Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00850

 

Х.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00224 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 744 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34685 тоот мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу тус шүүхэд гомдол гаргаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 101/ШШ2016/02015 дугаар захирамжаар Х.Шүрэнцэцэгээс 37 191 525 төгрөгийг гаргуулж, “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр явагдаж байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх 153 тоот мэдэгдлийг хүргүүлж, эд хөрөнгө битүүмжлэх 153/54 дугаар тогтоолоор иргэн Х.Шүрэнцэцэг миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол 2 дугаар байр, 1 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн.

Шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэгийн дарамт шахалтын дагуу миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 160 000 000 төгрөгийн үнийн санал гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч нь миний гаргасан үнийн саналын дагуу худалдан борлуулагдана гэж ойлгуулснаас ийнхүү үнийн санал өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдааны дүрэм журмыг нарийн тайлбарлаж өгөөгүйгээс шалтгаалан миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө нь эхний удаа 112 000 000 төгрөг, дахин дуудлага худалдаа явуулах тохиолдолд 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулагдах нөхцөл үүсч миний бие 100 000 000 төгрөгөөр хохирох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах 3 өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2015 дугаар захирамжаар Х.Шүрэнцэцэгээс 37 191 525 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2302 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Шүрэнцэцэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Х.Шүрэнцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004822 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байрны 01 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн саналыг авахдаа хуулийг тайлбарлан үнийн саналыг гаргуулан авсан. Өөрөө орон сууцаа 160 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцон 120 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/35096 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/460 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгад биечлэн гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00224 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай X.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 744 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцны дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг өгөхдөө түүний санал болгосон үнээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулна гэж ойлгож байсан нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан түүний хүсэлтээс тодорхой харагддаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид албадан дуудлага худалдааны журам, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн анхны үнийг хэрхэн тогтоох талаар огт тайлбарлаж өгөлгүйгээр албан шаардлагаар уг үнийн саналыг гаргуулсан тул дээрх үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөх, эрх зүйн байдлын хувьд хохирох бодит нөхцөл байдал үүсээд байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгчид хуулийг тайлбарлан үнийн саналыг гаргуулан авсан” хэмээн маргадаг боловч энэ талаарх тэмдэглэл огт үйлдээгүй нь хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчиж, нэхэмжлэгчид дуудлага худалдааны журмыг тайлбарлалгүйгээр үнийн санал гаргуулсан болохыг давхар нотолно. Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсоор атал давж заалдах шатны шүүх хариуцагчийг зөвтгөн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

 

Зохигчдын хооронд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар  маргаан үүссэн байх ба шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101\ШШ2016\02015 дугаар захирамжаар “Чинбаа инвест ББСБ” ХХК-д 37 020 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101\ШШ2016\02015 дугаар захирамжид төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай заалт байхгүй боловч шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч төлбөрийг өөр аргаар төлөх боломжгүй, тэтгэврийн л орлоготой болохоо мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасан хөрөнгө байхгүй тул төлбөрийг барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь хариуцагчид битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар саналаа бичгээр өгсөн, төлбөр авагч тал уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагч, төлбөр төлөгчийн санал нэгдсэн үнийн дүн болох 160 000 000 төгрөгийн 70 хувь буюу  112 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Хуулийн энэ зүйл заалтад “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул “3 өрөө орон сууцны дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг өгөхдөө  санал болгосон үнээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулна гэж ойлгож байсан” гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 744 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН