Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01772

 

  

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр 210/МА2023/01772

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181ШШ2023/02239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хадагтай фүүдс ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 61,557,360.57 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ХХК нь Хатагтай фүүдс ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээг байгуулж, 250,000,000.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар зээл олгож, ЗГ1805039481 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол 58-р байрны 58 тоот, 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах 128 метр квадрат талбайтай хувийн сууц, 672 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

 

Дээрх барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тул барьцаагаар хангагдаагүй үлдсэн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд******* нь тухайн зээлийн үндсэн дүнгийн 60 хувийг өөрийн хөрөнгөөр батлан даахаар *******тай БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан.

 

Зээлийн болон Батлан даалтын гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар банкнаас зээл олгохдоо эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттай байхыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл нь банк нь түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх бол үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан байх шаардлагыг хуульчилсан.

 

Уг төслийн зээлийг олгох үед барьцаалагдсан дээрх хөрөнгүүд нь үндсэн зээлийн 40 хувь болон хүү, нэмэгдүүлсэн хүү, Зээлийн гэрээнээс үүссэн бусад үүргийн гүйцэтгэлийг хангах бол*******гийн батлан даалт нь үндсэн зээлийн дүнгийн 60 хувийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан буюу тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 100 хувь хангасан байдлаар байна.

 

Зээлдэгч нь зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн үеэс эхлэн******* түүний өмнөөс зээлийн төлбөрийн хэсгийг төлөх үүрэг үүссэн ба тухайн үед ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 245,551,598.17 төгрөг байсан ба уг дүнгийн 60 хувь буюу 147,330,958.90 төгрөгийг батлан даагч төлбөр хариуцах үүрэгтэй болсон.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар шүүгчийн захирамжид ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээний дагуу Хатагтай фүүдс ХХК нь Голомт банкинд нийт 268,533,690.06 төгрөгийг төлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хэсэгчлэн хангуулахаар заасан.

 

Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг нийт 138,500,000 төгрөгөөр борлуулж, түүнээс олсон орлогыг Голомт банкинд төлсөн.

 

БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээний 3.1.3-т заасны дагуу ******* ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг борлуулсан орлогоос зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн төлбөрийн 53.4 хувийг суутган хааж, Хатагтай фүүдс ХХК 131,087,999.57 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон.

 

**************д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18/10-0344 дугаар Батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай албан бичгийг хүргүүлж үлдэгдэл төлбөр болох 131,081,999.37 төгрөгийг шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-д 78,652,799 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан.

 

Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4,*******гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, ******* ХХК,*******,*******ХХК нарын хооронд байгуулсан БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 61,557,360.57 төгрөгийг батлан даагч*******гаас гаргуулж, ******* ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн батлан даалтын сан,*******ХХК, ******* нарын хооронд 2014.05.16-ны өдөр БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээ байгуулж,*******ХХК-ийн ******* ХХК-аас авсан 250,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувьд батлан даалт гаргасан. Уг гэрээгээр талууд тодорхой нөхцөл биелэгдсэнээр*******гаас Батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй байхаар заасан.

 

Уг нөхцөлүүд биелэгдсэн гэж үзээд *******наас нэхэмжлэл ирүүлсэн тул*******гаас батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэж зээлийн үлдэгдэл төлбөр болох 131,087,999.57 төгрөгийн 60 хувь буюу 78,652,799.44 төгрөгийг *******инд шилжүүлсэн. Иймд*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч*******гаас нийт 61,557,360.57/жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02239 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх боловч*******гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрхтэй байна... хариуцагчийн зээлийн үлдэгдэл төлбөрийн 60 хувийг хариуцах үүрэгтэй гэх тайлбар нь үндэслэлтэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Зээлийн батлан даалтын сан-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчийн гаргасан зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг хариуцах үүрэгтэй... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн батлан даалтын сан-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.1-т Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэж заасан. Энэ хуульд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь бус анх зээл олгох үеийн зээлийн дүнгийн 60 хувийн тухай заасан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн заалт мөн зээлдэгчийн төлж чадаагүй үлдэгдэл дүнгээс хувиар тооцож хувааж хариуцна гэх утга агуулгыг ямар ч байдлаар илэрхийлээгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргажээ.

 

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... батлан даалтын гэрээний 1-ийн 14, 3-ын 3.4.1-т зааснаар хариуцагчийн батлан даах үүргийн дээд хэмжээ нь төлөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь гэж заасан байх тул хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй зээлийн үүргийн үнийн дүнгийн 60 хувийг хариуцах үүрэгтэй. гэж дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл үлдэгдэл дүнгийн 60 хувь гэсний үлдэгдэл дүн гэж аль дүнг ойлгох вэ гэдэг асуудлыг анхан шатны шүүх буруу тодорхойлсон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасны дагуу анхан шатны шүүхээс талуудын байгуулсан батлан даалтын гэрээний зүйл заалтыг үндэслэн батлан даагчийн үүрэг хэзээ үүсэж, үндсэн зээлийн үлдэгдэл дүнг хэзээнээс эхэлж тооцохыг хууль болон гэрээний зүйл заалтын агуулгаар тайлбарлаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасны дагуу анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалтыг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулж цаашлаад гэрээний зорилгыг харгалзан талуудын харилцан илгээсэн баримт бичиг зэрэгт үндэслэж шийдвэр гаргах шаардлагатай байсан.

 

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, өнөөдөр банкны үйл ажиллагаанд тавигдаж буй шаардлагаар зээл олгоход үүргийн гүйцэтгэлийг 100 хувь хангагдсан байх шаардлагын хүрээнд талууд харилцан тохиролцсон.

 

******* ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 250,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо ЗБ1805039481 болон ЗБ1805039481А тоот барьцаат батлан даалтын гэрээг байгуулж тус гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээр үндсэн зээлийн 40 хувь болон хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээнээс үүссэн бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харин*******-тай үндсэн зээлийн дүнгийн 60 хувийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус гэрээ байгуулсан буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 100 хувь хангасан байдлаар талууд гэрээ байгуулсан болно.

 

Батлан даагчийн хүлээх үүргийг хязгаарласан үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэсэн хязгаарлалт нь 250,000,000 төгрөгийн 60 хувь буюу 150,000,000 төгрөгөөр хязгаарлагдана гэж ойлгох ёстой.

 

Талуудын байгуулсан БДГ1805039481 тоот батлан даалтын гэрээний 3.4.1-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг өөрийн мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчид төлөх үүргийг батлан даагч хүлээсэн ба гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн 60 хувь төлөх үүрэг үүссэн болох нь харагдаж байна.

 

Тухайн үед ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 245,551,598.17 төгрөг байсан ба энэ талаар *******наас хариуцагчид удаа дараа мэдэгдэж, шаардлагыг хүргүүлж байсан боловч хариуцагч үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээний заалтыг илтэд буруу тайлбарлан, батлан даагчийн үүргийг тодорхойлохдоо гэрээнд зааснаар бус хариуцагчийн үндэслэлгүй тайлбарт дурдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн хөрөнгөөр хангуулах бүх ажиллагаа явуулж дууссаны дараа үлдсэн үлдэгдэл дүнгийн 60 хувь гэж илтэд үндэслэлгүй тодорхойлсон байна.

 

Талуудын байгуулсан БДГ1805039481 тоот батлан даалтын гэрээний 3.4.1-т заасны дагуу зээлдэгч нь зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн үеэс эхлэн******* түүний өмнөөс зээлийн үндсэн төлбөрийн 60 хувийг төлөх үүрэг үүссэн ба энэ үед ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлд 245,551,598.17 төгрөг байсан болно

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс үндсэн зээлийн үлдэгдэл дүнг 245,551,598.17 төгрөгөөс тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан ба энэхүү зээлийн үлдэгдэл дүнг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар шүүгчийн захирамжаар ЗГ1805039481 тоот Зээлийн гэрээний дагуу Хатагтай фүүдс ХХК нь ******* ХХК-д нийт 268,533,690.06 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулснаас харж болохоор байна.

 

Бидний зүгээс*******-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18/10-0344 дугаар Батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай албан бичгийг хүргүүлж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн биелүүлээгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 131,081,999.57 төгрөгийг шаардсан.

 

Дээрх дүн нь батлан даагчийн хариуцахаар үүрэг хүлээсэн хязгаараас бага байна. Батлан даагч уг дүнгийн 60 хувийг буюу 78,652,799,44 төгрөгийг төлж үлдсэн дүнг төлөлгүй гэрээгээ зөрчсөнийг анхан шатны шүүх зөвтгөсөн шийдвэр гаргасан нь хууль ёсны бус бөгөөд үндэслэлгүй шийдвэр болсон байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 181/ШШ2023/02239 дугаартай шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 1.4 дэх хэсэгт батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан. *******анд зээлийн батлан даалтын санд албан бичиг нэхэмжлэх ирүүлэхэд 131,087,999 төгрөг байсан бөгөөд үүний 60 хувь буюу 78,652,799 төгрөгийг зээлийн батлан даалтын санд төлсөн. Иймд гэрээгээр биелүүлсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн дансны хуулгаар харагдаж байгаа зээлийн үлдэгдлээс 60 хувиар хувилах нь батлан даалтын гэрээ болон хуультай нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив

2. Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч*******-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 61,557,360.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх. 1-3/

3. ******* ХХК нь*******ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 250,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай зээлдүүлэх,*******ХХК нь гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХХК нь*******ХХК болон******* нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр******* нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг хариуцахаар тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь*******гийн үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг тодорхойлсон зохицуулалт ба зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Зээлийн батлан даалтын сан нь*******гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 245,551,598 төгрөгийн 60 хувь 147,330,958 төгрөгийг хариуцах үүрэгтэй. гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжаар*******ХХК нь ******* ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 268,533,690 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 268,533,690 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад*******ХХК нь 138,500,000 төгрөг төлсөн, хариуцагч нь Батлан даалтын гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 131,087,999.57 төгрөгийн 60 хувиар тооцож 78,652,799 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4.в Талуудын хоорон байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-д Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 60 хувь байна. гэж тохиролцжээ.

 

Дээрх гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг хариуцахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл,*******ХХК нь үндсэн зээл 250,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд хариуцагч*******д 150,000,000 төгрөгийн хэмжээгээр батлан даалтын үүрэг үүснэ, харин үндсэн зээлийн үлдэгдэл 131,087,999 төгрөг байгаа тохиолдолд хариуцагч нь 131,087,999 төгрөгийн 60 хувь буюу 78,652,799 төгрөгийн хэмжээгээр батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэсэн нь*******гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч*******гийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үндэслэлээр 61,557,360 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181ШШ2023/02239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг*******гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад гэснийг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР