УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 31/

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.*******ТӨҮГ-ын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механик Н.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хюьндай старекс /Hyundai starex/ маркийн 01-82 УБЗ улсын дугаартай авто машиныг зөвшөөрөлгүй авч Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хот руу явсан, авто машин ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.2.8, 26.2.11 дэх хэсэг, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6.4, 8.6.11, 8.6.13 дахь хэсэг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Захирлын зөвлөл болон инженер техникийн хэлтсийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгож Н.*******н хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ./1хх. 13 дугаар тал/

 

3.2. Нэхэмжлэгч нь*******УТҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засварын инженер албан тушаал-ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 8 сарын хугацаатай хашихаар Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. /1хх. 10-12 дугаар тал/

 

3.3. Хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Н.*******г 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Тээвэр, зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механик-ийн албан тушаалд томилсон, энэ талаар зохигч маргаагүй, тэдний хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй.

 

4.1. Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хьюндай старекс /Hyundai starex/ маркийн 01-82 УБЗ улсын дугаартай авто машиныг зөвшөөрөлгүй авч Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хот руу явсан, авто машин ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсон боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч Н.******* нь гарын үсэг зураагүй, хамтран ажиллах боломжгүй талаар илэрхийлж байсан, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлсэн гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах хугацааны талаарх үйл баримтыг буруу дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Хариуцагч байгууллага нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр авто машин ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/02 дугаартай Инженер техникийн хэлтсийн хурал-аар хэлэлцсэн байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор сахилгын шийтгэл ногдуулсан гэж буруу дүгнэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлэн Н.*******д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

5.2. Хариуцагч байгууллагын Н.*******г 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил тогтоогдсон гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч нь хавтаст хэргийн 110 дахь талд авагдсан жолооч нарын Шаардлага хүргүүлэх тухай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлага хүргүүлэх тухай баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

Гэрч Ш.Даваасүрэн ...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Н.******* согтуу байсан... гэрч Э.Ундрам ...Даргалагчаас: 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Н.******* архи уусан байсан уу гэхэд ...мэдэхгүй байна., ...ямар ч байсан согтуу таарсан тохиолдол байхгүй..., гэрч Ц.Золжаргал ...Н.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй гэх агуулгатай тайлбараас дүгнэхэд гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, мөн Н.*******г согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг гэрч Ш.Даваасүрэнгийн мэдүүлгээр тогтоохгүй.

 

Учир нь согтууруулан ундаа хэрэглэсэн болохыг Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж ашиглан тогтоох, эсхүл цусан дахь согтууруулах ундааны агууламжаар тогтоож, баримтжуулдаг байхад хариуцагч байгууллага нь жолооч нарын мэдээллээр тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

6.1. Анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1,464,185 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 86 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,723,558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ.

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.*******н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01684 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР