Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01647

 

 

 

 

 2023 08 23 210/МА2023/01647

 

М.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ди Пи Юу Эс ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:*******ХХК-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах тухай үндсэн, 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2018 оноос хойш Төгс Сүйн Бэлэг ХХК-аар дамжуулан Бүгд Найрамдах Кибер улсад бүртгэлтэй Оросын Холбооны Улсад үйл ажиллагаа эрхэлдэг И ПИ ЭЛ Системс группийн лицензийн гэрээг эзэмшиж байна. Лицензийн гэрээнийхээ дагуу*******ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шинэцэцэг, Б.Уянга нартай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээг байгуулсан.

1.2. Энэхүү гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус компанийн 17 хувийн хувьцааг надад шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах нэрлэсэн гэрээний дагуу М.******* надад 17 ширхэг хувьцаа эзэмшигчээр тогтоож улсын бүртгэлд бүртгүүлж,*******ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү.

1.3. Бидний хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсний дараа тодруулбал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш компанийн цэвэр ашгаас 18 хувьд ноогдох хэсгийг надад шилжүүлэхээр тохиролцсон. Миний эзэмшдэг франчайзингийн эрхийг*******ХХК ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа учир компанийн олсон ашиг 122,239,400 төгрөгөөс, надад ногдох 20,780,698 төгрөгийн ногдол ашгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар М.******* нь хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс*******ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа тухайн компанийн гишүүдийн эрхийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр тогтооно. гэж тодорхой заасан байдаг. Иймд компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч хөрөнгө оруулаагүй учраас компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилласан баримт байгаа.

Компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх нөхцөлийг хангаагүй тул ногдол ашиг хуваарилах шаардлагагүй гэж үзэж байна.*******ХХК-ийн дүрэмд ногдол ашиг хэрхэн хуваарилах тухай заагаагүй учраас Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар төлбөрийн чадвартай эсэхийг үндэслэж ногдол ашгийг тараана.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ноогдол ашиг хуваарилах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй. Ногдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй байхад ногдол ашиг авна гэж шаардаад байгаа нь үндэслэлгүй. Компанийн 2022 оны санхүү байдлын тайлан болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд компани хасах 54 сая төгрөгийн өр төлбөртэй гарсан.

2.3. Мөн 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Х.Шинэцэцэг, Б.Уянга, н.Дэлгэрцэцэг нарын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт "2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн цэвэр ашгаас М.*******, Л.Даваадолгор нарт ноогдох хувиас 58,640,000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй" гэж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт М.*******, Л.Даваадолгор нар нь*******ХХК-нд 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Уг хөрөнгө оруулалт нь Х.Шинэцэцэгийн хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэхэд маргах зүйлгүй болно. гэж зааж өгч баталгаажуулсан. М.******* хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан билээ.

3.2. М.*******ийн зүгээс компанийн эргэлтийн мөнгөнөөс нэмж 6,400,000 төгрөгийг авч мөн л хувийн хэрэглээндээ зарцуулсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөнөөс авснаа хүлээн зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ"-нд гарын үсэг зурсан.

65,040,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь*******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол-д тэмдэглэгдэн үлдсэн. Тус протоколыг М.******* нь хөтөлж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч 65,040,000 төгрөгийг М.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х.Шинэцэцэгээс 58,640,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, ямар ч баримт байхгүй, мэдэхгүй юм.*******ХХК-ийн захирал Х.Шинэцэцэг нь 6,400,000 төгрөгийг Эл Эс плаза төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ХХК-ийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч М.*******д шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч*******ХХК-д даалгаж, хариуцагч*******ХХК-аас цэвэр ашиг 5,528,553 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,252,145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ээс 65,040,000 төгрөг гаргуулан хариуцагч*******ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992,100 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 28,050 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 173,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын өргөдөл гаргаж байна.

6.1. Шүүхийн шийдвэрийн зарим зүйл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн шийдвэр болжээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 229 зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ээс 65,040,000 төгрөг гаргуулан хариуцагч*******ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.*******ийн зүгээс компанийн эргэлтийн хөрөнгөөс 6,400,000 төгрөгийг аваагүй бөгөөд хавтаст хэрэгт тухайн мөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар нотолсон ямарч баримт байхгүй.

6.2. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт М.*******, Д.Даваадолгор нар нь "Ди Пи Юу Эс" ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах үүрэгтэй гэж заасан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

6.3. Д.Даваадолгор хамтран үүрэг хүлээсэн байхад Д.Даваадолгорын мөнгийг М.*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

6.4. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн*******ХХК-ийн цэвэр ашгийн М.*******, Л.Даваадолгор нарт ноогдох хувиас 58,640,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй. гэж заасныг шүүх буруу тайлбарлан, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ээс 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригтийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

7.1. М.*******ийн нэхэмжлэлтэй "Ди Пи Юу Эс" ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүх нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэр гаргасан билээ. Анхан шатны шүүх хуульд заасан 14 хоногийн хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулан гаргаж, гардаж авахыг мэдэгдсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт "Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна" гэж хэргийн оролцогчдыг үүрэгжүүлж өгсөн билээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд буюу анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр үйлдэгдэж албажсанаас хойш 14 хоногийн хугацааны дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шуудангаар хүлээн авсан хугацаанаас гомдол гаргах хугацааг тоолж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд давж заалдах гомдол гаргах хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй байсан талаар баримтаа огт ирүүлээгүй.

7.2. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32023/13254 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байна.

7.3. Тодруулбал, давж заалдах шатны зүгээс нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт заасан журам үйлчлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

7.4. Анхан шатны шүүхийн зүгээс дээрх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж байгаа нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний шийдвэр гэж үзэхээр байна.

7.5. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хугацаа сэргээлгэх хүсэлтээ давж заалдах гомдол гаргахаас өмнө шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32023/13254 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хуульд заасан давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.    Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан*******ХХК-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ. /1хх.1- 2, 41-42, 2хх 115-116 дугаар тал/

3. М.*******, Б.Уянга, Л.Даваадолгор, Х.Шинэцэцэг нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Оросын Холбооны Улсын EPL компанийн франчайзинг эрх авсан*******ХХК-ийн 100 хувийн хувьцааг 6 сарын дотор Х.Шинэцэцэг 49 хувь, Б.Уянга 15 хувь, М.******* 17 хувь, Л.Даваадолгор 19 хувь болгон хуваан авах, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн*******ХХК-ийн цэвэр ашгийн М.*******, Л.Даваадолгор нарт ноогдох хувиас 58,640,000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх. 35-38 дугаар тал/,

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд хамтран ажиллаж, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах шинжийг агуулаагүй байх тул Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан байна.

4. Анхан шатны шүүх*******ХХК-ийн цэвэр ашиг 5,528,553 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Учир нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд шүүх компанийн үйл ажиллагаанд оролцож, ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэх эрхгүй.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүх*******ХХК-ийн 17 хувийн хувьцааг М.*******д шилжүүлж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг "Ди Пи Юу Эс ХХК-д даалгаж, хариуцагч*******ХХК-аас 5,528,553 төгрөг гаргуулан М.*******д олгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Энэ нь талуудын зарчим болон давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд тус тус нийцнэ.

5. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт 58,640,000 төгрөг, үндэслэлгүйгээр авсан 6,400,000 төгрөг, нийт 65,040,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.*******ээс 65,040,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй алдааг залруулах нь зүйтэй.

5.б. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний 3.4 дэх хэсэгт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн*******ХХК-ийн цэвэр ашгаас М.*******, Л.Даваадолгор нарт ногдох хувиас 58,640,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй гэж тохиролцжээ. /1хх. 35-38 дугаар тал/

Дээрх гэрээний агуулгыг 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад*******ХХК-ийн цэвэр ашгийн М.*******, Л.Даваадолгор нарт ногдох хувиас эргэлтийн хөрөнгөд 58,640,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь компанийн ногдол ашиг хуваарилах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсний дараа цэвэр ашгаас хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцжээ. /1хх. 35-38 дугаар тал/

Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний 5.4 дэх хэсэгт М.*******, Л.Даваадолгор нар нь*******ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг үүрэг нь гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар хувьцааны ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээнэ.

5.в. М.*******, Б.Уянга, Л.Даваадолгор, Х.Шинэцэцэг нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу 17 хувийн хувьцааг шилжүүлээгүй атлаа хөрөнгө оруулалт шаардаж байгаа нь үндэслэл муутай хэдий ч анхан шатны шүүх хариуцагч*******ХХК-аас цэвэр ашиг 5,528,553 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар цэвэр ашиг 5,528,553 төгрөгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй гэж дүгнэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

6. Хариуцагч нь ...М.*******ийн хувийн хэрэглээндээ зарцуулсан 6,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад 6,400,000 төгрөгт тооцогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,400,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг... гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ээс 5,528,553 төгрөгийг гаргуулан хариуцагч*******ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,511,447 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483,200 төгрөгийг гаргуулан... гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 103,407 төгрөгийг гаргуулан... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

С.ЭНХБАЯР