Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан ҮД:06-43 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1806 0654 31589 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 20-291 тоотод Б.Адалбектэй маргалдаж, архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Тухайн үед би найз Золжаргалтай нилээн архи ууссан байсан. Аделбек намайг эрүүлжүүлэхэд өгөөд өөрөө мөн Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд орсон байсан. Тэгээд над руу өөрөө ийм асуудал болсон гэж утсаар ярьсан. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн  зөвшөөрч байна. Би өөрөө төрийн байгууллагад ажилладаг тул асуудал үүсэх байх гэж санаа зовж байна. Хохирогчийн хохиролд 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн.  Торгуульд 100.000 төгрөгийг төлсөн гэв.

Хавтаст хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Адалбекийн өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө найз Ганболдын хамт түүний найз болох Б.Огэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэрт нь очсон. Очиход Б.О бас нэг найзынхаа хамт гэртээ архи ууж байсан дээр нь нилээн согтуу байсан. Бид дөрвүүлээ ширээнд суусан. Б.О миний баруун талд сууж байгаад ширээн дээр байсан шилтэй “Болор” гэх нэртэй архиар миний нүүрэн тус газар цохичихсон. Миний баруун нүд гэмтэж их хэмжээний цус гараад цагдаад дуудлага өгсөн, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрт нь ороод 30 минут болоогүй, намайг шалтгаангүй цохисон. Бидний дунд маргаан болоогүй, урьд нь нэгнээ танихгүй, ямар нэгэн өс хонзонгийн сэдэлт байхгүй. Тухайн өдрөө цагдаа дээр ирчихээд Гэмтлийн эмнэлэг очиж анхны тусламж авсан. Гэмтлийн эмнэлэг дээр зураг авахуулахад баруун нүдний доод яс хугарсан байна, би оёдол тавих боломжгүй муухай оёчих байх, өөр эмнэлгээр оёулж болно гэхээр нь боолт хийлгүүлээд явсан. Түүнээс хойш би эмчилгээ хийлгээгүй, толгой өвдөж эргээд өвчин намдаах эм ууж байгаа. Би намайг цохисон Б.О-ыг над руу ярих болов уу гээд хэд хоног хараад ярихгүй байгаа учир гомдлоо гаргаж байна...

...Би дүгнэлттэй танилцлаа. Миний гэмтлийг бүрэн тусгасан байна. Энэ гэмтэл Б.О архины шилээр цохисноос болж үүссэн гэмтэл мөн. Архины шилийг бол барьж аваад цохисон, түүнээс над руу шидсэн зүйл байхгүй. Архитай архины шилээр нэг удаа цохиход баруун талын нүдний доод хэсэг шалбарч их хэмжээний цус гарч хамар хугарсан, хамар хугарснаа гэмтлийн эмнэлэг болон томографын зураг авахуулснаар хугарсан гэдгээ мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.Ганболдын: ...Адалбек тухайн өдрийн орой 20 цагийн орчим над руу залгаад эхнэртэйгээ муудалцсан, намайг ирээд авчих гэхээр нь гэрийнх нь гаднаас очоод авсан. Адалбек жаахан халамцуу байсан. Тэндээсээ 1 дүгээр хороолол руу Адалбек хүнтэй уулзахаар айлд очиход хүн байхгүй байсан учир манай гэр рүү явсан. Манайх руу явж байх замаараа найз Б.О гэрт очиход манай бас нэг найз Золжаргал байсан. Золжаргал бид хоёр тамхи авахаар дэлгүүр гараад 10 минут болоод ороод иртэл тэр хоёр юм ярьж сууж байснаа Б.О ширээн дээр байсан архины шил аваад  Адалбекийн нүүр рүү шидэхэд Адалбекийн хамарны дээд тал шалбараад цус гарсан. Адалбек цагдаа дуудаад Б.О-ыг эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Энхтөрийн: 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улиастай 112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Цагаа сайн мэдэхгүй байна. шөнө дээрх дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын дагуу хаяганд нь яваад очиход утсаар яриад өөдөөс ирж байсан. Тухайн хүн өндөр туранхай хүн байсан. Казак үндэстэн шиг байсан. Нэр, ярианы аялгаар мэдсэн. Харахад нүүр, хувцас хунар нь нил цус, цусандаа хутгалдсан байсан. Юу болсон талаар асуухад уг айлд найзын хамт орсон чинь гэрийн эзэн намайг архины шилээр нүүр рүү цохичихлоо гэхээр нь уг айлд  яваад ороход 2 эрэгтэй хүн нэг 16-17 насны хүү байсан. Тэгтэл хохирогч энэ хүн намайг цохисон гээд махлаг бүдүүн эрэгтэйг заахад би явахгүй та хоёр манайхаас зайл гэж хамт очсон цагдаа бид хоёрын тавьсан шаардлагыг үл биелүүлж эсэргүүцсэн. Арай гэж нэг юм машинд суулгаж авч ирж эрүүлжүүлэхэд хийсэн. Мөн хохирогчийг өргөдөл, гомдол гаргах, эмнэлэгт хандах талаар зөвлөсөн. Нилээн согтуу агсам тавиад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9635 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Адалбекийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 26-27 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.О-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32, 38, 39, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 20-291 тоотод Б.Адалбектэй маргалдаж, архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Адалбек, гэрч Б.Ганболд нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9635 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  Хохирогч Б.Адалбек нь өөртй учирсан хохирлын талаарх 128.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.О нь уг хохирлыг төлж барагдуулсан гэх боловч  төлбөр  төлсөн  тухай  нотлох  баримт хэрэгт  авагдаагүй  байх  тул шүүгдэгчээс гаргуулж  шийдвэрлэх үндэстэй  байна. /хх-ийн 26, 27 дугаар тал/

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.О нь энэ хэргийг захиргааны журмаар шийдвэрлэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгөөр торгосон гэж мэтгэлцэж байх боловч шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул зохих хууль тогтооомжинд заасан журмын дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй  байна. /хх-ийн 62 дугаар тал/

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чонод овогт Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О-с /РД:/ 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Адалбекэд /РД:/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ