Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01794

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01794

 

С.Г, Д.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01982 дугаар шийдвэртэй,

 

С.Г, Д.О нарын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эд хөрөнгө хураан авсан тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүслэн, Б.Мөнгөнцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Д.О, С.Г нар 2018 оны 01 дүгээр сард өөрсдийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны - хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөө ахынхаа хүргэн хүү Ц.Цт зээлээр худалдахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэрийг шилжүүлсэн боловч төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаартай захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

1.2. Гэтэл Б.Б гэх иргэн нь 2018 оны 08 дугаар сард Ц.Цт 45,000,000 төгрөг зээлдүүлэн, нэхэмжлэгч нарын орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Б.Б нь энэхүү зээлийн болон барьцааны гэрээгээ үндэслэн эвлэрүүлэн зуучлалд хандаж, харьяа шүүхээс "Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай" захирамж гарсан байх бөгөөд Ц.Ц эвлэрлийн гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс Б.Б 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг захирамжийг биелүүлэх хүсэлт гаргасныг нь бид шийдвэр гүйцэтгэгчээс олж мэдсэн.

1.3. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, биднийг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоосон. Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолд “...хохирогч, шүүгдэгч нарыг иргэний эрх зүйн гэрээний харилцаанд орж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, харин шүүгдэгч Ц.Ц нь гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулах, хуурах замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготойгоор бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна” гэж түүний гэм буруутай үйлдлийг дүгнэж, 2 жилийн хорих ял оногдуулсан.

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн.

1.4. Бидний удаа дараагийн гомдол, шаардлагыг минь үндэслэн Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгаас өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай 1-161/24415 тоот албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн гэдэг боловч өнөөдрийг хүртэл хариуг нь аваагүй байгаа буюу уг ажиллагааг хийхгүй байгаа болно.

1.5. Бид өөрсдийн байраа нэр дээрээ шилжүүлж авахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхийг шаардаж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид, улмаар ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан болно.

Уг орон сууцны шударга өмчлөгч Д.О, С.Ггийн Үндсэн хуулиар олгогдсон иргэний өмчийн халдашгүй байх эрхийг ноцтой зөрчиж байна.

1.6. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олж мэдсэн.

1.7. Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, - хаягт байрлах, 29 м.мв талбайтай, улсын бүртгэлийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 20260425/01 дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 дугаар “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32020/22689 дүгээр захирамжаар Ц.Цээс 70,987,500 төгрөгийг гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Цийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны - хаягт байрлах 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20260425/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 дугаартай тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ц.Ц, төлбөр авагч Б.Б нар 120,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаартай захирамжаар Д.О, С.Г нарыг дээрх орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/354 дугаартай тогтоолоор шинжээч томилоход барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 136,519,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

2.2. Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 дугаартай тогтоолын хамт талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөн, гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Б.Бийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Б.Б 2018 оны 9 сард Ц.Цт 45,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

3.2. Зээлийн гэрээнээс нэг ч төгрөг төлөөгүй учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Улмаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх хүсэлтийг гаргаж захирамжаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн.

3.3. Ц.Ц нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөл гэж тайлбарладаг бол хэрэгт авагдсан баримтаас харахад Д.О нарын өмчлөл байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаагаа зөв хийсэн гэж үзэж байна.

 

4. Гуравдагч этгээд Ц.Цийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Эрүүгийн хэрэг дээр би өмгөөлөгчтэй оролцоогүй тул өөрийн байр сууриа илэрхийлж чадаагүй. Тиймээс би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан эрүүгийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Би өр төлбөрийг төлнө.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны - хаягт байрлах 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 тоот “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3-т: “ ... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.” гэснийг дараах үндэслэлээр огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээрх - дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц нь төлбөр төлөгч Ц.Цийн өмчлөлийн зүйл биш. Хэдийгээр 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.О, С.Г 2 анхнаасаа байсан, одоо ч хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон иргэний шүүхийн шийдвэр, эрүүгийн шүүхийн тогтоол байсаар байхад шүүхээс энэхүү үйл баримт, нөхцөл байдалд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, уг 2 өрөө орон сууцаар Ц.Цийн бусдад төлөх ёстой өр төлбөрийг хангах нь хуульд нийцэхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, бидэнд хамааралтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэхгүй байгаад шүүхээс үнэлэлт дүгнэлт огт хийгээгүйд гомдолтой байна.  

Нөгөө талаас гуравдагч этгээд Б.Б нь Ц.Цийн нэр дээр байгаа орон сууц нь эгч Д.О, ах С.Г нараасаа шилжүүлэн аваад төлбөрийг нь төлж чадаагүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан талаар Ц.Ц шүүхийн хэлэлцүүлгийн үед ярьсан бөгөөд Б.Б нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, анхнаасаа Ц.Цийн 2018 оны 2 сард бусдын буюу Н.Мөнхбат гэх хүний зээлийн барьцаад барьцаалуулсан зээлийн төлбөрийг буюу Н.Мөнхбатын “Мони поло” ББСБ-аас зээлсэн төлбөрийг төлөх замаар бидний 2 өрөө орон сууцыг барьцаалж авсан зэрэг нөхцөл байдлуудад шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

6.2. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгтээ “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог” гэснийг удирдлага болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх жинхэнэ өмчлөгч нь Д.О, С.Г нар уу эсхүл хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад барьцаалсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээсэн Ц.Ц үү гэдэгт огт үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаад гомдолтой байна.

6.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3-т: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түрүүлж үүссэн байхад хариуцагч байгууллага барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсгийг зөрчиж байна” гэсэн агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүй гэжээ. Гэтэл шүүх үндэслэлгүй гэж үзэж байгаагаа шүүхийн шийдвэртээ тодорхой тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй.

Тухайлбал, Д.О, С.Г бид гуравдагч этгээд Б.Бийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 хоногийн өмнө буюу 2020 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлтээ гаргасан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийх үндэслэлгүй нь хууль тогтоомжийн ямар зүйл заалтаар эсхүл ямар нөхцөл байдал, нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаад шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр үндэслэлгүй хэмээн дүгнэх ёсгүй юм.

6.4. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-д: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноо үндэслэх хэсэгтээ огт дурдаагүй буюу ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаад гомдолтой байна.

6.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Ц.Ц барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч байсан. Барьцааны гэрээ байгуулагдах үед Ц.Ц өмчлөгч байсан.

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж өмчлөх эрх Ц.Цт олгогдсон. Түүнээс хойш 8 сарын дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Бтэй Ц.Ц барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулагдах үед уг орон сууцтай холбоотой өмчлөх эрхийн маргааны талаар Б.Б мэдэх боломжгүй байсан.

8.2. Мөн нэхэмжлэгч нар нь Ц.Ц болон Б.Б нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Б.Б, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн.

8.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч нь Ц.Ц болохыг нэхэмжлэгч тал ойлгох нь зүйтэй.

8.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт “хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална”, мөн 112.4 дэх хэсэгт “дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч тал эхлээд шийдвэр гүйцэтгэх газарт хандсан дарааллын дагуу манай ажиллагааг түрүүлж хийх байсан хэмээн маргасан. Гэвч дээрх хуульд заасны дагуу Б.Б сүүлд хандсан боловч барьцааны эрх хуульд заасны дагуу хамгаалагдаж байх тул бидний шаардлагыг түрүүлж хуульд заасны дагуу хангасан нь үндэслэлтэй.

8.5. Иймд нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Б.Бийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй учраас шаардах эрхээ алдсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож барьцааны эрх хэвээр хадгалагдана гэх хуулийн заалт байхгүй учраас гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Г, Д.О нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дугаар захирамжаар Ц.Ц нь 70,987,500 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор Б.Б төлж барагдуулах, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Бийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, - хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаар захирамжаар хариуцагч Ц.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захирамжид заасан үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, - хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох, өмчлөгч нар нь нэхэмжлэгч болох Д.О, С.Г байна.

3.3. Баянгол дүүргийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 шийтгэх тогтоолоор Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Энэ шийтгэх тогтоолд хохирогч Д.О, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхижээ. Ийнхүү хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэлийг шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Д.От 79,325,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шууд хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан, мөн нэхэмжлэгч Б.Бд зээлийн гэрээний дагуу 70,987,500 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  06706 дугаартай “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж гарсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, нэхэмжлэгч нар иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн гэжээ.

 

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/0082 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус үүсгэн явуулж байна.

4.2 Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.О, С.Г нар нь Б.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, - хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг орон сууцны хувьд Б.Бийн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00682 дугаар магадлалаар нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор заасан, барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Ц улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгэлийг үндэслэж талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсан Б.Бийн хувьд улсын бүртгэлд тэмдэглэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаантай гэж мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй гэж дүгнэжээ.

4.3. Хариуцагч байгууллагаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дугаар захирамжийг гүйцэтгэж, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, - хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хурааж, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон байна.

4.4. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 09ий өдөр үнэлгээний тайланг гаргаж хариуцагч байгууллагад ирүүлсэн бөгөөд барьцаа хөрөнгийг 136,516,000 төгрөгөөр үнэлжээ.

4.5. Хариуцагч байгууллага нь дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Цт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж, төлбөр авагч Б.Б болон С.Г, Д.О нарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэж, Монгол шуудан” ХХК-аар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Талууд шинжээчийн үнэлгээнд маргаагүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/28 дугаар тогтоол хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарсан хугацааны дарааллын дагуу явуулж байгаагаас гадна ипотекийн эрх тэргүүн ээлжид хангагдах учиртай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД                                         Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА