Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01847

 

 

 

 “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03218 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Б.Б-, Т.Н- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 15,503,749 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.Б-, Т.Н- нар нь 2017 оны 02 дугаар сарын 10-өдөр зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 1,223,373 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,326,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,771 төгрөг нийт 2,567,500 төгрөгийг төлж, гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлдэгч Б.Б-, Т.Н- нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 6,766,627 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 7,986,223 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 742,398 төгрөгийг, нотариатын зардалд 8,500 төгрөгийг нийт 15,503,749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга: 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т.Н- бид хоёр харилцан тохиролцож, автомашин авах зорилгоор 8,000,000 төгрөгийн зээл авсан. Т.Н- бид хоёр гэр бүл байж байгаад салж, би одоо хүүхдүүдтэйгээ ээжийндээ байдаг. Ямар нэгэн тэтгэмж тусламж авдаггүй. Хамтран зээлдэгчтэйгээ хамт төлмөөр байна гэжээ.

 

3.Хариуцагч Б.Н-ын тайлбар, татгалзлын агуулга: Б.Б- Т.Н- нар 2017 онд гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд Б.Б- нь цалингийн зээл авах гээд хамтран зээлдэгч хэрэгтэй байна зээлээ би өөрөө бүрэн төлж барагдуулна гэж хэлээд хамтран зээлдэгч дээр Т.Н-аар гарын үсэг зуруулсан. Энэ явдлаас хойш удалгүй Т.Н-, Б.Б- нар гэр бүлийн харилцаагүй болсон. Тус зээлсэн мөнгө болох 8,000,000 төгрөг Т.Н-ад огт хамааралгүй бөгөөд түүнээс нэг ч төгрөг аваагүй болно. Иймд Т.Н-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан Б.Б-, Т.Н- нараас зээлийн гэрээний үүрэгт 15,503,749 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж “Х-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235,468.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэнээс нь хэдэн төгрөг шаардаж буй талаараа нэхэмжлэлдээ дурдаагүй. Зээлийг Б.Б- өөрийн дансаар авч зарцуулсан тул Б.Б-гаас зээлийн төлбөрийг гаргуулж, Т. Нармандахад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын хүүхдүүдийг бодоод үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн үндсэн хугацаа буюу 36 сарын хугацаанд ногдох хүүгийн төлбөрийн тал буюу нийт 4,233,379 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс төлөх дүн дээр хариуцагч нар маргаантай байхад энэ талаар дүгнээгүй, хэнээс хэдэн төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй шийдсэн.  

5.а.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.8 дахь хэсэгт заасныг баримтлан маргасан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Б.Б- нь зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас бий болох нэмэгдүүлсэн хүү, үндсэн хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нотариатын зардал хэргийг Т.Н- хариуцах хуулийн үндэслэлгүй атал шүүгч Т.Н-ыг ямар үндэслэлээр зээлдэгч хэмээн дүгнэж, дээрх шийдвэрийг гаргасан нь тодорхойгүй байна. Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан үеэр Т.Н- осолд орж, сэргэн засах эмчилгээнд явж байсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Үүнтэй холбогдуулан Т.Н-ын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааг хэрэгт хавсаргаж өгсөн бөгөөд гэрээ байгуулсан үеэр Т.Н- нь тээврийн хэрэгсэл аваагүй болох нь харагддаг. Мөн хэргийн бодит байдлын талаар тодруулан хэлбэл Т.Н-ыг авто ослын улмаас өвчтэй байх үед Б.Б- нь өөрийн төрсөн ар гэртээ хэрэглэх нэрээр зээл авч, тус гэрээнд зуруулсан. Гэтэл Т.Н-ыг эмнэлэгт хэвтэж байхад буюу зээл авснаас хойш 7 орчим хоногийн дараа Б.Б- нь гэрээ нүүлгэн, орхин явсан ба хойноос нь сураглаад очиход өөр хүнтэй байр түрээслэн амьдарч байсан Тус зээлээс Т.Н- хэрэглэсэн зүйлгүй бөгөөд Б.Б- шинэ нөхрийн хамт ашиглаж дуусгасан гэж хариуцагч үздэг. Мөн хариуцагч Б.Б- нь банкинд хүүхэд хүнд өвчтэй. Турк улсад эмчлүүлж байна зэрэг үнэнд нийцэхгүй, аймшигтай худал зүйлс ярьж явсан байхад түүний хувийн дансаараа авч ашигласан зээлийг Т.Н- хариуцан төлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Т.Н- нь зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн ямар ч хэмжээгээр төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийг Б. Байгалмаа бүхэлд нь хариуцан төлөх учиртай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Н-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийг хариуцагч Б.Б-гаар төлүүлж өгөхийг хүсье гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Иймд тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг үүрэг гүйцэтгэгчээр оролцсон хариуцагч нар нь хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн шинжийг агуулсан. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж заасан. Зээл авах үед хариуцагч нар гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг тэдний хэний ч дансаар олгох боломжтой. Зээлийн гэрээнд зээлдэгч нар үүргээс хэр хэмжээгээр хариуцах нөхцөлийг тодорхой заагаагүй боловч хуулийн холбогдох заалтаар зохицуулагдах боломжтой. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 4.3-т гэрээнд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой заасан. Үүнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч нарын аль алинаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. Зээл олгох үед хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогыг банк судалсан ба хэргийн 19 дэх талд Т.Н-ын ажлын газрын тодорхойлолт авагдсан. Мөн зээлийн гэрээгээр хариуцагч нарын хүлээх үүргийг тодорхой тохиролцсон ба зээлийн гэрээний үүргийг зөвхөн үндсэн зээлдэгч биш хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах ёстой юм. Хариуцагч нар зээлийн гэрээтэй танилцаж гэрээнд гарын үсэг зурсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөвхөн нэг этгээд төлөх биш хамтран хариуцаж байгаа этгээд төлөх үүрэгтэй гэдгийг хууль болон гэрээгээр тодорхой заасан. Цалингийн зээл гэх банкны бүтээгдэхүү нь тухайн банкаар цалингаа олгодог байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудын санхүүгийн хэрэгцээнд зориулан олгодог бүтээгдэхүүн байдаг. Энэ зээлийг ямар ч хэрэгцээнд зориулан авч болох бөгөөд ямар хэрэгцээнд зориулан авч байгаа нь банк буюу зээлдүүлэгчид хамааралгүй. Иймд энэ үндэслэлээр зээлийг төлөхгүй гэх хариуцагч Т.Н-ын тайлбар үндэслэлгүй. Барьцаат зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлдэгчийн гэр бүлийн гишүүн оролцсон бөгөөд түүний дансанд зээлийн мөнгөн хөрөнгө шилжиж ороогүй нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй, хамтран зээлдэгчийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн баримтууд болон хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Б.Б-, Т.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 15,503,749 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б.Б- нь зээлийн төлбөрийг Т.Н-тай хувааж төлнө гэж, хариуцагч Т.Н- нь тус мөнгийг Б.Б- захиран зарцуулсан тул нэхэмжлэлээс зээлийн үлдэгдэл дүнгийн тавин хувь буюу 4,233,379 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж гэж тус тус тайлбарлажээ. /хх-ийн 95-р тал/

 

3.Зохигч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХХК нь 8,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.Б-, Т.Н- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Х-” ХХК нь мөн өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 12-15/

 

4.Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

4.а.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч “Х-” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

 

   4.б.Хариуцагч Б.Б-, Т.Н- нар нь гэрээний үүрэгт нийт 2,567,500 төгрөг төлж, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 6,766,627 төгрөг, хүү 7,986,223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 742,398 төгрөг, нийт 15,495,249 төгрөгийн үүрэг хариуцагч нарт үүссэн болох нь талуудын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 24-25-р тал/.

 

 

4.в.Мөн, нэхэмжлэгч “Х-” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор учирсан хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй тул нотариатын зардал 8,500 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

 

5.Иймд хариуцагч Б.Б-, Т.Н- нараас зээлийн гэрээний үүрэгт 15,495,249 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 15,503,749 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

 

6.Хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг шаардсан нь тодорхойгүй, зээлийн мөнгийг хариуцагч Б.Б- өөрийн дансаар авч захиран зарцуулсан тул Б.Н-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6.а.Гэвч дээрх нөхцөл байдал нь хариуцагч Б.Н-ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч Б.Н- нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд барьцаат зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

 

6.б.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан. Анхан шатны шүүх зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан үүрэг тэнцүү байх зарчимд нийцсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7.Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг буруу баримталсан, мөн техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “... 41 дүгээр зүйлийн 41.1.12 ...” гэснийг “7 дугаар зүйлийн 7.1.1” гэж, “... 56.2 ...” гэснийг “56.1” гэж, “... хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид ...” гэснийг “хариуцагч Б.Б-, Т.Н- нараас 235,468 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Н-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ